Дөрвөн жилд нэг удаа болдог хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) маргааш ОХУ-д эхэлнэ. Дэлхийн аваргын тэмцээнүүд болох цэнгэлдэх хүрээлэнгүүдийг танилцуулж байна.
“ЛУЖНИК” ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН
Москва хотын төвд Хамовники дүүрэгт орших “Лужник” цэнгэлдэх хүрээлэн анх 1956 оны долдугаар сард нээгдэж байсан. Нийт 81 мянган хүний суудалтай тус цэнгэлдэх хүрээлэнг 1992 он хүртэл “Лениний нэрэмжит төв цэнгэлдэх” хэмээн нэрийдэж байжээ. “Лужник” цэнгэлдэх хүрээлэн бол олон 10 жил спортын олон арга зохион байгуулагдаж байсан. Тухайлбал 1980 оны зуны олимпийн наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа явагдаж байсныг дурдаж болно.
“Лужник” цэнгэлдэх хүрээлэн явагдах тоглолтууд:
- Орос – Саудын Араб. А хэсгийн тоглолт
- Герман – Мексик. F хэсгийн тоглолт
- Португал – Марокко. B хэсгийн тоглолт
- Дани – Франц. C хэсгийн тоглолт
- Шөвгийн 16н нэг тоглолт. В1 – А2
- Хагас шигшээгийн нэг тоглолт.
- ШИГШЭЭ ТОГЛОЛТ
“ОТКРЫТИЕ АРЕНА” ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН
Москва хотын умард хэсэгт Тушинод байрлах “Открытие Арена” буюу “Спартак” цэнгэлдэх хүрээлэн нь 2014 оны 9 сард ашиглалтанд орсон. Нийт 430 сая ам.долларын өртгөөр баригдсан тус цэнгэлдэх хүрээлэн нь өнгөрсөн жилийн конфедрэшн кап тэмцээний хэд хэдэн тоглолтыг хүлээн авч байсан. 45 мянган хүний суудалтай “Открытие Арена” цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн аваргын 5 тоглолт явагдана.
“Открытие Арена” цэнгэлдэхэд явагдах тоглолтууд:
- Аргентин – Исланд. D хэсгийн тоглолт
- Польш – Сенегал. H хэсгийн тоглолт
- Бельги – Тунис. G хэсгийн тоглолт
- Серби – Бразил. E хэсгийн тоглолт
- Шөвгийн 16н нэг тоглолт. H1-G2
“КРЕСТОВСКИЙ” ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН
Санкт-Петербург хотноо дэлхийн аваргад зориулан баригдсан 67 мянган хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэн юм. Нийт 1.1 тэрбум ам.долларын өртгөөр баригдсан тус цэнгэлдэх хүрээлэн нээлтээ хийгээд жил болж байна. Оросын Зенит клубын мэдэлд очиж буй “Крестовский” цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн аваргын 7 тоглолт болно.
“Крестовский” цэнгэлдэх хүрээлэнд явагдах тоглолтууд:
- Марокко – Иран. B хэсгийн тоглолт
- Орос – Египет. A хэсгийн тоглолт
- Бразил – КостаРика. E хэсгийн тоглолт
- Нигери – Аргентин. D хэсгийн тоглолт
- Шөвгийн 16н нэг тоглолт. F1 – E2
- Хагас шигшээгийн нэг тоглолт
- Хүрэл медалийн төлөөх тоглолт
“ФИШТ” ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН
Хар тэнгисийн эрэгт орших үзэсгэлэнт Сочи хотын “Фишт” цэнгэлдэх хүрээлэнг 2014 оны өвлийн олимпийн наадамд зориулан 2013 онд барьж дуусгасан. Нийт 45 мянган хүний суудалтай тус цэнгэлдэх хүрээлэн нь тухайн үедээ 779 сая ам.долларын өртгөөр босож байжээ. “Фишт” цэнгэлдэх хүрээлэн нь 2018 дэлхийн аваргын цэнгэлдэх хүрээлэнгүүд дундаас хамгийн өмнөд хэсэгт оршино.
