Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

III АМАРЖИХ ГАЗАР ЭХЧҮҮДЭЭ ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ

Нийслэлийн гуравдугаар амаржих 1955 онд цэргийн эмнэлгийн амбулаторын зориулалттай баригдсан. Тухайн үед Найрамдлын районы инженерийн шугам сүлжээ анхлан тавигдсан барилгуудын нэг. Гэвч он цагийн эрхээр эргэн тойронд нь орон сууц олноор баригдаж, нийтийн болон хувийн эзэмшлийн барилга байгууламж нэмэгдсэнээс бохирын шугам нь ачааллаа дийлэхээ больсон. Тиймээс тус амаржих газарт 95 сая төгрөгөөр сантехник, цахилгааны өргөтгөсөн засвар хийж эхэлсэн боловч хугацаандаа амжсангүй. Яагаад олон нийтэд мэдээлсэн өдрөө буюу энэ сарын 4-нд хүлээлгэж өгөөгүй юм бол...
Уг нь, тус эмнэлгийн дарга Э.Бат-Очир ”Нийслэлийн Өмчийн харилцааны газрын тендертэйгээр ажил нь тавдугаар сарын 28-нд эхэлсэн. Одоогийн байдлаар санаанд хүрэхээр сайн явахгүй байна. Төлөвлөснөөрөө ирэх сарын 4-нд дуусна. Хугацаандаа дуусна гэдэг нь эргэлзээтэй байна” хэмээн сарын өмнө халаглаж байсан нь ёсоор боллоо. Засвар нь хугацаандаа амжилгүй хэдхэн хоногийн өмнө дууссан хэдий ч чанарын шаардлага хангаагүй гэсэн мэдээлэл гарсан юм. Үүнийг тодруулахаар гуравдугаар амаржих газраар очиход цоожтой хаалган дээрээ том гэгчийн цаасан дээр “Засвартай” гээд бичээд наачихаж. Бодвол мэдэхгүй ирсэн нэгэнд анхааруулсан дохио гэлтэй. Ингээд тус эмнэлгийн Эмчилгээ чанарын менежер Х.Цэцэгдэлгэрээс энэ талаар тодруулахад дээрх мэдээллийг үгүйсгэв.
-Танай эмнэлгийн засвар хэзээ дуусах вэ. Засвартай гээд хаалга нь цоожтой байх юм?
-Засварын ажил саяхан дууссан. Шаардлагатай шинжилгээнүүдийг авч Эрүүл мэндийн болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт явуулсан.
-Засварын ажил шаардлага хангаагүй гэсэн мэдээлэл гараад байна?
-Тийм зүйл байхгүй ээ.
-Эхчүүдээ хэзээнээс хүлээж авах бол. Нэгдүгээр амаржих газрын удирдлага бол танайхыг маргаашаас /өнөөдөр/ эхчүүдээ хүлээн авах ёстой гэж байна лээ?
-Шинжилгээний хариунаас шалтгаална даа. Одоогоор хариу гараагүй учраас эхчүүдээ хүлээн авах хугацааг хэлэх боломжгүй.  
-Шинжилгээний хариу хэзээ гарах бол?
-Маргааш /өчигдөр/ үдээс хойш гарчих болов уу.
-Танай эмнэлэгт өдөрт дунджаар хэчнээн эх амаржиж байсан вэ?
-Өдөртөө 15-20 эх. Жилдээ 5000 орчим гэсэн статистик бий.
Гуравдугаар амаржих газрын засвараас шалтгаалан тус эмнэлгийн харьяаллын эхчүүд нэгдүгээр төрөх газарт амаржиж байгаа. Нэгдүгээр амаржих газарт хоногт дунджаар 25-30 эх төрдөг. Гэтэл өнгөрсөн тавдугаар сарын 28-наас хойш хоногт 50 гаруй эх төрж, ачааллаа дийлэхээ больжээ. Жижүүрийн эмчийн хэлснээр “Өчигдрийн байдлаар гэхэд нийт 42 эх амаржсан. Төрсний дараах тасагт 98 эх, төрөхийн өмнөх тасагт 14, нярайн тасагт 113 хүүхэд байна.  Яаралтай түргэн тусламжийн тасгаар 24 цагийн турш 115 өвчтөн үйлчлүүлсэн” гэсэн мэдээллийг өгөв. “Гуравдугаар төрөх газрын шинжилгээний хариу гайгүй гарсан гэсэн байх шүү. Манайх үнэхээр ачааллаа дийлэхээ байлаа. Лабораторийн эмч нар гэхэд амралтын өдрүүдэд шаардлагатай бол дуудагдаж ирдэг байсан. Гэтэл одоо ямар ч амралтгүй ажиллаж байна” хэмээн нэгэн эмч бухимдав.  Гуравдугаар амаржих газраас тус эмнэлэгт 65 эмч, эмнэлгийн ажилтнаар хүч нэмэгдүүлэн ажиллаж, шаардлагатай тоног төхөөрөмж, ороо хүртэл аваачсан байна. Эхчүүд нь багталцахгүйгээс амаржсан эхчүүдийг эмнэлгээс хурдан хугацаанд гаргаж байна гэсэн гомдол ч гардаг бололтой. Ер нь, ачааллаас үүдэн өвчтнүүдээс санал гомдол их гарах болсон нь үүдээр оронгуут л харагдаж байлаа. 30, 40 орчим хүн үүдний танхимд багталцаж ядан, асрагч нь ганцаараа амаржсан эхчүүдийн хоол ундыг зөөж байгаа харагдав. Тав, зургаагаар нь авч яваа хэдий ч нэлээд удаж байж эргэн ирж дараагийн хүмүүсийн эргэлтийн зүйлсийг авна. Үүдэндээ “Гуравдугаар амаржих газрын барилгын засварын ажилтай холбогдуулан эхчүүд 2012 оны тавдугаар сарын 27-ноос долдугаар сарын 23 хүртэл манай эмнэлэгт амаржина. Үүнээс үүдэн ачаалал ихтэй буйгаас шалтгаална эмнэлгийн эмч ажилтан, мэргэжилтэнд хүндрэл учруулахгүй, хүндэтгэж харилцана уу” гэж бичсэн байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан