МоАХ хоёр фракц болон хуваагджээ. МоАХ нам болж, МоАН гэж нэрлэгдэх гэнэ. МоАХ-ны анхдагчид хаа явна. МоАХ 2015 оны турш 25 жилийн ойгоо тэмдэглэх гэнэ” гэх мэтээр ардчиллын анхдагч болсон МоАХ хэмээн төрийн бус байгууллагатай холбоотой мэдээлэл хэвлэлд байнга л гарч байдаг, гарсаар ч байгаа билээ.
Цаг үеийн эдгээр асуултад хариу авахаар МоАХ-ны Хэрэг Эрхлэх Газрын дарга С.Эрдэнэцогттой ярилцлаа.
Тэрээр 1989 онд МАХН-ын Улс Төрийн Товчоо, Сайд нарын Зөвлөлийг огцрохыг шаардаж, анхлан Ховдод өрнөсөн ардчиллын жагсаал, цуглааныг удирдагчдын нэг. С.Эрдэнэцогтын товч намтар “Британника Монгол” нэвтэрхий тольд багтсан байдаг.
-Хамгийн олон гишүүнтэй энэ төрийн бус байгууллагын арын албыг аваад жил гаруй ажиллачихлаа. Мэдээж Монголын ардчилалд, МоАХ-нд та хуучны хүн учраас танил олон гишүүд дундаа ажиллах нэг талаар сайхан ч нөгөө талаар хэцүү. МоАХ-ны ХЭГ-ын даргаар ирээд хамгийн түрүүнд анзаарч барьж авсан зүйл юу байв?
-МоАХ-ны ХЭГ-ын даргаар томилогдоод яг нэг жилийн хугацаа өнгөрээ. Ажил аваад МоАХ-г аль ч талаас нь амьд организмын, өөрөөр хэлбэл институцийн хэлбэрт оруулъя гэж чармайж зүтгэсэн. Нийгмийн их донсолгоон, өөрчлөлтийн төлөө мориноосоо буулгүй шахам тэмцсэн тэмцэл, дотоод зохион байгуулалт, үе үеийн удирдлагын арга барил, гадны сөрөг нөлөөлөл зэргээс үүдээд МоАХ-ны үйл ажиллагааны түвшин сонин болж. Бид нийгмийн эрэлт хэрэгцээнд зохицож улмаар нийгмээ эрүүл сэтгэлгээгээр урагш хөтлөх ёстой хүчин. Энэ утгаараа хамтаараа хэлэлцэж, хийх зүйл цөөнгүй бий.
Тухайлбал?
-МоАХ-ны дүрэм, журам, үзэл баримтлалыг хоёрдмол санаагүйгээр өөрчлөх нь амин чухал. ХЭГ-аас дүрэм, журмуудын өөрчлөлт, үзэл баримтлалын төслийг бэлдсэн. Удахгүй онлайнаар болон бусад хэлбэрээр хот, хөдөөгийн гишүүддээ танилцуулж, хэлэлцүүлнэ. Эцэст нь бэлэн болсон хувилбарыг МоАХ-ны Ерөнхий чуулган батлах ёстой. Дүрэм, журмуудын өөрчлөлтийн гол цөм нь заалтуудаа цэгцлэн, гишүүдийнхээ эрхийг өргөжүүлэх, хариуцлагатай болгоход оршиж байна. МоАХ-ны үзэл баримтлал гэж С.Эрдэнийг даргаар ажиллах үед батлагдсан долоон зүйлтэй хийсвэр шинжтэй баримт бичиг бий л дээ.
Харин бидний боловсруулсан шинэ төсөл нь гишүүд төдийгүй энгийн иргэнд ч ойлгомжтой. Өөрөөр хэлбэл “үнхэлцгэнд нь багтаасан” гэдэг шиг ганц өгүүлбэрээр үнэт зүйлсээ тодорхойлсон. Шинээр хоёр журмын төсөл бэлдсэн. Нэг нь “МоАХ-ны гишүүдийн ёс зүйн журам”, нөгөө нь “МоАХ-ны салбар байгууллагуудын үйл ажиллагааг индексээр дүгнэх журам”. Энэ хоёр журам батлагдсанаар МоАХ-ны үйл ажиллагаа аль ч түвшинд идэвхжинэ. Мөн МоАХ-ны нийгэм дэх имиж гишүүдээрээ дамжаад эрс өөр болно.
Дэргэдээ эрдэмтдийн зөвлөл байгуулж, аливааг шинжлэх ухаанчаар, мэргэжлийн талаас дүгнэж төлөвлөж байх зорилгоо хэрэгжүүлнэ.
