Монголын Ардчилсан холбооны анхны цуглаан 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд нийслэл хотноо болсон нь Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үндэс суурь болсон гэдгийг хэн бүхэн толгой дохин хүлээн зөвшөөрнө. Хайртай бүхнийхээ төлөөх тэмцлийн үр шимийг үзээд 25 жилийн ойдоо хүрч буй энэ үед МоАХ-ны анхдагчуудаа “Ардчилал” сонин шинэ үеийнхэндээ таниулах болон нийт уншигчдаа эргэн сануулахаар шийдсэн юм. Харин тэд өөрийгөө ярихаас илүү түүхэн цаг үеийн үнэ цэнэ, үнэн мөнийг онцолж байв. “Ардчилсан хувьсгалын анхдагчид” булангийнхаа анхны зочноор Улаанбаатар хот дахь гаалийн газрын дарга Б.Хишигбатыг урилаа.
-Ардчилсан хувьсгалын анхдагч болсон тэр үе, хэрхэн энэ үйл хэрэгт оролцож, хөл тавьж байсан үеэс яриагаа эхэлье?
-1989 оны арваннэгдүгээр сарын 24-нд Залуу уран бүтээлчдийн зөвлөлгөөн болох үед Залуучуудын ардчилсан холбоо гэж байгуулагджээ гэх жиг жуг яриа гарсан. Энэ цаг үед би Найрамдлын районы 84 дүгээр дунд сургуульд Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тэр утгаараа шинэ, залуу удирдах ажилтнуудын зөвлөлгөөнд одоогийн УИХ-ын гишүүн Баярцогттой хамт сууж байсан. Эндээс л Залуучуудын ардчилсан холбооны цуглааныг арванхоёрдугаар сарын 10-нд хийх яриа гарч, түүнд би оролцсон юм. Тэр үед миний багш, Шинжлэх ухаан коммунизмын онол заадаг С.Зориг Монголын Ардчилсан холбооны анхны ерөнхий зохицуулагчаар сонгогдсон. Тийм болохоор нэг талаас багшийнхаа үйл хэргийг дэмжихээр, нөгөөтэйгүүр сонин зүйлс ярьж, сонирхолтой сэдэл гаргасанд нь хөтлөгдөж бага зэрэг айдас хүйдэстэйгээр элсч байлаа. Одоо бодоод үзэхэд Ардчилсан холбооны гишүүдийг гурав ангилж болох юм. Анхны 13 буюу нэр бүхий 15 хүн, “Шинэ Үе”, “Бөмбөрцөг” клубийн удирдагч нар уг холбоог үүсгэн байгуулагч гэж болно. Арванхоёрдугаар сарын 10-ны цуглааны зохион байгуулалт, үйл ажиллагаанд оролцсон миний үеийнхнийг анхдагч буюу одоогийнхоор зүтгэлтнүүд гэж байгаа. Түүний дараа ажиллагаа нэлээд тогтворжсон үед элссэн хүмүүсийг талархан элсэгч гэж тодорхойлж болох юм.
-Хувьсгалын оршил залуучуудын цуглааны тухай олон нийтэд хүргэх нь хүнд ажил байсан гэдэг. Таны хувьд зохион байгуулалтад оролцож явсан, зар мэдээг хэрхэн түгээсэн бэ?
-Арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн цуглааны зарыг хүргэсэн нь миний хувьд сонин үйл явдал. Дунд сургуульд залуучуудын эвлэлийн даргаар ажилладаг болохоор 8, 9, 10 дугаар ангийнхан надад харьяалагддаг байсан юм. Тэднийг хориглох замаар зарлал хүргэж байлаа. Арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Залуучуудын соёлын төвийн урд 12 цагт залуусын цуглаан болох гэнэ. Та нар тэнд очиж болохгүй шүү, аав ээждээ ч хэлээрэй гэж анхааруулдаг нь үндсэндээ тийм цуглаан болох юм байна гэсэн зар дуулгасан хэрэг. Тэгээд цуглааны өдөр Эвлэлийн үүрийн дарга Дугар, биеийн тамирын багш Цэрэндорж хоёрыг дагуулаад эвлэлийн гишүүдээ бүртгэх нэрээр очсон. Үнэн хэрэгтээ цуглааныг ажиглах, оролцох зорилго өвөртөлсөн юм. Тэр үед 300-350 хүн цугласан байсны дотор мэдээж сахилгагүй, дэггүй хүүхдүүд харагдсан. Гэвч тэднийг би бүртгэх шаардлагагүй, бүртгэлээ гээд цааш нь мэдэгдэж, матах ч хэрэг байгаагүй юм. Ингэж л МоАХ-ны ажилд анх оролцоод түүнээс хойш онцлох томоохон ажилд алгасалгүй оролцсон доо.
-Таны их үйл хэргээ үргэлжлүүлэхэд их хандив өргөдөг, хувийн зүгээс хичээл зүтгэлтэй оролцдог байсныг олон хүн ярьдаг.
