Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БИ БОЛ БЕРЛУСКОНИ


Хувиа хичээгч эр хэрхэн Европийн хамгийн том хэвлэлийн компанийн эзэн болсон бэ



   Италийн Ерөнхий сайд асан Сильвио    
  Берлусконигийн хэвлэлийн бизнесийн
  талаар Америкийн “Forbes” сэтгүүл 1988
  онд ийн бичиж байжээ
.












XVI зууны үеийн хуучны эдлэн Аркорт тавтай морил. Миланаас вертолетоор 15 минут нисээд энд ирэх болсон учир нь Италийн хэвлэлийн магнат Сильвио Берлусконитой гэрт нь уулзахаар товлосон юм. Өнгөрсөн жил түүний “Fininvest Group”-ийг жилд ойролцоогоор тэрбум ам.долларын эргэлтийн хөрөнгөтэй гэж онцлон орлого нь үүнээс хоёр дахин их хэмээн хэвлэлүүд бичиж байв. Аркор бол маш сонирхолтой газар.


Хуучны өвөрмөц шийдэл бүхий дизайнтай өрөөтэй  энэ том байшингийн хананд үнэт зураг нэг биш харагдах. Нэг том хана нь телевизийн дэлгэцээр дүүрэн. Берлускони өөрийнхөө телевизээр гарч байгаа бүхнийг үзээд зогсохгүй өрсөлдөгчөө ч эндээс хянадаг.  Нэг давхартаа спорт заал, жижигхэн кино театртай юм. Бас мөргөлийн жижиг булан, цаана нь төгөлдөр хуур тавьжээ. Берлускони төгөлдөр хуурынхаа ард очиж суугаад Бродвейн нэгэн хөгжмийг дарж сонсгов.
Түүнээс амжилтанд хүрсэн тухайгаа ярьж өгөөч гэж ятгах шаардлагагүй. Тэр шууд л өөрийнхөө амжилтын түүхээс яриагаа эхэллээ.
 Америкийн зугаа цэнгэлийн томоохон корпорациудын эзэд гэрийнхээ гадаа ноён Берлусконид зориулж маш том хөшөө босгох хэрэгтэй гэснээр бидний яриа эхлэв. Жанни Аньелли /Ювентус багийн эзэн “FIAT”-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч/ шиг баян биш ч түүний хөрөнгө одоогоор 900 сая ам.доллараар үнэлэгдэж байна.
Жаахан хачин хүн байна уу гэвэл тийм. Гэхдээ бага зэрэг гэж тодотгож болно.  Италичууд бүүр баруун Европын үзэгчдэд өндөр чанартай, сайн нийтлэл нэвтрүүлгүүд үзэхийн тулд яг Берлускони шиг хувиа хичээсэн ч урам зоригтой, цог золбоотой нэгэн хэрэгтэй байсан ч юм бил үү. Гэхдээ яагаад америкчууд түүнд талархах ёстой билээ гэвэл 51 настай энэ эр АНУ-ын телевизийн шоу нэвтрүүлгүүдийн хамгийн том импортлогч нь. Америкийн “New World Pictures” компанийн дэд тэргүүн Жеймс Макнамара Берлусконитой хамтран томоохон бизнесийнхээ эхлэлийг тавьсан байдаг. Тэд телевизийн нэвтрүүлгийнхээ борлуулалтын 15 хувийг Берлусконид амласан бөгөөд энэ ойролцоогоор 700 сая ам.долларт хүрсэн байна.
Берлускони бол Миланы банкирын гэрт төрсөн бөгөөд хүүхэд байхын л “хямд аваад үнэтэй зар” гэсэн зарчмыг амьдралдаа мөрддөг байж. Тэрээр 14 настай байхдаа ангийнхаа хүүхдүүдийн гэрийн даалгаврыг хийж өгч, авсан дүнгээс нь хамаарч шагнал авдаг байсан гэнэ. Өндөр дүн авбал өндөр шагнал хүртэнэ. “Манай ангид баячууд олон байсан шүү” хэмээн тэр дурсаад “ би их сургуульд хуулийн ангид сурч байхдаа хөгжмийн хамтлаг байгуулж, оройд нь клубуудээр явж тоглолт хийдэг байлаа” гэв.
1963 онд 27 настай Берлускони банкнаас зээл авч барилгын Edilnord компаниа байгуулжээ. Багагүй орлоготой ажиллаж, томоохон төслүүдэд амжилттай оролцсон ч 1978 онд Италийн зах зээл дээр үл хөдлөхийн хямрал үүсэх үед хэвлэлийн тэр тусмаа телевизийн бизнест хөл тавьсан юм. Өөрийн төрсөн хотдоо нэг кабелийн суваг эзэмших болсноор телевизийн бизнесээ эхлүүлсэн байдаг. Багагүй хөрөнгө оруулалт хийж, кабелийн суваг худалдаж авахаас гадна радио телевизийн цаашдын технологийн хөгжилд ч хувь нэмэр оруулав. Гэвч тэр үед Италийн төрийн өмчит телевизүүдтэй өрсөлдөхийг хуулиар хориглодог байв.



