Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Төмөрбаатар: Аварга олон хаус барих мөнгө чөлөөтийнхөнд зарцууллаа гэж хэлж байсан

-Энэ хэрүүл тэмцэлд одоо л цэг тавихгүй бол хорт хавдар шиг тархаж мэднэ-

“Рио-2016” олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээнийг шүүлгэхээр Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо 50 шүүгч томилсон байдаг. Энэ шүүгчдийн тоонд багтаж, “Рио-2016” наадмын чөлөөт бөхийн тэмцээнийг дэнсэлсэн олимпын зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатартай ярилцлаа.


-Нэг хэсэг монголчууд маань чөлөөт бөхөөр амьсгалах шиг боллоо. Олон ч тэмцээн уралдаан зохион байгуулагдлаа. Энэ дундаас “Монголиа опен-2017” олон улсын тэмцээнийг онцолмоор байна. Хэдийгээр тэмцээний зохион байгуулалт сайн байсан ч нээлтийн үйл ажиллагааг бүтэлгүйтүүлэх гэсэн оролдлого харагдсан. Хэсэг нөхдүүд элдвийн үгтэй лоозон барьсан, Төрийн дууллыг эгшиглүүлэхгүй үзэгч, тамирчдыг хүлээлгэсэн гээд л. Энэ бүхэн нь гадаадын тамирчид, дасгалжуулагчдыг гайхашруулсан байх.  Харин та тухайн үед байсан хүний хувьд юу бодож суув?
-Яг энэ талаар миний хажууд сууж байсан Тайванийн шүүгч надаас асуусан л даа. Би “Азийн АШТ-д оролцох тамирчид маань шигшээ багийн бэлтгэл цугларалтад гарах ёстой байсан юм. Гэвч зарим нь цугларалтад ирээгүй болохоор нэрсийг нь жагсаалтаас хасаад оронд нь өөр тамирчид явуулахаар болсон.
Үүнийг л эсэргүүцээд байгаа юм” гэж тайлбарласан. Өнөө шүүгч маань “яагаад үүнийгээ олон улсын тэмцээний үеэр илэрхийлж байгаа юм бэ, өөр газар энэ эсэргүүцлээ хийж болоогүй юм уу, их сонин хүмүүс байна шүү” гээд их гайхаж хүлээж авсан. Үнэндээ надад ийм үг сонсох эвгүй л байсан. Худлаа хэлэх нь ч хаашаа юм. Үнэнийг нь арай зөөлрүүлж хэлсэн нь энэ. Ямар ч гэсэн ухамсаргүй, утгагүй үйл явдал болсон. Эх орныхоо нэр хүндийг хойш чангаасан үйл явдал ч гэж хэлж болохоор. Ажил хийж байгаа нэгнээ гоочлоод байвал ямар ч ажил урагштай явж чадахгүй шүү дээ.

-Уг нь, хэрүүл тэмцэл хийгээд явдаг цөөн хэдхэн хүн л бий гэдэг. Холбооны зүгээс ямар арга хэмжээ авбал энэ хэрүүлээс ангижирч чадна гэж та боддог вэ. Нэг тогоонд чанагдаж яваа хүний хувьд танд бодсон, санасан зүйл байдаг л байх?
-Миний хувьд аливаа зүйлд их тэвчээртэй ханддаг. Манай холбооны удирдлагууд ч гэсэн энэ асуудалд их хүлээцтэй хандаж ирсэн. Энд нэг зүйлийг онцлон яримаар байна. Би өмнө нь энэ талаар ярьж байгаагүй шүү. Олимп болохоос өмнө буюу жил зургаан сарын хугацаа л дутуу байхад их олон хүнээс энэ хэрүүл тэмцэл хийдэг багш нарыг халж, шинэ багш нар тавья гэсэн санал ирсэн байдаг юм. Хүмүүс тэр үед л энэ багш нарыг хэн бэ гэдгийг нь мэдсэн байлаа. Тэгэхээр нь Дагвадорж аваргатай уулзаад олон хүн ийм санал тавиад байна, та юу гэж бодож байна вэ гэж асуусан. Гэтэл аварга том наадмын өмнө дахиад л хэрүүл гарна. Хэрүүлийн бузар гэгч зүйлийг дэвэргээд яахав. Энэ чигээр нь зүтгүүлье гэж билээ. Эргээд бодож байхад тэр үед хүмүүсийн гаргасан саналын дагуу цэвэрлэгээ хийх нь зөв байж. Тухайн үед энэ асуудалд холбооныхон 50, 50 хувийн саналтай байсан ч Дагвадорж аварга үүгээр нь дуусгая гэж шийдсэн юм. Бид ч аварга та нарыг авч үлдсэн шүү гэж дэвэргэж яриагүй. Чимээгүй л өнгөрцгөөсөн. Харин үүнийхээ горыг өнөөдөр амсаж байна. Олон ч удаа гүтгүүллээ, доромжлууллаа. Намайг ч хэвлэлээр хангалттай доромжилсныг хүмүүс санаж байгаа байх.
Манай холбооны фэйсбүүкийн админыг хүртэл аваад Дагвадорж аварга бичсэн болгож намайг элдвээр бичсэн. Сүүлд манай холбооныхон админаа сольсон. Энэ хугацаанд ганц намайг ч биш их олон хүнийг доромжилсон. Гэвч ерөөсөө ханаж цадахгүй юм. Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй өөдөөс чинь их буугаар буудна гэсэн үг байдаг даа. Хамгийн харамсалтай нь, энэ дундаас тамирчид л хохироод үлдэнэ. Ямар ганцхан тамирчинтай үлдсэн биш. Нэг хүнийг тахин шүтээд байх нь зохимжгүй гэж боддог. Тэгээд ч  ар араасаа олон сайхан тамирчид төрөн гарч ирж байна.

