Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын төмөр замын салбар хөгжих, мөхөх үү

Монгол Улсад төмөр замын салбар үүсч, хөгжсөний 74 жилийн ой өнөөдөр болж байна. Хэдийгээр ойн баяр тохиож байгаа ч энэ салбар багагүй шүүмжлэлтэй тулгарсаар. “Монголын төмөр зам” ТӨХК-ийг хүчгүйдүүлэх эхний оролдлогоо энэ Засгийн газар хийсэн. “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэх ажлын багагүйг нугалаад байсан МТЗ компанид Засгийн газраас үзүүлэх ёстой санхүүгийн дэмжлэг хийж, Хөгжлийн банкнаас ч хөрөнгө шийдүүлж өгч чадаагүй.  Товчхондоо төр МТЗ-ыг огт харж үзээгүй гэсэн үг. Тэгсэн  мөртлөө хоёрхон сарын өмнө Үндсэний төмөр замын суурь бүтэц хэмээх цоо шинэ компани байгуулав. Байгуулсан даруйдаа Засгийн газрын нөөц сангаас 518 сая төгрөг гаргаж, 399 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг Хөгжлийн банкнаас гаргаж өгөхөөр шийдсэн.
Түүнчлэн Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогоо Засгийн газар зөрчин байж “Шинэ төмөр зам” төслийн II шатны ажил нь буюу хувийн компанийн төмөр зам барих ажил эхлүүлэх шийдвэрийг гаргасан. 2010 онд баталсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогоо баталж чадсан нь 2008-2012 оны парламентын түүхэн гавьяа боловч үүнийг нь Засгийн газар буруугаар хэрэгжүүлж буй нь хамгийн харамсалтай. Харин Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” 50:50 харьцааг өөрчилж чадаагүй нь энэ Засгийн газрын бас нэг том алдаа болсон. Хэдийгээр УБТЗ-ын 51 нь Монголын талынх болох боломжой 1949 онд байгуулсан гэрээг өөрчилж чадаагүй буюу  эрх баригчид үүнийг хүсэхгүй байснаараа юу ч хожиж чадсангүй.

Гэтэл энэ 74 жилийн ойтойгоо зэрэгцээд УБТЗ-д улс төрийн томилгоо хийх сураг гараад буй. Тус нийгэмлэгийн даргыг өөрчлөх Монголын талын шийдвэр хэдийнэ гарч Засгийн газрын хуралдаанаар эцсийн шийд гаргах үлдээд байгаа юм. Дараагийн Засгийн газарт халаагаа өгөхөөс урьтаж УБТЗ-ын дарга Т.Очирхүү УИХ-ын гишүүн асан Д.Загджаваар солих тухай яригдаж, албан бусаар тохиролцоо хийсэн гэх болов. Д.Загджав ч ийм томилгоо удахгүй болох талаар үгүйсгээгүй байгаа нь үүнийг улам нотолно. Манайхныг төмөр замын салбартаа дарга цэрэг, сандал ширээтэйгээ зууралдаж байх хойгуур хувийн компаниуд урд хил рүү төмөр зам тавьж, Монголын баялгийг зөөж дуусах нь. Тэгэхээр төмөр замын салбар хөгжиж байна уу, мөхөх чиглэл рүүгээр яваад байна уу гэдгийг тодорхойлох арга алга.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан