Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга М.Тунгалагтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Энэ жил бороо хур элбэгтэй байна. Үүнтэй холбоотойгоор ой модны хөнөөлт дайсан болох хортон шавьж ихэссэн гэх юм?
-Ойн өвчлөл, хөнөөлт хортон шавьжтай тэмцэх ажлыг ид хийж байна. Хоёр жилийн өмнө нэг сая гаруй ойн сангийн талбайд хортон шавьж их хэмжээгээр голомтолсон. Өвчилсөн голомтын дор хаяж 80 хувийг нь аварч үлдэхээр улсын төсвөөс их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж, БХЯ, ЗХЖШ-тай хамтарч цэрэг, техник технологи ашигласан юм. Үүний үр дүнд сүүлийн хоёр жил хөнөөлт шавьж, ойн голомтот өвчнөөс эмээх зүйлгүй болсон. Гэхдээ хортон шавьж, голомтот өвчний илрэх, тархах үечлэл гэж бий.
Хамгийн сүүлд гэхэд, ОХУ, Сибирь болон манай улсын хилийн ойролцоохь ой мод, газар тариалангийн бүс нутгуудаар царцаа, хортон шавьж, модны өвчлөл хурдацтай тархаж байгаа гэсэн мэдээлэл авлаа. ОХУ-аас их хэмжээний хөнөөлт шавьж нүүдэллэн орж ирлээ гэхэд хэрхэн хамгаалах, сэргийлэх арга хэмжээ авахаар бэлдээд байна.
-Байгаль, цаг уурын өөрчлөлт илт мэдрэгдэж эхэллээ. Ойн сангийн талбайд ямар өөрчлөлтүүд мэдрэгдэж байгаа бол?
-Цаг уурын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаа, түймэр зэргээс шалтгаалан сүүлийн жилүүдэд ойн доройтол эрчимжсэн. Өмнөх жилүүдийн судалгаагаар доройтсон, тайраад хаячихсан, түймэрт өртсөн модоо тоолоод явдаг байлаа. Гэтэл өнгөрсөн жилийн судалгаагаар ногоон нөмрөг буюу навч, шилмүүс багасч ой сийрэгжиж байгаа нь ажиглагдсан. Тэгэхээр байгаль, цаг уурын өөрчлөлт ингэж огцом өөрчлөгдөж байна гэсэн үг.
-Навч, шилмүүс сийрэгжинэ гэхээр ой мод цаашдаа чанаргүй болж байгаа гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав. Ой чанарын хувьд муудах хандлагатай болж байна. Ойн талбай сан сийрэгжиж буй нь доройтож байна л гэсэн үг. Энэ талаар томоохон судалгаа, шинжилгээ хийж эхлэх шаардлагатай. Харин ойн тухай шинэ хуульд ойн судалгааны тусгай алба байгуулах заалт орсон нь их ач холбогдолтой зүйл болсон л доо.
Өмнөх жилүүдтэй харьцуулахад 10 дахин илүү түймэр гарсан
-Өнгөрсөн жил самрын арвин ургац түймрийн аюул дагуулсан. Наадмын дараа намар гэгчээр самар, жимсний улирал ч хаяанд ирлээ дээ?
-Өмнөх жилүүдийг бодоход, энэ жил 10 дахин илүү түймэр гарсан. Мэдээж самар түүх нэрээр хэдэн мянган иргэн зөвшөөрөлгүй ууланд гарсан шүү дээ. ОХУ-аас ч хил дамнасан түймэр орж ирэх тохиолдол олон. Өнөөдрийн байдлаар ч гэсэн түймэртэй байна. Түймэр гарлаа гэхэд, ОБЕГ-т наад захын онгоц, шаардлагатай тоног төхөөрөмж гэж юу ч алга. Аврагч нар улаан галын өөдөөс хаа холоос алхаж очно. Гутлынх нь ул нь ханзарчихсан хэрнээ түймрийн газарт очдог. Хөрс нь халчихсан, тэр их төөнөлттэй байгаа нөхцөлд ажилладаг шүү дээ. Голдуу өндөр уулын царманд түймэр гардаг. Гэтэл ОБЕГ-ын албан хаагчид мориор, явганаар л тийшээ очдог. Энэ жил түймэр хайран сайхан залуучуудын амь насыг хүртэл авч одлоо. Энэ тал дээр холбогдох байгууллагууд анхаарах хэрэгтэй.
-Хэдхэн хоногийн өмнө ОХУ, Монголын талын хамтарсан ажлын хэсэг хил дамнасан усны талаар уулзалт зохион байгуулсан. Харин хил дамнасан түймэр гарсан тохиолдолд хэн хариуцлага хүлээхээр хийсэн гэрээ, хэлэлцээр бий юү?
-Жил бүр хил дамнан түймэр орж ирдэг ч ОХУ ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй. Харин энэ онд анх удаа албан ёсны үнэлгээг хоёр улсын аудитын байгууллага хамтарч хийсэн нь үнэхээр ач холбогдолтой зүйл болсон. Үндэсний аудитын ерөнхий газраас санаачилгатай ажиллаж, ОХУ, Монголын тал хамтарч хил дамнасан түймрийн мониторинг анх удаа хийлээ. ОХУ-ын талаас хилийн усны тал дээр мониторинг хийе гэж байсан. Ус тэртэй, тэргүй Орос руу урсаад гарч л байдаг. Тийм учраас манай талд илүү хариуцлага ногддог байсан.
-Тэгвэл энэ жилээс эхлэн ОХУ-аас хил дамнасан түймэр орж ирлээ гэхэд хариуцлагаа хүлээнэ гэсэн үг үү. Хохирлын хэмжээг хэрхэн тогтоож, яаж барагдуулдахаар тохиролцсон юм бол?
-ОХУ хил дамнасан түймрийн хохирол барагдуулах талаар ямар ч арга хэмжээ авдаггүй. Хоёр жилийн өмнө Буриад улсын удирдлагууд хил дамнасан түймрийн талаар яриа хэлэлцээр хийсэн. Хэрэгжүүлэхэд хэцүү учраас ОХУ-ын талд нөхөн төлбөрийн талаар хүсэлт тавиагүй л дээ. Хил дамнасан түймэр гарлаа гэхэд, нэн даруй хамтарч ажиллахаар болсон. Түймэр гарангуут онцгойнхон болон хилийн цэргийн ангийнхныг яаралтай визгүй нэвтрүүлж, техник технологийн тал дээр харилцан туслах зэргээр ярьсан.
-Түймэр гарлаа гэхэд эзэн холбогдогч нь ихэнхдээ олдоггүй. Харин санаатай, санамсаргүй байдлаар түймэр алдаж баригдсан нөхдөд ямар хариуцлага тооцдог вэ?
-ЦЕГ түймрийн эзэн холбогдогчдыг илрүүлж, Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг. 108 мянган төгрөгөөс дээш хохирол учруулахад шууд эрүүгийн хариуцлага хүлээнэ. Шинэ үнэлгээгээр 100 гаруй настай хар модыг хууль бусаар бэлтгэх, түймэрт өртүүллээ гэхэд 108 мянган төгрөгөөс дээш үнэлгээтэй. Санамсаргүй байдлаар ийм хүнд байдалд орох эрсдэлтэй учраас алхам бүртээ болгоомжтой байх хэрэгтэй. Хуулиа сайн судалж, байгальтайгаа зөв харьцахгүй бол гэмт хэрэгтэн болохгүй гэх баталгаагүй. Энэ намар самар сайн ургаж буй учраас ойд доройтол бий болгохгүйгээр, түймэр алдчихгүйхэн шиг зөвшөөрөлтэй хэрхэн түүх талд хяналт тавихаар холбогдох хүмүүстэй зөвшилцсөн.
Жил бүр мод тарихад нэг тэрбум төгрөг төсөвлөдөг хэдий ч…
-Түймрийн дараахь ойн нөхөн сэргээлтийг хэдий хэрийн хугацааны дараа хийх ёстой вэ. Зарцуулах төсөв хөрөнгөний хувьд хүрэлцээтэй юу?
-Жил бүр мод тарих ажилд тэрбум орчим төгрөг төсөвлөдөг. Нийслэл, 21 аймагт хуваагаад үзэхээр үнэхээр бага мөнгө. Сангийн яам болон бусад шийдвэр гаргах төвшний хүмүүстэй энэ талаар удаа дараа уулзалт хийсэн. Дэвшил гарна гэж найдаж байгаа.
-Чамлахаар чанга атга гэгчээр тэрбум төгрөгийг хэрхэн үр бүтээлтэй зарцуулсан гэдгээс хөрөнгө мөнгийг нь нэмэх эсэх нь шийдэгдэх байх л даа?
