Жил бүр хөлдөх дээрээ тулдаг УС-15 байрныхан энэ жил төвлөрсөн дулааны шугамд холбогдоод зогсохгүй халуун устай болох гэж буй. Гүйцэтгэгч “Набсан” компанийнхны хэлж буйгаар”Таван хэсэг газарт тавих шугамын трасс руу сунгасан хашааг татуулахаас өөр хүндрэл үүсээгүй, дулаан дамжуулах төвийн байр баригдаж дууссан, тоног төхөөрөмж суурилуулах ажил удахгүй эхэлнэ. Нийтдээ дулаан дамжуулах 1,2 км шугам хоолой тавихаас 830 метрийг тавиад байгаа” гэв. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цэвэр агаар сан хамтран хэрэгжүүлж буй энэ ажил есдүгээр сарын 15 гэхэд дуусч, УС-15 байр гэлтгүй хоёр их дээд сургууль, 1200 оюутны дотуур байр, хоёр цэцэрлэг, эмнэлэг, 11 жилийн хоёр дунд сургууль төвийн нэгдсэн халаалттай болох юм.