Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
Н.САНЧИР: С.ЗОРИГИЙН ХЭРЭГ АЛЬ ХЭДИЙНЭ ИЛЭРЧИХСЭН ЮМ БИШ ҮҮ. БИ ТЭГЖ Л ОЙЛГОДОГ

Намхайцэрэнгийн Санчир. Энэ хүнийг зураач мөн УДБЭТ-ын анхны дарга, зураач төрийн шагналт Намхайцэрэн агсны хүү гэдгээр нь олон хүн танина. Энэ удаад түүнийг ардчилсан хувьсгалын анхдагчийн нэг мөн С.Зориг агсны дотны хүн байсан учраас онцлон зорьж очлоо.  Аравдугаар сарын 02 бол Монголын шинэ үеийн түүхийн хамгийн хар өдрүүдийн нэг. Эргэн дурсахад олон хүнд эмзэг хэцүү байдаг ч магадгүй дурсахгүй бол С.Зориг гэх улстөрчийн үхэл зүгээр л энгийн нэг үзэгдэл мэт болно биз. “Хүн амины хэрэг заавал илэрдэг” гэж хуулийнхны ярихыг олонтаа сонсч байсан ч С.Зориг агсны хэрэг учир битүүлэг байсаар. Өдөр хоног, сар жил өнгөрөх тусам энэ бол улстөрийн аллага гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга үгүй болсоор байна. Н.Санчир гуай “Хүн гэдэг амьтан үйлийн үрээ заавал эдэлдэг. Бурхан дээрээс харж байдаг юм шүү дээ. Өнөөдөр л болж байвал маргааш яахав гэсэн зүйл хэзээ ч байдаггүй. Тэгэхээр энэ хэргийн эзэд хэдэн үеэрээ үйлийн үрээ эдлэх л болно” гэж билээ. С.Зориг агсан хэрхэн ардчилсан хувьсгалд хөл тавьсан хийгээд хувь хүнийх нь талаар бид ярилцсан юм.

-Хоёулаа яриагаа кофеноос эхэлье. Учир нь Санчир гуайг дурсахаар  кофе үнэртэх шиг болдог гэх үгийг би олон хүнээс сонссон шүү?
-Манайх дээр үеэсээ л кофе байнга хэрэглэдэг айл. Миний бага байхын л тийм. Аав маань Германд сургууль төгссөн хүн шүү дээ. Европт сурч, амьдарч байсан хүмүүс чинь цайг эм болгож  уухаас биш, кофе л ууна. Бод доо, дэлхийн хоёрдугаар дайны үед кофе тасарчихсан байхад хар цагаан будаа, янз бүрийн юм шарж хуураад ч болтугай хуурамч кофе маягийн зүйл ууж байсан гэдэг европчууд. Манайх бол кофе уудаг жирийн монгол айл байсан. Чанадаг итали, франц, турк арга, машин ч  гэж байсангүй. Гэхдээ тэр үед манайд чехууд, германчууд ч кофе уух гэж ирдэг байлаа. Үрээр нь аваад бутлаад л турк аргаар чанадаг байсан болохоор манайхыг зорьж ирдэг байсан байх.

-С.Зориг агсны хувьд таны кофенд хэзээнээс “дурласан” юм бэ. Та хоёр эртний танилууд байсан уу?
-Зориг бид хоёр бол бүүр эртний танил. Хэдэн үеэрээ. Аавыг нь сайн мэдэхгүй л дээ. Ээжтэй нь, өвөөтэй нь манай ээж, аав эртний танил. Ээжийг нь хүмүүжүүлсэн хүнийг ч мэднэ. Манай аав Намхай­цэрэн Германаас ирснийхээ дараахан буюу 1930-аад оны дундуур гүүр барих ажлаар хөдөө явж байхдаа Зоригийн өвөө Симуков гэж хүнтэй уулзаж, нөхөрлөж явсан гэдэг. Симуков гуай их л аминчлан “за Намхай минь сэжиглэж л болохгүй шүү  дээ” гэж захисан юм гэнэ билээ. Аав маань Европоос ирээд удаагүй байсан болохоор хөдөөгийн айлын эзэгтэйн ханцуйгаараа шудраад өгсөн тагшинд сайн дасахгүй ам хамар дээр нь элдэв юм гарчихсан явж байсан бололтой. Тэгээд л тэр хүн ингэж онцлон хэлсэн байх л даа. Өндөр Дамдинсүрэн гуай ч уулзаж ярилцаж дотно явсан гэдэг. Бид хоёр ийм л дээр  үеийн холбоотой хүмүүс шүү дээ.

-Би таныг С.Зоригийг ардчилсан хувьсгалд хөтөлж оруулсан хүн гэж сонссон. Таны үгийг авдаг, танаас үг сонсох гэж их очдог байсан гэсэн?
-Ардчилсан холбоо, ардчилсан хувьсгал гэгч зүйлд чинь Баасан лам бид хоёр Зоригийг чирээд оруулчихсан нь үнэн. Үүнээс болж заримдаа үнэхээр их харамсдаг. Нүгэл хийчихсэн ч юм болов уу даа гэж өөртөө гомддог юм. Магадгүй би тэр хүнийг энэ бүхэн рүү чирч оруулаагүй бол өнөөдөр инээгээд л явах ч байсан юм бил үү. Манай гэрт Зориг тэргүүтэй хэдэн хүүхэд тухайн үед “одоо яахав ийхэв, дараагийн алхам юу байхав” гээд ярилцаж, асууж зөвлөлдөх гэж их цуглана. Би 1968 онд Чехэд сургууль төгссөн. 1966 оны  эсэргүү бослогын үед тэнд байсан. Тэгэхээр юуг нь яаж өөрчлөх ёстой юм, яавал болдог вэ, юу хийвэл болохгүй вэ гэдэгт хушуу нэмэрлэж л явлаа. Албан ёсоор Зоригийн зөвлөх гэж хэдэн жил явсан.  Гэхдээ би өөрөө энэ холбоонд орьё энэ тэр гэж бодож байсангүй.

