Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
Д.Ган-Очир: Шинэ номоо хэвлэлтээс авна гэдэг найрагч, зохиолч бидний амьдралын аз жаргал юм

Бүтээл туурвилын арвин олз омогтой яваа яруу найрагч, сэтгүүлч Д.Ган-Очир саяхан “Сэтгэлийн реализм” хэмээх шинэ номоо өлгийдөн аваад байгаа билээ. Түүний энэ удаагийн ном нь яруу найргийн шүлгийн түүвэр ажээ.

-Шинэхэн номоо хэвлэлтээс аваад байх анхны мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?

-Хүн чинь хүү төрлөө гэхээр ямар их баярладаг билээ дээ.Түүн шиг л баярлах сэтгэл төрж байна.

-Шинэ номын нэр их өвөрмөц санагдлаа. Яагаад “Сэтгэлийн реализм” гэж нэрлэх болов.Надад их сонин байна?

-Олоон жилийн өмнө бараг л 30 жилийн тэртээ Дорнын их найрагч Д.Нямсүрэнгийн “Сэтгэлийн байгаль” нэртэй номыг гарын үсэгтэй өөрийнх нь гараас авч байсан юм. Тэр үед жоохон хүүхэд яавал Нямсүрэн ах шиг ийм гарын үсэг зурсан,номтой найрагч болох вэ? гэж бодож байсан санагдана.

Эндээс л их утга зохиол руу шимтэн орох,шүлэг найраг бичин туурвих сэдэл санаа урган гарч явсан үе минь одоо ч хэвээрээ…Энэ л хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн амьдарч яваа минь намайг “гэгээн зорилготой” болгосон гэхэд болно.

-Нэр нь тэгээд их л содон юм. Багшийнхаа номноос санаа авсан гэхэд болох уу?

-Аливаад уламжлал, шинэчлэл гэж байх.” Сэтгэлийн байгаль” яруу найргийн түүвэр бол багшийн минь хоёр дахь ном.Тухайн цаг үедээ Монголын яруу найрагт гайхамшигтай энгийн ахуйгаар шинэчлэл хийсэн шүлгийн түүвэр ном.

Энэ тухай Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбар агуу сайхан хөрөг бичсэн.Нэр нь юу билээ дээ “Сэтгэлийн байгаль буюу Данзангийн Нямсүрэн” гэсэн нэртэй байсан санагдаж байна.

Энэ номыг дэрлэж унтдаг, дэлчигэр банди явсан үе бий. Гэгээн сайхан найраг шүлгийн ном орой болгон уншиж өссөн тэр сайхан сэтгэл,сэтгэлгээгээ алдахгүй гэсэндээ л өдий хүртэл шүлэг,найрагтайгаа амьдарч явна. Үүнийхээ баталгаа болгож “Сэтгэлийн реализм” нэртэй шүлгийн түүвэр хэвлүүлэн гаргалаа.

-Уламжлал шинэчлэл гэж ярьж байна. Та Эрээнцавын эвдрээгүй найрагч Данзангийн Нямсүрэнгийн шавь гэж нэгэн сонин дээр бичсэн байсныг санаж байна?

-Уламжлал,шинэчлэл гэхээр учиргүй үгүйсгээд,цоллууллаад,онгироод,үсчээд явахын нэр биш л дээ. Манай зарим нэг шүлэг,зохиол оролддог хүмүүс хэтэрхий өмчирхөх, үгүйсгэх, хардах явдал байдаг.

Аргаггүй л дээ…уншаагүй учраас харанхуй, хар таамгаар л зүглүүлээд муулж л байвал боллоо гэж бах таваа хангах нь эргээгээд сэтгэл гэмтээх тул уншаасай! гэж захимаар санагддаг.Багшийн заасан замаар бус өөрийн зам мөрийг утга зохиолд гаргахыг миний сэтгэл, зоригдолыг чухалчилдаг гэхэд болно. Би чинь хорвоо дээр ганцхан л хувь Д.Ган-Очир шүү дээ.

