LHAMOUR брендийн үүсгэн байгуулагч, “Natural Essentials” компанийн захирал Д.Хулан компаниа 2014 онд байгуулжээ. Тэрбээр бүтээгдэхүүнээ анх гэртээ үйлдвэрлэж бизнесээ эхэлжээ. Анхны бүтээгдэхүүн нь ванны бөмбөг, хонины сүүлны тостой саван, уруул өнгөлөгч юм. Одоо үйл ажиллагаа нь өргөжиж 60 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Одоо тус компани 30 хүнтэй, Монголдоо нэрийн барааны гурван дэлгүүртэй, борлуулалтын араваад цэгтэй болжээ. Мөн олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулж байгаа юм. Ингээд Д.Хулантай ярилцсанаа уншигч танд хүргэж байна.
-Үйлдвэрлэл эрхлэх санааг хэрхэн олсон бэ?
-Би гадаадад сурч байгаад Монголдоо ирээд харшилтай болсон. Тэгээд экземтэй болсон арьсаа арчлах асуудалтай тулгарсан. Тухайн үед миний арьсанд таарах гоо сайханы бүтээгдэхүүн олдоогүй. Ингээд мэргэжлээ сольж органик гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарыг сонирхож эхэлсэн юм. Энэ мэргэжлийн дипломоо Англид сургуульд сурч хамгаалаад бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Тэгэхээр манай бүтээгдэхүүн бол над шиг арьсны асуудал тулгарсан хүмүүст зориулж хийсэн бүтээгдэхүүн гэж хэлж болно. Ийм учраас манай бүтээгдэхүүний нэг давуу тал нь арьсны өвчтэй, экземтэй, хэт их хуурай арьстай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Яагаад гэвэл бид бүтээгдэхүүндээ нэмэлт порафин буюу хиймэл үнэр, өнгө оруулдаггүй. Учир нь хиймэл үнэр харшил асар х өдөөдөг зүйл. Иймд манай бүтээгдэхүүн байгалийн түүхий эдийнхээ өөрийн гэсэн өнгө, үнэртэй байдаг.
-Та харшилтай болоод мэргэжлээ сольж органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт шилжсэн гэлээ. Урд нь ямар мэргэжлээр хаана сурсан юм бэ?
-Би Нью-Иоркод Колумбын их сургуульд сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжлийн чиглэлээр мастер хамгаалсан. Тэгээд ногоон хөгжлийн мэдлэг, туршлагаа үйлдвэрлэлдээ ашиглан хөгжүүлж явна. Иймд манай үйлдвэр хаягдалгүй ногоон хөгжлийн технологитой. Нөгөө талаар бидний хэрэглэж буй бүх зүйл байгальд ээлтэй технологиор хийгдсэн байдаг. Тухайлбал, дахин боловсруулсан цаас хэрэглэж байна. Манай бэлгийн багцны сагс дахин боловсруулсан цаасаар хийгдсэн. Нэрийн хуудастаа хүртэл дахин боловсруулсан цаас ашигладаг. Савангын модон суурь л гэхэд модны үйлдвэрээс гарсан хаягдлыг дахин боловсруулсан бүтээгдэхүүн юм. Мөн хэрэглэгчид зориулсан булан дэлгүүртээ нээсэн. Энэ нь хэрэглэгчийг байгальд ээлтэй байх боломж олгож байгаа юм.
-Бизнесээ анх эхлэхэд санхүүжилт гэж зүйл зайлшгүй тулгардаг. Санхүүжилтээ яаж босгосон бэ?
-Манайхан үйлдвэр гэхээр нэг л том барилгад тоног төхөөрөмж суурилуулсан, асар их хөрөнгө зарцуулсан эсвэл гадаадын хөрөнгө оруулалттай зүйл гэж төсөөлдөг. Тэгвэл би гэртээ төмпөн, шанаг ашиглаад л үйлдвэрлэлээ эхэлсэн. Иймд бага хөрөнгө оруулалтаар бизнесээ эхэлсэн юм. Энэ нь миний хувьд давуу талтай байсан.
-LHAMOUR гэдэг нэрний утга учир юу вэ. Яагаад ийм нэр өгөх болов?
-Манай компани Natural Essentials буюу хүний бүх хэрэгцээг байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хангах зорилогтой юм. LHAMO гэдэг нь манай дүүгийн нэр. Учир нь Лхам бурханы өдөр төрсөн. AMOUR гэдэг нь Францаар хайр гэсэн үг. Ингээд энэ хоёр үгийн нийлэмжээр брендийн нэршлээ өгсөн. Манай компанийн үндсэн философи бол өөрийгөө хайрла, бусдыг хайрла, эх дэлхийгээ хайрла гэсэн үг юм. Бид олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргана гэсэн зорилогтой тавьсан учраас ийм зохиомол нэр өгсөн. Жишээ нь олон улсад дахин давтагдахгүй, өөрийн нэрийн барааны бүртгэл, тэмдэгтийг гаргахад дэлхий нийтэд ийм нэр байхгүй гэдгээрээ онцлог юм.
-Бизнес эхлүүлнэ, тэр дундаа гадаад зах зээлд гаргана гэдэг нь маш их хөдөлмөр шаардсан ажил. Бэрхшээл бүхний ард яаж гарсан бэ?
-Асар их бэрхшээл тулгардаг. Одоо ч хэвээрээ. Бэрхшээл бүхнийг даван туулахын төлөө ажиллаж байна. Органик гоо сайхны бүтээгдэхүүн гэдгийг ойлгох хүн манайд цөөн байсан. Тэгэхээр энэ талын ойлголт хүмүүст өгөх, бүтээгдэхүүнээ таниулахын тулд асар их цаг хугацаа зарцуулсан. Одоо ч гэсэн бидний бүтээгдэхүүнээ таниулах, тайлбарлах ажил үргэлжилж байна. Маш олон хүн химийн гаралтай бүтээгдэхүүнд дассан, ялгааг нь сайн мэддэггүй. Мөн тухайн хүний арьсны онцлог, ямар бүтээгдэхүүн тохирох эсэхээ сайтар тодорхойлж чаддаггүй юм билээ. Олон хүн өөрийн арьсны төрлийг мэдэхгүй, асуудалтай тулгардаг. Тэгэхээр бид мэдлэгтэй холбоотой зүйлийг сүүлийн дөрвөн жил хийж ирлээ. Үүнээс гадна үйлдвэрлэл эрхлэнэ гэдэг манайд хэцүү. Татвар, үйлдвэрлэлийн байрнаас өгсүүлээд хүндрэл чамгүй тулгарсан. Дээрээс нь бид их хэмжээгээр техник ашиглаж үйлдвэрлэл явуулдаггүй. Гар аргаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Манай бүх бүтээгдэхүүн патентын эрх авсан анхдагч юм. Тэгэхээр асууж суралцах хүнгүй хэцүү байсан. Мөн экспортод бүтээгдэхүүнээ гаргана гэдэг бол бүр л хүндрэлтэй тулгарна. Яагаад гэвэл олон улсын стандарт хангах хэрэгтэй. Жишээлбэл, Тайландад хэдхэн хоногийн өмнө экспортоо албан ёсоор эхлүүллээ. Үүнд хүрэхийн тулд долоо, найман сарын хугацаанд бичиг баримт бүрдүүлэх, стандарыг нь хангаж ажилласан. Тэгэхээр экспорт хийнэ гэдэг нь нэлээдгүй цаг хугацаа, судалгаа ордог ажил. Бидэнд алсын хараа, мөрөөдөл байгаа болохоор бэрхшээл бүрийг даван туулаад л явж байна.
-Анх ямар бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргав. Одоо хэдэн төрлийн бүтээгдэхүүн ямар ямар зах зээлд гаргаж байна вэ?
-Одоо гадаадын дөрвөн зах зээлд тогтмол борлуулалт хийж байна. Үйлдвэрлэж буй бүхий л бүтээгдэхүүнээ экспортолж байгаа. Анх 2017 оны нэгдүгээр сард Хонг Конг руу анхны экспортоо хийсэн. Манай дистрибьюторын хүүхдийнх нь арьс хүнд экземтэй байсан. Бидний бүтээгдэхүүнийг хэрэглээд энэ өвчин нь эдэгсэн. Ингээд манай албан ёсны борлуулагч болохоор шийдсэн. Үүнтэй адил замаар манай гадаад борлуулагч нар гарч ирсэн юм. Тэгээд Хонг Конг руу анх жамц давс, кофетэй арьс гуужуулагч биеийн тос, нохой хошуутай нүүрний суурь тос, сарлагын сүүтэй саван, чацаргантай уруул өнгөлөгч борлуулах боломжтой гэж үзсэн юм. Мөн экспортод гаргаагүй Монголчуудад зориулсан зарим онцлог бүтээгдэхүүн бий.