-Бид тэр үед халаасанд байгаа нэг төгрөг, арван төгрөг хамаагүй хандив болгож өгдөг байлаа шүү дээ. Түүгээрээ биет лоозонгоо хийж явсан. Зах дээр л гэхэд лоозон бичих цуу ямбуу байгаагүй үе. Байгууллагын агуулахаас төсөвт суусан даавууг худалдаж аваад ашиглана. Агуулахаас даавуу гаргахад зөвхөн лоозон бичих гэсэн цохолтоор л гаргадаг байсан. МоАХ-ны анхдугаар чуулга уулзалтын бэлтгэл ажлыг 84 дүгээр сургууль дээрээ зохион байгуулж, заал танхим гаргаж өгсөн. Үүнээсээ болж донгодуулж, арга хэмжээ авахуулж явлаа. Гэхдээ арга хэмжээ авна гээд яг энэ шалтгааныг бичихгүй өөр заалтаар буруутгадаг байсан. Нэгдүгээр сарын дундуур болсон цуглаанд би цалингийнхаа хагасыг хандивлачихаад унааны мөнгөгүй алхаж харьсан нь бий. Ер нь би цуглаан жагсаал болоход туг лоозонг нь бариагүй, зарлалын хуудас наагаагүй нь цөөхөн дөө. МоАХ-ны хамгийн анхны салбар зөвлөлийг 84 дүгээр сургууль дээрээ байгуулж байлаа. Багш нарын дунд уулзалт хийх санаачилгыг Зориг, Элбэгдорж нартай хамтран дэвшүүлж, зохион байгуулсан. “Тод”-ын Отгонбаяр, уран бүтээлч Хайнзангийн Цэгмид, Биокомбинатын МоАХ-ны салбар зөвлөлийн гишүүд анх холбооны тугны хэлбэр, загварыг гаргаж хурлаар батлуулахад хамт явж байсан. Мөн Зоос гоёлын “сахал” Төмөрбаатар, “модон толгой” Ганзориг, Шархүүгийн Оргил нар МоАХ-ны анхны тэмдгийн хэвийг гэрэгэ хэлбэртэй батлуулахад байлцсан. Такси баазын Даштүдэв, “такси” Жагаа нартай хамт анхны туг оёулж гардан авч байлаа. Цахиагийн Элбэгдорж, Санжаасүрэнгийн Баяр, урт үстэй Эрдэнэбат, Азбаяр, “Хонх”-ын Цогтсайхан, генерал Энхбаатар, “сахал” Билэгт, сонины эрхлэгч Амарсанаа бид нар “Ардчилал” сонины анхны дугаарыг үйлдвэрээс нь гардан авч байсан. Энэ олон үйл явдал одоо амьдралын сайхан зураглал болж үлдлээ дээ.
-Эдгээр олон үйл явдал Ардчилсан хувьсгал амжилтад хүрэхэд Б.Хишигбат гэдэг хүний хувийн оролцоог харуулна. Сэтгэлээс тань гардаггүй тийм үйл явдлаас дурсахгүй юү?
-1990 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр Ардчилсан холбооны анхдугаар их хурал болж Ардчилсан намын улбаа, эх үндэс бий болсон. Тэр хурлаас нам байгуулахад гар өргөж явсан минь Монголын улс төрийг эрүүлжүүлэхэд оролцсон хэрэг байж. Хэдийгээр сэдэгч, санаачлагч нь биш боловч сайн, зөв болгоныг зоригтой, тууштай дэмжиж явсан минь ололт юм. Яг тэр хуралдааны үеэр үг хэлж, залуучуудын эвлэлээс татгалзаад, намын батлахаа эргүүлж өгөхөө мэдэгдсэн. Хэлсэн ёсоороо нэг зорилготой нөхөдтэйгөө хамт эвлэлийг үргэлжлүүлэн авч явах хүсэлтэй хүмүүст Залуучуудын холбоо байгуулах анхны алхмыг зааж, зөвлөж, нөхцөл бүрдүүлж байлаа.
Архангай аймагт МоАХ байгуулагдсаны дараа сумдад таниулан сурталчлах хэрэгтэй болсон. Тэгэхэд троллейбусны Самаранз, 14 дүгээр сургуулийн багш Эрдэнэбат хоёртой Архангай руу томилолт авлаа. Аав ээжийнхээ төрсөн нутагт очиход цагаан идээгээр бялхсан нутаг байсан. Гэтэл тухайн үед МАХН-ын аймгийн хороон дарга айлын бүрхээрийг эвдүүлж байсан юм. Тэр бол цагаан идээ боловсруулах нэг том технологийг устгаж байгаа хэрэг. Үүнийг бид МоАХ-ны салбар байгуулахдаа ярьж, ухуулж явсан. Түүнээс гадна Булган хайрхныг 1936 онд хамгийн сүүлд тахисан байдаг. Түүнээс хойш нам, хувьсгалын, ойн медалийн тэмдэг зурж дарж ирсэн юм билээ. Тэгэхээр нь бид Архангай аймгийн салбар зөвлөлийн гишүүд Доржсүрэн, Дорждагва, Бадамжунай зураач, Баттулга, Махбал, Төмөрхүү, Бямбаа гээд олон хүнтэй нийлж хуучин бурхны зургийг сэргээсэн. Сонирхолтой нь, намын тэмдэг зурахаар гурав хоноод бүдгэрч, арилчихдаг байсан бол бурхныг сэргээтэл улам өнгө орсон юм. Тэгээд долоо хоногийн дараа Булган хайрхны тахилга үйлдсэн. Мөн тэр үед Заяын гэгээнийг сэргээх ажилд хандив өргөсөн юм.
-Таныг хувьсгалд оролцох үед сануулга өгөх, арга хэмжээ авах, донгодохдоо өөр үндэслэл бичдэг гэлээ. Тэр нь ямар агуулгатай байсан бол?
-Намын үүрийн хурлаар эвлэлийн даргыг авч хэлэлцээд “МАХН-ын дайчин зоригт бэлтгэх хүчний хувьд Монголын хувьсгалт залуучуудын эвлэл үндсэн чиг үүргийн ажлаа гүйцэтгэхгүй байна. Багш сурган хүмүүжүүлэгч болон сурагчдын дунд соёл, хүмүүжлийн ажлыг нам засгийн шийдвэрийн хүрээнд хийхгүй байна” гэдэг үндэслэл гаргасан. Тэр үед МоАХ-ны тухай үндэслэлд оруулах нь өөрөө буруу ажиллагаа учраас ийм шалтгаан гаргасан хэрэг. Тэр үед арга хэмжээ аваад гарахдаа “Би уг нь Хувьсгалт залуучуудын эвлэлийн ажилтны хувьд МАХН-ын намын үүрийн хурлаар орж донгодуулах ёсгүй. Та бүгд цаашид үүнийгээ анхаарч ажиллана биз ээ” гэж хэлсэн. Түүнээс хойш долоо хоногийн турш хичээлд ирж суудаг, протокол, редакторын ажил гүйцэтгэсэн юм. Тэгээд эвлэлийн үнэмлэхээ эргүүлж өгөхөд их баярлаж авсан боловч удахгүй эвлэл нь задарна гэдгийг огт төсөөлж, тооцоолоогүй явсан юм билээ.
-Улс төрийн өлсгөлөн зарлахад оролцож явсан. Тэр үед та бүгдэд хэр их эсэргүүцэл ирж байсан бэ. Нөгөө талаас дэмжлэг, туслалцаа, урам зориг өгөх хүн ч байсан байх?
-Ер нь, тайван замаар хувьсгалын тэмцэл хийнэ гэдэг 1989-1990 оны үед 18-40 настай залуусын иргэнлэг сонголт, эр зориг байсан. Түүний илэрхийлэл болж тайван замын хувьсгалын хамгийн ширүүн бөгөөд хурцадмал хэлбэр болох улс төрийн өлсгөлөн зарласан. Миний хувьд өлсгөлөнд анхны өдрөөс нь эхэлж оролцон 54 цаг 30 минут суусан. Үүний ачаар МАХН улс төрийн тавцангаас огцорч Монгол төр ард түмнийхээ мэдэлд шилжих нөхцөл бүрдсэн нь том ололт, гавьяа. Мэдээж энэ нь ард түмний дэмжлэгээр амжилтад хүрсэн шүү дээ. Гэхдээ тэднийг төлөөлж улс төрийн өлсгөлөнд оролцож явсан минь бахархал, нэр төртэй хэрэг. Өлсгөлөнд харьшгүй, хатан зоригтой хүмүүс л орчихсон хэрэг биш. Хэзээ ирээд баривчилж, шоронд хорьчих бол гэсэн айдас. Цаашилбал, танкаа оруулж ирээд буудаад унагачих вий гэсэн эмээх сэтгэл төрж л байсан. Тэр үед ээж маань тэтгэвэрт суусан, охин маань 3-4 настай. Гэр бүлийнхээ төлөө, мөн өөрийгөө бодож айж, эмээдэг юм билээ. Гэвч хамт олон, нөхдийнхөө дунд суухаар зоримог, шийдэмгий болж, айдсаа дарж, үгээ хэлж чадаж байсан. Ингэсний үр дүнд Улс төрийн товчоо огцорч, олон намын тогтолцооны нөхцөл бүрдэж, ард түмэн сонгууль явуулах боломж нээгдсэн дээ.
-Дэмжлэг хийгээд эсэргүүцлийн тухайд. Ахмадуудаар зэмлүүлэх, ар гэрээр нь ятгуулах ажил явагддаг байсан гэдэг шүү дээ?
-1990 оны өлсгөлөнд сууж байхад хуучин Ганцхудагийн Е корпусын нэг давхрыг бүрэн чөлөөлж, биднийг ганцаарчлан хорихоор камер бэлтгэсэн гэдгийг тэр үед биднийг зоригжуулахаар ирсэн Бат-Үүл, Энхбаатар, Дорлигжав нар хэлж байлаа. Дараа нь улс төрийн өлсгөлөн нь хуульдаа ийм заалттай, хүрээтэй байдаг шүү гэж Элбэгдорж, Галсандорж нар зөвлөсөн. Тэр үед л өнөөх айдас гэгч зүйл гарч байсан юм.
Өлсгөлөнгийн үеэр миний ээжийг тэтгэвэрт нь гаргасан. Танай хүүхэд нам, засгийн эсрэг явсан учраас та худалдааны байгууллагад ажиллах хэрэггүй. Тэгээд ч таны тэтгэврийн нас болчихжээ гээд ажлаас нь гаргасан. Дараа нь намын үүрийн хурлаар “Хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй” гээд ээжийг маань донгодсон гэдэг. Энэ нь нэг бол намаа сонго, эсвэл хүүгээ дага гэснээс ялгаагүй. Үхтэл үр харам болохоор ээж маань гуравдугаар сарын 9-нд Ардчилсан холбоонд элсчихсэн. Нэгэнт нам нь цаашаа гэж байхад хүүгийнхээ үйл хэргийг дэмжээд холбоонд нь орсон хэрэг. Өлсгөлөнгийн үеэр хань маань хүүхдээ аваад ирсэн. Би хүүхдээ үнсээд дахиж ирээд хэрэггүй биз дээ гэж хэлсэн юм. Тэгтэл “Нэгэнт чи шийдсэн юм чинь зоригтой байгаарай” гэж хэлж байсан.
-Өмнөх нийгмийн тогтолцооноос яагаад ангижрах ёстой байсан бэ гэдгийг тайлбарлавал?
-Монголын ард түмэн бүгд стандарт амьдралтай байлаа шүү дээ. Хоёр өрөө байранд орохыг л мөрөөддөг. Гэвч олон мөрөөдөл гадагшлаагүй, зөвхөн гэр дотроо л үлдсэн. Яагаад гэвэл таны мөрөөдөл намын бодлоготой нийцэж байна уу гэдэг шалгуур тавина. Хэрэв миний мөрөөдөл МАХН-ын бодлогод тохирч байвал би амжилтад хүрнэ. Харин одоо мөрөөдлөө чамд хэлдэг, чинийхтэй нийцвэл хамтраад хэрэгжүүлж болно, намын хяналт хэнд ч саад болохгүй. Уг нь, мөрөөдөл гэх хязгааргүй зүйлд ямар ч шалгуур байх ёсгүй.
Монгол Улсын хөгжил хуучнаар ЗХУ-ын нөлөөнд л бий болсон. Хэдийгээр бүгд бичиг үсэгтэй болсон гэх ч 1930-аад онд өөрсдийн бичгээ устгачихсан юм шүү дээ. Хамгийн боловсролтой, сор болсон мэдлэгтэй хүнээ үгүй хийсэн. Улмаар дэлхийн хоёрдугаар дайны дараачаас өөрсдийн түүхээс урваж байгаа юм. Эртний хэл бичиг, түүхийн мэдлэгтэй хүмүүс нь байхгүй болчихоор Москвад бичигдсэн түүхээр амьдарч эхэлнэ. Одоо л монголчууд алдаа, оноотой ч ойд төөрсөн сармагчин биш өөрийн түүхээ гаргаж тавих гээд судалж байгаа нь дэвшил юм. Хуучин бид жинсэн юм уу, трапецан өмд өмсөх эрхгүй, шилэн хүзүү давуулж үсээ ургуулж болдоггүй байлаа. Намын эвлэлийн даргад зангиагүй өдөр, пионерын удирдагчид улаан бүчгүй цаг гэж байгаагүй. Өөрөөр хэлбэл, амралтынхаа цагаар ч тийм л байх ёстой гэсэн үг. Зөвхөн спорт арга хэмжээнд л пүүз өмсдөг.
Хувьсгал өөрөө золиостой байдаг бол тэр золио нь бид өөрсдөө. Гэвч эргээд үр шимийг нь хүртэгч болж яваа шүү дээ. Өнөөдөр миний хариуцсан ажил бол хувьсгалын үр шим. Үүнийг яаж хариулах вэ гэвэл сайн хөдөлмөрлөх, сайхан амжилт гаргах. Нэр төртэй байна гэдэг бол итгэлийг нь дааж ажиллахыг хэлнэ. Ер нь, хувьсгалч хүний нэг шинж чанар нь зорь, зүтгэ, үр шимийг хүрт, түгээ. Одоо бид хувьсгалынхаа дээд оргилд хүрчихээгүй байгаа ч үр шимийг хүртээх ажлаа хийсээр ирсэн. Жишээлбэл, малыг малчдад, орон сууц эзэмшигчдэд өмч болгож өгсөн, газраа иргэнд олгосон. Урьд нь, монголчууд хадгаламжтай байхын тулд намдаа хаанаас мөнгө олсноо бүрэн тайлагнаж, ил тод байсан бол одоо аль ч банкинд, хэдэн ч удаа, ямар ч хэмжээний хадгаламж нээсэн түүнийгээ хувь хүн өөрөө л мэдэж, захиран зарцуулж байгаа.
1990 оны өмнө ажил дээр өөрийн хариуцлагаас шалтгаалаагүй хэргийн төлөө донгодуулж, цалингаа хасуулдаг байсан бол одоо зөрчигдсөн эрхээ хамгаалахаар албан тушаалтанд, байгууллагын эсрэг тэмцдэг болсон. Бүр ялдаг болчихлоо. Урьд нь намын гаргасан, шийдвэр мэргэн байлаа гээд шүүх хөдөлдөггүй байсан шүү дээ. Гаднаас хэн нэгэн хөрөнгө оруулъя гэвэл зөвхөн Москвагаас зөвшөөрөл авч шийдэх бус өөрсдөө сонголтоо хийдэг. Хишигбат гадаадад аялъя гэвэл мөнгөө олоод өөрөө явчихна. Гэтэл урьд нь зөвшөөрөл аваад, мөнгөө олоод зөвхөн ЗХУ-ын системийн оронд аялдаг байсан. Монголчууд жигд ядуу амьдралтай байсан бол одоо баян, ядуу байх, зорилготой, зорилгогүй амьдрах, бодолтой, бодлогогүй ажиллах нь хувь хүний сонголт, хүчин зүйлээс хамаарч байна. Иргэн сонголтынхоо төлөө ажиллаж байхад шийдвэр гаргагчид дэмжих, туслах ёстой. Урьд нь, МАХН-аас шийдвэр гарсан, түүнд захирагдаж амьдар л гэдэг байлаа.
-Тухайн үед ажлаас халагдах, гадуурхагдах, шахалтад орж, хавчигдах явдал их байсан гэдэг. Таны хувьд шахалт хэр хүлээж авсан бэ?
-1990 оны гуравдугаар сарын 1-ээс хойш нэг сарын дотор МоАХ-ны үйл хэрэгт зүтгэсэн хүмүүсийн дийлэнх нь ажилгүй болсон байдаг. Бүгд хувьсгалчдын эгнээ рүү 100 хувь шилжсэн. Уг нь тэд бямба, ням гарагт хувьсгалын ажилдаа оролцчихоод бусад таван өдөр хэвийн ажилладаг байсан юм. Ажлын бус цагаар цуглаж шөнөжин хуралдчихаад өглөө нь ажилдаа очиж байлаа. Хэзээ ч цалгардуулаагүй. Намайг тухайн үед МоАХ-ны зүтгэлтэн гэдгийг мэдээгүй болохоор эвлэлийн гишүүд, багш нарт арга хэмжээ авах удирдамж ирж байсан. Гэвч би хариуд нь “Би өөрөө Ардчилсан холбооны гишүүн. Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн зүгээс өөр байгууллагын үйл хэрэгт оролцож, арга хэмжээ авах үндэслэлгүй” гэсэн. Түүндээ донгодуулж л байсан юм.
-Ухуулга, сурталчилгаа хийгээд, “Ардчилал” сонины анхны дугаар тарааж явах үед нэг айдас төрдөг байсан гэлээ. Тодорхой хэлбэл юу санаанд буудаг бол?
-Архангай аймгийн нийт 13 сумаар орж, тавыг нь үлдээсэн байдаг. Тэгэхэд намын дарга нар машинтай сүнгэнээд л давхиад байна. Харин бид гурав машинаас машинд, мориноос моринд, эсвэл мотоцикль, ачааны тэрэг, замын унаагаар явдаг байсан. Бидний хурдыг аймгийн намын даргын 69 машин гүйцээгүй юм даг. Яагаад гэвэл хүлээж авч байгаа ард түмэн нь мундаг хүрээлэлтэй байлаа. Мэдээж тэдний дунд цагдаагийн, тагнуулын, нийгмийн хамгаалах яамны төлөөлөгч цөм багтана. Одоо бидэнд Дундговь аймагт хэрхэн тагнаж мөрддөг байсан тухай бичлэг архивт бий. Энэ бүгдийн дундуур хэзээ хаанаас хорлон сүйтгэж, чулуу шидэж, буудчих бол гэхээс айна. Хувьсгалыг хийж байгаа хүмүүс өөрсдөө хэрцгий хэлбэр, аргачлал сонгоогүй учраас нөгөө тал түүнийг хэрэглэж болох сонголттой байсан. Бид чулуу аваад шидсэн бол тэд урдаас буудах л байсан даа. Тэгэхээр их зоригтой, үлгэр жишээ хувьсгал хийсэн. Дэлхий дахинд Энэтхэгийн Махатма Гандигийн хувьсгалыг хамгийн амгалан, тайван хувьсгал гэж хэлдэг. Манай улсынх урагшаа тэмүүлэхийн тулд эв нэгдэлтэй, тайван хувьсгалын төлөө хоорондоо сугадалц гэсэн юм шиг санагддаг. Тэр үеийн Ардчилсан холбооны партизанууд шижигнэсэн залуус байсан даа.
-Тухайн үед нийгэм даяар стандарт амьдралтай байж. Тэр стандартыг эвдье гэдэг санаачилга, сэдэл юунаас эхлэлтэй юм бэ?
