Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Оюунбилэг: Үндэсний үйлдвэрлэгчдийн асуудал эзэнгүйдэж байна

Экспорт, олон улсын худалдааны төв төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Оюунбилэгтэй “Монгол брэнд” дэлхийд гарах гарц, боломжийн талаар ярилцлаа.  

-Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд хэдийнээс гаргаж эхлэв?

-Манай байгууллага энэ онд байгуулагдсан. Урд нь  олон улсын тээвэр зуучлалын ложистикийн үйлчилгээ үзүүлдэг Англофрейт” компанийн суурин дээр 2004 онд байгуулагдсан. Олон улсын худалдаа, тээвэр  зуучлал, ложистикийн  үйлчилгээ эрхэлдэг юм. Бид Монголын үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих Монгол брэндийг дэлхийд таниулах зорилготой ажиллаж байна. Тэгээд АНУ, Япон Канад зэрэг оронд “Монголд үйлдвэрлэв” бизнес форум, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж ирсэн. Монголын бараа бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд хүргэвэл бидний тээвэр ложистикийн компанийн үйл ажиллагаа сайжирна, Монгол бүтээгдэхүүн чанартай тул борлуулалт өндөр байна гэж тооцсон. Гэтэл төдийлэн амжилтанд хүрээгүй. Ингээд МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш нартай хамтарч судалгаа хийсэн.

-Тэгээд энэ судалгаагаар ямар дүгнэлтэд хүрсэн бэ? 

-Хамгийн гол нь бид экспортод гарахад бэлэн үү, юу хийх ёстой вэ гэдгээ тодорхойлж чадсан. Гэтэл төр засгийн бодлого байдаг боловч үйлдвэрлэгчдэд хүрдэггүй, үйлдвэрлэгчид нь экспортод бүтээгдэхүүнээ гаргахад бэлэн гэдэг ч бэлэн биш байсан. Хийх ажил их байгаа нь судалгаагаар тодорхой болсон. Ингээд манай байгууллагын ТУЗ-ийн найман компани экспортын нэгдсэн сүлжээ зайлшгүй бий болгох шаардлагатай юм байна гэдэгт тогтсон. Ингэж байж Монголоос олон улсын стандартад нийцсэн, гадаад зах зээлийн шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн экспортлох боломжтой гэдэгт санал нэгдсэн юм. Бидний гол зорилго бол төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, монголд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах явдал юм.

-Та үйлдвэрлэлийг хөгжүүлэх төрийн бодлого байдаг ч үр дүнд хүрдэггүй гэлээ. Тэгэхээр бодлогын энэ алдааг хэрхэн засах ёстой вэ?

-Ерөнхийдөө  2012 оноос эхлээд үйлдвэрлэлийг дэмжинэ гээд тусгай яам байгуулсан. Тэгээд олон улсын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ борлуулснаар үйлдвэрлэл хөгжинө гээд Засгийн газраас янз бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, бодлого чиглэл гаргасан. Гэтэл үүнийг хэрэгжүүлэх гардаж хийх тал нь дутагдалтай байна. Тухайлбал, үйлдвэрлэгч өөрөө гадаад зах зээлээ олж, бүтээгдэхүүнээ хүргэх үү, эсвэл төрөөс чиглүүлэгч хэрэгтэй юу гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл гадаад зах зээлд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг хүргэх зам нь алга. Гадаадад байгаа Элчин сайдын яаманд гадаад худалдаа хариуцсан төлөөлөгч байдаг. Гэвч тэр нь үндсэн ажлаа хийдэггүй. Элчин сайдын яамны өдөр тутмын үйл ажиллагаанд оролцоод явдаг болчихсон. Мөн  манай үндэсний үйлдвэрлэгчид яг ямар бүтээгдэхүүн хийж байгаа нарийн судалгаа байдаггүй. Үйлдвэрлэгчид өөрсдөө л борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд бор зүрхээрээ зүтгэж байна. Төр засагт хандаж зовлон жаргалаа ярих ч боломж алга. Нөгөөтэйгүүр засаг  төр тогтвортой байж чадахгүй болохоор бодлого нь хэрэгждэггүй тал бий. Нэг сайн бодлого гарлаа гэхэд хэрэгжиж амжаагүй байтал дараагийн Засгийн газар нь гарч ирээд нөгөөхийг нь үгүйсгээд шал өөр зүйл яриад явдаг юм. Эсвэл түүнийг хариуцаж байсан хүний ажил нь солигддог. Үүнээс болоод үндэсний үйлдвэрлэгчдийн асуудал эзэнгүйдэж байна.

-Энэ байдал өөрчлөгдөх болов уу?