-Хувьсгалыг бид биш залуучууд хийдэг гэдэг утгаараа юу. Гуч дөнгөж шүргэж яваа залуус хувьсгал хийж чадна гэдэгт үнэхээр итгэж байсан хэрэг үү?
-Өөрчлөлтийг залуучууд л хийнэ үү гэхээс нас тогтсон хүмүүс хийхгүй. Бидний  ар талд авгай хүүхэд, ач гуч гээд дөнгө дүүрэн. Харин залуучуудад ёстой өнөөх барын аманд гараа хийх зориг зүрх нь бий. Хамгийн гол нь тэдэнд юманд хүрэх зорилго гэж байна. Өнөөдөр хүмүүс ардчилсан хөдөлгөөний талаар янз бүрийн л юм ярьж байгаа дуулдах юм. Гадны нөлөөний тухай ч ярьж байх шиг. Энэ бол өөрийгөө л үнэд оруулах гэсэн хүмүүсийн яриа гэж би ойлгоод байгаа. Мэдээж тухайн үед энэ хэдийнхээ дэргэд би ахмад нь байсан. Гэхдээ бид хийхгүй ч хэн нэгэн хийх л зүйл. Миний, бидний хүссэн зүйл бол ардчилсан хувьсгалыг аль болох тайван замаар, эмх цэгцтэй хийх байлаа. Цугласан олон дунд чинь янз бүрийн л юм бий. Цөс нь хөөрсөн зарим нь хүн дүүжлэх тухай ч ярьж байсан нь үнэн. Үнэндээ тэр үед чинь аав болгон, ээж бүр хувьсгалт намын гишүүн байсан.Тэднийгээ үзэн ядах хэрэг үү. Зарим нь ч турхирч байсан байх.

-Та ардчилсан хөдөл­гөө­­нийхөнтэй хэрхэн холбогдсон юм бэ?
-Бошигт тэргүүтэй хэдэн хүн цуглаад эрмэлзэх 10 зүйл гэдгээ бичиж байхад нь би уулзсан юм. Өнөөх хэдэн алтан хараацай нь ойлгож байгаа, ойлгохгүй байгаа нь мэдэгдэхгүй л сууцгаачихсан. Бошигт бичиж байна аа. Ленинизм, марксизмыг эсэргүүцнэ энэ тэр гээд.  Тухайн үед энэ чинь гэмт хэрэг. Ингэж бичсэн байтугай хэлсэн хүний хамаг юмыг нь хураагаад өнөөх айхтар зүйлд аваачаад хийнэ. Яагаад гэвэл Үндсэн хуульдаа  тэгж заачихсан байсан юм. Би ч уур хүрээд “Үгүй ээ, чи энэ хэдэн хүүхдийн толгойг залгих нь” гээд болохгүй, бүтэхгүй зүйлийг нь болиулахыг нь болиулж, цэвэрлэхийг нь цэвэрлэж л байлаа. Үнэндээ эхлээд голцуу ажилгүй хүмүүс цугласан юм. Тухайн үед чинь  бараг л хүн бүр хараа хяналттай,  дотоод яамандаа бүртгэлтэй, хажуу талын айл маань ч дотоод яамны мэдээлэгч шахуу байсан. Миний хувьд энэ ардчилсан холбоонд сэхээтэн маягтай, их сургуулийн багш нар, юм үзсэн хүмүүсийг л татаж оруулах гэж их хичээсэн. Гэхдээ тухайн үед надаас зугатаж байсан зарим маань өнөөдөр анхдагч гээд ч явж байгааг би харж л байна.

-Та түрүүн С.Зоригийг энэ хөдөлгөөнд хэрхэн оруулсан тухай цухас дурдаад өнгөрлөө. Гэр бүлийн найзууд байсан учраас их сургуульд явж байсан үеийг нь ч та мэдэх байх. С.Зориг агсан анхнаасаа л улстөрийн замыг сонгосон хүн үү?
-Зоригийн хувьд анх гадаадад сурах хуваарь авахаар боллоо гээд над дээр ирсэн. Герман Чех явна, Оюун тэнд байгаа гэх мэт зүйл ярьж л байлаа.  Хоёр, гурван ч хуваарьтай орж ирсэн. Аль нь вэ гээд л... Би шууд л МГУ /Московский государственный университет/  чамд тохирно гэсэн. 

