Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөд Солонгос цэргийн онц байдал зарлав БЗД: Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд сурагчдын төлөөлөл оролцож, тулгамдаж буй асуудлаа танилцууллаа Баянзүрх дүүргийн хороодын ӨЭМТ-ийн дарга нарыг хүлээн авч уулзлаа МИК 2024 оны “Онцлох ТоС байгууллага”-аар шалгарлаа “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д нийслэлийн Засаг даргын Тамгын газар нэгдлээ ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗЛАА УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаарх хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцлоо Х.Нямбаатар: “Тавантолгой түлш” ХХК-ийн менежментийг нийслэл хариуцна Голомт банк, LIME виртуал оператор хамтран Natur Bucks клубийг дэмжин ажиллаж байна “Монголын хөрөнгийн бирж” ХК Далианы Коммодити биржтэй хамтран ажиллахаар боллоо
Т.БАТСАЙХАН: АЛЬ Ч НАМ ЭРХ БАРЬСАН НИЙГЭМ ӨӨРЧИЛСӨН АХМАДУУДАА ДЭМЖИХ УЧИРТАЙ


МоАХ-ны Анхдагч ахмад зүтгэлтний холбоо төрийн бус байгууллагын тэргүүн Т.Батсайхантай ярилцлаа. 

-Танай холбоо хэзээ бай­гуулагдав. Яагаад ийм хол­боо байгуулах болсон бэ?
-Манай  холбоо өн­гөр­­сөн аравдугаар сард МоАХ-ны анхдагч ах­мад зүтгэлтнүүдийн санаа­чил­гаар байгуулагдсан. Ги­шүүд­дээ үйлчлэх төрийн бус байгууллага. Манай хол­бооны зорилго бол Ардчилсан хувьсгалд анхнаас нь оролцож идвэхи зүтгэлтэй үүрэг гүйцэтгэж  явсан хүмүүсийн нэр төр, алдар хүнд, эрх эрх чөлөө, эх орныхоо өмнө байгуулсан гавьяа, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах юм. Мөн  хүний эрх эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдэлийг эрхэмлэн дээдэлж иргэний ардчилсан нийгмийг бэхжүүлэх, авлига хээл хахуулийн эсрэг тэмцэх, анхдагч нарынхаа нийгмийн халамжид анхааран ажиллах юм. Гишүүдийнхээ санал хүсэлтийг төр засгийн удирдлагад уламжилж МоАХ-ны үйл ажиллагааг дэмжинэ. Ардчилсан хувьсгал ялаад 24 жил өнгөрлөө. Гэтэл энэ нийгмийг байгуулалцсан ахмад  зүтгэлтэн, анхдагчид нийгмийн халамж хүртсэн зүйл алга. Дийлэнх нь ядуу, ажил төрөлгүй  байгаа юм. 

-Ахмад зүтгэлтэн гэдгийг яг ямар шалгуураар тодруулах юм бэ. Хүн бүр л би анхдагч гээд байх юм биш биз дээ?
-Манай холбоо улсын хэмжээнд ажиллаж аймаг сум, дүүрэг, орон нутагт салбараа байгуулна. Энэ салбар нь анх оролцож байсан хүмүүсээ бүртгэнэ. Тэгэхдээ гэрэл зураг, баримт бичиг  гээд нотлох баримтад тулгуурлана. 1989 оны арванхоёрдугаар сараас эхлээд  1991 оны нэгдүгээр сар хүртэл Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцсон хүмүүсийг анхдагч гэж үзэх юм. Ардчилсан хувьсгалд  оролцож явсан анхдагчдын 30 гаруй хувь нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Хэрэв Ардчилсан хувьсгалд оролцсон гавьяа байгуулсан хүмүүст нийгмийн халамж хүртээх болвол тэдний ар гэрийнхэнд нөхөн олгох юм. Бид ахмад зүтгэлтэн гэдгээ их тодорхой болгоно. Ерөнхий журам гарсан байгаа.  Тэгээд холбооны удирдах зөвлөл, нийслэл, аймаг, дүүрэг  орон нутгийн салбарын дарга нартай ярилцаж байж шийдэнэ. Түүнээс биш би анхдагч гэсэн хүн бүрийг хамруулахгүй, тодорхой шалгуур гаргана. Тухайлбал,  Ардчилсан холбоонд элссэн үнэмлэх, анхны хуралд суусан мандат гээд бичиг баримтын эх хувийг  үндэслэнэ гэсэн үг. Манай холбоо Баянзүрх дүүргийн шуудангийн салбарын байранд байрлаж байна. Ардчилсан хувьсгалд оролцож явсан ахмадууд бидэнд хандаж болно. 