-Та аль нутгийн хүн бэ?

-Миний төрсөн нутаг агуу Дорнодын их тал нутаг.Төрсөн газар Цагаан-Овоо сум, Хөөврийн нуур.Өссөн өдийсөн газар шороо бол Чулуунхороот сум Эрээнцав нутаг.Аав ээж минь энэ нутагт айл гэр болсон сайхан гэгээн найргийн шүншигтэй нутаг даа.

-Та гарын үсэгтэй номын худалдаа хийснээр танд юу бодогдож байна вэ?

-Бодож байна. Дорнодын уншигчид маань бас гарын үсэгтэй номын худалдаа хийгээч! гэсэн санал ирүүлсэн.Интерном их дэлгүүрт хийлээ.Амжилттай зохион байгууллаа. Номын худалдааг минь зорьж ирсэн олон арван найз нөхөд,садан төрлүүд,уншигч, нутгийнхан, оюутан цагийн,цэцэрлэгийн балчир насны найз гээд ирлээ.Үүнээс хараад боджээ суухдаа би одоо түмтэй болжээ гэж бодож сэтгэл өег байна шүү.

Танд баярлалаа.

ЯРУУСАХУЙН ЗҮГ

“Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч хэмээн алдаршсан Данзангийн Нямсүрэн-д өргөх шүлэг”

Өвс нь Нямсүрэн буюу

Үүл нь Нямсүрэн буюу

Өндөр тогоруу нь ч Нямсүрэн буюу

Өнөө маргааш нь ч Нямсүрэн буюу

Цаст Эрээнцав холхи агаад

Цаглашгүй их яруу найраг буюу

Цаст Эрээнцав чинадын гэгээ агаад

Цагаан шүхэрт судар буюу.

Нялхамсаг Эрээнцав энгүй агаад

Нямсүрэнгийн бэхэн хөх яргуй буюу

Хаврын урсгал Улзын цөнтэй чимээлж

Хамаг юмс наран өөд сэргэн мандах буюу.

Борооших Эрээнцав нойтон агаад

Болжмор далавчаа сэгсрэн шүлэг хэлэх буюу.

Улзын модон гүүр сарны доор нумрахуй

Учрахуй-хагацахуй цугтаан ялуун дээр урсан одох буюу.

Ерхөгт Эрээнцав шаргалтах агаад

Ер бусын намрууд нь давтагдашгүй буюу.

Ертөнц цугаар Нацагдоржтой найгах ахуйд

Ерөөлийн хундагатай Нямсүрэн шүлэглэх буюу.

Шүлгэн хатираатай дөрвөн цагийн эрхэнд

Шүүдэрт Дагуурын хөндий шувуудын диваажин буюу.

Эртний л алс Эрээнцавд хүмүүн зорин очих нь

Эгэлгүй яруу найргийн сарны жим буюу.

Гүцлэн тавьсан сархадын шидэнд

Гүлранс,Нямсүрэн согтон цэнгэхийг харсан буюу.

Нойр зүүдний завсар бясалган үзэхүйеэ

Номын хүчээр цугтаа эдүгээч үзэгдэх буюу.

Даалимбан дээлтэй найрагч

Улз даган алхаж

Дан хөх сууцандаа шүлэг цуглуулан ирээд

Бөгтийн сууж мөр,бадагс тэрлэн анир бясалгахад

Бөртөн сар ч тэнгэрт чимээ гаргахгүй хэмээн түр саатмуй.

Яруу найраг зохирон лааны гэрэлд амгаланг олоод

Яриг бүрээ татах мэтү үүр цайхад бичгийн ширээгээ орхимуй.

Яруу уянгын найраг сөгнөн хэн нэгнийг хүлээх Нямсүрэн бээр

Янжинлхам мутраас адис хүртсэнд

Дорно хэзээд үл эргэлзмүй.