-Яагаад?
-Манай хүн чинь шатар тоглодог. Өөрийгөө хачин сайн тоглож байна гэж боддог. Хүний доор орчихгүй юмсан гэсэн бодолтой. Барилдчихвал аль болох дээр нь гарчих гээд байдаг хүүхэд байсан. Мэдээж энэ чинь эр хүний чанар. Тэгээд л МГУ өөрт нь тохирно гэж бодсон.  Үнэндээ МГУ чинь Зөвлөлтдөө хамгийн чөлөөтэй орон зай нь байлаа. Багш нар нь бүх дэлхийтэй холбоотой. Зөвлөлтийн нүүр царай болгох гэж оролддог сургууль учраас арай чөлөөтэй тавьчихсан. Зөвлөлтийн хамгийн том эсэргүү нар МГУ-д багшилдаг байлаа. Орос даяар алдартай шүү дээ. Коммунизм гэдэг нь бүтэхгүй, марксизм гэдэг зөвхөн уриа төдий болоод хоцрогдсон  зүйл гэдгийг мэдэрчихсэн хүмүүс тэнд байв. Ялангуяа Марксимз, Ленинизмийн академи нь.
Гэтэл ЗХУ-ын Урлагийн академийн дэргэдэх Репиний нэрэмжит анхны дээд сургууль гэх манай академид зөвлөлтийн оюутан номын сандаа Сальвадор Дали гэдэг хүний номыг үзэх эрхгүй. Гадны оюутанд бол нээлттэй. Зөвлөлтийн өнөөх олон республикийн оюутнуудаа бас хавьтуулахгүй. Их олон юм хаалттай. Ер нь, МГУ-аас бусад бүх сургууль нь тийм. Гадаад оюутантай, аль улсын иргэнтэй хэрхэн харилцах вэ гэдгийг ном болгоод төв хороогоороо батлуулчихсан багш нар мөрддөг. Монгол оюутнуудыг жишээ нь Алма-Ата, Элистай явуулж болохгүй гээд заачихсан. Харин энэ бүхэн нь МГУ-д хамаардаггүй байсан гэхэд болно. Тиймээс МГУ-г чинь манай бүх томчуудын хүүхэд төгссөн. Би ч МГУ-г сайн мэддэг байлаа. Нөхрийг тийм  учраас л МГУ руу яв гээд байсан юм.  Герман, Чех рүү явсан бол ганцхан мэргэжлээ л хөөнө.  Тухайн үед МГУ чинь олон мянган оюутантай дэлхий хэмжээний сургууль байв. 

-Мэдээж социализмын боогдмол ойлголтоос салаасай гэсэн нэг хүсэл байсан байх. Гэхдээ чухам юуг мэдрүүлэхийн тулд та МГУ руу зүтгүүлээд байсан юм бэ?
-Манайхан ардчилсан хувьсгал хийхдээ капитал, мөнгө гэж юу вэ гэдгийг ухаараагүй л байлаа. Социализмын үед халаасандаа хэдэн төгрөгтэй бол мөнгөтэй гэж боддог хүмүүс  үндсэндээ мэдэхгүй юмаа л яриад байсан хэрэг.  Бид хаашаа орсноо, хаана яваагаа мэдэхээ байчихсан  улс байсан юм. Бусдын халаасанд 70 жил болчихсон хүмүүс тэрнээсээ гарахыг бодсоноос нийгмийг өөрчилнө, хөрөнгөтний нийгэм рүү орно гэж бодоо ч үгүй. Тийм учраас эхлээд юу болоод байгаагаа ойлгох хэрэгтэй байсан. 
Эрх чөлөө гэж юу юм. Тэрүүгээр юу хийх гээд байгаа билээ гэдгийг. Үнэндээ ардчилал эрх чөлөө гэхээр юм болгоныг хийж болдог анархи үзэл гэж ойлгосон хүн ч байв. Үүнийгээ яаж ашиглах вэ, жинхэнэ эдийн засаг, мөнгө хөрөнгө гэж юу вэ, түүнийг яаж шулуулахгүй, алуулчихгүй өсгөж үржүүлж болдог юм бэ гэдгийг мэддэг хүн ховор. Зоригийг үүнийг л мэдээсэй, ойлгоосой гэсэн үүднээс МГУ руу явуулах гэж би хичээж, бүүр багш нартай нь уулзаж, захиж байлаа. Манай хүн энэ сургуульд их эрх чөлөөтэй суралцсан. МГУ-ийн багш нар нь маш сайхан хүлээж авсан. Тэндээ ер нь жаахан тусгай оюутан байлаа. Ээжийнх нь эгч гээд Наташа гэж хүн Москвад амьдардаг, тэднийхээрээ ч орж гарна. Ингээд  нэлээн хэдэн жилийг Москвад өнгөрүүлсэн.

-Нэг сонин баримт байдаг. С.Зориг МГУ-ийн регбигийн шигшээ багийн тоглогч гэж?
-Хүмүүс мэддэг болов уу даа. Их сүрхий хүү байсныг нь. Регби чинь хүчтэй, хурдтай, сэтгэдэг хүний тоглоом.  МГУ-ийн шигшээ чинь Оростоо нэлээд дээгүүр байр суурь эзэлдэг. Ийм багт манай хүүг аваад тоглуулж байсан. Зориг маань хүнтэй хэл амаа ололцохдоо их сайн, эвтэй найртай, инээдтэй хөөртэй, ямар ч хүний арга учрыг олоод ярьчихдаг, зан ааш зөөлөнтэй хүү. Гэртээ бол Баяраа маань жигтэйхэн гоё, Германд сурсан хачин сайхан залуу. Манай хүн бол ахынхаа дэргэд жаахан шоовдор нөхөр байсан /инээв/. 

-Ингээд МГУ төгслөө. Тантай сургуулиа төгсөөд ямар хүн уулзав?
-Цэвэр эсэргүү ирсэн. Таны хэлдэг ёстой түмэн зөв байж гээд л...

-Баасан лам та хоёр С.Зоригийг ардчилсан хөдөлгөөнд хөтөлж оруулж ирсэн гэж түрүүн хэлж байсан. Ардчилсан хөдөлгөөн рүү таны “түлхэх”-ийг зориод байсан сэхээтнүүдийн том төлөөлөгч нь Зориг болж?
-Зоригт “Чи очиж үз. Ийм улсууд яваад байна. Чи очоод энэ зөв явж байна уу, үгүй юу гэдгийг хар” гээд Баасан бид хоёр хэллээ. Үнэндээ Зоригийг ингэж шахаад байсны учир нь хувьсгалт намынхантай тэдний хэлээр ярьж чаддаг хүн нь хэрэгтэй. Түүнээс биш хэн нэгэн очоод, одоо болсон, чи цаашаа, би сууна гэдэггүй байхгүй юу. Тэглээ гээд хэнбугай ч байр сууриа тавьж өгөхгүй. Манай энэ нөхөд дунд юмаа мэдэж ярьдаг нь үнэндээ Зоригоо л байсан. Тэр “Капитал” энэ тэрийг чинь уншаад, мэдэхгүй зүйлээ мэддэг хүнээс асуугаад судалчихсан. Батмөнх гуайн нарийн бичгийн дарга байсан Р.Батаагаас хүртэл мэдэхгүй зүйлээ асуудаг байлаа. Доктор Нэргүй энэ тэр гээд зааж зөвлөх хүн бол олон байсан.  Мэргэжлийн хүмүүс л хэл ам ололцоно биз. Зориг маань ч өөрөө маш идэвхтэй оролцож эхэлсэн. Үндсэндээ аз туршсан тоглоомдоо хорхойссон гэсэн үг. Аливаа юмны ард аль болох гарчих гэж зүтгэдэг зан нь ч нөлөөлсөн байх. Гэхдээ энэ нь зөвдсөн үү, буруудсан уу гэдгийг одоо хэлж мэдэхгүй  л байна. Энэ шар жаалыг жаахан юм хийгээсэй, хүмүүсийг зөв голдиролд нь ороход нь туслаасай л гэж бодож байлаа. Тэгээд дийлсэнгүй дээ. 

-Баасан лам та хоёр дотно байжээ дээ. Үзэл бодол төдийгүй, уран бүтээл ч холбодог байсан байх?
-Баасан лам маань ардчилсан хувьсгал хийхэд маш том үүрэгтэй оролцсон хүн. Засал номыг нь сайн хийдэг эрдэмтэй лам байлаа. Зурхай зурна, юмыг маш сайн хийдэг. Баасан 1970-1980-аад онд жил бүр Цагаан сараар зурхайг маань зурж өгдөг байв. Бид хоёр дотно найз. Уран зураг гэдэг чинь асуух зүйл ихтэй. Ялангуяа монгол зураг гэдэг бурханы зураг. Одоо хүртэл надад мэдэхгүй юм байна. Баасан маань Зоригийг Москвад сурч байхад хоёр гурван удаа ч очиж байсан. Багш нартай нь, эгчтэй нь ч уулзаж байлаа. Бид Зоригийг дэмжих талаар нэлээн явсаан. Хүнээр хүн хийнэ гэдэг чинь их явдалтай шүү дээ.

-Харин таны хувьд дотно анд нь, ах нь...?
-Чехийн эсэргүү хөдөлгөөнийг 1966 оноос өөрийн биеэр орж мэдэрсэн хүн нь би. Чехийн энэ хөдөлгөөнийг, эрх  чөлөөг чинь урлаг соёлынхон хийсэн. Эрх чөлөө гэдэг зүйл чинь бидэнд амин чухал хэрэгтэй байдаг шиг ч бусдад тийм ч хэрэгтэй юм уу. Надаа бол үнэхээр хэрэгтэй байсан. Бид хувиа хичээсэн нь үнэн. Ард түмэн эх орон гэж худлаа яриад яахав. Өөрийнхөө тухай  л ярья. Би өөрөө л чөлөөтэй болох гэж, дэлхийн иргэн гэдгээ мэдрэх гэж хүссэн. Би тэр хэдэн хүүхдэд асуувал мэддэг зүйлээ хэлж өгдөг, асуухгүй бол урдуур нь ороод гүйгээд байдаггүй тийм л хүн байсан.  Түүнээс биш эдийн засагч биш, тоо ч бараг сайн мэдэхгүй хүн. 

-Хэзээнээс та энэ хэдээс хөндийрсөн юм бэ. Ялангуяа С.Зоригоос?
-Зоригийг энэ саарал байшин руу орсноос хойш би өөрөө холдсон. Тэр нь ч зөв алхам байж гэж одоо боддог юм. Өлсгөлөн, жагсаал, цуглаан гээд элдэв юмыг дуусгаад л ардчилалтай холбогдох асуудлаа бүрмөсөн хаасан. Үнэндээ хажуу, хавирганд нь байсан хүмүүс надад ерөөсөө таалагдаагүй. Хамгийн сүүлд Хэрлэнгийн хөдөө аралд болсон “Нууц товчооны  800 жил”-ийн ойд оролцож тэр хэдтэй уулзаж, хөдөө хэд хоносон юмдаг. Ахиж элдэв юманд нь ч ороогүй. Цагийн юм цагтаа байдаг шиг биелүүлэх ёстой үүргээ л биелүүлсэн гэж боддог.