-Тухайн үеийн гэрэл зураг, үнэмлэх бичиг гээд түүхийн баримт архив хэр байдаг вэ?
-МоАХ-ны архивт гэрэл зураг нэлээд бий. Үүнээс гадна анхдагчдад өөрсдөд нь хувь хувийнх нь баримт байдаг. Үүнийг нь цуглуулж авч нотлох баримт болгоно. Бас ахмадууд хэрхэн тэмцэж явсныг гэрчлэх хүмүүс  ч олон  бий. Өөрөөр хэлбэл тухайн үед оролцож байсан хүмүүс бие биенээ сайн мэднэ. Байгууллага, аймаг, дүүрэг, сум орон нутгийн МоАХ-ны салбар зөвлөлийн даргаар ажиллаж байсан хүмүүсээс бас түүхэн баримтыг нь цуглуулж авах юм.

-Одоо хэчнээн ахмад зүтгэлтэн байна вэ?
-Улаанбаатарт 5000 гаруй хүн бий. Аймаг орон нутгийн судалгаа хараахан гараагүй байна.  

-Ардчиллын ахмад зүт­гэлтнүүд, МоАХ-ны анх­даг­чид нийгэмд ямар гавь­яа байгуулсан гэж дүгнэж цэгнэж байна вэ. Тэд төр засгаас халамж хүртэх эрхтэй хүмүүс мөн үү? 
-Ахмад зүтгэлтнүүд маань тухайн үеийн социалист нийгмийг халж ардчилсан нийгмээр сольсон гавьяатай. Нэг нийгмийг нөгөөгөөр сольсон юм. Тэгэхдээ  тайван замаар хувьсгал хийсэн. Иймд 1921 оны хувьсгалтай дүйцүүлж үзэх  учиртай. Өнөөдөр монголчууд ардчилсан нийгэмтэй, төртэй, хүний эрх чөлөөг дээдэлсэн Үндсэн хуультай амьдарч байна. Энэ  гавьяаг байгуулсан  хүмүүсийг төр засаг үнэлэх учиртай гэж үзэж байгаа юм. Тухайн үед МоАХ, Ардчилсан социалист хөдөлгөөнийхөн, Монголын Үндэсний дэвшил холбооныхон нэгдэн тэмцэж байсан. Эдгээр байгууллагын  гишүүд манай холбоонд хамрагдах юм. 

-Танай холбоо ахма­дуу­даа нийгмийн халамж хүртээхийн төлөө явна гэлээ. Та нар юу хүсч хүлээж байна вэ?
-Эхний ээлжинд ардчил­лын анхдагчдаа эмнэлэгт үнэ төлбөргүй үзүүлдэг, рашаан сувилалд хөнгөлөлттэй хэвт­дэг, нийтийн тээврээр үнэгүй зорчдог болгох хүсэлтэй байна. Үүнээс гадна өмнө нь төрөөс “Хувьсгалт тэмцэлийн ахмад зүтгэлтэн” гэсэн цол олгодог байсан. Үүн шиг “Ардчилсан хувьсгалын анхдагч ахмад зүтгэлтэн” гэсэн цол тэмдэг олгодог, нэр хүндтэй байлгах хүсэлт төр засагт тавих юм. Хоёрдугаар шатанд эдгээр ахмадуудаа хоёр өрөө байраар шагнуулах хүсэлт тавина.   Ардын хувьсгалын партизан, 1939 оны Халхын гол, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчидад төр хайр хишгээ харамгүй өгсөн. Тэдэнд орон сууц олгоод одоо дуусч байгаа. Хувьсгалт тэмцэлийн ахмад зүтгэлтэн сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэмж авдаг. Иймд бид халамжийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулж байна. Энэ хуульд Ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтэн гэдэг заалт оруулаад өгчихвөл дээр ярьсан бүх зүйл шийдэгдэх юм. 