Хуулиар хязгаарлагдсан ч цоорхойг олж л таараа


Гэхдээ хууль бол цоорхой байж л таарна. Берлускони хуульд орон нутгийн хувийн телевизүүдийн сувгийн талаар ямар ч хориглох заалт байхгүйг анзаарч өөрийн гэсэн жижиг кабелийн сувгуудын нэгдсэн системийг эхлээд бий болгов.
Орон нутгийн бүх сувгуудаа ижил нэвтрүүлэг, сурталчилгаа цацдаг байхаар зохицуулалт хийснээр бараг өргөн нэвтрүүлгийн сүлжээг бий болгож чаджээ. Хуулиар бол тэд бүгд орон нутгийн кабелийн сувгууд. Харин хэрэглэгчдийн хувьд үндэсний сүлжээ байв.  Өнөөдөр тэрээр гурван сүлжээ, 45 сувагтай бөгөөд ойролцоогоор 11 сая үзэгчид нэвтрүүлгээ хүргэдэг. Түүний сүлжээг Италийн үндэсний радио телевизийн сүлжээтэй харьцуулж болохоор юм.
Берлускониг багагүй өртэй гэж тодорхойлдог боловч өр төлбөрөө тогтмол төлж чаддаг орлогын эх үүсвэртэй гэж бардам хэлдэг. Италийн бизнес эрхлэгчид түүний бизнест байнга анхаарал хандуулж буй гэнэ. “Paramount Television”-ийн захирал Брюс Гордон Берлусконитой зоог барьсан оройгоо “хагас цаг тутамд түүний үйлчлэгч нь нэгэн жижигхэн цаас авчирч өгч байлаа. Энэ цаасан дээр түүний телевизийн сүлжээний рейтингийн мэдээ бичээстэй байхыг анзаарсан” гэж дурссан байна. Берлускони өөрийнхөө бизнесийг өндийлгөж чаддаг бас өрсөлдөөнд үргэлж бэлэн байдаг.  1988 онд тэр зар сурталчилгааны Publitalia  агентлагийнхаа нийт орлогыг 1,3  их наяд лирт /1,1 тэрбум орчим ам.доллар/ хүргэж чадсан юм. Берлускони италичууд америкийн шоу хөтөлбөрүүдэд маш дуртайг анзаарч, хэд хэдэн цуврал киног Италид гаргах эрхийг авснаар Америкийн шоу ертөнцөд томоохон гавьяа байгуулах эхлэлээ тавьсан гэдэг. Хэдийгээр Америк контентын үнэ өндөр учраас зөвхөн улсын мэдлийн “RAI” суваг арилжаа хийдэг байсан ч  Берлускони америк хөл бөмбөг, савангийн дууриуд, янз бүрийн шоу хөтөлбөрүүдийн эрхийг авсаар байв. 1980 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Италийн хөлбөмбөгийн шигшээ баг Уругвайн шигшээ багтай тоглох тоглолтыг улсын мэдлийн сувгаар дамжуулахаас татгалзахад Берлускони уухайн тас шүүрэн авч өөрийн кабелийн сувгаар дамжуулахаар шийдэв. Гэвч төр хүлээн зөвшөөрсөнгүй. Энэ тухай мэдсэн үзэгчид Ерөнхий сайдын ажлын алба руу зогсолтгүй гомдол мэдүүлж эхлэв. Ингээд долоо хоногийн дараа Берлусконигийн кабелийн сувагт дамжуулах эрх олгов.



Бизнес болоод улстөрийн эрсдэлийг төрөлжүүлсэн нь

Түүний “Fininvest” компанид Социалист намын Ерөнхий сайд асны охин Стафани Кракси ажилладаг байв. Гэхдээ үүнээс өмнө Берлускони улстөрийн “Il Giornale” сонинг гаргаж үзэв. Бизнест нь энэ бүхэн төдийлэн нөлөөлж байсангүй. Үүнийг улстөрийн эрсдэлийг төрөлжүүлэх гэх бөгөөд европчууд ч андахгүй.1985 онд Францын Ерөнхий сайд Франсуа Миттеранн анхны өргөн нэвтрүүлгийн лицензийг тендер зарлаж олгосон юм. Үүнд “Schlumberger” –ийн өв залгамжлагч Жером Сейд болон Берлускони нар ялалт байгуулжээ. Ингэснээр Францын телевизэд эзлэх зар сурталчилгаа24 хувьд хүрч өссөн бөгөөд  1987 онд 27 хувьд хүрчээ. Италид тэгэхэд 40 хувьд хүрсэн байж. Энэ бол Холливудын хувьд сайхан мэдээ. “New World”-ийн эзэн Макнамар “Францад бидний бизнес 25-30 хувиар өсөх болно” хэмээн баяртайгаар мэдэгдэж байв. Харин Берлускони Испани, Грек рүү тэр байтугай Германд сувгаа дамжуулахаар төлөвлөв. Гэхдээ Европын орнуудын Засгийн газар гадаад нэвтрүүлгүүд хөтөлбөртөө ихэвчлэн багтаасан  гадаадын телевизийг нэвтрүүлэхдээ хязгаарлалт тавьж болзошгүй гэдгийг тэр маш сайн ойлгож байв. Тиймээс өөрийн гэсэн контент үйлдвэрлэж эхлэв. “Fininvest” ойролцоогоор 70 гаруй уран сайхны киног гадаадын томоохон хамтрагчидтайгаа нийлж бүтээсэн байна. Цаашид Засгийн газрын оролцоог багасгахын тулд өөрийн санхүүгийн эрх чөлөөг хангахын төлөө Берлускони  зүтгэж байв. Өөрийн бизнесийг өргөжүүлж, санхүүгийн зарим үйлчилгээг үзүүлж эхлэв. Түүний хэлснээр Италичуудын 12 хувь нь даатгалтай байдаг аж. Магадгүй нэг өдөр тэр өөрийн амьдралын тухай ном бичих биз. Өөрөө өөрийнхөө тухай бичиж байгаа учраас “Би бол Берлускони” гэж ч нэрлэх юм бил үү.


Зүүлт
1936 онд Миланд төрсөн Берлускони 1961 онд Миланы Их сургуулийг хуулийн мэргэжлээр төгсчээ. Бизнесийн замналаа барилгын салбарт 1960 оны эхээр эхлүүлсэн ба Милано 2 хэмээх Италийн хамгийн том орон сууцны хорооллын барилгын төслийг 1970-79 оны хооронд хариуцан хийхийн сацуу хэд хэдэн телевизийн сувгийг байгуулан ажиллуулж, 1978 онд Фининвест толгой компаниа  байгуулав. Өдгөө Канал-5, Италия-1, Рете-4 зэрэг телевизийн сувгуудыг Италийн харилцаа холбооны тэргүүлэгч Медиасет компани нэрийн дор эзэмшдэг. Улмаар хөлбөмбөгийн шилдэг багийн нэг Миланыг 1986 онд худалдан авсан юм.
2010 онд Форбес сэтгүүлээс зарласан дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтын 74 дүгээрт 9 тэрбум долларын хөрөнгөөрөө эрэмбэлэгджээ.
1994 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр улс төрд хөл тавьж буйгаа илэрхийлсэн Берлускони гуравдугаар сарын 27-нд Италийн дэвшилт намыг тэргүүлэн Бүх нийтийн сонгуульд ялалт байгуулж, Гадаад хэргийн сайдын албыг түр хашиж тавдугаар сарын 10-нд Ерөнхий сайдаар томилогдож байв.
1994- 1995, 2001- 2006, 2008 - 2011 оныг хүртэл Ерөнхий сайдын албыг нийт гурвантаа хашсан Италийн түүхэн ул төрч Берлускони Дэвшилт намын нөхдийнхөө хамтаар 2005 оны парламентын сонгуульд олонхийн санал авсан ч намын бүлгээ хоёр задарган Эрх чөлөөний нам гэгчийг үүсгэн байгуулсан үндэслэлээр Засгийн газрын тэргүүнээс огцорч байв.
Тэрээр 2011 оны арваннэгдүгээр сарын 16-нд Ерөнхий сайдын албанаасаа татгалзсан.
 /эх сурвалж wikipedia/



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан