Эдийн засагт голланд өвчин нүүрлэж, инфляц өсч байгаа нь эрсдэл дагуулж байна хэмээн эдийн засагчид ярих болсон. Харин энэ талаар Монголбанкны Олон нийттэй харилцах хэлтсийн эдийн засагч Э.Хишигжаргал, С.Амгаланбаяр нартай ярилцлаа.
-Манай эдийн засагт голланд өвчний шинж тэмдэг илэрч байна гэх юм. Үүнээс яаж зайлсхийх вэ?
Э.Х-Голланд өвчин гэдэг нь уул, уурхайн салбарт суурилсан төрөлжилт муутай эмзэг эдийн засгийн бүтцийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнээс хэт хараат болох, эдийн засгийн өрсөлдөх чадвар сулрах, боловсруулах салбар дорвитой хөгждөггүй гэсэн үг л дээ. Монгол Улсын хувьд голланд өвчний шинж тэмдэг ажиглагдаад эхэлсэн. Тухайлбал, экспортын орлогын 90-ээс дээш хувийг уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн дангаараа бүрдүүлж байна. Эдийн засаг дахь нөөцийн хуваарилалт үндсэндээ уул уурхай руу чиглэсэн. Тиймээс энэ байдлаас сэргийлэхийн тулд юуны түрүүнд санхүүгийн тогтвортой байдлын тухай хуулиа ягштал мөрдөж, илүүдэл орлогоо сан хэлбэрээр хуримтлуулах нь чухал. Засгийн газраас тэргүүлэх зэрэглэлийн салбаруудад хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, татварын таатай орчинг бүрдүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Үүний сацуу ажлын байрыг олноор бий болгодог жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих нь чухал юм.
-2012 он жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид руу чиглэсэн жил байсан. Гэвч үйлдвэрлэлийг нэмэгдүүлж чадсан уу гэдэг нь эргэлзээтэй?
Э.Х- Зарим тоо мэдээг сөхөж үзье л дээ. Манай банкны системээс иргэд, аж ахуйн нэгжид олгосон жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн өрийн үлдэгдэл 2009 онд 483 тэрбум байсан бол энэ оны эхний улиралд 1.069 их наяд төгрөг болжээ. ЖДҮ-ийн зээл 2010 онд 29 хувиар өсч байсан бол 2011 онд 67 хувиар, энэ оны эхний улиралд 55 хувиар нэмэгдсэн мэдээ байна. Тэгэхээр ЖДҮ-ийн зээл буурсан, хумигдсан гэсэн яриа худлаа байгаа биз? Харин Таны асуултыг ийм төрлийн зээлийн эрэлт маш их байгаа ч нийлүүлэлт нь гүйцэхгүй байна гэсэн утгаар ойлгож байна. Үүнтэй бол санал нийлнэ, ЖДҮ-ийн зээлийг өнөөдрийн байгаа тооноос магадгүй хэд дахин нэмэгдүүлэх шаардлага байгааг үгүйсгэх аргагүй. Гэтэл банкууд ЖДҮ-ийн зээл олгохдоо тун болгоомжтой ханддаг нь барьцаа хөрөнгөтэй холбоотой. ЖДҮ-ийн зээл олгохдоо банкууд хүнд суртал гаргаж байна, удаан хойрго байна гэж шүүмжлэх аяс цухалздаг. Гэтэл банкуудыг буруутгах бус харин асуудлыг шийдвэрлэх зөв механизмуудыг олох хэрэгтэй. ЗГ-аас санал болгож буй ЖДҮ-ийн батлан даалтын сан үүний нэг жишээ байж болох юм.
-Дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр ашигт малтмалын үнэ хямдрах магадлал бий. Үүний нөлөөгөөр манай улс бас дагаад хямарч магадгүй гэсэн анхааруулга Дэлхийн банк өгсөн. Манай эдийн засаг ер нь ямар байна вэ?
