А.ЦАГААН
Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Б.Баттулгатай ярилцлаа. Тэрээр өмнө нь хэвлэлээр гарч байгаагүй мэдээллээсээ бидэнтэй ийн хуваалцсан юм.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Өмнө нь тантай уулзахдаа дандаа уралдаан, тэмцээний талаар ярилцдаг байлаа. Харин энэ удаад арай өөр сэдвээр яриа эхэлье гэж бодлоо. Эхлээд танаас хаана, ямар боловсрол эзэмшиж байсныг тань асуумаар байна. Г.Мандахнаран телевизэд ярилцлага өгөхдөө таныг тавдугаар ангийн хүүхдүүдэд хичээл заах хэмжээний боловсролтой гэж байсан. Энэ асуултаар ярилцлагаа эхэлбэл ямар вэ?
-Татгалзах зүйл алга. Миний хувьд 1993 онд чөлөөт бөхийн дасгалжуулагч болж байсан юм. Тэр үед Улсын Багшийн их сургуулийн биеийн тамирын сургуульд оюутан байлаа. Зах зээлийн нийгэмд шилжчихсэн үе байсан болохоор дунд сургуулиудад биеийн тамирын багш их ховор байв. Тэгэхэд л анх бөхийн гүнзгийрүүлсэн сургалттай 73 дугаар сургуульд багшаар очиж байсан юм. Намайг анх багш болгосон хүн бол Монголын чөлөөт бөхийн анхдагчдын нэг Цэрэндавга багш минь. Энэ хүнийг чөлөөт бөхийн загалмайлсан эцэг ч гэдэг. Багшийнхаа хүсэлтээр 73 дугаар сургуульд жил гаруйн хугацаанд ажилласан. Харин Улсын Багшийн дээд сургуулиа 1996 онд төгссөн. Дараа нь 1997 онд “Арслан” клубээ байгуулж гурван жил хэртэй багагүй амжилттай ажилласан.
Харин 2000 онд Улсын Багшийн их сургуулийн харьяа Биеийн тамирын дээд сургуулийн бөхийн онол арга зүйн тэнхимд багшаар ажиллах шалгалт өгч тэнцэж, төгссөн сургуульдаа хоёр жил багшаар ажилласан. Мөн энэ хугацаанд буюу 2000-2002 онд Удирдлагын академид суралцаж төгссөн. Тэгээд 2002 онд АНУ-д өндөр зэрэглэлийн тамирчин бэлтгэх, дасгалжуулагчийн курст нэг жил суралцсан. Энэ курст сурах саналыг Монголын үндэсний олимпын хорооноос тавьсан юм. Тухайн үед англи хэлний мэдлэгтэй байсан. 2004 онд одоогийн нэршлээр бол Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо Олон улсын багш, дасгалжуулагчдын зэрэглэл тогтоох шалгалтыг Италийн Ром хотод зохион байгуулахад нь оролцож Монгол Улсын анхны Олон улсын дасгалжуулагч гэдэг цолыг хүртсэн.
-Дараа нь Тайванийн шигшээ багт зөвлөхөөр ажилласан байх аа?
-2009 онд зөвлөх багшаар ажиллаач гэсэн санал ирсэн. Тус улсад хоёр жил орчмын хугацаанд зөвлөх багшаар ажилласан. Миний боловсрол, мэдлэг, ажлын туршлага гэвэл ийм л байна. Хамгийн сүүлд шигшээ багийн сонгон шалгаруулалтад оролцож, шаардлагынх нь дагуу бүх шалгалт, шүүлгийг өгсөн. Шалгалтанд тэнцсэний үр дүнд улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна. Нэг үгээр хэлбэл, бөхдөө үнэнчээр 20 гаруй жил явж байгаа хүн. Сонирхуулж хэлэхэд, Басхүү багш бөхийн сургалт, дасгалжуулалтын тухай номондоо намайг “Элит дасгалжуулагч” гэж бичсэн байдаг юм. МЧБХ-г олон жил удирдсан, Ардын багш хүн өөрийн номондоо оруулсан болохоор тухайн үед бас л өөртөө итгэх итгэл нэмэгдэж байв.
