Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үнэтэй л гурил идэх нь дээ

Ердөө л өчигдөрхөн гурилын үнэ 40-50 төгрөгөөр нэмэгдлээ гээд мэдээлж байсан. Нөгөө талаас, шинэ ургацын гурил гарахаас өмнө нөөцөө борлуулах гэсэн үйлдвэрлэгчдийн сонирхлоор гурилын үнэ хямдардаг. Өмнө нь, намар ургац тааруухан авсан бол дараагийн гурил залгатал нөөц ховордож, үнэ нь нэмэгддэг хоёр тал бий. Гэтэл энэ удаа аль нь ч биш гэхэд болно. Өнгөрсөн намар манай улс 430 мянган тонн улаан буудай хураан авсан.

Тонныг нь 300 мянган төгрөгөөр худалдан авч, улсад тушаасан тонн буудай тутамд 50 мянган төгрөгийн урамшуулал өгсөн болохоор чамгүй үр тариа нөөцөлж чадсан. Хэдийгээр ердөө л хилийн цаахна байгаа Сибирийн улаан буудайгаас хавьгүй өндөр үнэтэй энэ буудай чанарын хувьд тийм ч сайн байж чадаагүй болохоор дотоодын гурил үйлдвэрлэгчид маань хямд, чанартайг нь бодоод Оросоос л буудай зөөсөн. Одоо улсын нөөц, Тариалан эрхлэлтийг дэмжих санд чанар муутайхан улаан буудай өдрөөс өдөрт үнэ өртөг нь өсөөд л хураалттай байгаа. Арга ядсан Засгийн газар “Атрын гуравдугаар аян”-ыхаа нэр хүндийг унагаачихгүй гэсэндээ сэмээрхэн 100 мянган тонн буудай Хятадад нийлүүлчих санаатай яриа хэлэлцээ хийж буй ч үр дүн гараагүй байгаа. Дэлхийн үр тарианы гол үйлдвэрлэгчийн нэг Хятад улс гахайгаа л тэжээхгүй бол манайхаас тийм жаахан буудай аваад ч яах юм билээ.
Гурилын өнөөдрийн үнийн өсөлт зүгээр л хөөрөгдөл юм гэхэд өвөл ямар болох бол. Үнэндээ гурил үйлдвэрлэгчид дотоодоосоо энэ их өндөр үнэтэй буудай авснаас Орос нь дээр хэмээдэг байв.

Харин энэ найдлага тун бүтэл муутай байж мэдэхээр байна. Юу гэвэл  ОХУ-ын газар тариалангийн бүс нутгуудад энэ жил маш их ган тохиосон нь жилд авдаг ургацынх нь хэмжээ буурахад хүргэж байгаа гэнэ. Жилдээ 85 сая, бүр 90 сая тонн улаан буудай хураадаг энэ улс энэ жилийн тооцоогоор сайндаа л 75 сая тонныг хурааж авна, үүнээс дотоод хэрэгцээгээ хасахаар гадаадад  12 сая тонн улаан буудай экспортолно гэж Засгийн газрын нь тэргүүн Дмитрий Медведев хэлсэн байна. Өнөөдрийн байдлаар Оросын 20 бүс нутагт хуурайшиж, гантай байгаагийн 10 нь бүр онц байдлын хэмжээнд хүрээд буй. Энэ бүс нутгуудаас 5.3 сая га талбайн ургац алдахад хүрсэн нь тариалсан нийт талбайнх нь 12 хувь болно.  Энэ нутгийн тоонд бидний гол найдлага Сибирь ч орж буй. Тэгэхээр бидний хувьд гадаад, дотоодынхоос буудай авах нь ялгаагүй болно гэсэн үг.

Үнэтэй буудайнаас үнэтэй л гурил гарна шүү дээ. Ашиг хардаггүй бизнесмэн гэж хаана байх билээ, мэдээж ашгаа нэмнэ. Энэ жил Засгийн газар өнөө л өмнөх үнэ, урамшууллаа мөрдөнө. Тэгэхээр тариаланчид маань улсад болохоор үнэтэй өгчихөөд, гурилын үйлдвэрүүдэд хямд өгөлтэй биш. Гурил үйлдвэрлэгчид ч гар татаж байгаад түүхий эдгүй хоцролтой биш Засгийн газар гэдэг баяны үнэтэй өрсөлдөж байж л хэдэн тонн буудай олж авах  хэрэгтэй болно гэсэн үг.
Үгүй юм гэхэд оросуудын гарыг харж тэднээс ялгаагүй үнэтэй буудай авна. Энэ бүхэн гурил гурилан бүтээгдэхүүний үнэ өсөх магадлалыг улам өсгөж байна гэхэд болно. Өнөөгийн эрх баригчид хэдэн жилийн турш тооны хойноос хөөцөлдөж өндөр үнэтэй, чанаргүй улаан буудай нөөцөлчихөөд “Атрын гуравдугаар аян”-аа магтан дуулаад л чимээгүй холдоно. Тэгээд хөндлөнгөөс “Гурилын үнэ нэмэгдчихлээ. Энэ Засгийн газар ч бүтэхгүй нь ээ” гээд шүүмжлээд суух биз. Юутай ч өнгөрсөн жилийн буудайгаа борлуулж дуусаагүй байхад энэ жилийн ургац хураах цаг хаяанд ирлээ. Гурилын үнээс гадна өмнөх оны нь үлдэгдэл байж байхад  шинэ ургац буух гэж байгаа нь хадгалах сав агуулах юу билээ гэсэн асуудал бас бий. Аль өнгөрсөн жил л барьчихна гээд байсан  бага оврын 50 элеватор, агуулахаа барьж байгаа л гэж найдахаас.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан