Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Багшийн цалинг нэмүүлэх түр хороо, ҮЭ хамтрахаар болж ажил хаялтад санал нэгджээ

Багш нарын цалин нэмүүлэх асуудлыг анхлан хөндөж тавьсан хэмээн өөр хоорондоо хөлөө жийлцэж, багш нарыг хоёр хуваагдахад хүргэсэн БШУҮЭХ, Багшийн цалинг нэмүүлэх түр хорооныхон өчигдөр хамтран ажиллахаар болж хүчээ нэгтгэжээ.

Түүгээр ч зогсохгүй гурван яам, ҮЭ, Багшийн цалинг нэмүүлэх түр хороо хамтарсан ажлын хэсгийн ахлагч Ж.Болормаад шаардлага хүргүүлээд амжжээ.

Шаардлагынхаа нэгдүгээрт, БСШУСЯ, МБШУҮЭХ-ны 2016-2017 онд байгуулсан хамтын хэлэлцээрээр тусган баталгаажуулсан зарим заалтыг биелүүлж багш, ажилчдын цалин хөлсийг 2017 оны 4 дүгээр улиралд 50 хувиар нэмэгдүүлэх,

Хоёрт, Багшийн ажлын ачаалал, нөхцөл, эрүүл мэндтэй холбогдуулан шинээр “Эрүүл мэнд эрсдэлийн нэмэгдэл”-ийг бий болгож цалин хөлсийг 2017 оны дөрөвдүгээр улиралд нэмэгдүүлэх.

Гуравт, Төсөвт хуваарилагдсан үр дүнгийн урамшууллын 3 дугаар улирлын үлдэгдлийг нөхөн олгох, 4 дүгээр улирлын үр дүнгийн урамшууллыг бүрэн хэмжээгээр олгох.

Дөрөвт, 2018 оноос шинэчлэн найруулах журам, тогтоолуудын ажлын хэсгийн дүгнэлтийг 2017 оны цалин хөлсний асуудал шийдэгдсэний дараагаар ахин хэлэлцэх зэрэг асуудлыг оруулж өгчээ.

Дээрх шаардлагуудыг анхаарч үзэж, ажиллавал улс орон даяар ажил хаях шаардлага гарахгүй гэдгээ ч мэдэгдсэн байна.

Олон мянган багш нарынхаа эрх ашгийг бодож хамтарсан хэмээн тайлбар хийж буй тэд тавьсан шаардлагыг нь биелүүлээгүй тохиолдолд энэ сарын 13-ны өдрөөс эхлэн орон даяар бүх сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулиудын багш нарын хамтаар хугацаагүй ажил хаялт хийнэ гэв.

Өчигдөр оройны 20:00 цагийн байдлаар нийслэлийн 100 сургууль, СӨБ-ын 151 цэцэрлэг, шинжлэх ухааны 9 байгууллага хугацаагүй ажил хаялтад оролцоход бэлэн байгаагаа уламжилсан байна.

Мөн аймаг, сумдын холбоодын дарга нарыг орон нутгийн салбар зөвлөлийнхөө гишүүн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэн идэвхтэй зохион байгуулж ажиллахыг МБШУ-ы ҮЭ-ийн “Ажил хаялтыг удирдан зохион байгуулах ажлын хэсэг” уриалсан байна билээ.

Ямартай ч МБШУ-ы ҮЭ боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагыг энэ сарын 7-ны өдөр УИХ, Засгийн газарт хүргүүлсэн. Түүнчлэн БСШУСЯ-наас элдэв төрлийн цалингийн нэмэгдлээр аргалахаар төлөвлөж байгаа нь бидний шаардлагын хариу биш гэж үзэж буйгаа ч мэдэгдсэн.

Харин Багшийн цалинг нэмүүлэх түр хорооныхон 2017 оны дөрөвдүгээр улиралд багтаан багш нарын цалин хөлсийг 50 хувиар нэмэгдүүл гэдэг шаардлагыг тавьсаар ирсэн. Тэгэхээр дээрх хоёр байгууллага нэгдэж, нийлэхээр болсон учир Засгийн газар 2017 онд 50 хувь, 2018 онд 50 хувь гэдэг асуудалтай нүүр тулгарч байна гэсэн үг.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан