Санкт-Петербургийн Олон улсын Эдийн засгийн чуулга уулзалтын эхний өдөр буюу зургадугаар сарын 1-нд ОХУ-ын мэдээллийн ИТАР-ТАСС агентлагаас зохион байгуулсан “Худал ба үнэн мэдээлэл: Орчин цагийн мэдээллийн ертөнцөд тулгарч буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэгт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг оролцов.
Дэлхийн мэдээллийн томоохон агентлагуудын төлөөлөгчид оролцсон энэхүү хэлэлцүүлгээр мэдээллийн эх сурвалж болон сувгуудын тоо өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй өнөө үед үнэн ба худлыг хэрхэн ялгах тухай тулгамдсан асуудлыг хэлэлцэв.
Уг уулзалтаар ЮНЕСКО-гийн харилцаа холбоог хөгжүүлэх олон улсын хөтөлбөрийн Оросын хорооны дарга Леонид Гусман, ANSA агентлагийн ерөнхий захирал Жузеппе Чербоне нар асуудал дэвшүүлэн хэлэлцүүлсний зэрэгцээ Франс Пресс агентлагийн Европын хэлтсийн захирал Кристин Бюажиар, ОХУ-ын ТАСС агентлагийн ерөнхий захирал Сергей Михайлов, Kyodo News агентлагийн олон улсын мэдээллийн газрын захирал Какуя Огата, Associated Press агентлагийн олон улсын мэдээ хариуцсан дэд ерөнхийлөгч Иэн Филлипс нар илтгэл тавив.