-Та бүхэн Дэлхийн худалдааны байгууллагаас томоохон шагнал авсан. Энэ талаар тодруулж өгнө үү?
-Дэлхийн худалдааны байгууллага жил бүр нээлттэй форум зохион байгуулдаг юм билээ. Энэ жилийн арга хэмжээ нь “Олон улсын худалдаа 2030 онд” гэсэн сэдвийн дор зохиогдсон. Үүнд улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, эдийн засагчид, судлаачид, хувийн хэвшлүүдийн 3000 гаруй төлөөлөгч оролцож, дэлхийн худалдааны сүүлийн үеийн чиг хандлага, олон талт худалдааны тогтолцооны ирээдүйн талаарх хэлэлцүүлгийг олон салбар хуралдааны хүрээнд өрнүүлсэн. Энэ үеэр “Open to Export” олон улсын уралдааныг зарласан юм. Уг уралдаанд 74 орны 100 гаруй компани өөрсдийн экспортын төлөвлөгөөгөө явуулж оролцсон. Тэгээд ТОП 10 компанийг шалгаруулсан. Үүний нэгээр манай компани тунан үлдэж тусгай байр эзэлсэн юм. Бас Монголын тухай, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хөгжил, цаашдийн чиг хандлагын тухай илтгэл тавиад ирлээ.
-Үйлдвэрлэлийн түүхий эдээ хэрхэн татан авч байна. Үнэ ханш, зардал нь ямар байдаг вэ?
-Үйлдвэрлэлдээ 50 гаруй төрлийн түүхий эд хэрэглэдэг. Эдгээрийн 70 хувийг дотоодоос авдаг. Гадаадаас арьсанд тэжээл өгөхөд зориулсан зарим төрлийн түүхий эд авч байгаа. Харин дотоодын түүхий эдээ татаж авахад жаахан хүндрэлтэй. Гэвч бидний чин хүсэл бол монгол түүхий эдээр дэлхийд таниулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Тэгээд жамц давс, хонины сүүлний тос, сарлагын сүү, халгай, ганга, ямааны сүү, зөгийн бал зэрэг бүтээгдэхүүнийг дотоодоос худалдан авдаг. Ингээд арьсанд тэжээл өгөх, бараг эмчилгээний зориулалтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Дөрвөн жил тасралтгүй хичээж ажилласны хүчинд өнөөдөр манай дотоодын түүхий эд нийлүүлэгчид маань бидэнтэй хамт хөгжиж байна. Жишээ нь би ганцаараа үйлдвэрлэл эрхэлж байхад жилд таван кг жамц давс хэрэглэдэг байсан. Одоо таван тонн болсон. Малчдаас сарлагын сүүг цөөн литрээр авдаг байлаа. Тэгвэл тогтмол олон литр сүү авдаг болсон тул тэдний орлого ч бас нэмэгдэж үйлдвэрлэлийг таслахгүй явуулах хэмжээнд хүрлээ. Түүхий эд бэлтгэх тал дээр маш олон асуудал тулгарсан. Тухайлбал, тогтмол, үйлдвэрлэлийн шаардлага хангасан түүхий эд бэлтгэн нийлүүлж үзээгүй тул доголдол их гарч байсан. Өнөөдөр дотоодын 20 гаруй байгууллага хувь хүнтэй тулж ажиллаж байж түүхий эдээ бэлтгэн татаж авдаг болсон. Гадаадаас түүхий эд авах нь амар. Бүх стандарт хангасан, захиалга авах, нийлүүлэх сүлжээ зам нь бэлэн байдаг.
-Төр засгаас үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ, Монгол брендийг дэлхийд гаргана гэж яриад баахан л төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Танай компани ямар дэмжлэг хөтөлбөрт хамрагдаж байсан уу. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Бид төр засгаас ямар ч дэмжлэг авч үзээгүй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж хөгжүүлнэ гэсэн бодлого бий л гэж сонсогддог. Гэтэл гарааны бизнес эхлүүлж байгаа компани хөл дээрээ босчихсон том компанитай яг адилхан хувь хэмжээтэй татвар төлдөг. Одоо л татварын системд өөрчлөлт орох янзтай байна. Жишээ нь бидэнд НӨАТ гэдэг том асуудал бий. НӨАТ-ын систем дөнгөж л голдиролдоо орж эхэлсэн. Анх түүхий эд нийлүүлэгчдээс бүтээгдэхүүн авахад бидэнд ямар ч баримт өгдөггүй. Түүнийг нь хэн ч хяндаггүй байлаа. Ер нь төрөөс гаргасан бодлогууд нь зөв чиглэлд явж байгаа юм шиг сонсогддог. Гэвч гарааны бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч нарт зөв дэмжлэг, зохицуулалт болсон зүйл харагдахгүй л байна.
Манай компани Монгол Улсынхаа экспортын төрөл зүйлийг нэмэгдүүлэх, гадаад валют олж ирэхэд тодорхой хувь нэмэр оруулж л байгаа. Гэтэл бидэнд төр засгийн зүгээс ямар нэг хөнгөлөлт, туслалцаа, дэмжлэг байдаггүй. Бид өөрсдөө бизнесээ хөгжүүлэхийн тулд ихээхэн хичээн ажилладаг. Нөгөө талаар бизнес эрхлэгчид төрийн байгууллагуудад ингэвэл, тэгвэл зүгээр байна гэсэн санал маш их явуулдаг юм билээ. Харин эдгээр саналыг хүлээн авч хэрэгжүүлэх нь ховор санагддаг.
-Тэгэхээр та бүхний явуулсан, дүгнэлтэд хариу өгч шуурхай шийдвэрлэсэн удаа бий юу?
-Бизнес эрхлэгчид Худалдаа аж үйлдвэрийн танхимтайгаа аль болох ойр байхыг хичээдэг. Төр засгийн зүгээс бидний санал санаачлагад хариу өгдөггүй. Жишээ нь манай компани татвар, НӨАТ-тай холбоотой олон албан бичиг төрийн байгууллагуудад явуулж байсан. Нэг ч хариу ирээгүй.
-Танай компанитай ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани Монголд одоо бий юу?
-Манайх шиг түүхий эдийн анхан шатны боловсруулалтаас эцсийн бүтээгдэхүүн хийдэг компани одоогоор байхгүй. Бид үйлдвэрлэл гэхээс илүү нийгэмд чиглэсэн зүйл их хийдэг.
-Тухайлбал?
-Залуучуудад чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Учир нь дэлхий нийтэд аливаа компанийн үйл ажиллагаа тогтворжоод ашигтай ажиллаж эхэлсний дараа нийгэмд, байгаль экологид ээлтэй үйл ажиллагаа явуулдаг жишиг тогтоод байгаа. Тэгвэл бид компаниа байгуулсан цагаас эхлээд залуучуудыг зөв чиглэл хандалагад сургах үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн жилээс хойш өөрийгөө олох буюу мэргэжлээ зөв сонгох хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд охидуудыг шинжлэх, инженер, математикт чиглэсэн тухайн мэргэжлийн урам зориг өгөх сургалтууд зохион байгууллаа. Одоо эмэгтэйчүүдэд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлж байна. Жишээ нь арваннэгдүгээр сарын 17-нд 400-500 эмэгтэйчүүдэд гарааны бизнес эрхэлхэд юу юу анхаарах ёстой, ямар ямар бэрхшээл тулгардаг, түүнийг хэрхэн даван туулах талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн арга хэмжээ зохион байгуулна. Энэ арга хэмжээнд Монголын болон гадаадын илтгэгч нар оролцох юм.
-Танай компани дотооддоо төдийгүй гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулж байна. Тэгвэл үйлдвэрлэлийн хүчин чадал хэр хэмжээнд байна вэ?
