НИТХ-ын дарга Д.Баттулга улсын болон нийслэлийн төсвөөр барьж буй барилгаас бусад барилгын компанийг ажлаа эхлэхгүй байхыг анхааруулсан. Гэвч эл шийдвэрт “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдан газрын зөвшөөрөлтэй ажлаа эхлэх гэж байсан барилгын компаниуд ч хамаарч буй. Энэ талаар ЗТБХБЯ-ны Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газраас тодруулах гэсэн боловч хэвлэл хариуцсан мэргэжилтэн нь “Манайх уг хөтөлбөрийг хариуцахаа больсон. Сургалт судалгаа, хөрөнгө оруулалт, барилга захиалагчийн албад шилжүүлсэн. Тэндээс асуу” гэв. Харин асуу хэмээн зөвлөсөн албанаас нь тодруулах гэсэн боловч ”Манайхан амарсан. Манайх биш, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар мэднэ” хэмээн төөрөгдүүлэх нь тэр. Үнэндээ сүртэй зарлан олон хүнийг байртай болгох эл хөтөлбөр ингэж эзэнгүйдмээргүй юм. Эхнээсээ хөтөлбөрт хамрагдсан иргэд байрандаа орж байхад дараагийнх нь орон сууц хэзээ баригдана гэж нүдээ чилтэл харж суух вэ.