-Нийгмийн ахуй талаас жигд амьдралтай, хоосон хонохгүй, хоёр идэхгүй явсан. Түүндээ сэтгэл ханамжтай байлаа л даа. Гагцхүү оюуны хэрэгцээ, хүсэл тэмүүлэлд чөдөр тавиад байсан хэрэг. Нэг шугамаар л мэдээлэл авна. Монголчууд бүх нийтээр бичиг үсэгтэй болчихлоо, гэдэс өлсөхгүй өдөр өнгөрөөж байна. Ийм л байх ёстой юм шүү гэж боддог байсан. Гэтэл хүмүүс тэмүүллээ дагаад оюун санааны задралд орсон. Нэгдэлчин хонь гаргаж идэхийн тулд нэгдлийн даргаар гарын үсэг цохуулдаг байсан. Олдсон ганц хониороо хоёр сар эсвэл нэг улирал хооллох ёстой. Харин одоо нэг хониор 10 хонох, 100 хонох нь өөрийн сонголт болчихсон. Тэр үед бид Африкийн орнуудад хүнс хомсдож байсан шиг хэрэглээнээс үүдсэн хувьсгал хийгээгүй юм. Гадаад улстай чөлөөтэй харилцах, соёлоос суралцах тухай асуудал. Хишигбат яагаад жинсэн өмдтэй явж болохгүй байгаа юм бэ гэдэг асуултаас л үүдэлтэй болохоос би огт хувцасгүй болчихоод байсан юм биш. Бидний анх тавьсан шаардах бичигт Октъябрын хувьсгал шиг талх, мах, масло нэхсэн үг байдаггүй. Тэнд олон ургалч үзэл бодолтой, чөлөөт хэвлэл, сонин сэтгүүлтэй, нэг нам бус олон төрлийн сэдэлтэй, нэг мөнгө, өмчтэй байх бус банкны хоёр шатлалтай ажиллая гэж бичсэн. Мөнгөн дэвсгэрт нь гадны валютаар солигдоход Оросын рублиэр дамжих бус шууд хөрвөдөг болъё гэж заасан байдаг.
Хувьсгалын оролцогч нар пролетар байгаагүй. Хэдийгээр тэд социализмын “бүтээгдэхүүн” боловч арай өөр, стандарт бус сэтгэлгээтэй хүмүүс байсан. Нэг нам, уриа лоозон дор амьдрахыг үл тэвчигч нар байжээ гэж болно. Нөгөөтэйгүүр нэг стандартаар амьдрахыг хэн ч хүсээгүй. Өөрийн хүчээр зовьж, хөдөлмөрлөе, эрхээрээ бүгдийг олъё гэдэг зорилгод хүрсэн. Мэдээж энэ нь нэг хэсгийг баяжихад хүргэсэн бол дундаж амьдралтай нь ч цөөнгүй. Заримыг нь бүр дорой амьдралд аваачсан ч энэ нь хувь хүний хичээл, зүтгэлээс л хамаарна шүү дээ.
-Хувьсгалын үйл ажиллагааны үед МАХН-ын удирдлага зүгээр суугаагүй. Тэр үед төрөөс ямар эсэргүүцэл ирж байсан бэ?
-Улс төрийн үйл ажиллагаа зохион байгуулж явахад нийслэлд, орон нутагт эсэргүүцлийн ажил их зохион байгуулсан. Биднийг Архангайн Хотонт суманд явж байхад дөрөвдүгээр сарын 27-ны үйл явдал болсон. МоАХ-ны тэргүүлэх зүтгэлтнүүд бүгд орон нутагт явж байхад Төрийн ордныг цагдаагийн бүслэлтэд авч, цагдаагийн сургуулийн бүрэлдэхүүн байлдааны бэлэн байдлын тушаал авчихсан, тусгай батальон зэвсэглэчихсэн байсан. Хотонтод байсан бид гурав Архангайн аймгийн төвд дуудагдахад нэг прокурор хүлээж авсан. Биднийг аймагт нь харьяалалгүй байж улс төрийн ажил хийсэн гэж буруутгаад хорихоор болсон. Ер нь, баруун аймгуудыг хөгжүүлэхэд сургууль, эмнэлэг барих төлөвлөгөө байсан юм билээ. Гэтэл Архангай аймгийн намын хороон дарга маш том шорон бариулсан. Бид улс төрийн хоригдол гэдэг жирийн нэг шоронд ордоггүй, наад захын хэрэгцээ, цагаан хэрэглэл байх ёстой гээд түүнийг шаардаж байхад тухайн үед Ардчилсан намын даргаар Доржсүрэн, МоАХ-ны дарга Төмөрхүү нарт биднийг мэдэгдэж байлаа. Тэр үед Увс, Хөвсгөлд төлөөлөгчдийг бариад хорьчихсон байсан бол Архангайд хорихыг завдсан гэсэн үг.
-Ардчилал бидний хүссэнээр явсангүй, буруу байна гэж ярьдаг хүмүүс бий. Таны хувьд юу гэж үздэг бол?
-Хишигбатын хүссэн зүйл бүгд биелээгүй байгаа ч түүгээр ардчиллыг дүгнэж болохгүй. Ерөнхий гольдрол нь олон өмчит эдийн засаг бий болгоё, улс төрийн тогтолцоо нэг намын дарангуйллаас гарах ёстой гэсэн. Нийгэм олон нийтийн үзэмж шалгуур, хувь хүний хүсэл мөрөөдлийн үнэлгээ хоёр өөр ойлголт. Хэн нэгэн миний хүсч байсан ардчилал биш байна гэж хэлвэл тэр хүний л хувийн үзэл бодол. Харин манай ард түмний сонгоод явж байгаа нь нийгмээ тодорхойлно. Бүгдийг шүүмжилдэг, саналаа өгдөг, эсэргүүцэж жагсдаг, түүнийг хүлээж авдаг нь, “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн санаачилгыг дэмжих нь өөрөө ардчилал. Ардчилсан хувьсгалын үед “Үнэн”, “Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр” гээд хотод хэд, 18 аймгийн сонин гээд 20 гаруй л сонин байлаа. Харин одоо хэнээс ч хараат бус, зөвхөн өөрт хамаатай 300 орчим сонин зөвхөн Улаанбаатарт байна.