-Монгол Улсын анхны олон улсын дасгалжуулагч цолыг хүртсэн хэрнээ тавдугаар ангийн хүүхдэд хичээл заах хэмжээний боловсрол, мэдлэгтэй гэж хэлүүлэх ямар байв. Тэр ярилцлагыг анх үзээд танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Яг үнэндээ Мандахнаран миний нэр хүндэд халдсан. Гэхдээ би түүнд буруу өгөхгүй байна. Миний мэдлэг, боловсролын тухай мэдэхгүй ч байж болно. Сүүлд нь Г.Мандахнаран, Э.Ням-Очир хоёр надтай ирж уулзаж уучлалт гуйсан. “Гурван сая хүн үздэг телевизийн ярилцлагад орчихоод хүнийг гутаан доромжилж болохгүй шүү дээ. Бөхийнхөн намайг хэн бэ гэдгийг мэднэ. Жирийн хүмүүс бол мэдэхгүй” гэж би түүнд хэлсэн л дээ. Үнэндээ тэр ярилцлагыг үзсэн жирийн хүмүүс боловсролгүй хүнийг шигшээ багийн ахлахаар тавьж гэдэг ойлголт авсан байх. Хүмүүс ийм мэдээлэл авсанд л би хамгийн ихээр эмзэглэж байна. Харин хувь хүнийхээ үүднээс эмзэглээгүй. Энэ талаар Мандахнаранд өөрт нь ч хэлсэн. Телевиз, радиогоор дамжуулж танаас албан ёсоор уучлалт гуйнаа гээд л явсан. Мандахнарангийн хувьд “Рио-2016” олимпын дэвжэээнээ харамсалтай зүйл болсон. Гэхдээ түүнийг медаль авсангүй гэж баярласан хүн нэг ч байхгүй. Тамирчных нь хувьд энэ стресс, бухимдал байгаа нь ойлгомжтой. Хамгийн гол нь илэрхийлж байгаа арга нь буруу. Нийгэмд буруу мэдээлэл өгөөд байгаад үнэхээр харамссан.
-Таныг шигшээ багийн ахлах дасгалжуулагчийнхаа ажлыг аваад л өмнө нь ажиллаж байсан Ц.Цогтбаяр багштай уулзсан гэж сонсч байсан. Туршлага судлах гэж уулзсан хэрэг үү?
-Дөрвөн жилийн хугацаанд энэ хүн их сайн ажилласан шүү дээ. Олимпод л нурчихсан болохоос биш. Тиймээс зөвлөгөө авахаар зорьж очсон хэрэг. Тэгээд надад өвлөж үлдээх юу байна вэ, ямар төлөвлөгөө байгааг нь асуусан юм. Тэр үед надад төлөвлөсөн, бодсон зүйл бий, өгнөө гэж байсан. Гэвч уулзалтын дараахан ах нь шигшээгийн дасгалжуулагчдад өөрийн гэсэн төлөвлөгөө алга гээд гуйвуулсан мэдээлэл цацсан. Бидэнд төлөвлөгөө байлгүй яахав. Хамгийн гол нь өмнө нь ажиллаж байсан хүмүүсийнхээ оносон нь юу юм, алдсан нь юу вэ гэдгийг мэдэж, туршлага хуваалцахыг л хүссэн. Үнэндээ бөх сонирхогчдод бидний дотоод зөрчил ерөөсөө хамаагүй шүү дээ. Тиймээс ойлголцож чадахгүй асуудал байгаа бол шууд л бидэнд хандах ёстой. Би бол ямар ч шүүмжлэлийг хүлээж авахад бэлэн байна. Харин доромжлолыг ямар ч хүнээс хүлээн авахгүй гэдэг л зарчимтай.