-Хөндийрөх шалтгаан нь найз нөхдөөс нь болсон хэрэг үү?
-Зөвхөн тэр биш л дээ.  Зоригийг дарга болонгуут л “Чи ингээд өгөөч, ингэе, тэгье, ингэж ч хувааж идье, чи хэлээд өгөөч” гэх  хүмүүс над дээр их ирэх болсон. Би бүүр арга ядаад зориуд энэ хэдийг чинь дуудаж цуглуулаад “За хүүхдүүд минь, үүнээс хойш түүнээс цааш би та нарыг танихгүй, та нар намайг танихгүй “ гэж хэллээ. Хэрвээ холдоогүй бол янз бүрийн юманд орооцолдоод явах ч байсан юм билүү. Нэг хэсэг ч энэ хэд арай л дэндсэн. Элдэв юманд нь орохгүй байх ухаан тэр үед надад байсанд өөртөө баярладаг.

-Тэднээс хөндийрөөд та уран бүтээлдээ л анхаарал хандуулчихсан уу?
-Би бол зураач хүн. Хувиа хичээхгүй бол хэн ч надад туслахгүй. 1990 он гэхэд чинь би бие даачихсан, улсаас мөнгө төгрөг авдаг, улсад ажил хийдэг энэ тэр гэж мэдэхгүй тийм л хүн байлаа. Тэгээд ч 1990-ээд оны эхээр гадагшаа, дотогшоо явах эрх чөлөөтэй болоод ирэхээр өөрийнхөө үзээгүй, хараагүй юмаа  үзэж, харья, мэдье, мэдрэе гээд гадагшаа их явсан. Алдарт Лувр, Метрополитон,  Бритиш музейг социализмын үед үзэж чаддаггүй байлаа шүү дээ. Луврт хоёр сар гаруй өглөө бүр ажилтай юм шиг очсон. Хүн чинь сурч дуусдаггүй юм билээ. Мартсанаас саяхан тэтгэвэр авах гэсэн чинь “та чинь улсад ажил хийгээгүй, зураг л зурсан хүн байна шүү дээ” гэж хэлсэн. Зураач нь улсад хэрэггүй байсан байх л даа. 

-С.Зориг агсан өөрөө их зөөлөн, бусадтай хэл амаа ололцож чаддаг байсан гэлээ. Ер нь бусдыг татах хүчтэй байсан бололтой. Талбай дүүрэн цугласан хүмүүс түүнийг үг хэлэхэд нам болж байсан гэдэг?
.-Лидер болох тийм нэг  увидастай хүн. Их зөөлөн, хүнтэй яриа хэл нийлдэг болохоор яалт ч үгүй бусдыг татаж чаддаг.  Хөдөөгүүр хамт явж байхад Зоригийг ярихаар хөдөөнийхөн маань их дуулгавартай сонсоно. Хөх өвгөд хүртэл энэ хүү чинь тун гайгүй юм яриад байна шүү гэж ойлгодог. Манай хүн чинь онигоо ярихдаа тун гарамгай. Орчуулж ярина, хүнийг цаашлуулна. Онигоо ярьдаг хүмүүстэй их санаа нийлж ярина. Ганболд, Зориг хоёр хамгийн дээд онигоочид шүү дээ. Зориг монгол хэлэндээ тун сүрхий. Уг нь өдөр бүр болсон үйл явдлаа, уулзсан хүнийхээ тухай бичдэг байсан. Их том, том дэвтрүүд миний санахаар байх ёстой. Оюунаас тэр дэвтрүүд нь байна уу гээд асуухад “Мэдэхгүй ээ тийм юм байсан юм уу” л гэж байна билээ. Уг нь, тэрийг нь олбол хүнд их хэрэгтэй, сайхан дурсамжууд байгаа даа. Оюуныг мэдэхгүй гэхээр би бүүр гайхаад байгаа юм. Хаашаа яаж орчихсон юм. 

-Хүний удам, суурь хүмүүжил гэж байна л даа?
-Тэгэлгүй яахав. Манай хадмынхан Зоригийнхтой их ойрхон байсан юм. Хадмынхаар байнга л орж гардаг байж. Ээж минь Зоригийн ээжтэй хамт хүн эмнэлгийн сургуульд сурч байв. Ээж нь орос хэлээр огт ярьдаггүй байсан. Орос царайтай, цустай ч гэлээ. Багш нар уурлаж загнасан гэж байгаа. Манай ээж арга ядаад “Наад хүн чинь орос хэл мэдэхгүй ээ, монгол хятад хэл мэднэ ” гээд учирласан гэдэг. Ээж нь бол үнэхээр сайн эмч байсан. Хүнд их тусч, сайхан эмэгтэй байлаа. Эднийхээр их олон хүн орж гардаг зан сайтай айл гэгдэнэ. Эмч хүнийг чинь их олон хүн хүрээлж байдаг биз.