-Тэр үед таныг холбооны фэйсбүүкийг ашиглаж хэн гүтгэсэн юм бэ. Эзнийг нь олж хариуцлага тооцуулъя гэж бодож байгаагүй хэрэг үү?
-Би чинь өөрөө цагдаагийн байгууллагын хүн  болохоор эздийг нь олсон. Энэ талаарх бүх баримт нь бий. Хэрвээ би цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасагт энэ материалаа өгвөл асуудал улам хүндэрнэ. Гэхдээ би өгөөгүй өдий хүрсэн. Ажиглаад л яваад байна. Баримт гарвал цуглуулаад л явна. Миний хувьд хэрүүл тэмцэл хийх дургүй хүн. Бид дараагийн олимпод хэрхэн оролцох тухайгаа одооноос бодох хэрэгтэй байна шүү дээ.

-Бүх материал нь байсаар байтал ингэж их хүлээцтэй хандах болсон шалтгаан тань юу юм бэ. Үнэхээр хэрүүл тэмцэл хийх дургүйдээ гэж үү. Яагаад энэ тухай ярьдаггүй юм бэ?
-Тийм шүү. Энэ хугацаанд нэг ч сэтгүүлчид ярилцлага өгөөгүй. Миний хувьд гал дээр тос нэмээд яахав гэж бодсон болохоор тэвчээртэй, хүлээцтэй байсаар ирлээ. Гэхдээ одоо дуугарч, болж бүтэхгүй байгаа зүйлсийг хэлэхгүй бол болохгүй нь. Тиймээс л танд ярилцлага өгч байгаа маань энэ. Энэ хэвээрээ яваад байвал хэрүүл нэлээд даамжрах шинжтэй шүү. Намайг хараад уур нь хүрээд байж магадгүй гэж бодоод би гэдэг хүн дотоодын тэмцээн уралдаанд оролцохоо ч байсан. Хүмүүсийн уур хилэнг бадраагаад яахав гээд улсын аварга шалгаруулах тэмцээнээр ч  заалаар  шагайхаа больсон. Гэтэл эрхийг нь хасчихсан, хөөгдчихсөн гэж ярьж байна, цаана чинь. Ингэж их хүлээцтэй хандаж байгаа маань миний хувьд тэвчээр юм шүү гэдгийг тэр хүмүүс ойлгоосой билээ. 

-Таныг Д.Дагвадорж аваргын гар хөл, мөнгө төгрөгийг нь нааш цааш зохицуулдаг гэж хүртэл ярьсан байдаг?
-Чөлөөтийнхөн маань Дагвадорж аваргыг алдсанд би үнэхээр их харамсдаг. Уг нь, аварга 2014 оны олимпын наадмын дараа ажлаа өгнө гэдэг байсан юм. Тэгэхээр нь би аваргаа 2020 он хүртэл тэснэ шүү, тэрний дараа юу дуртайгаа хийгээрэй гэж билээ. Аварга “за тэгэхээс дээ” гэж надад амлалт өгч байлаа. Харамсалтай нь, амлалтандаа хүрэх боломж олгосонгүй. Үнэхээр тэвчээр нь барагдсан даа. Миний хувьд аваргыг олон жил дагаж явсан. Тиймээс л намайг аваргын хөл гарыг нь долоодог, хээл хахуулийн мөнгө авдаг гэж хэлүүлсэн байх. Үнэндээ бол би аваргаас нэг ч удаа мөнгө авч үзээгүй. Чөлөөтийнхөн энэ хүнийг алдчихсанд л харамсдаг юм. Өөрөө ч хэлж байсан. Олон хаус барих мөнгөө чөлөөтийнхөнд зарцууллаа гэж. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдлагууд тэмцээн дээр уулзахад, Дагвадорж аварга холбооны ерөнхийлөгчөөр ажиллахаа больчихсон юм уу гэж ирээд толгой сэгсэрч байсан. Одоо манай холбоог хар л даа. Ерөнхийлөгчгүй. Ийм холбоо дэлхийн хаана ч байхгүй. Энэ нь хэдэн багш нарын хэрүүлээс л үүдэлтэй.