-Сүүлийн жилүүдэд Засгийн газрын бондын зээлээр үйлдвэрлэгчид хүчин чадлаа нэмж тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлт хийж байна. Тэгээд загвар дизайнаа өөрчилж явбал бид гадаадын зах зээлд яаж гаргах вэ гэдэг талаар үйлдвэрлэгчид ажиллаж эхэлсэн. Харин энэ бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд борлуулах, захиалга олж өгөх ажил орхигдсон. Иймд бид энэ ажилд анхаарч Элчин сайдын яамд, ГХЯ, ХХААХҮЯ зэрэг байгууллага, үйлдвэрлэгчидтэй хамтарч гадаад зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүнийг сурталчилах ажил хийж байна. Мөн зах зээлийн судалгаа хийх зорилготой үзэсгэлэн худалдаа, бизнес уулзалтууд зохион байгуулж байгаа юм.

-Тэгэхээр ямар ямар улсад бизнес уулзалт үзэсгэлэн худалдаа зохион байгуулав. Ойрын хугацаанд ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?

-Бид 2015 онд АНУ-аас энэ ажлыг эхэлсэн. Тэгээд өнгөрсөн онд АНУ, Канад, Японд бизнес уулзалт, үзэсгэлэн худалдаа зохион байгуулаад байна. Энэ онд төрийн байгууллагуудтай хамтарч Япон улсад хоёр удаа арга хэмжээ зохион байгууллаа. Япон, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан байдаг. Ийм учраас энэ улсыг түлхүү сонгосон. Уг нь Монголоос олон төрлийн бараа бүтээгдэхүүн тус улсад татваргүй орох гэрээтэй. Гэтэл үйлдвэрлэгчид маань үүний үр шимийг хүртэж чадахгүй байгаа юм. Тэгэхээр энэ зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүнийг таниулахад  анхаарч сар бүр тогтмол ажил хийж байна.   Үүнээс гадна арванхоёрдугаар сард АНУ, Канадад “Монголд үйлдвэрлэв” танилцуулга, үзэсгэлэн худалдаагаа уламжлал ёсоор хийнэ. Ингээд эдгээр улсын төрийн байгууллага болон бизнесүүдийг монголын талтай холбох талд түлхүү анхаарна.

-Тэгвэл Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг ямар ямар оронд хөнгөлөлтэй нөхцөлөөр, татваргүй нийлүүлэх боломж байна вэ?

-Манай улс уул уурхайн бус хөнгөн үйлдвэрийн салбарын бараа бүтээгдэхүүн Европын улсуудад тарифын хөнгөлөлттэй нийлүүлэх гэрээтэй.  Мөн Япон улсад 5700 төрлийн бараа бүтээгдэхүүн тарифын хөнгөлөлт эдэлдэг. Энэ онд АНУ-д  ноос ноолуур, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнд тарифын хөнгөлөлт авахаар Засгийн газар хоорондын гэрээ хэлцэл хийж байгаа юм билээ. Ялангуяа, ноос ноолууран бүтэгдэхүүнд хөнгөлөлт авч чадах байх гэдэгт итгэлтэй байна.

-Ер нь олон улсын зах зээлд гарахад ямар стандарт шаардлага тавьдаг бол. Тэр дундаа ноос ноолууран бүтээгдэхүүн манай улсын нэрийн хуудас болох боломжтой гэдэг дээ?

-Тухайн улсын стандарт, шаардлагаас гадна олон улсын дагаж мөрддөг стандарт гэж бий. Жишээ нь Япон улсад экспортолж буй хөнгөлөлттэй бараа бүтээгдэхүүний дийлэнх нь түүхий эд байна. Үүнээс гадна ноолууран бүтээгдэхүүн хөнгөлөлт авдаг. Гэтэл арьс ширэн, мод модон бүтээгдэхүүн эсгийгээр хийсэн эдлэл тарифын хөнгөлөлт авч чадахгүй байгаа.  Учир нь хөнгөлөлт эдлэх бараа бүтээгдэхүүний жагсаалтад ороогүй байх жишээтэй. Иймд эдгээр бүтээгдэхүүнийг уг хэлэлцээрт оруулах талаар төрийн байгууллагууд ажиллаж байгаа юм билээ. Үүнд үйлдвэрлэгчид бас идвэхтэй байх ёстой. Бидний харж буйгаар манай төр засгаас аливаа гэрээ хэлцэл хийхдээ судалгаа дотоодын болон тухайн улсын зах зээлийн судалгааг дутуу хийдэг учраас иймэрхүү алдаа гарч байгаа юм. Тэгэхээр судалгаа дутуу хийгдсэнээс шалтгаалж экспортолж болох бүтээгдэхүүндээ тарифын хөнгөлөлт авч чадахгүй байх тохиолдол гарч байна.