-Бид бага гэж чамлах биш чанарыг эрхэмлэдэг. Гэхдээ хөрөнгө мөнгөө нэмэхээс аргагүй л дээ. Нэг жишээ татъя. Уул ойжуулдаг компани нэг га-г 200 мянган төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо бий. Гэтэл нэг га талбайд 3000 ширхэг тарьц юм уу, суулгац суулгах ёстой. Ингээд ажлын хөлс энэ тэр орно гэхээр 200 мянган төгрөг хаанаа ч хүрэлцэхгүй гэдэг нь ойлгомжтой. Тариад зүгээр орхичихгүй. Хамгаалахгүй бол мал идчихнэ. Энэ бүгдийг шийдье гэхээр зайлшгүй төсвөө нэмэхээс аргагүй.
-Хэд болговол аж ахуйн нэгжүүд зовлон тоочихгүй бол?
-Хөрөнгө мөнгө нэмж төсөвт суулгахаар саналаа явуулсан. Мэдээж, их л байвал үр дүнгээ өгнө. Өмнөх жилүүдийг бодвол, чанарын төлөө явах учраас мөнгөө нэмэх л хэрэгтэй. Манайхан чинь зөвхөн тооны араас хөөцөлддөг. Жил бүр 10 мянган га газарт мод тарина гээд л. Энэ чинь асар их талбай шүү дээ. 10 мянган га талбайг өнөөх нэг тэрбум төгрөгөөрөө ойжуулах гээд л зүтгэдэг. Зөвшилцөлд хүрч чадвал нэг га талбайг ойжуулахад 600 мянган төгрөг болгохоор саналаа өгсөн.
-Бусад орны хувьд хэдэн төгрөгөөр хийдэг юм бэ?
-Тайвань улс гэхэд нэг га ойг 20 мянган ам.доллараар тариалдаг юм билээ. Гэхдээ зургаан жилийн хугацаатай л даа. Эхний жилд 11 мянган ам.доллар өгч, нэг модыг 100 ам.доллараар үнэлж арчилж ургуулдаг юм билээ. Хамгийн гол нь, аж ахуйн нэгжүүдээс чанар л шаарддаг. Гэтэл манайх 200 мянган төгрөг зарцуулаад үргүй зардал болдог. Тиймээс өнгөрсөн жилээс зарим аж ахуйн нэгжид арчилгаа, тордолгооны зардал олгосон.
-Нэг үеэ бодвол, ногоон гэдэг үг моодонд орж энэхүү өнгө давамгайлсан хувьсгал өрнүүлээд байна. Төрийн тэргүүний санаачилгаар жил бүр хувь хүмүүс, албан байгууллагууд мод олноор тарих болсон. Гэхдээ дуртай газраа хүссэн суулгацаа тариад байгаа нь хэр оновчтой вэ?
-Манай байгууллага зураг төслийн товчоо ажиллуулдаг. Ойжуулах шаардлагатай талбайнуудын зураг төслийг гаргадаг. Аймгуудад ч гэсэн талбайн зургийг нь гаргахад тусалж байна. Туул гол тасалдахад хүрч буй гол шалтгаан бол ой модоо сүйтгэснийх. Ой усны амин сүнс шүү дээ. Иймээс Туул голын эхэнд 800 га газрыг ойжуулах шаардлагатай гээд зургийг нь гаргачихсан. Үүнд аж ахуйн нэгжүүд анхаарал хандуулж “Их уст Туул гол” гээд хөтөлбөр боловсруулаад явж байна.
-Хүмүүс өөр, өөрийн хүссэн дурын технологиор суулгац тарьцгаадаг. Эргээд чанартай, чанаргүй гэсэн үнэлгээний аль нэг тавигдах ёстой л байх?
-Өмнө нь хөдөө хээр газар мод тариад орхичихдог байлаа. Гэхдээ чанарын хувьд муу. “Дэлхийн банк”-ны санхүүжилтээр ойжуулалтын чанарын талаар судалгаа хийхэд хамгийн дээд тал нь 14 хувь, багадаа долоон хувь хүртэл амьдралтай байна гэсэн тооцоо гарч байсан. Харин сүүлийн жилүүдэд харьцангуй дээрдэж, дэвшил ч харагдаж байна.
-Улиас, шар хуайс, нарс, гацуурын суулгац гээд иргэд дуртайгаа л ургуулах юм. Байгалийн зүй зохицлоороо тодорхой хэмжээгээр тооны харьцаа байх ёстой биз дээ?
- Тэгэлгүй яахав. Уулын ойжуулалт, хот суурин газрынх гээд тус тусдаа норматив байдаг.
-Жилдээ хэчнээн суулгац тарьж байгаа тухай судалгаа бий юу?