Э.Х-Тиймээ, Тантай санал нэг байна. Түүхий эдийн зах зээлийн үнэ маш савалгаатай байдаг. Үнэ нь нэг л өдөр буурахыг хэн ч байг гэх газаргүй. Аз болоход өнөөдөр алт, зэс, нүүрсний үнэ боломжийн байна. Үүнийг ашиглаад бид эдийн засгийн дархлаагаа бэхжүүлээд авах хэрэгтэй. Эдийн засгийн нөхцөл байдал боломжийн байна. Нэгдүгээр улиралд ДНБ 16.5%-аар өсчээ. Хоёрдугаар улиралд ч энэ хурдац хадгалагдсан гэдэгт эргэлзэхгүй байна. Зээл эхний хагас жилд 38.8 %-аар өссөн. Харамсалтай нь, эдийн засгийг сулруулж болзошгүй зарим эрсдэлийг дурдахгүй байж болохгүй нь. Дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал хадгалагдсаар байна, төсвийн алдагдал зургадугаар сарын байдлаар 574.8 тэрбум төгрөгт хүрсэн бол, гадаад худалдааны алдагдал эхний таван сард 940 сая ам.долларыг давжээ. Мөн инфляци тогтворжих хандлагатай байгаа ч ерөнхий түвшин нь өндөр хэвээр байгаа. Гэхдээ шинэ УИХ, Засгийн газар зөв зохицуулалт хийгээд явбал макро эдийн засгийн орчинг савалгаагүй байлгах бүрэн боломжтой. Малын тоо толгой 50 саяд хүрчихлээ. Оюу толгой, Таван толгой төслүүд үргэлжилж байна. Цаашид төсөв, мөнгөний эрх баригчид ханшийн уян хатан бодлогоо үргэлжлүүлээд, төсвийн тодотголоо эдийн засгийн урт хугацааны эрх ашигт нийцүүлээд явчихвал болзошгүй хямралыг сөрөх чадвар нэмэгдэх нь гарцаагүй.
-Одоогоор инфляци өсөх чиглэлд зүтгэсээр байна. Төв банкны инфляцын өсөлтийн эсрэг авч буй арга хэмжээ үр дүнгээ хэр өгч байгаа бол. Бодлогын хүүгээ дахин нэмэх үү?
Э.Х-Инфляци сараас сард нэмэгдсээр ирсэн ч, өсөлтийн хурдац нь нэлээн саарах хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, нэгдүгээр сард инфляци 2.9 хувиар өсч байсан бол өнгөрсөн зургадугаар сард 0.3 хувиар өсчээ. Жилийн илэрхийллээр аваад үзвэл хоёрхон сарын өмнө 17.8 хувьд хүрч байсан инфляци өнөөдөр 15.1 хувь болсон байх жишээтэй. Авууштай зүйл гэвэл, суурь инфляци оны эхнээс огт өсөөгүй. Суурь инфляци нэг оронтой тоонд орж ирсэн нь оны эцэст инфляци зорилтот төвшнээс хол давахгүй гэсэн итгэл найдварыг төрүүлж байна. Инфляцийн эрчийг сааруулахын тулд Монголбанк бодлогын хүүгээ хэд хэдэн удаа нэмэгдүүлсэн. Харин нөлөөлөл нь 2-3 улирлын дараа гардаг. Үндсэндээ оны өмнө авсан арга хэмжээний нөлөө өнөөдөр ажиглагдана гэсэн үг. Тухайлбал, мөнгөний нийлүүлэлт 2010 онд 62.5, 2011 онд 37.0 хувиар тус тус өсч байсан бол энэ оны эхний хагас жилд 22 орчим хувиар өссөн дүнтэй байна. Энэ өсөлтийг Монголбанкнаас зохистой, инфляцын дарамтгүй өсөлт гэж үзэж байгаа. Бодлогын хүүг өөрчлөх шийдвэр гаргадаг субъект нь Монголбанкны Захирлуудын Зөвлөл. Мөнгөний бодлогын асуудлаар хуралдах товыг бид оны эхэнд нийтэд зарласан байгаа. Тэрхүү товынхоо дагуу хуралдаж шийдвэрээ гаргана. Онцлон хэлэх зүйл гэвэл, Монголбанкнаас инфляцийн төлөв байдал, ирээдүйд учрах эрсдэлийг анхааралтай ажиглаж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллах болно.
-Иргэдийн хадгаламж өсч байна гэж ҮСХ-ноос мэдээлэх ч ядуурал буурахгүй байна. Шалтгаан нь юунд байна вэ?
Э.Х-Иргэдийн хадгаламж зургадугаар сарын байдлаар 2.9 их наяд төгрөгт хүрч, нийт хадгаламжийн 65.3 хувийг бүрдүүлж байна. Ноднингийн мөн үетэй харьцуулбал иргэдийн хадгаламж 25.1 хувиар өсчээ. Хямралтай байсан 2008 оныг эс тооцвол иргэдийн хадгаламж байнга өссөөр ирсэн. 2009-2012 оны хооронд иргэдийн хадгаламж даруй 3.1 дахин өссөн үзүүлэлттэй байна. ҮСХ-ноос гаргасан мэдээллийг харвал 2010 онд ядуурал 39.2 хувь байсан бол 2011 онд 29.8 хувь болж буурсан байна. Албан ёсны статистикийг зөв буруу гэж үнэлэх нь зохисгүй болов уу. Үнэхээр ядуурал буураагүй гэж үзэж байгаа бол ҮСХ-ноос тодруулах нь зөв.
-Сүүлийн үед төсвийн алдагдал өсч буй гэсэн мэдээлэл бий. Энэ алдагдлыг бууруулах ямар нэг арга зам байна?