-Та манай үйлдвэрлэгчид олон улсын зах зээлд гарахад бэлэн бус байна гэлээ. Тэгэхээр үйлдвэрлэгчид юунд анхаарч ажиллах ёстой вэ?

-Гадаад зах зээлд судалгаа хийгээд үзэхэд Монголоос цөөхөн нэр төрлийн бүтээгдэхүүнд боломж байна. Тухайлбал, түүхий эдийн нөөц, үйлдвэрлэлийн чадамжаа харсан ч ноос, ноолуур, малын гаралтай бүтээгдэхүүн гадаад зах зээлд өрсөлдөх боломжтой байгаа юм. Манай үйлдвэрлэгчид тоног төхөөрөмж технологио шинэчилж түүхий эдээ тодорхой хэмжээнд татан авч чаддаг болсон. Гэвч миний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн тухайн зах зээлийн хэрэгцээ, шаардлагыг хангаж чадах уу үгүй юу гэдэгт анхаарч судалгаа хийх зүйл нь дутмаг байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ шууд л гадаад зах зээлд гаргаж зарж болно гэж ойлгоод байдаг. Гэтэл тэр зах зээлийн хэрэглэгчийн зан төлөв, байгаль цаг уур, ёс заншил нь өөр гэдгийг сайтар бодож тооцох ёстой юм. Нөгөө талаар бүтээгдэхүүн нь тухайн зах зээлийн стандарт шаардлагыг хангалаа гэхэд эрэлтийг нь давж үйлдвэрлэх чадамж бидэнд муу байна. Энэ нь ажиллах хүчний дутагдалтай холбоотой.  Тухайлбал, манай гишүүн “Хос аз” гэдэг компани байна. Тэд Япон, Казахстаны зах зээлд танилцуулахад бүтээгдэхүүнийг авъя гэсэн. Гэтэл тэдний захиалсан тоо хэмжээнд үйлдвэрлээд нийлүүлэх боломжгүй байна. Машин тоног төхөөрөмжөө сайжруулаад өргөтгөл хийсэн боловч тэнд ажиллах боловсон хүчин дутмаг байгаа юм. Ажилчин авъя гэтэл гутлын үйлдвэрийн мэргэжилтэн бэлтгэх сургууль алга. Тэгээд ажлын байранд сургаад авах гэхэд үйлдвэрт ажиллах сонирхолтой хүнгүй болчихож. Тэгсэн мөртөлөө ажилгүйдэл их байна гээд байдаг.

-Танай байгууллагад үйлдвэрлэгч хүсэлт гаргавал гадаад зах зээлийн судалгаа хийж өгдөг үү?  

-АНУ, Канад, Японд манай төлөөлөгчийн газар бий.  Саяхан Хятадад салбараа нээсэн. Тэгэхээр эдгээр улсын зах зээлд судалгаа хийх экспертүүд бий. Одоо ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний судалгааг хийж байна. Цаашдаа хүнсний бүтээгдэхүүний судалгаа хийнэ. Үйлдвэрлэгч миний энэ бүтээгдэхүүн тухайн зах зээлд ямар стратегиар яаж нэвтрэх вэ гэж хандаж болно. Бид судалгаа хийж өгнө. Энэ талаар бид Дэлхийн банктай хамтарч ажиллаж байгаа. Дэлхийн банкны экспортыг дэмжих төслийнхөн аж ахуйн нэгжүүдэд зөвлөхөөс  гадна зах зээлийн иж бүрэн судалгаа хийж өгч байгаа.  

-Зах зээлийн судалгаа хийхэд зардал нэлээд гарах байх. Ямар үнэ хөлсөөр судалгаа хийж өгдөг вэ?

-Зардал нэлээд өндөр гардаг. Зарим судалгааг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан хийдэг. Бид аль болох үйлдвэрлэгчид санхүүгийн дарамт багатай судалгаа хийлгэх гарц боломжийг эрэлхийлдэг. Энэ үйл ажиллагаанд Дэлхийн банкны экспортыг дэмжих төсөл туслалцаа үзүүлж байгаа. Уг төслөөс гадаад зах зээлийн судалгаа хийлгэсэн үйлдвэрлэгчийн зардлын 50 хувийг нь буцалтгүй тусламжаар олгож байгаа. Манай үйлдвэрлэгчид энэ боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Бид судалгаандаа зориулж сургалт семинар байнга хийгээд явдаг.

 

 

1 Сэтгэгдэл
bugdiig ni jdiginh edcheed bga yum chini yaj hogjih we de
Хамгийн их уншсан