“Фишт” цэнгэлдэх хүрээлэнд явагдах тоглолтууд:
- Португал – Испани. B хэсгийн тоглолт
- Бельги – Панам. G хэсгийн тоглолт
- Герман – Швед. F хэсгийн тоглолт
- Австрали – Перу. C хэсгийн тоглолт
- Шөвгийн 16н нэг тоглолт. A1 – B2
- Шөвгийн 8н нэг тоглолт
“КОСМОС АРЕНА” ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН
Самара хотын “Космос Арена” цэнгэлдэх хүрээлэн бол хөлбөмбөгийн дэлхийн аваргад зориулагдан баригдсан. Ашиглалтанд ороод ердөө 2 сар болж буй тус цэнгэлдэх хүрээлэн анхны том спортын үйл явдлыг хүлээн авч байна. “Космос Арена” цэнгэлдэх хүрээлэн бол 45 мянган хүний суудалтай бөгөөд нийт 320 сая ам.долларын өртгөөр боссон.
“Космос Арена” цэнгэлдэх хүрээлэнд явагдах тоглолтууд:
- КостаРика – Серби. E хэсгийн тоглолт
- Дани – Австрали. C хэсгийн тоглолт
- Уругвай – Орос. A хэсгийн тоглолт
- Сенегал – Колумби. H хэсгийн тоглолт
- Шөвгийн 16н нэг тоглолт. E1 – F2
- Шөвгийн 8н нэг тоглолт
“КАЗАНЬ АРЕНА” ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН
Бүгд Найрамдах Татарстан улсын нийслэл Казань хотын 45 мянган хүний багтаамжтай “Казань Арена” цэнгэлдэх хүрээлэн 2013 оны долдугаар сард ашиглалтанд орсон. Оросын хөлбөмбөгийн премьер лигийн Рубин Казань клубын мэдэлд байдаг тус цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн аваргын 5 тоглолт болно.
“Казань Арена” цэнгэлдэх хүрээлэнд явагдах тоглолтууд:
- Фран – Австрали. C хэсгийн тоглолт
- Иран – Испани. B хэсгийн тоглолт
- Польш – Колумби. H хэсгийн тоглолт
- БНСУ – Герман. F хэсгийн тоглолт
- Шөвгийн 16н нэг тоглолт. C1 – D2
- Шөвгийн 8н нэг тоглолт
“РОСТОВ АРЕНА” ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН
Дон мөрний эрэгт орших Донын Ростов хотын “Ростов Арена” цэнгэлдэх хүрээлэн нь хөлбөмбөгийн дэлхийн аваргад зориулагдан 2014-2018 онд баригдсан. Оросын хөлбөмбөгийн Ростов клубын эзэмшилд очих 45 мянган хүний багтаамжтай тус цэнгэлдэх хүрээлэнд 5 тоглолт болно.
“Ростов Арена” цэнгэлдэх хүрээлэнд явагдах тоглолтууд:
- Бразил – Швейцар. E хэсгийн тоглолт
- Уругвай – Саудын Араб. A хэсгийн тоглолт
- БНСУ – Мексик. F хэсгийн тоглолт
- Исланд – Хорват. D хэсгийн тоглолт
- Шөвгийн 16н нэг тоглолт. G1 – H2
“ВОЛГОГРАД АРЕНА” ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН
Дэлхийн аваргад зориулагдан сүндэрлэн боссон бас нэгэн цэнгэлдэх хүрээлэн бол хуучин Сталинград буюу одоогийн Волгоград хотын “Волгоград Арена” цэнгэлдэх хүрээлэн юм. Оросын аж үйлдвэрийн түшиц том хот бөгөөд энд дэлхийн аваргын хэсгийн 4 тоглолтын хуваарь бий. 2018 онд ашиглалтанд орсон “Волгоград Арена” цэнгэлдэх хүрээлэн бол 45 мянган хүний суудалтай ажээ.
“Волгоград Арена” цэнгэлдэх хүрээлэнд явагдах тоглолтууд:
- Тунис – Англи. G хэсгийн тоглолт
- Нигери – Исланд. D хэсгийн тоглолт
- Саудын Араб – Египет. A хэсгийн тоглолт
- Япон – Польш. H хэсгийн тоглолт
“ДООД НОВГОРОД” ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН
Хуучнаар Горький, одоогийн Доод Новгород хотын 45 мянган хүний багтаамжтай “Доод Новгород” цэнгэлдэх хүрээлэн 2015 онд барилгын ажил нь эхлээд 2018 онд ашиглалтанд орсон. Дэлхийн аваргад зориулагдан боссон тус цэнгэлдэх хүрээлэнд зургаан тоглолт болно.
“Доод Новгород” цэнгэлдэх хүрээлэнд явагдах тоглолтууд:
- Швед – БНСУ. F хэсгийн тоглолт
- Аргентин – Хорват. D хэсгийн тоглолт
- Англи – Панам. G хэсгийн тоглолт
- Швейцар – КостаРика. E хэсгийн тоглолт
- Шөвгийн 16н нэг тоглолт. D1 – C2
- Шөвгийн 8н нэг тоглолт
“МОРДОВИЯ АРЕНА” ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН
Мордовын Бүгд Найрамдах улсын нийслэл Саранск хотын “Мордовия Арена” цэнгэлдэх хүрээлэн нь хамгийн удаан буюу 8 жилийн турш баригдсан бөгөөд 2018 онд ашиглалтанд орсон. Нийт 44 мянган хүний багтаамжтай тус цэнгэлдэх хүрээлэнг Оросын Мордовия Саранск клуб эзэмшинэ.
“Мордовия Арена” цэнгэлдэх хүрээлэнд явагдах тоглолтууд:
- Перу – Дани. C хэсгийн тоглолт
- Колумби – Япон. H хэсгийн тоглолт
- Иран – Португал. B хэсгийн тоглолт
- Панам – Тунис. G хэсгийн тоглолт
“ЕКАТЕРИНБУРГ АРЕНА” ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН
“Төв Стадиум” буюу “Екатеринбург Арена” цэнгэлдэх хүрээлэн бол энэ удаагийн дэлхийн аваргын цэнгэлдэх хүрээлэнгүүдийн хамгийн зүүн захад орших цэнгэлдэх хүрээлэн юм. Екатеринбург хот нь Уралын нурууны зүүн талд орших тул Ази тивд харъяалагдана. Дэлхийн аваргын үеэр 35 мянган хүний суудалтай болгон зассан тус цэнгэлдэх хүрээлэн нь 1957 онд ашиглалтанд орж байсан.
“Екатеринбург Арена” цэнгэлдэх хүрээлэнд явагдах тоглолтууд:
- Египет – Уругвай. A хэсгийн тоглолт
- Франц – Перу. C хэсгийн тоглолт
- Япон – Сенегал. H хэсгийн тоглолт
- Мексик – Швед. F хэсгийн тоглолт
“КАЛИНИНГРАД” ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН
“Балтика Арена” хэмээгдэх тус цэнгэлдэх хүрээлэн нь Калининград хотноо 2018 онд ашиглалтанд орсон. Энэ удаагийн дэлхийн аваргын цэнгэлдэх хүрээлэнгүүдийн хамгийн баруун талд орших уг цэнгэлдэх хүрээлэн нь Польш, Литва улсын цаана орших Оросын Калининград хотноо байрлана. Энд нийт 4 тоглолт явагдах хуваарьтай байна.
“Балтика Арена” цэнгэлдэх хүрээлэнд тоглолтууд:
- Хорват – Нигеги. D хэсгийн тоглолт
- Серби – Швейцар. E хэсгийн тоглолт
- Испани – Марокко. B хэсгийн тоглолт
- Англи – Бельги. G хэсгийн тоглолт
Б.БЯМБАБАЯР