МоАХ-ны, ХЭГ-ын 2015 оны төлөвлөгөө гэж тус тусдаа, сар сараар товлогдсон ажлууд бий. Бүх ажил МоАХ-ны онцлог тэмдэглэлт арга хэмжээнүүдээс гадна сэргээх, бүтээж босгоход чиглэгдсэн гэж ойлгож болно.
-Таны хариуцаж байгаа ХЭГ-ын 2015 оны төлөвлөгөөнөөс сонирхож болох уу?
ХЭГ маань МоАХ-ны дүрмээр хүлээсэн үүрэгтэй. Энэ жил бид нэгдүгээрт, байгууллагын тогтвортой хөгжлийг хангах, хоёрдугаарт үндсэн нөөцүүдээ /санхүү, материаллаг, хүний нөөц/ бэхжүүлэх, гуравдугаарт мэдээллийн ил тод байдлаа сайжруулах гэсэн зорилттой ажиллаж байна.
Дээрх гурван зорилт биелсэн тохиолдолд МоАХ шинэ үзэл баримтлалтай, дүрэм, журамтай болно. Санхүүжилтийн механизм ч оновчтой тодорхойлогдоно.
Ардчиллын ордны гадаад, дотоод тохижилтыг сайжруулна. Ордныхоо үнэлгээ, газар эзэмшлийг баталгаажуулна. МоАХ-ны вэб хуудас динамик хэлбэртэй болно. Гишүүнчлэлийн бүртгэл цахимжина. Архив стандартын дагуу ажиллаж эхэлнэ.
“Ардчилал” сониныхоо захиалгад ч анхаарна гээд базаад цухас дурдахад ийм л эерэг дүр зурагтай.
Харин зорилтуудаа амжилттай хэрэгжүүлэхэд ХЭГ-ын хариуцлага чухал. Энэ оноос эхлэн ХЭГ-ын ажилтан бүр хөдөлмөрийн гэрээнээс гадна үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаж байгаа. Дотоод хяналт үнэлгээ ч давхар хэрэгжинэ.
-МоАХ-ны анхдагчдын бүртгэлийг өнгөрсөн оноос эхлэн нэлээн цэгцэлж эхэлсэн байх аа. Ер нь, энэ бүртгэлд хамрагдаж байгаа хүмүүсээ ямар шалгуурт оруулж байгаа вэ?
-МоАХ-ны Удирдах Зөвлөлийн 2013 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн хурлаас гурван заалт бүхий албан даалгавар гарч биелүүлэх нүсэр ажил 2014 онд өрнөсөн. Бид бүх салбар зөвлөлөөс буюу 21 аймаг, есөн дүүргээс ирсэн материалуудыг бодитой эсэхийг нь шалгах зорилгоор МоАХ-ны даргын тушаалаар хяналтын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсэгт тухайн аймаг, дүүргийн гишүүдээ сайн таних, 1990 оны үйл явдлын түүхэн гэрч байж чадах тус тус хоёр хүнийг томилж шалгуулсан. Хяналтын бусад сувгийг ч бас ашигласан. Статистик тоо хэлье л дээ. Нийт 4800 орчим хүний материал ирснийг цахим бүртгэлд цэгцлэн оруулж дууслаа. Гэхдээ энэ бол эцсийн тоо, бас сүүлчийн шат ч биш. Албан даалгаврын заалтыг сайн ойлгож мөрдөөгүйгээс хавтгайруулсан хандлага ажиглагдсан учир нягталсан нэрсийн жагсаалтыг буцааж салбар зөвлөлүүд рүү хүргүүлж байна. Салбар зөвлөлүүдийн албан ёсны шийдвэрийн дараа бүртгэл харьцангуй бодитой, тодорхой болно биз дээ.
-Жил ирэх тусам анхдагчид гэдэг нэр томъёог хэрэглэхэд хэцүү болно. Юу гэхээр түүхийн амьд гэрчүүд цөөрч, харин энэ тухай дуулж сонссон нэгэн үйл явдалд оролцсон мэт ярьсаар хоцрох болно. Үнэндээ одоо ч ийм байдал ажиглагдаж л байна. Тэгэхээр анхдагчдын бүртгэлийг маш сайн хяналттай нягт нямбай хийх нь зүй байх л даа?
-Анхдагч гэлтгүй МоАХ-ны үе үеийн гишүүдийн нэр тухайн үйл явдалтайгаа түүхэнд дархлагдах ёстой. Харин тэр түүх үнэнээр бичигдэх эсэх нь эхний бүртгэлээс шалтгаалж байгаа юм. Нөгөөтэйгүүр энэ нь байгууллагын дотоод ажил. МоАХ гэдэг өөрөө амьд организм болохоор зохих хэмжээнд цус сэлбэдэг. Тэгэхээр цаашид он оноор гишүүдийн бүртгэл цахимаар үргэлжлээд л явах учиртай.