Яруу найрагч Д.Ган-Очир

* * * Өвлийн дохио

Өнөөдрөөс чихэнд дуулдаж

Хацар үнсэнэ.

Өвөл эмэгтэй хүн юм болов уу?

Өвлийн амьсгаа

Үүдний цаана цантаж

Чахран чухран алхана.

Өвөл эрэгтэй хүн юм болов уу?

Өөрөөсөө асуусан энэ бодол

Өнөөдрийн ярих сэдэв шиг

Өмнө минь тавьсан цайны ааг шиг

Өнтэй дулаан санагдана.

* * * Хайрт минь чам дээр

Миний сүнс шөнөжин

Үүл шиг тогтчихсон

Зүүдийг чинь ажиглаж

Өглөө нь миний тархинд Үзүүлдэг.

Хайрт минь чам дээр

Миний хүсэл шөнөжин

Сар шиг гэрэлтэж

Царайг чинь тодруулж

Өглөө нь миний бодолд Зурагладаг.

Бие минь амарч

Нойр зовхийг минь илбэхэд

Би түүнийг ажигласаар байдгаа

Бясалгасаар мэдэрлээ.

Өглөө болгон чи минь

Үнэхээрийн гоо харагдахын учир

Өглөө болгон чи минь

Өөрийнхөөрөө байхын учир

Би чамаас уйддаггүй юм байна.


* * * Энэ жилийн намар

Эжийг минь их сануулах юм.

Эргэн тойрон навчис хөглөрч

Энэлэх сэтгэлд аргал шиг харагдана.

Цайны сүүгээр тасраагүй байгаа..!эжий минь

Цантай Хэрлэн минь хөлдөөгүй байгаа

Цаснаас урьдаж нутаг бараадаж

Цагаан гэгээтэй гэртээ нэг очьё.

Энэ жилийн намар

Этгээд ихээр нялхамсуулна.

Эжийгээ санасан сэтгэлтэй

Энэ жилийн намар аа гэж…


* * * Танихгүй бүсгүй над руу

Тааж хэлэхийн аргагүй

Дүрлэгэр алаг нүдэндээ Багтааж харлаа.

Олон олон нүдийг харж л явлаа.

Онцгой ийм нүдийг харсангүй ээ.

Харц уншдаг болтолоо гэгээрэх гэж

Хамаг л муу муухайгаас зугтаж,тойрч явнам.


* * * Амьдралын наран дугуй түрээд

Алсрах гэж л явна.

Асах залуу насны хөтөл даваад

Аажуухан ахиад уул өөд өгсөж явна.

Цаг хугацааны завсар ээж минь бөртөлзөн

Цайны дээжтэйгээ хүлээн суугаа

Цайлган багын зангаа зүрхэндээ нууж

Хүүгийнхээ дэргэд эцэг шиг нөмөрлөж явна.

Би,…сэтгэл дотроо өнгөрсөн рүү алхана.

Бяцхан хүүхэд хэвээрээ байхыг хүснэ.

Амьдралын наран дунгуй зөв эргэхийн хүрдээр

Ай,би эжий рүүгээ зөрүүдэлж алхана.

Ээж бидэн хоёр

Энэ амьдралаас нууцхан

Ээж бидэн хоёр

Эрх багын зангаараа…

Үсэнд минь сор суужээ,ээж ээ…

Үйлийн цагаан гэрэл тархинд минь тэлхэнэ.

Үгэнд минь харин ухаан сууж уу,ээж ээ…

Үнэний талд л ойрхон явахыг хичээнэм.

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Д.Ган-Очирын “Сэтгэлийн реализм” шүлгийн түүврээс авав.

0 Сэтгэгдэл
ЭРДЭНЭС ТТ-Д ХУРГАН ДАРГААР ОРСОН НОВШ МӨН БНА ДАА.............. ШҮЛЭГ ГЭЭД БГАА ККК ХҮН ТООХ УУУ
Хамгийн их уншсан