-Танайхаар тэр олон хүн орж гарч байхад эхнэр тань цай унд, арчиж цэвэрлэх гээд их л ажил нэмдэг байсан байх даа?
-Тэр олон хүний цай унд бэлтгэх гэж манай эхнэр жаахан зовсон. Шөнө, өдөргүй тэд чинь орж, гарна, ярина. Үүрийн тав зургаан цаг хүргэх нь энүүхэнд. Тамхи татахгүй хүн ч гэж үгүй. Элдвийн л юм татна. Арай гайгүй нь болгар тамхи татна. Үнэр танар бол бэрх шүү. Манай монгол хүн чинь хүнд өөрийгөө танилцуулж сураагүй бүдүүлэгдүү нөхөд шүү дээ. Үнэндээ нэрийг нь ч мэдэхгүй оруулаад, ярилцаад гаргаж байсан хүн олон бий. Манайх энэ Засгийн газрын ордны хойно байрлах арктай шар байшинд байсан юм. Тэр хэдэн сард манай гол тогоонд өнжсөн. Цай тамхийг ч хоосолсоон, хоосолсон. Би чинь төрөөс их “авлагатай” хүн шүү дээ / инээв/.

-Та анхнаас нь гар бие оролцож явсан ардчиллынхаа өнөөгийн төрхийг хараад ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Үнэндээ одоо харж байхад ярьж байсан юм, амлаж байсан амлалтаасаа бүгд л гажчихаж. Эргэж ярьсан хэлснийг нь асуух тогтолцоо байхгүй учраас л ийм болчихоод байна. Ардчилал гэдэг чинь хариуцлагаар эхэлсэн шигээ хариуцлагаар л төгсөх ёстой. Манайхан өнөөдрөөр бүх зүйл болчихлоо гэж бодож байгаа бол эндүүрэл.  Бүх зүйл эргэж асуугдана. Мартагдана, өнгөрнө гэсэн зүйл үгүй.  Нэр хугарахаар яс хугар гэж үг бий. Хулгайч хүн хэдэн үеэрээ тэр хүний зовлонг эдэлнэ. Үйлийн үр гэдэг юм үр хүүхэд, ач гуч дээр нь бууна. Нүгэл чинь тийм ч амархан арилдаг юм биш. 1964 онд Зөвлөлтөд Хрущевыг хусаад Брежневийн үе гэж айхтар үе бий болсон юм. Худлаа ярьдаг, худлаа лоозогнодог. Манайд орж ирсэн оросуудын ч бүх юм худлаа байсан. Москвагаас 20 км-ийн зайд л гуйлгачин амьдрал байсан.  Зөвлөлт даяараа тийм. Өлсгөлөнгийн байдалтай. Үнэндээ коммунизм байгуулна гээд байгаа ч юугаар яаж хийх нь тодорхойгүй, эрүүл хүний тархинд багтахгүй юм яриад байдаг. 
Үүнийгээ бүгд мэдэж байгаа мөртлөө, бүгд худлаа яриад сурчихсан. Даргаасаа эхлээд цэвэрлэгчээ хүртэл. Дөрөвдүгээр ангийн боловсролгүй ч намын гишүүн бол хоёр дээд сургууль төгссөн нөхрийг тас загнана. Өнөөдөр  энэ тухай ярьж, мэдэж байгаа хүн байхгүй л дээ. Бүгд л хөрөнгөний хойноос  явсаар эргэж харах ч сөхөөтэй хүн алга. Цээжээрээ дүүрэн төмөртэй нөхөр л нэг их гавьяа байгуулсан мэт яриад л байдаг. Худлаа ярьдаг нь устахгүй л байна. Ардчилал гэдэг чинь уг нь хүн хүнээ үнэлэх нийгэм. Улс мэдлэгтэй чадалтай хүнийг ашиглахын оронд юу ч чадахгүй худлаа ярьдаг нэгнийг л сэнтийл суулгачихаж байна. Нүгэл гэдэг чинь ахиад хэлэхэд  хэдэн үеэрээ цайрдаггүй юм шүү.

-С.Зориг агсныг “Санчир ах аа..” гээд орж ирж байсан тэр үеэс хоёулаа эргээд дурсая?
-Ардчилсан хөдөлгөөн өрнөөд, анх манай хэд Япон явах юм болов. Зоригоо “Санчир ахаа та Японы соёл урлагийн тухай юу мэдэж байна вэ” гээд ороод ирлээ. Би ч оройжин суугаад өөрийнхөө мэддэг юмыг ярилаа. Тэгээд явсан хойно нь гэнэтхэн саналаа. Гадаад худалдааны яаманд Лодойдамба гуайн том охин Насанбуян япон талын ганц мэргэжилтэн хийдгийг. Мундаг мэдлэгтэй. Би Насанбуянг дуудаж, хоёр гурван хоног Японы тухай лекц уншууллаа. Тэгсэн Японд очоод манай хэд бөөн сенсааци болсон. Монголын залуу лидерүүд үнэхээр мэдлэгтэй улс байдаг юм байна гээд өнөөх япончууд нүд нь орой дээрээ гарсан. Та нар чинь бидний бичээд байдаг харанхуй бүдүүлэг хүмүүс биш юм байна гээд сүйд болсон. Япончууд чинь уг нь зарчмын хувьд  Хятадаас бүх юмаа авсан ч тэр арал дээрээ өөрийнх болгочихсон хүмүүс. Наад зах нь үүнээс эхлээд Зоригт ойлгуулж өгөх хэрэгтэй зүйл их байлаа. Насанбуян маш их зүйл өгсөн. Тэр үед Японы эдийн засаг, наймааны арга, орчин үеийн технологийн дэвшлийг нь мэддэг хүн бараг байсангүй. Насанбуян маань өөрөө удмын хүмүүжил мундагтай, маш сайн аналитик байсан. Их няхуур, юманд даацтай ханддаг учраас манай хэдийг сайн бэлтгэсэн. 

