Улсын нэгдсэн төсвийн орлого төлөвлөгөөндөө хүрэхгүй байгаагаас бид бүсээ чангалж мэдэх нь. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сарын байдлаар улсын төсөв бүрдүүлэлт 85.3 хувьтай гарчээ. Энэ нь, төлөвлөсөн дүнгээсээ 313.4 тэрбум төгрөгөөр дутуу гэсэн үг аж. Манай улсын төсвийн орлогыг татвар 89.5, татварын бус орлого 10.1 хувиар бүрдүүлдэг. Үлдсэн хувийг нь хөрөнгө болон зээл тусламжийн орлого бүрдүүлж буй юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар “Тогтворжуулалтын сан”-д ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс оны эхний хагас жилийн байдлаар 25.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Өнгөрсөн онд тус санд 124 тэрбум төгрөг төвлөрүүлсэн тооцоо бий.
Уг нь, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар улсын төсөв бүрдүүлэхэд нэлээд жин дардаг. Энэ оны төсөвт уг татвараар сард 330 тэрбум төгрөг төвлөрүүлэх учиртай. Гэвч уг төлөвлөгөө нь тасарч буй гэнэ. Жишээлбэл, 85.2 тэрбум төгрөг дутуу төвлөрүүлсэн байна. Үүнд, томоохон компаниудын татварын өр удаан төлөгдөж буйтай холбоотой гэнэ. Одоогийн байдлаар улс 36.9 тэрбум татварын өр авах тооцоо бий. Эл мөнгөний 8.4 тэрбум нь “Алтан дорнод Монгол” компанийн олон жил хуримтлагдсан өр юм. Энэ компанийн өрийн асуудал дөрөв, таван жилийн өмнөөс сөхөгдөж өнөөг хүрч буй билээ. Тухайн үед тус компанийг 16.2 тэрбум төгрөгийн татвар төлөх ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарч байсан. Эдүгээ үлдээд буй өр нь дээрх мөнгөний үлдэгдэл аж. Үүнээс гадна Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн тэнхим 75 тэрбум төгрөг Монгол Улсад төлөх ёстой гэсэн шийдвэр ч гарч байв. Мөн Татварын ерөнхий газрын тооцоогоор “Алтан дорнод Монгол” компаниас нийт 127 тэрбум төгрөгийн авлагатай хэмээж байлаа. Өрийн асуудал ид өрнөж, хэл ам болж байх үед тус компаниас хоёр кг алт, дөрөв орчим кг алттай шороо, авто машин зэргийг хураан авч, улсын орлого болгон өрийн данснаас нь суутгаж байсан удаатай. Нөгөөтэйгүүр, “Зоос” банкны 1.7 тэрбум төгрөг төлөгдөөгүй байгаа. Үүн дээр “Монгол газар” компанийн 2.1 тэрбум төгрөгийн татвар нэмэгдэнэ. Эдгээр компанийн өрийг төлүүлэх, улсыг хохиролгүй болгох асуудал Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд ногдсон. Тус алба дээрх компаниудад өрөө бага багаар төлөх тодорхой хугацаа өгч график гаргажээ. Иймд графикийн дагуу өрөө төлж буй тул татварын орлогын төлөвлөгөө тасрах, өр барагдуулалт нь удаан байгаа аж.
Үнэндээ манай эдийн засгийн лагшин уул уурхайн орлогоос хамааралтай. Гэтэл дэлхийн эдийн засгийн хямралын улмаас ашигт малтмалын үнэ хямдрах төлөв ажиглагдаж буй. Иймд энэ онд улсын орлого буурч магадгүй тул бүсээ чангалж төсвийн зардлаа хумих хэрэгтэй хэмээн гадаад, дотоодын эдийн засагчид анхааруулсаар байна. Хэрэв зардлаа танаж хянахгүй бол хямралын сүүдэр нөмрөн авах аюул ч бий. Өнөөдөр энэ аюул хаалга тогшиж буй бололтой. Олон улсын металлын биржийн шинжээчид зэс, төмрийн хүдэр гээд ашигт малтмалын үнэ буурах төлөв ажиглагдаж байна хэмээн дүгнэсэн. Энэ нь ч батлагдаж байх шиг. Оны эхнээс нэг тонн нь 9000 орчим ам.долларын үнэтэй байсан зэс өдгөө хямдарсан бараа болж байна. Лондонгийн металлын бирж дээр өчигдөр нэг тонн зэсийн үнэ 7355 ам.долларын үнэтэй болжээ. Шинжээчид энэ онд зэсийн дундаж үнэ 8000 орчим ам.доллар байх таамаг дэвшүүлсэн аж. Зэсийн үнийн энэ хямдрал улсын төсөвт урхаг тарьж ч эхлэв. Өөрөөр хэлбэл, улсын нэгдсэн төсвийн орлого тасрахад голлох үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Хэдийгээр нүүрс манай эдийн засагт орлогоороо тэргүүлэх болсон ч “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмал төсөв бүрдүүлэх байр сууриа алдаагүй байгаа. Энэ оны эхний улиралд л гэхэд тус үйлдвэрийн орлого 8011.23 ам.доллар болж буурав. Өнгөрсөн онд тус үйлдвэр 9523.52 ам.долларын орлоготой ажиллаж байжээ. Орлого нь буурсан тул улсын төсөвт оруулах мөнгөн нь 13.6 тэрбум төгрөгөөр тасалдахад нөлөөлсөн аж. Хэрэв цаашид энэ янзаараа байвал улсын төсвийн алдагдал талийж өгөх нь. Урд нь “Орос найтаавал Монгол ханиад хүрдэг” хэмээн хошигнодог байв. Харин дэлхийн эдийн засаг глобалчлагдсан өнөө үед “Европ ханиахад Монгол хатгаа тусдаг” болсны илрэл энэ буй заа.