Гэвч хуучин үед тархи угаах нь түлхүү ганц телевиз байсан бол одоо хотод 40 гаруй сувагтай болчихож. Тэдний дундаас энэ нэвтрүүлгийг үзэхгүй гээд сольдог, худлаа ярьдаг тэнэг гээд больдог. Гэтэл нөгөө талд нь тэр нэвтрүүлгийг нь шимтэн үздэг, хамгийн гоё гээд ярьдаг хүн байдаг шүү дээ.
-Бас л эсэргүүцэгчдийн амнаас гардаг үг нь манай улсад олон намын тогтолцоо зохихгүй гэж хэлдэг. Та ямар бодолтой байдаг вэ?
-Олон намын тогтолцоо Монголд хэрэгтэй, хэрэггүй гэж ярих нь ардчиллыг бүхэлд нь дүгнэх зүйл биш. Өөр шалгуур үзүүлэлт л дээ. Өнгөрсөн хугацаанд алдсан, оносон нь бий, зөв, буруу хийсэн нь ч байгаа. Гэхдээ хамгийн гол нь жил ирэх тусам ололттой байгааг бид харлаа. Ардчилал бол засаглалын төгс хэлбэр биш гэхдээ түүнээс илүү сайн хувилбарыг одоохондоо бид олоогүй байна гэж Черчилль хэлсэн байдаг шүү дээ. Богд хаант Монгол улс байгуулагдсан үеийн түүхийг нарийн судлаад үзвэл 5-6 намтай байжээ гэж дүгнэж болохоор. Түшмэдийн нам, тайж нарын нам, лам угсаатны нам гээд байсан ч 1921 он гэхэд үндсэндээ үгүй болж, улаан Оросоос октъябрын хувьсгалыг импортолж авсан. Түүгээрээ 1989 он хүртэлх хугацаанд коммунист дарангуйлал бий болгож, 28 мянган хүнийг цаазалж, 12 мянган хүн цөллөг, шорон гяндангаар явуулсан. Товчхондоо, Монгол Улс тоглоомын бүгд найрамдах засаглалтай, Москва төвтэй, колонид эзлэгдсэн ийм байхад нь өөрийн эрхээр зовж, жаргах боломж бүрдүүлсэн нь сайхан. Тэр ч үүднээс улсыг манлайлагч Монгол ардын хувьсгалт нам, түүний дайчин зүтгэгч Хувьсгалт залуучуудын эвлэлийг татан буулгаж, тараах ажил өрнүүлсэн юм.
-Тэгвэл бүгдээрээ л ардчилсан хувьсгалын анхдагч, чухал хувь нэмэртэй болчихдог улс төрийн намуудын тухайд?
-Одоо МАН эсвэл МАХН-ын аль ч бай 1990 оны хувьсгалыг хийчихсэн юм шиг л ярьдаг. Үнэн хэрэгтээ тэд бусдын хийснийг булаагч, ярихаас хэтэрдэггүй л хүмүүс. Тэр бүү хэл 1921 оны хувьсгалыг хийлээ гэж ярьдаг ч үнэндээ тэр нь ЗХУ-аас бүгдийг зааж, хийж, импортолж өгсөн л ажил шүү дээ. Дотоодоос хувьсгал өрнүүлсэн нь эцсийн эцэст МоАХ болж таарна. Үүний үндэс суурь нь Шинэ дэвшилтэт холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн, Оюутны холбоо юм. Үүгээр бид нэгдмэл хүчин бий болгосноос биш МАХН-ын нэг ч хүн байгаагүй. Тэд өмнө нь өмчгүй коммунист байсан бол одоо эрх мэдэлтэй, өмчтэй шинэ коммунист болжээ. Улс төрийн харалган, бэртэгчин, харгис бодлого явуулж өөрсдөө хөрөнгөжсөн хүмүүс. Товчхондоо ямар ч зохиогчийн эрхгүй этгээд хувьсгалыг өөртөө наах, эсвэл ганц удирдагчид өмчлүүлнэ гэдэг байж болшгүй зүйл. 1921 оны хувьсгалаа л өөрсдийнх гэдгээрээ яриад яв. Тэр хувьсгалынх нь алдааг засах гэсэн хувьсгалыг ч өөрийн гэж хэлэхээ болих хэрэгтэй. Түүхийн амьд гэрчүүд байгаа үед бүр ч болохгүй.
-Гэхдээ тэр намын өчүүхэн ч гэсэн хувь нэмэр хувьсгалд орсон байлгүй дээ?