-Танай холбооны удир­дах зөвлөлд ямар ямар  гишүүд байна. Ардчилсан хувьсгалд хэрхэн оролцож явсан бэ?
-Манай холбооны удирдах зөвлөл долоон гишүүнтэй. Миний хувьд 1990 онд Хууль цаазын дунд сургуульд сурч байсан. Сургууль дээрээ байгуулагдсан МоАХ-ны  салбар зөвлөлийн анхны зохицуулагч байлаа.  Манай холбооны удирдах зөвлөлд Хууль цаазын дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга асан Хувьтөгөлдөр багш бий. Холбооны гүйцэтгэх захирлаар  МоАХ-ны анх­дагч, Баянзүрх дүүргийн МоАХ, Ардчилсан намын даргаар ажиллаж байсан Мягмарсүрэн томилогдсон.  Хууль цаазын дунд сургуулийн МоАХ-ны салбарын тэргүүлэх гишүүн байсан Зундуйн Батжамц бас удирдах зөвлөлд бий. Мөн  Ховд аймгийн анхны жагсаал цуглааныг хөтөлж байсан Бөхчулууны Болд байгаа.  Ардчиллын анхдагчийн нэг Э.Тунгалаг гэж бүсгүй удирдах зөвлөлийн нэг гишүүн нь.  1990 онд ах дүү тавуулаа ардчиллын төлөө тэмцэж байсан. Оюунчимэг, Оюунцэцэг, Тунгалаг гэсэн гурван эмэгтэй, хоёр эрэгтэй байсныг манайхан сайн мэднэ. Дорнодод анхны хувьсгальд оролцож байсан Т.Мөнхдэлгэр гэдэг хуульч манай холбооны удирдах зөвлөлд байгаа. 
 
-Та Ардчилсан хөдөл­гөөнд  оролцож байсан үеийн дурсамжаасаа ху­ваал­­цаач?
-Би 1989 оны арван­хоёр­дугаар сард  МоАХ бай­гуулагдахад гишүүнээр элссэн. Тухайн үед Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан нэлээд болдог байлаа. Энэ бүгдэд оролцож байсан. Тэгээд 1990 оны гуравдугаар сард сургууль дээрээ МоАХ-ны салбар зөвлөл байгуулсан юм. Энэ салбар зөвлөл 17 гишүүнтэй байгуулагдаж намайг тэргүүнээр сонгосон. Хувьтөгөлдөр багш надад саяхан архивын бичиг баримт өглөө. Гэтэл  МоАХ-ны дарга Зоригийн гарын үсэгтэй нэгэн бичиг байна.  “Танай сургууль дээр 17 гишүүнтэй МоАХ-ны салбар зөвлөл байгуулагдаж анхны зохицуулагчаар нь Тамжид-Ёндон овогтой Бат­сайханыг сонгосныг батлам­жилж улс төрийн үйл ажил­лагаа явуулах эрх олгов” гэсэн албан бичиг байна. Өлсгөлөн зарлах үед аюулгүй байдал хангах хамгаалагчаар ажиллаж байсан. Мөн тав­ду­гаар сард улс төрийн суулт болсон. Үүнд оролцож байлаа. Тэр үед бид өөрсдийн итгэл үнэмшил, ардчилсан хувьсгалын төлөө идвэхтэй тэмцсэн. Улс төрийн суултад оролцож байсан хүмүүс төрийн ордны өмнөх бунхан давж орох гээд бужигнасан. Тэгэхэд Сүхбаатарын талбай дүүрч 100 гаруй мянган хүн цугласан юм. Тэр үед Зоригийг  дөрвөн хүн мөрөн дээрээ суулгаад боссон. Тэгээд Зориг цагаан хоолой барьж “Та нар тайван байх ёстой. Цус урсгалгүй тайван замаар асуудлыг шийдэх ёстой. Бүгд сууцгаая” гэсэн. Ингээд хүмүүс түүний үгэнд орж сууцгааж байлаа. 

-Ардчиллын ахмад гишүүд хэт намчирхсан,  улс төржсөн үзэл бодлоосоо одоо хүртэл салаагүй гэсэн шүүмжлэл бий. Үүнээс ч болоод ажил төрөлд орж чаддаггүй, гадуурхагдах байдалд орох нь элбэг байх шиг байдаг.  Энэ талаар та ямар бодолтой явна вэ?
-Монголд ардчилал бүрэн утгаараа хэрэгжээгүй, шилжилтийн үедээ явж байна.  АНУ-ын 1950-1960-аад он өнөөдөр манайхаас харагдаж байна гэдэг. Ардчилал анх гарч байхад  дэмжлээ гэж хавчин гадуурхадаг байлаа. Би сургуулиасаа хүртэл хөөгдөж байсан.    Тэгээд тэмцэж байж сургуульдаа эргэж орсон. Энэ мягаар хэлмэгдсэн хүмүүс олон бий. 

-Та хэлмэгдсэн гэлээ. Зарим ахмад гишүүн бас хэлмэгдсэн, хавчигдсан гэж ярьдаг. Ардчилсан нийгэм гарчихаад байхад түүнийг байгуулах гэж зүтгэж явсан хүмүүс яагаад хэлмэгдсэн гэдэг зүйл байнга ярьдаг юм бол?
-Хэдийгээр ардчилсан нийгэм гарсан ч Үндсэн хуулийн  хүний эрх, эрх чөлөөний заалт бүрэн утгаараа хэрэгжиж чадахгүй байгаа. МАХН ардчилсан хөдөлгөөний анхдагчдыг  үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж байсан. Одоо АН сонгуульд ялж ардчилсан төр засаг гарч ирлээ. Иймд төр засаг гавьяа байгуулсан ахмадуудаа харж хандах ёстой гэж үзэж байгаа юм. Ахмадууд ч гэсэн ийм санал тавьж эвлэлдэн нэгдээд байна. Ард түмэн ч тэдэнд итгэж найдаж байгаа болохоор Ерөнхийлөгч, УИХ-ын сонгуульд АН-д саналаа өгч дэмжсэн гэж ойлгодог. Ардын нам, Ардчилсан нам, аль нэг улс төрийн хүчин төр барьсан ч эдгээр ахмадууд ардчилсан төр байгуулах, өнөөгийн эрх чөлөөт  нийгэмтэй болох хувьсгал хийсэн гавьяатай. Түүнээс биш ардчилсан намын хүмүүс гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Тэгэхээр аль ч нам засгийн эрхэнд байсан тэднийг дэмжих л ёстой. 

-Та бүхний зорьсон хэрэг бүтэж хүссэн үр дүн гарсан гэж хэлж болох уу?
-Бид хүссэн үр дүндээ хүрсэн. Ардчилсан төртэй, хүний эрх чөлөөг дээдэлдэг нийгэмтэй хувийн өмчтэй боллоо. Ерөнхийдөө хүссэн үр дүндээ хүрсэн. 

1 Сэтгэгдэл
сайн бна уу Ардчиллын Анхдагч Ахмад зүтгэлтэн,Эмбгтэй миний бие дөнгөж 34 настайгаасаа МоАХ,АН-ын Анхны Ахмиадуудтай мөр зэрэгцэн тэмцэж явсанБИ манай энэ холбоо мөн эсэхийг мэдэхгүй Жуковын хөшөөний зүүн талд очиж бүртгүүлж байсан Анхны УИХ-ын сонгуулиар Говь-Алтайд нэр дэвшсэн Ц.Баатартогтохын шадар туслагч-аар дараагийн УИХ-д мөн ГАА-д нэр дэвшсэн Баасандашийн Сонгуулийн Шатар туслагчаар С.Эрдэнэ даргын гарын үсэгтэй Мандатаар1000 км-т өдөр шөнөгүй ухуулга хийж аймгийнхаа бүх сумдаар нойр хоолоо хасч ажиллаж байсан Анхдагч ахмад зүтгэлтэн үе тэнгийн журмын нөхдийн тоо 100 хол гарсан эхний журмын нөхөр бол би их эмч учир сувилагч Нэргнйгээ Өлсгөлөнд суухад байнга эргэж тойрч ойр байсан С.Зориг, түүнийг УИХ-ын гишүүн болсон байхад эмч учир Ээжийг нь Баянголын байранд би өөрийн бага насны охидоо дагуулж Мартын 8, Эмч нарын баяраар байнга очдог С.Зориг агсантай ихэнхдээ тааралддаг тэрээр миний жаахан охидыг эрхлүүлж чихэр өгдөг тоглоом күхэлдэй өгч байсан 1998 оны 10 сар түүнээс хойш ч ээжийг нь хуучнаараа л очдог орж гарч байсан С.Оюун гишүүнийг ч таних болсон Миний утас 99541228 Цаг товлож Э.Батсайхан даргад бүртгүүлье Залгана уу?
Хамгийн их уншсан