-Холбоог ах дүү нар удирдаж байна гэх шүүмжлэл бий. Мэдэхгүй хүн бол холбоо нэлээд их ашигтай ажилладаг болоод удирдлагаа булаацалддаг гэж хөндлөнгөөс хардаг байх?
-Үнэндээ ямар ч бөхийн холбоо ашгийн байгууллага биш шүү дээ. Бөхөд сэтгэлтэй хүмүүсийн хөрөнгө дээр л холбооны үйл ажиллагаа явдаг. Өөрсдөөсөө гаргаж зарцуулж байгаа мөнгөнөөс юуг нь идэж, уух юм бэ.

-Уг нь, спортынхон бусдыг бодвол илүү дэг журамтай, сахилга баттай байх ёстой. Гэвч энэ үгийг тархинаасаа аваад хаячихсан юм болов уу гэж бодогдтол авирлах юм?
-Өмнө нь бол Намшир багшийн хүүхэдтэй барилдах гэж байгаа юм байна, эдний хүүхдүүд ийм мэх хийдэг гэж ярьдаг байлаа. Харин одоо бол тэр нь, энэ нь ийм гэж ирээд ааш зангаар нь ярьдаг болж. Мэх, техник ярихын оронд ааш зангаар нь ялгаварлана гэдэг нь юу гэсэн үг вэ. Уг нь дасгалжуулагч багш нар чинь сурган хүмүүжүүлэгч байхгүй юу. Хүүхдүүддээ бөхөөс гадна амьдрал ахуйг нь зааж сургаж, ээж аавынх нь хэлээгүй сургааль үгийг хэлдэг байх ёстой. Гэтэл багш нарынх нь биеэ авч яваа байдал, зааж зөвлөдөг зүйл нь буруу тийшээгээ эргэчихсэн байна. Үүнийг нь одоо л болиулахгүй бол хорт хавдар шиг тархаж мэднэ.

-Тэгвэл одоогийн бүтэц, бүрэлдэхүүний талаар та юу хэлэх вэ. Ямар ч чадваргүй хүмүүс томилогдсон гээд байгаа?
-Батбаяр ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг аваад удаагүй байна. Тэгтэл энэ хугацаанд болж өнгөрсөн тэмцээн, уралдааныг ямар сайн зохион байгуулав. Заалны засал чимэглэлийг хүртэл маш сайхан хийлгэсэн байна билээ. "МОНГОЛИА ОПЕН-2017"-д оролцохоор ирсэн гадаадын тамирчид, дасгалжуулагч нар хүртэл өнгөрсөн жилийнхийг бодвол их сайхан орчинтой, зохион байгуулалттай болж байна гэж ирээд ам сайтай байсан. Үнэхээр тэр зохион байгуулалттайгаар ажлаа хийж чадаж байна, ахмадуудаа баярлуулж байна гэж дотроо дүгнэсэн. Тал засч магтаж байгаа үг биш шүү. Байгаа зүйлийг байгаагаар нь л хэлсэн дээр. Хүнийг цагт нь магтаж, урамшуулж байх хэрэгтэй. Харин алдаа дутагдал гаргавал нүүр рүү нь харж байгаад хэлнэ. Хүмүүс нүүр, нүүрээ харж байгаад ярьж, хэлж чадахаа байж. Ар хударгаар нь муу хэлээд байдаг. Тиймээс ч би шүүгч нартаа хэлдэг юм. Бидэнд ийм алдаа дутагдал байна, хэн нэгнээ хардсан сэрдсэн, уурласан гомдсон зүйл байвал одоо гарга. Тэгээд энэ өрөөнөөс гарахдаа гараа бариад гар гэж. Гадаа гарчихаад тэр ингэсэн, энэ тэгсэн гэж яриад байж болохгүй.

-Сүүлийн долоон жилийн хугацаанд холбоонд мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарсан. Үүний нэг тод жишээ нь олон улсын зэрэглэлийн олон шүүгчтэй болсон явдал байх шүү?
-Тийм, тийм. Би зарим хүн шиг 20, 30 жил ганцаараа тэмцээн шүүж явах ёсгүй гэж боддог. Залуучууддаа боломж олгох ёстой. Тэрнээс биш дангаараа тав, зургаан олимп шүүсэн гэж гайхуулах нь утгагүй биз дээ. Тэрний оронд шүүгч бүр нэг нэг олимп үзэж, шүүсэн гэвэл арай илүү сонирхолтой, ярих ч юмтай болно. Дараа нь би энэ хүнд зам гаргаж өгсөн, зааж сургасан гээд хараад сууж байх нь илүү сайхан биз дээ. Энэ бол миний л бодол юм шүү.   

0 Сэтгэгдэл
Bashuug bodvol eruul zuv bodoltoi zaluu bn. Zaluudaa delhii olimpod bish um gehed olon uls hot ulsiin avargaas medaluud avch l yvlaa.Bashuu gej oligtoi ch barildaj shaliagui ih zantai hun ylgasan bylduuch sonin nuhur bailaa
Зөв ярьжээ амжилт
Энэ Төмөрбаатар хэний дүү юм бэ
чөлөөтийн холбоо гэж бөөн хэрүүлтэй гарууд байхымаа
энэ одоо бас юу ч вэ дээ
Төмөрбаатар ахдаа амжилт, та шүү
энэ залуу үнэн яриад байх шиг байна
Хамгийн их уншсан