Стандарт банкинд төлөх төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэр төлж эхэлсэн гэх мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар өнөөдөр болж буй Эдийн засгийн чуулга уулзалтын үеэр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнгээс тодрууллаа.
-Стандарт банкны өрийг төлж эхэлсэн гэдэг мэдээлэл бий. Энэ үнэн үү?
-Арбитрын шүүхийн шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” Стандарт банкинд өр төлсөн асуудал огт байхгүй.
-Арбитрын шүүх Стандарт банкны өрийг “Эрдэнэт үйлдвэр” төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Энэ талаар?
-Стандарт банк олон улсын Арбитрын шүүхээр явж байгаа асуудлууд бий. Мөн дотоодын хууль, хяналтын байгууллага ч энэ асуудлыг шалгаж байгаа. Тиймээс өр төлөөд эхэлсэн асуудал байхгүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаа хэвийн жигд явдаг журмаараа явж байгаа. Цаашдаа нэгэнт үүссэн нөхцөл байдлыг “Эрдэнэт үйлдвэр”-т, улсад хор хохирол багатай шийдвэрлэхийн төлөө үйлдвэрийн удирдлага ажлын хэсэг ажиллаж байна. Энэ асуудлыг шалгах Засгийн газар, УИХ-аас ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Ажлын хэсгийнхэн холбогдох хүмүүстэй уулзсан. Өнгөрсөн долоон хоногт газар дээр нь очиж ажилласан. Ингээд холбогдох байгууллагуудад зөвлөмж, чиглэл өгсөн.
-Арбитрын маргаанд бичиг баримтаа гаргаж өгөөгүй гэсэн мэдээлэл ч байна?
-Шаардлагын дагуу холбогдох бүх бичиг баримтыг гаргаж өгсөн. Энэ бол зөвхөн энэ жил яригдаж байгаа асуудал биш. Олон жил дамжиж яригдсан асуудал шүү дээ.