С.А-Энэ оны зургадугаар сарын байдлаар төсвийн алдагдал 574.8 тэрбум төгрөгт хүрсэн мэдээ бий. Төсөв алдагдалтай байх нь үргэлж сөрөг нөлөө үзүүлдэггүй. Улс орнууд төсвийн алдагдлаа нэмэх замаар хямралаас гарах, эдийн засгаа идэвхижүүлж байсан нь цөөнгүй. Бидний шүүмжилж буй зүйл гэвэл манай төсөв хэт хурдацтай, инфляцын дарамттай өсч буй явдал юм. 2009-2011 оны хооронд төсвийн зарлага хоёр дахин өссөн гээд бод доо. Төсвийн параметруудыг тодорхойлохдоо уул уурхайн орлогыг хассан байдлаар мөн авч үзэх нь зохимжтой. Улс төрийн эр зориг, эрүүл ухаанаар асуудалд хандвал төсөв алдагдалтай бус харин ч бүр ашигтай гарах бүрэн боломжтой. Монголбанк 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх төсвийн тогтвортой байдлын тухай хуульд онцгой ач холбогдол өгч байгаа. Ингэснээр макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах маш хүчирхэг хэрэгсэл ажиллаад эхэлнэ гэсэн үг.
-Төгрөгийн ханш цаашид улам чангарна гэж зарим эдийн засагч хэлдэг. Цаашид ханш ямар байх төсөөлөл гарч байна вэ?
С.А-Ханш богино хугацаанд зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээсээ хамаарч чөлөөтэй хэлбэлзэж байдаг зүйл. Өөрөөр хэлбэл, суларч ч байдаг, чангарч ч байдаг үзүүлэлт. Оны эхний зургадугаар сарыг бүхэлд нь авч үзэхэд валютын захын эрэлт, нийлүүлэлт харьцангуй тэнцвэртэй, тогтвортой байгаа. Гадаад эдийн засгийн орчин ноцтой муудаагүй, эдийн засгийн өсөлт саараагүй, итгэх итгэл нь ч хэвээр байна. Ийм нөхцөлд хямралын үе шиг төгрөгийн гадаад валюттай харьцах ханш огцом хэлбэлзэх шалтгаан, үндэслэл байхгүй. Цаашид ханш суларна, чангарна гэж хэлэх нь Төвбанкны хувьд туйлын зохисгүй зүйл. Харин зайлшгүй чухал анхаарах зүйл нь гэвэл зах зээлд оролцогчид бодитой мэдээлэлд үндэслэн зөв хүлээлттэй байх хэрэгтэй.
-Монголбанк валютын ханш өссөн хойно нь интервенци хийдэг, өөр арга хэмжээ авахгүй байна гэж шүүмжилдэг л дээ?
Э.Х- Үүнтэй би санал нийлэхгүй. Монголбанк долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт валют авах, зарах дуудлага худалдааг тогтмол зохион байгуулдаг. Харин дуудлага худалдаагаар ирсэн саналыг Монголбанк хүлээж авах эсэх нь тусдаа асуудал байдаг. Монголбанк хэзээ интервенци хийдэг вэ гэхээр нэг талаас валютын зах дээр үүссэн түр зуурын шинжтэй хомсдол, илүүдлийг зохицуулах, нөгөө талаас эрэлт нийлүүлэлтэд өөрчлөлт орсон тохиолдолд ханшийг шинэ тэнцвэр рүү аль болох аядуу, зөөлөн хүргэх үүднээс валютын захад оролцдог байгаа.
-Гадаадын зарим хэвлэлд хамгийн хурдацтай өсч хөгжиж байгаа эдийн засагтай орон Хятад бус Монгол гэж буй. Та үүнтэй санал нийлэх үү. Эдийн засгийн энэ өсөлтөө яаж ард түмний амьдралд ойртуулж халаасанд хийх ёстой юм бол?
С.А-Тиймээ. Монгол Улсын эдийн засаг ойрын 10 жилд маш хурдацтай өсөхийг гадаад дотоодын шинжээчид санал нэгтэй зөвшөөрч байгаа. Харин уул уурхайг бусад эдийн засгийн салбарын зүтгүүр болгож, баялгийн хараалаас зайлсхийж чадвал ядуурал, ажилгүйдлыг үгүй хийж, дундаж давхарга зонхилсон нийгмийг цогцлоон бүрдүүлэх бүрэн боломжтой. Бэлэн мөнгө тараагаад нийгэм сайн сайхан болчихгүй. Харин ч эсрэгээрээ бэлэнчлэх сэтгэлгээг улам гааруулсан байх. Төр засгаас ажил хийх сонирхолтой хүмүүст ажлын байрыг бий болгоод, харин нийгмийн бодлогоо хүн амын орлогын ялгавартай байдлыг хэт нэмэгдүүлэхгүй байх, нийгмийн эмзэг бүлгүүдийг хамгаалахад чиглүүлэх учиртай.