-Бидний ажил дөнгөж эхэлж байгаа тул тэр, энэ зах зээлийн төд өдөн хувийг хангана гэсэн зүйл одоогоор алга. Бид 2017 оны нэгдүгээр сард Хонг-Конг руу анхны экспортоо хийсэн. Үүнээс хойш тус зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүний хэмжээ өсч байгаа. Бид бүтээгдэхүүнээ гар аргаар үйлдвэрлэдэг. Ийм учраас хүчин чадал бага юм. Үүнээс гадна Монголоос ийм бүтээгдэхүүн гарна гэдгийг хэр баргийн хүн ойлгодоггүй. Тэгэхээр бидэнд монголчууд аливаа зүйлийг хийж чаддаг гэдгийг ойлгуулах даалгавар бий гэж боддог. Энэ чиглэлийн ажлыг л түлхүү хийж байна. Япон, Франц, Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн гэхээр ямар ч бренд байсан хүн авчихдаг. Гэтэл Монгол гэхээр эргэлзэж тээнгэлзэх, ойлгохгүй, итгэхгүй байх явдалтай нүүр тулдаг юм. Манай гэрээт борлуулагчид үүнийг ойлгуулах асар том бэрхшээлтэй тулгарч л яваа. Арьсны асуудалтай хүмүүс бидний бүтээгдэхүүнийг хэрэглээд тодорхой үр дүнд хүрч байна. Энэ нь манай бүтээгдэхүүний хэрэглэгчийн хүрээг бага багаар тэлж байгаа юм. Энэ бол бидний хувьд маш том амжилт юм. Дэлхийн бусад өнцөг буланд байгаа хүмүүс бидний бүтээгдэхүүнийг хэрэглээд арьс нь эрүүлжиж байна гэдэг нь их сайхан зүйл.
-Тэгвэл дотоодын хэрэглэгчид хэр зэрэг нэмэгдэж байна вэ?
-Хэрэглэгчдийн хандлага дөрвөн жилийн өмнөхөөс эрс өөрчлөгдсөн. Хүмүүсийн мэдээлэл авах хэрэгсэл, мэдлэг нь шал өөр болсонтой холбоотой. Өмнө нь мэдээлэл авах суваг нь хязгаарлагдмал байлаа. Одоо ийм асуудалгүй болсон тул органик гоо сайхны бүтээгдэхүүний ач холбогдолыг ойлгож эхэлсэн. Дэлхий нийтэд ч энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдсээр байгаа. Бид хүмүүсийг мэдлэг мэдээлэлтэй болгох асар их ажил хийсэн. Үүний үр дүн одоо гарч байна. Ялангуяа манай залуучууд байгаль сүйтгэдэг, химийн орц найрлагтай үйлдвэрлэлээс татгалзаж эхэлсэн. Товчхон хэлбэл бүтээгдэхүүний чанар чансаа, ялгаатай байдлыг ойлгож сонголтоо хийдэг болсон.
-Гоо сайхны бүтээгдэхүүн гэхээр манайхан эмэгтэй хүний л гоёлын хэрэгсэл гэж ойлгодог. Танайд эрчүүдэд зориулсан бүтээгдэхүүн бий юу?
-Бид гоо сайхны гэхээс илүү эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Арьс гэдэг бол хүний хамгийн чухал эрхтэн. Хүний эрүүл мэнд арьсаар дамжуулж тодорхойлогддог. Өнөөдөр арьсан дээр юм гарахад гоо сайхны бүтээгдэхүүнээ тааруулж аваад үүнийгээ дарж далдлах ёстой гэсэн ойлголт олон хүнд төрдөг. Гэтэл арьс бол хүний эрүүл мэндийн толь юм. Тэгэхээр манай бүтээгдэхүүнийг бүх насны хүн хүйс харгалзахгүй хэрэглэж болно. Өөрөөр хэлбэл гэр бүлийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн бий. Үүнээс гадна эрэгтэй хүний арьс арай өөр байдаг учраас зориулсан бүтээгдэхүүн бас үйлдвэрлэдэг.
Эр хүний арьс ч бас эрүүл байх ёстой. Иймд эрчүүдэд зориулсан тос үйлдвэрлэж байгаа. Биеийн тосыг эрчүүд бас хэрэглэж болно. Жишээ нь сэнгэсэн гаатай биеийн тосыг тамирчид их хэрэглэдэг. Хүнд бэлтгэл сургуулилтын үед булчин зангирхад энэ тосыг хэрэглэхэд суллаж өгөх үйлчилгээтэй. Ванны бөмбөлөг арьсыг хоргүйжүүлдэг учраас хүмүүс их хэрэглэж байгаа. Эмэгтэйчүүд гоёж гоодох л гэж гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг гэдэг ойлголт өөрчлөгдсөн. Ямар ч хүний арьс эрүүл бол сэтгэл хангалуун, сайхан амьдардаг шүү дээ.