Өнгөрсөн жил МоАХ-ны дарга Х.Баттулга тэргүүтэй УИХ-ын нэр бүхий гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд ардчилсан хувьсгалыг манлайлсан гэдэгтэй нь хэн ч маргахгүй алдар гавьяатай зүтгэлтнүүдийнхээ нийгмийн асуудлыг нь шийдэх зорилго бүхий тогтоолын төсөл санаачлан УИХ-ын даргад өргөн барьсан. Энэ тогтоол батлагдвал дээрх бүртгэлд тулгуурлаж хэрэгжинэ гэсэн үг. Тогтоолыг хэлэлцэхээс өмнө асуудлыг улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр шийдэх арга замыг МоАХ-ны Удирдах Зөвлөлийн нарийн бичгийн дарга, Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаагийн ахалсан ажлын хэсэг судалж байгаа.
Шинэ Үндсэн хууль баталсан хуучин сэтгэлгээтэй депутатууд төрөөс орон сууцны дэмжлэг хүртээд башийж явахад үүний төлөө тэмцэж явсан ардчиллын анхдагчид хоосон хоцрох нь шудрага биш.
Одоо хүмүүс Ардчилсан хувьсгал амар хялбар өрнөсөн юм шиг ярьцгаадаг болж. Цонх хагараагүй, цус урсаагүй ч гэх шиг. Худлаа л даа. Харамсмаар түүх цөөнгүй бий. 1990 онд МоАХ-ны удирдлагад “Та нарын нүдийг сохолж, хоолойг тас огтлоно” гэсэн нэр, хаяггүй захидал олноор ирж байсныг гадны хэвлэлийн шарласан хуудаснаас мэдэж болно.
Ардчиллынхныг дарамталж, орон нутгаас нь хөөх, амьдрах аргагүйд хүргэх, ажил, гэр бүлээр нь оролдож хэлмэгдүүлсэн бузар хэргүүдийн хар сүүдэр одоо ч арилаагүй байна. Захын анхдагчаас энэ тухай асуугаад үзээрэй.
-Анхдагчдын нэрийг баригсад ч олшрох нь. Ардчилсан хувьсгалын анхдагчдын гэх нэртэй цөөнгүй байгууллага, клуб үүсч байх шиг?
-Ардчилсан хувьсгал монголчуудад олон эрх чөлөө олгосны нэг нь эвлэлдэн нэгдэх эрх. Анхдагчдын нэртэй байгууллагуудыг өөртөө нэгтгэх, эсвэл өөрөөсөө түлхэх сонирхол МоАХ-ны ХЭГ-т одоохондоо алга. Аль болох сэтгэлгээний эрүүл түвшинд өнгө мөнгө, атгаг санаа, явцуу үзлээс ангид хэн нэгний шидсэн чулуунд гүйж очоод оногдоод байхааргүй, бүгд л Монголын хөгжлийн төлөө ажиллаж чадвал нийгэмд л тустай. Зарим байгууллага бас бүртгэл хийдэг, мөнгөөр үнэмлэх, тэмдэг тараадгийг мэднэ. Бүр Ерөнхийлөгчийн бэлгийг хүртэл мөнгөөр захиалах сэдэлтэй мессэж цацсан тохиолдол гарсан. Явуургүй аргаар муйхраар ч хамаагүй орон зай эзлэх гэж зүтгэх дэмий. Цаг хугацаа энэ бүхнийг нарийн шүүнэ шүү дээ. МоАХ өөрийн дүрэм, үнэт зүйлсийн хүрээнд байгаль орчны ч, хүний эрхийн ч, жендерийн ч аль ч байгууллагатай хамтран ажиллахад бэлэн. Энэ жил ахиц гаргана. Гэхдээ бидэнд өөрсдийн гэсэн шалгуур бий.
-МоАХ нам болж хувирах бас МоАН гэгдэх фракцын тухай ч яригдаж л байна?
-МоАХ Монголын бусад төрийн бус байгууллагатай харьцуулбал өөрийн гэсэн онцлогтой, нийгэмд эзэлсэн байр суурьтай. МоАХ руу зохион байгуулалттайгаар дайрч эсвэл өдөөн хатгаж, хуваахыг эрмэлздэг нь энэ нийгмийн мөнхийн үзэгдэл.
МоАХ нам болох тухай яриа одоохондоо бодит бус. Алга урвуулах төдийд ч шийдчихдэг ч зүйл биш. Удирдах Зөвлөлийн хурлаар үүнтэй холбоотой асуудлыг цөөнгүй хувилбараар ярьсан. Саяхан 25 жилийн ойг нь тэмдэглэсэн МоАХ-ны Анхдугаар Их хурлаас баталсан МоАХ-ны анхны дүрэмд /илтгэгч нь Б.Билэгт/ “МоАХ, МоАН-ын хоорондын харилцаа” гэсэн тусгайлсан IV хэсэг гэж бий. Тэр хэсэгт “МоАХ-ны гишүүнчлэл МоАН-ын гишүүнээр элссэний дараа хэвээр байна” гэж зохицуулж. Өнөөдөр ч АН-ын хамгийн идэвхтэй, шудрага цөм нь МоАХ-ны гишүүд хэвээр байгаа юм.
МоАХ-ны одоогийн дүрмээр ч Удирдах Зөвлөлийн бүрэн эрхэнд улс төрийн намуудтай харилцахад баримтлах бодлогыг тодорхойлох асуудал хамаардаг. Энэ л хүрээнд МоАХ ажиллаж байна.
Бид хэвлийгээсээ төрүүлсэн, өөрсдөө байгуулсан АН-ыг эрүүлжүүлэхийн тулд элдэв дарамт, нэр хоч, гадуурхал, санаатайгаар эвдрэлцүүлэх гэсэн бусармаг бүхнээс хулчийхгүй зүтгэх л болно. Ийм үүрэгтэй, эрхтэй.
-АН 2000 оны механик нэгдлээс цааш сүйдтэй ахиж чадсангүй дээ. АН ардчилсан итгэл үнэмшилгүй, хуурамч төрхтэй, мөнгө албан тушаалд шунасан, түүхээ мэддэггүй, хүндэлдэггүй, хэтийн бодлогогүй бясаа жоомнуудын үүр яагаад ч биш.
“АН-ын өнөөгийн өнгийг МоАХ-ны хэдэн партизанууд л шинэчилнэ” гэж МоАХ-ны дэд дарга М.Зоригтын хэлсэн үг үнэний хувь өндөртэй. АН-ыг зөвхөн нам гэдэг явцуу утгаар нь бус Монгол улсын тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөөний баталгаа гэдэг өргөн ойлголтоор хандах ёстой. Ардчиллыг АН өөрөө бохирдуулж, тусгаар тогтнол маань тун хэврэгшиж, 1921-1990 онд дохиж асан эзнийх нь байрлал, нэр өөрчлөгдсөн гэж хэлж болно. Ийм аюултай үед АН-ыг, нийт нийгмийг зөв оноштой хурдан эмчилмээр байна шүү дээ. Улс төрийн орон зай нь агшсан хүмүүс “Фракцгүй АН-ын төлөө” уриан дор фракц байгуулсныг би л лав хувьдаа ойлгоогүй. “Итгэл үнэмшлээ худалдан байж олох мөчид цэнгэлийн төлөө биш ирээдүйн үйл хэргийн төлөө, үгүй байгааг бий болгохын төлөө амьдаръя” гэж үг бий.
Ардчилсан нам 1996 онд парламентад олонх болох үед МоАХ-ны анхны Ерөнхий Зохицуулагч С.Зориг асан зарчим, ёс суртахуунаа эрэмбэлж дээдлэхийг сургасныг Монгол шиг жижиг орны “том” улстөрчид бусдаас л илүүтэй л санаж явмаар.
-МоАХ гэдэг улс төрийн байгууллага болчихлоо л гэдэг. МоАХ бол ард түмнийх гэдэг. Таныхаар МоАХ бол...
-“Ардчилал” сонины 1990 оны 22-р дугаарт “Эр зоригоороо гарч ирээд эрдэм дутагдаж балчирдсан, тэмцлийн явцад ухаарч, чигээ олж эрийн цээнд хүрсэн, зорилго нь ариун болохоор зам нь аяндаа засардаг, зовсон олныхоо төлөө болохоор үйлс нь бүтэж явдаг, байгууллагууд шиг баян биш ч гэлээ сэтгэлээрээ хамгийн баян, итгэл их эгэл жирийн ард түмний Холбоо. Миний мэдэх МоАХ шударга бусын эсрэг тэмцсээр ирсэн, тэмцэж байгаа, тэмцэх ч болно” гэж бичсэнийг энэ мөчид дурсмаар санагдлаа.
МоАХ урьдын эрчээ шинэ хүчээр сэлбэж хөгжлийн төлөө бодитой үзэл санаа дэвшүүлдэг, түүнийгээ хамгаалж хэрэгжүүлдэг түүчээ байхыг эрмэлзэнэ.