УИХ өнгөрсөн дөрөвдүгээр сард энэ оны улсын төсөвт тодотгол хийхдээ долоон төрлийн татвар нэмэх болсон. Тухайн үед Сангийн сайдын алба хашиж байсан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “ОУВС-гаас тавьсан шаардлага, төсвийн тасалдалтай холбоотойгоор татвар нэмлээ” хэмээн мэдээлж байв. Харин иргэдийн халаасанд гар дүрж татвар нэмэгдэхийн хэрээр сайд нарын зардал өссөн нь тухайн үед шүүмжлэл дагуулж байсан билээ.
ОУВС манай Засгийн газартай хамтарч “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхдээ төсвийн орлогоо нэмэгдүүлж, зарлагаа танах шаардлага тавьсан. Иймд суудлын автомашины импортын Онцгой албан татвар, Хадгаламжийн хүүгийн орлогын албан татвар, шатахууны Онцгой албан татвар, тамхины Онцгой албан татвар өнгөрсөн 7 дугаар сарын 01-нээс нэмэгдэхээр шийдвэрлэсэн.
Тухайлбал, Хадгаламжийн хүүгийн орлогод их, бага хэмжээгээр ялгалгүй 10 хувийн татвар ногдуулж буй. Энэ татвараар төсвийн орлого энэ онд 43 тэрбум төгрөг, 2018 онд 67 тэрбум төгрөг, 2019 онд 70 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Харин импортын тамхины Онцгой албан татварыг нэмсэнээр төсвийн орлого энэ онд 20 орчим, 2018 онд 26 орчим, 2019 онд 27 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх аж.
Ингээд ирэх оны 1 дүгээр сарын 01-нээс нэмэгдэх албан татварыг танилцуулая.
Хувь хүний орлогын албан татвар:
-Хувь хүний орлогын албан татварыг цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар нэмж 4 шатлалаар ногдуулна.
Ингэснээр өндөр орлоготой иргэдийн татварын ачаалал нэмэгдэнэ. Жишээ нь, сарын 2.5 сая төгрөгийн орлогод 11.2 хувиар, сарын 4.0 сая төгрөгийн орлогод 15.1 хувиар татвар ногдож байна. Одоогоор 900 мянга орчим татвар төлөгч бүртгэлтэй байгаа юм. Тэгээд нийт татвар төлөгчдийн 95 орчим хувь нь 10 хувиас бага татвар төлж, үлдэх 5 хувь нь татварын шатлалд хамрагдаж 10 хувиас их татвар төлнө хэмээн Сангийн яамнаас тооцсон. Тус татвараас төсвийн орлого ирэх онд 51.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж үзэж байна.
Түүнчлэн, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт одоогийн хуулиар 84 мянган төгрөг байгаа. Ингээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан ирэх онд 120, 2019 онд 160, 2020 онд 200 мянган төгрөг болгоно хэмээн хуульчилсан билээ.
Энэ татвар нэмэгдсэнээр энэ онд төсвийн орлого 43, ирэх жил 88, 2019 онд 84 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэх тооцоо бий.
Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх:
-Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх болсон. Тухайлбал, энэ онд 7, ирэх жил 8, 2019 онд 8.5, 2020 онд тус бүр 9.5 хувь болгож нэмнэ.
Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь энэ онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиас баггүй байх юм. Харин ирэх онд 11, 2019 онд 11.5, 2020 онд 12.5 хувиас багагүй байна.
Архи, тамхины онцгой албан татвар:
-Тамхи, согтууруулах ундааны онцгой албан татвар
-2018 оноос 10 хувиар,
-2019 оноос 5 хувиар,
-2020 оноос эхлэн 5 хувиар тус тус нэмэгдэх юм.