-Хэдийгээр  Зориг нийтэч, тайван, бүхний эвийг олж, бат бэх гагнаас болж байсан хүн ч гэлээ нэг хэсэг бие тоосон, бусдынхаа үгийг авахаа больсон гэх яриа байдаг. Өөрийн намыг байгуулсан ч гэдэг. Тэр хүнээс ийм зан гарсан гэдэгт та итгэдэг үү?
-Хэзээ ч тийм юм байгаагүй. Шал худлаа. Их олон талаас нь шахсан учраас Зоригоо хөл алдах нь алдсан. Би орхисондоо одоо ч гэмшдэг. Гэхдээ надад өөр арга байгаагүй. Хэрвээ хамт яваад байсан бол би өөрийнхөө хийх ёстой юмыг хийхгүй. Тэр хүний хажууд  исгэрээд яваад л байх байсан биз. Манай хүнийг хажуугаас нь улсууд янз бүрийн юмаар хатгаж байсан тал бий. Ялангуяа найз нөхөд гэж яриад яваад байгаа хүмүүс. Тэдэн дунд хүний зэрэгтэй яваа нь өнөөдөр ч ховор байна. 1992 онд ардчиллын төлөөх намууд нэгдэхэд би нэг календарь хийж өгсөн. Хар даа энэ.

-Эвтэй дөрвөн амьтнаар төсөөлжээ. С.Зориг тагтаа нь уу?
-Тагтаа ч биш ээ. Гургалдай. Жимсэндээ хүрч байгаа нь Зориг. Сайн харвал адилхан байгаа биз. Ч.Дөлийг туулай, Да.Ганболдыг  сармагчин. М.Энхсайхан суурь нь. Манай Энхсайханыг хойноос нь хараад л таньдаг байлаа. Нам байгуулсны тухайд бол бүгд л анхлан нам байгуулж, улстөрийн ажиллагаагаа эхэлсэн. Ардчилсан холбооны хувьд би тухайн үед “Түүхэн үүргээ энэ байгууллага гүйцэтгэлээ. Одоо тараа. Хамгийн түрүүнд хөдөлмөрийн нам байгуул” гэж зөвлөж байсан юм. Ардчилсан холбоогоо үйлдвэрчний эвлэл болго гэсэн боловч үгэнд ороогүй л дээ. Ингэснээр Ардчилсан холбоо жинхэнэ ажил хийж байгаа хүнийхээ эрх ашгийг хамгаалах ёстой байлаа. Социализмын үед чинь ажилчин гэдэг хүн боол байлаа. Урамшуулна гэдэг тогтолцоо байсангүй. Хөдөлмөрийн баатар, гавшгайч гэдэг чинь намын хорооны даалгавраар бий болж байлаа. Бүгд л энэ тухай мэднэ. Тиймээс л би Зоригийг Ардчилсан холбоог үйлдвэрчний эвлэл болго гээд шахаад байсан юм. 

-Та өнөөх л “алтан хараацай” гэж нэрлээд байдаг хүмүүсийг л жаахан баалах гээд байна уу?
-Хараацай гэдэг амьтан чинь жил бүр нисээд алга болчихдог. Жил бүр шүү. Наймдугаар сарын 20-доор бүгд байхгүй. Найман сарын 20 чинь өнгөрчихсөн шүү дээ. Одоо хараацай нэг ч байхгүй. Ямар ч мөнгө амлаад хараацай аваад ир гэвэл хэн ч авчирч өгч чадахгүй. Ноднингийн үүр л олдох биз. Ийм л байна. 

-Сүүлдээ нөхөр маш их ганцаардсан тухай яриа байдаг?
-Боловсрол мэдлэг угсаа гарвалгүй хүн эргэн тойрныхон­доо халгаатай байдаг. Ямар ч хувьсгал тийм. Англи, Франц, Америк бүгд адилхан. Нөхөрт ийм халгаатай хүмүүс олон байлаа. Өөрийг нь ойлгох хүн ч байсангүй. Зусардагч нар л дүүрэн. Өөрийнхөө эрх ашгийг гүйцэлдүүлэх гэсэн хүн хүчнүүд байсан байх. Ардчилсан хөдөлгөөн өрнөөд асуудал жигдэрсэн хойно би  бүгдэд нь хэлж байлаа. Яв, сур. Хүн гэж, мөнгө гэж юу байдгийг тань, мэд гэж. Зоригийн хувьд олон ном уншсан ч дотор нь ороогүй, тоглоомонд нь оролцоогүй болохоор яаж ойлгох билээ. Тиймээс үүнийгээ мэдэхийн тулд яв гэж зөндөө хэлсэн. Уул уурхайг яаж ашигладгийг, гадаадын хөрөнгө оруулалт гэж юуг хэлээд байгааг. Цаадуул чинь юуг, хаана, яаж хийснийг сонс мэд гэж.  Жишээ бол дэлхийгээр дүүрэн байлаа. Гэтэл манай хэд улстөрдөө улайраад орчихсон. Энэ бол манай ардчилсан хүчний хэдийн хувьд том алдаа байсан гэж би боддог. Өнөөдөр МАН нь Ардчилсан хүчнээс хамаагүй илүү боловсон хүчинтэй болчихлоо. Ардчилал гэдэг чинь дээдэлж явах зүйл. Ардчилсан гэж хүний зэрэгтэй явааг илэрхийлж байгаа юм. Энэ чинь улс болгонд, хүн бүрт олддог зүйл биш.

-Би таны ярианаас Ардчилсан хөдөлгөөнд гар бие оролцож байсандаа бага зэрэг харамсч байгаа хүн байна гэж ойлголоо?
-Би аминд нь харамсаад байгаа юм. Хайран хүү. Үнэхээр  сайн хүү байсан юм шүү. Цагаан, их тусархуу, итгэл даадаг, гэгээтэй тийм л амьтан байсан юм. Өнөөдөр хамт явсан Баасан маань ч, Зориг маань ч алга. Амьдралд харамсах юм их. Гэхдээ энэ бол миний хувьд үнэхээр  том харамсал. Хэрвээ Зоригоо маань байсан бол дэлхийд Монголын нэрийг гаргах, олон улсын тавцан дээр зогсоод байж чадах хүн байсан юм. Зориг маань их алсын хараатай хүн байлаа. 

-Та Зоригийг бусдад алуулсан. Бүүр хэрцгийгээр гэдгийг сонсоод...
-Тэр тухай ярих юм биш. Би гадаадад байсан. Монгол төрийн соёмбо гуйвж байгаа /Заав/ энэ зургаа тэр хүүд зориулж зурсан. Оюуныг ахынхаа нэрийг гаргаж чадна гэж уг нь итгэж байсан юм. Гэвч намынх нь үйл ажиллагаа нэг л явж өгөхгүй байгаа харагдах юм.  Уг нь манай Оюун их өндөр мэдлэгтэй, энэ улс ашиглах ёстой хүн байсан юмсан. Даанч тэр ашиглах нийгэм нь бүрдэж чадаагүй л байна.

-Олон улсын парла­ментын холбооны хүний эрхийн хорооноос С.Зо­ригийн аллагын хэргийг илрүүлэхгүй байгаад Монгол Улсыг буруутгасан байсан. Та энэ хэргийг илэрнэ гэж итгэдэг үү?
-Аль хэдийнэ илэрчихсэн юм биш үү. Шагнах хүнээ шагнаад, хуваах юмаа хуваачихсан байх аа. Би л тэгж ойлгодог. Бүгд мэдэж байгаа. Хэрэг хийсэн хүн уг нь өөр газарт л байх ёстой. Хийсэн хэрэгтээ хүн гэмших ёстой юм. Гэхдээ бурхан хүртээх ёстой юмыг нь хүнд хүртээдэг. Дэлхийгээр тэнээд явж байхад хүний зовлон гэдэг үнэхээр аймшигтай. Өнөөх бидний шүтээд байдаг Америкт ямар их зовлон байдаг гэж санана. Манайхан одоо л энийг ойлгож байх шиг байна. Гэтэл бид гараа сунгаад л авах жаргал дунд амьдарч байна. Ганцхан гараа зөв л сунгах хэрэгтэй байгаа юм. Энэ бүх зүйлийг бид зөндөө ярьсан. Олон шөнө өдөр хоногийг үүний төлөө өнгөрүүлсэн юм шүү.

-Хувьсгал гэдэг хийсэн хүндээ халгаатай байдаг ч бил үү нэг тийм үг байдаг даа?
-Эрх орон гэдэг чинь, төр чинь би өөрөө. Эх орондоо хүн гомдох эрхгүй. 1930-аад онд анх 35 хүүхдийг Герман руу дөрөв таван монгол багш дагуулж явуулсан байдаг. Багш нар нь Германд хүүхдүүддээ монгол хэл зааж, за та нар хүний соёлд хууртав хэмээн анхааруулж байсан гэдэг. Та нар өөрсдийгөө Монгол гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Эх орон гэж алт эрдэнийн өлгий нутаг чинь байгаа шүү хэмээн хэдэн жил анхааруулсан гэдэг юм. Тэд ирээд их зовлон үзсэн. Буудуулсан ч хүн бий. Бүгд тагнуул туршуул нэрээр шоронд оронд ч орсон. Гэсэн ч хэлмэгдлээ гээд улсдаа муу санасан хүн нэг ч үгүй. Хэдийгээр Зөвлөлт засгийн үгээр энэ бүхнийг хийж байсан ч  тэд улсдаа гомдоогүй.  Тиймээс энэ мэт зүйлийг ярьж, монгол хүндээ эхлээд хүмүүжлийн үүрэгтэй зүйлсийг нь суулгах хэрэгтэй. Бид ч тийм юм хийе гэж ярьж байсан юм. Гэхдээ одоо энэ тухай санадаг ч юмуу даа. Уг нь ярьсан бүхэн биелдэг бол сайхан л байсан байх.

-Хэрэгтэй цагт нь танаас хатуу үгийг сонслоо гэж би хувьдаа бодож байна?
-Надад ямар нэг зүйл хэрэг болоод би ингэж ярилцлага өгөөгүй юм шүү. Надад нэр төр, эд хөрөнгө юу ч хэрэггүй. Би хийх ёстой зүйлээ хийж гүйцэтгэх ёстой үүргээ биелүүлсэн хүн.

Н.УУГАНБАЯР

2 Сэтгэгдэл
Ийм хүмүүсээс л юм сонсох юмсан Монголчууд,,,
Сайхан ярилцлага болжээ. Үнэн үгтэй үнэн дүнжгэр сайхан хүн юм байна Санчир гуай.
Хамгийн их уншсан