Монгол дахь цорын ганц олон улсын худалдааны төв гэгддэг “Нарантуул” -ын газар ашиглах гэрээ саяхан дууссан. Хоёр жилийн өмнө тус худалдааны төвийг хотын зах руу нүүлгэнэ гэсэн яриа гарч байсан. Гэтэл тус худалдааны төв газар ашиглах гэрээгээ сунгажээ. Нийслэлийн Барилга Хот Байгуулалт Төлөвлөлтийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Дуламсүрэнгээс энэ талаар тодруулахад “Нарантуул худалдааны төвийг нүүлгэхгүй. Нийслэлийн Газрын албанаас манайд тус худалдааны төвийн газар ашиглах гэрээг 25 жилээр сунгасан гэж мэдээ ирүүлсэн. Нүүлгэх тухай ярьсан ч хувийн өмч болохоор бид яаж ч чадахгүй” гэсэн хариу өглөө. Гэхдээ, дээр нь байгаа нь хувийн өмч гэхэд газар нь улсын өмч л баймаар. Уг нь, эрэг нь усаа хашиж, эзэн нь юм аа мэддэг гэдэг сайхан үг бий л юмсан.