Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Нацагдорж: Манайхан үртэс ачдаг машинаар нүүрс зөөж байна

Эх орныг минь хөндлөн гулд давхилдсан хүнд даацын том, том машиныг дагасан олон асуудал хөндөгдөж, байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэсэн гомдол тасардаггүй. Хүнд даацын машины стандарт болон үүссэн нөхцөл байдлаас гарах арга зам, уул уурхайн ирээдүйн тухай “Уул уурхай барилгын машин механизм эзэмшигчдийн холбоо”-ны төлөөлөн удирдах зөвлөлийн тэргүүн Н.Нацагдоржтой ярилцав.

-Уул уурхайн механизмын ямар стандарт Монголд мөрдөгддөг вэ. Мэргэжилтнүүд зориулалтын бус машинаар тээвэрлэлт хийж байна гэх юм?
-Монгол Улс энэ талаар стандартдаа нарийн тусгасан байдаг. Гэтэл уул уурхайн компаниуд зориулалтын бус хятад машин хэрэглэх болсон. Хятадын гэдэгтээ бус хамгийн гол нь тэдгээр машин нь том тэвштэй ч даац багатай, овор ихтэй хөнгөн ачаа ачих зориулалттай. Гэтэл манайхан жин ихтэй ачааг дүүртэл нь ачиж байна. Нэг ёсондоо үртэс ачих ёстой машинд нүүрс ачаад байна гэсэн үг л дээ. Энэ нь тэдний хувьд эдийн засгийн хувьд ашигтай болохоор зориулалтын бус машин ашиглаж байгаа хэрэг.

-Нэгэнт ороод ирчихсэн машиныг яах хэрэгтэй вэ. Компаниуд нэгэнт худалдан авсан болохоор ашиглана гэх байх даа?
-Юуны өмнө хэрэглэгч зөв сонголт хийх ёстой. Судалгаа сайн хийж машин техникээ авах хэрэгтэй. Нэгэнт авчихсан машинаа хөрс нь чулуулаг ихтэй эсхүл дэд бүтэц сайн хөгжсөн, стандарт нь нийцдэг улс, оронд хямд зарж болно. Хятад руу буцаагаад зарж болно. Хятадууд өөрсдөө зориулалтаар нь хэрэглэхээр манайхаас хямд авах ч юм билүү. Үгүйсгэх аргагүй шүү дээ.

-Хүнд даацын машин байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэдэг. Монголд ийм төрлийн машин явах замын стандарт байдаг уу?
-Зориулалтын бус замаар тээвэрлэлт хийхээр байгалийн төрхөд нөлөөлөн экологид сөрөг нөлөө үзүүлдэг. Энэ нь манайд илэрчихлээ.  Миний дуулснаар зам дээр ус тогтож байна гэдэг чинь стандартын бус байдаг гэсэн. Хүнд даацын машин явах замын стандарт гэж байлгүй яахав. Дөрөв, таван жилийн дараа сайжрах биз. Гадаадын орнуудад энэ замаар тийм жинтэй машин явна гээд заачихсан том машин жигнэдэг төхөөрөмжийг замынхаа эхлэл дээрээ суурилуулсан байдаг юм билээ.

-“Оюу толгой” компанийг маш том машинаар хурдан хугацаанд баялгийг маань зөөгөөд дуусах нь гэж яриад байгаа. Ер нь, Монголын нөхцөлд том машинаар тээвэрлэлт хийх нь зөв үү?
-Давуулан биелүүлэх нь монголчуудын нэг зан юм уу даа. Уг нь, буруу зүйл юм. Энэ бол богино хугацааны ашиглалтын гэрээ баталснаас үүдэн гарч байгаа асуудал. Миний бодлоор бүр мянган жил ашиглах гэрээ байгуулах хэрэгтэй байсан. Энэ хугацаанд олборлож, тэр даруйдаа нөхөн сэргээлтийг хийж удаан хугацаанд ашиглана. Бүгдийг нь хамж гаргах биш, бага багаар авч хэрэглэх нь чухал. Яагаад гэвэл, энэ баялаг бидний үр хүүхдэд үлдэх ёстой. Мөн уул уурхайн технологи жил улирах тусам хөгжиж байна. Ирээдүйд байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бий болно. Тэр хүртэл хадгалах нь зөв.

-Жолоочийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны хэм хэмжээ, стандарт гэж байдаг. Компаниуд хэр баримталдаг юм бэ?
-Байлгүй яахав. Машины бүхээг жолоочийн хоёр дахь гэр. Тиймээс халуун хүйтнийг тооцсон, жолоочийн унтаж амрах болон бусад ая тухыг хангасан байх шаардлагатай. Гэхдээ энэ бол үйлдвэрлэгчдийн анхаарах ёстой зүйл. Манай жолооч нар машин барихад нуруу, бөөр өвддөг гэж ярьдаг. Сүүлийн үед ийм асуудал үндсэндээ үгүй болсон. Машиныг нь нэмж тоноглодог болсон. Гадаадад машин нь жолоочийн өмч байдаг. Жолооч компанитай гэрээ хийгээд хувийнхаа машинаар бүтээгдэхүүнийг нь тээвэрлэдэг гэсэн үг. Тиймээс өөрт тохирсон ая тухтай байдлыг бий болгож чаддаг. Монголын компаниуд техникээ аваад жолоочоо цалинжуулах хэлбэрээр ажиллаж байна. Ингэхээр жолоочийн эрх ашиг хаягдах хандлагатай.

-Уул уурхай хөгжиж хүн бүр л энэ салбарт ажиллахыг хүсэх болж. Боловсон хүчнүүд маань хэр чадамжтай байна вэ?
-Уул уурхай Монголд шинэ зүйл биш. Бидэнд 90 жилийн туршлага байна. Одооноос л эрчимжиж байгаа. Үнэндээ манайд боловсон хүчин дутмаг. Уул уурхайн сургууль төгссөн оюутнууд гадаад хэлний мэдлэг тун тааруу байдаг. Өнөөдөр энэ салбарт гадаад хэлтэй хүмүүс л ажиллана.  Гэтэл ажил олгогчийн эрж буй боловсон хүчин байхгүй болохоор гадаад мэргэжилтнүүд ажиллуулж байна.

-Яагаад. Шинэ технологи дээр ажиллахад манай мэргэжилтнүүд жаахан дутмаг байдаг юм биш үү?
-Яг нарийн мэргэжлийнхэн хэрэгтэй болохоос жирийн ажилчид хэрэггүй. Учир нь, Монголд боловсруулалт хийдэггүй. Зөвхөн хүрздэж савлаад урагш нь зөөдөг. Үүнийг чинь монголчууд чадна биз дээ. Үүнээс гадна манайхан мэргэжилтнүүдээ шинэ технологид нь сургах ёстой. Үүний тулд уул уурхайн сургуулиудын сургалтыг сайжруулах хэрэгтэй байна. Америкт нэг шинэ технологи гарлаа гэхэд энд түүний талаар судалж байх шаардлагатай. Яагаад гэвэл, оюутнуудыг мэргэжилтэн болоод төгсөхөд тэр технологи нь манайд нэвтэрнэ. Манайхан аль эрт хоцрогдсон оросын техникийг хэрхэн ашиглах талаар л заагаад байдаг. 

0 Сэтгэгдэл
oeu tolguid enerji resurs
Хамгийн их уншсан