-Ой зохион байгуулалтын ажил одоо ид явж байна. Мод тарих тохиромжтой улирал бол хавар, намар. Намар мод тариад дууссаны дараа энэ онд тарьсан суулгацын тооллогын ажил гэх мэт шат дараалалтай явна даа.
Монголд мод үржүүлгийн 170 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг
-Нэг хэсэг ойгоос их хэмжээгээр мод авчирч шууд суулгадаг моод дэлгэрсэн. Сүүлийн үед гайгүй болчихож?
-Тийм шүү. Улаанбаатар хотод ойгоос шууд мод шилжүүлэн суулгаад ногооруулчихна гэж нэг хэсэг боддог байсан. Тэр хандлага одоо өөрчлөгдсөн. Аль болох суулгац суулгадаг болж. Дэлхийн зарим улс орон байгалиас нь авчраад хотынхоо гудамж талбайд суулгадаг туршлага бий л дээ. Гэхдээ арчилгаа, технологи шаардана. Нэг мод шилжүүлэн суулгахад тогоон чинээ нүх ухдаг. Мөн арчилж, ургуулах олон ажил бий учраас мод үржүүлгийн аж ахуйн нэгжүүдийг нэмэх хэрэгтэй.
-Мод үржүүлгийн аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдэж байгаа юу. Эсвэл нэг га талбайг ойжуулах 200 мянган төгрөгөөс шалтгаалаад нэмэгдэхгүй байна уу?
-Ойн тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Ерөнхийлөгчийн санаачилгаар энэхүү хуульд хоёр ч том заалт орсон. Өөрийн хөрөнгөөр чанартай мод тарьж ургуулж буй иргэдийг урамшуулах. Төр өөрийн хөрөнгөөр тухайн иргэдийн суулгац, таримлыг худалдаж авах, хамтарч ажиллах гэсэн заалт орсон. Энэ нь мод үржүүлгийн газар байгуулж, Монгол орныхоо ой модыг хамгаалах үйлсэд оролцож буй иргэдэд томоохон дэмжлэг болох байх. Өнөөдрийн байдлаар 170 гаруй үржүүлгийн газар тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн стандартад нийцсэн өвөл, зунгүй мод тарих, бойжуулах зэрэг улирлаас үл шалтгаалан чанартай суулгац бий болгох боломжтой Канадын ухаалаг хүлэмж манай улсад орж ирсэн. Ерөнхийлөгч бидэнд зөвхөн ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт эрхэлдэг 50 мянган иргэн бий болгоход бодлого, үйл ажиллагаагаа чиглүүл гэсэн үүрэг өгсөн. Бид ч өгсөн даалгаврыг нь биелүүлнэ гэж бодож байгаа.
-Сүүлийн жилүүдэд хууль бус мод бэлтгэл хулгайгаар тээвэрлэх, ачих бус дээгүүр албан тушаалтнууд ч оролцдог болсон гэх юм?
-Би энэ байгууллагыг толгойлоод дөрвөн жилийн хугацаа өнгөрлөө. Ерөнхийдөө мафийн шинжтэй болчихлоо гэж ярьдаг ч үүнийг олж хараагүй. Байгаль дэлхийгээ хамгаалах хүсэлтэй иргэдийн дунд янз бүрийн хардлага бол их. Ерөнхийдөө орон нутагт ойг эзэмшүүлэхээр зорьж 700 гаруй нөхөрлөл гэрээтэйгээр хамгаалж, арчилж байна. Эзэнгүй ой моднуудтай холбоотой асуудал гардаг. Иймд эзэнтэй болгомоор байна. ЦЕГ-аас үүнд анхаарал хандуулж байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс байгуулсан. Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэхэд Цогтбаатар сайд их санаачилгатай ажилласан. Иргэдээс хулгайгаар мод бэлтгэж буй тухай мэдээллийг худалдаж авах, газар дээр нь урамшуулах гурван сарын аян зарлан үр дүнд хүрсэн.
-Мод бэлтгэлийн компаниудад хэрхэн хяналт тавьдаг юм бэ. Ялангуяа, тогтоосон квотоороо модоо бэлтгэж байгаа эсэхэд...
-Манай байгууллага орон нутгуудаас ирэх жил бэлтгэх модны хүсэлтийг нь хүлээж авч байна. Нэг жилд бэлтгэх модны дээд хязгаарыг өмнөх оных нь арваннэгдүгээр сард баталдаг. Түлш болон хэрэглээний модоо аль компаниар бэлдүүлэх вэ гэдгээ тухайн орон нутгийн ИТХ шийддэг, хяналтаа ч тавьдаг.