-Ардчилсан хувьсгалд оролцсон л доо. Яаж гэхээр айж оролцсон байгаа юм. Биднээс ч илүү айж байсан. Сайхан дарга болно гэсэн зорилго байхгүй, дээд дарга нартаа долигонож яваад юм олдог байсан тогтолцоо нь байхгүй болчихно. Одоо хэн хичээж ажиллана өөдөө л ахина. Гэтэл тухайн үед сайн ажиллаад ч даргад тоогдохгүй бол байрандаа л байхад ажлаа мэдэхгүй хэрнээ даргын ивээлд орсон хүн дээшээ л өгсөөд байгаа.
-Тантай мөр зэрэгцэж явсан анхдагч зүтгэлтнүүдээ эргэн дурсаач?
-Олон анхдагч ертөнцийн мөнх бусыг үзлээ. Цөөнгүй анхдагч бор хоногийн амьдралдаа нухлагдаад ядуу, зүдүүвтэр амьдарч байна. Гэхдээ яг цадигаа алдаж, хүн чанараа гээсэн, улс хувьсгалаа хуурсан хүн МоАХ-ны анхдагчуудын дунд байхгүй байгаа нь энэ бүрэлдэхүүн зөв хийгээд сайн хүмүүс байжээ гэдгийн нотолгоо. Ухаантнууд сэдээд, зоригтнууд хийгээд, бэртэгчингүүд нь завшдаг гэдэг үг бий. Тэгэхээр МоАХ-ны үүсгэн байгуулагч нар ухаантнууд байж, анхдагч болсон бид зоригтнууд гэж болно. Одоо эргээд бодоход зоригтнууд айдас хүйдсээ, хүйтэн өвлийн жаврыг, хэл ам хэрүүлийн үгсийг няцааж, давж ажиллаж байсныг бодохоор бахархмаар. Цагаан морин жилийн хувьсгалыг одоо эргээд харахад МоАХ хувьсгалын маш тайван замын сонгож. Ийм тэмцлийн хамгийн ширүүн арга хэлбэрийг хийжээ. Түүгээр зогсохгүй үзэл бодол нь төлөвшөөгүй хүмүүсийг нэг зорилгод зангидаж чадсан байдаг юм. 1989-1990 оны хувьсгалын оргил үед залуучууд нь маш хатуу нягтралаар нэг туг, нэг лоозонгийн дор жагсч чадсан. Тэр үед одоогийнх шиг цагаан хоолой байсан бол аймаг, суманд нэгэн зэрэг хувьсгал хийх байсан. Гэтэл “Хонхны дуу” эгшиглэж байгаа шиг төвөөсөө зах руу цацарч хувьсгал өрнөсөн. Эргээд сонгуулийн дүнг харахад захаасаа төв рүү ойртох тусам саналын тоо ихэсч байлаа. Эндээс харахад бидний сурталчилгаа хамгийн бага хүрсэн алслагдмал аймагт тааруухан, нийслэл, төвийн аймгуудад хамгийн сайн байсан. Сонгуульд ялсан уу, үгүй юу гэдэг нь тусдаа асуудал. Чухал нь ард түмнээ, намаа төлөөлж парламентад эрхтэй болсон.
-Олон жил нэг л чигт зүтгэж, жигд ойлголтоор амьдарч ирсэн стандарт хүмүүсийн үзэл бодлыг өөрчилнө гэдэг хамгийн хүнд ажил байсан байх. Ухуулга сурталчилгааны ажил хэр хүнд байв?
-Ер нь үзэл суртлын тэмцэл гэдэг маш хэцүү. Ялангуяа бүх сонин сэтгүүл нэг талд байх нь бүр хэцүү. Тэр үед л бид сонин хэвлэлийн үнэнийг олж мэдсэн. Урьд нь, сонинд зөвхөн үнэнийг, сайн сайхныг нийтэлдэг гэж ойлгодог байсан. Хэзээ ч зөв буруу, сайхан муухай гэж шүүж, эргэцүүлдэггүй байж. Хар бараан мэдээллийг цагаан талаас нь хараад хувиргаж бичдэг гэж мэддэггүй байсан бол одоо хар, цагааныг байгаагаар нь эсвэл цагааныг хар болгож, харыг цагаанаар ч бичиж байна. 1990 онд Баабарын “Бүү март, мартвал сөнөнө” гэдэг зохиол жижигхэн товхимол болж гараад, өөрсдөө хувилж тарааж байлаа. Хонхны дуу хамтлагийн дуунууд тэрс үгтэй амьдралыг ямар ч шил, цонхгүйгээр харахыг уриалсан. Жишээ нь, “Бээрсэн толгодыг гэсгээж” гэдэг үг нь энд тэнд толгод шиг эрх мэдэл царцчихжээ, үүнийг тархаах хэрэгтэй гэсэн болохоос уулын орой хөлдчихлөө гэсэн дуу биш. Энэ бүхний эцэст амжилтын үр шим гарсан. Жишээ нь, 1990 оны анхдугаар их хуралд төлөөлөгчөөр сонгогдсон олон хүн суухаасаа айгаад мандатаа буцаасан байхад олон хүн хуралд оролцохыг эрмэлзэж цагаан хоолойгоор сонсоод, гадаа хүйтэнд зогссон.