-Тивийн аваргад оролцох боломжгүй болсон шалтгаанаа Г.Мандахнаран Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр багшийн шавь болохоор хавчигддаг гэж тайлбарласан байна билээ. Үнэхээр түүнийг хавчиж, шахаад байдаг хэрэг үү. Энэ талаарх бодит мэдээллийг өгөөч?
-Ийм асуудал ерөөсөө байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. “Рио-2016” олимпод оролцсон чөлөөтийн эрэгтэй, эмэгтэй багуудын аварга болсон тамирчдын дундаж нас нь 23 байсан. Энэ юуг харуулж байна вэ гэхээр өнөөдөр 18, 19 настай байгаа хүүхдүүд Токиогийн олимпод амжилт гаргах илүү боломжтой. Бид залуучуудад боломж олгох ёстой. Гэхдээ 30 настай, туршлагатай тамирчид бэлтгэлээ хийгээд яваад байвал дэмжилгүй яахав. Чи хөгширсөн, цаашаа гэж ерөөсөө хэлэхгүй. Бидэнд боломж, нөөц хангалттай байна. Тэгэхээр хүмүүст зөв мэдээлэл өгч, залуучууддаа урам хайрлаад явах хэрэгтэй. Ингэж чадвал Токиогийн олимпод эрэгтэй, эмэгтэй аль ч баг маань амжилт гаргах бүрэн боломж нь байна.
Манай нэг том алдаа нь сонгон шалгаруулалт хийдэггүй. Жишээлбэл, “Рио-2016” олимпод оролцсон манай эрэгтэй, эмэгтэй тамирчид өөрсдөө олимпын эрхээ авсан. Бүгдээрээ олимпод явсан. Уг нь, шударга сонгон шалгаруулалт хийх ёстой байсан юм. Яагаад улсын аваргаас мөнгө, хүрэл медаль авсан тамирчид олимп руу явж болохгүй гэж.
Шинжлэх ухааны, бөхийн спортын онолоор ярих юм бол хүн бүтэн 300 хоног яг нэг зүйл рүү зориод шаналаад явбал элгэн дэх глюкозоо идээд дуусдаг байхгүй юу. Энгийн жишээгээр тайлбарлах юм бол улсын шалгалтад орохын өмнөх өдөр санаа зовоод нойргүй хонодог шиг. Олимпод оролцох тамирчид 300 хоногийн өмнөөс шаналдаг. Харин хоёр, гурван номерын тамирчид нь хаашдаа тэмцээнд явахгүй юм чинь гээд бэлтгэлдээ 100 хувь биеэ дайчилдаггүй. Энэ байдлаасаа болж алдсан юм бидэнд бий.
-2012 онд О.Насанбурмаа олимпын эрх авсан байдаг. Гэвч холбоо шийдвэр гаргаж түүний оронд С.Батцэцэгийг явуулсан. Энэ сонголт буруу байгаагүй гэдгийг хүрэл медаль хүртсэн амжилт харуулсан?
-Яг тийм зөв шийдвэр байсан. Ингэж л шийдвэр гаргаж, сонгон шалгаруулах ёстой. Батцэцэгийн хувьд олимпод явна гэж 100 хувь итгэхгүй байсан боловч бэлтгэлээ хийж байгаад явсан шүү дээ. Шууд л холбооноос шийдвэр гаргаад явуулчихсан. Тэгэхгүй бол олон хоног шаналсан тамирчид элгэн дэх глюкозоо идсээр байгаад нөөцгүй болж олимпын дэвжээн дээр гарахдаа бялтгүй буу шиг болчихдог. Үнэндээ эрх авчихсан тамирчид шатчихдаг юм.
-Саяхан болж өнгөрсөн “Монголиа опен-2017” тэмцээнд улсын аварга болсон тамирчдын ихэнх нь түрүүлж чадаагүй?
-Улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сард болсон. Гэтэл гуравхан сарын дараа улсын аваргууд маань амжилтаа бататгаж чадсангүй. Тэгэхээр сарын дараа сонгон шалгаруулалтаар ямар үзүүлэлт гарахыг хэн ч таашгүй. Тиймээс зургадугаар сард сонгон шалгаруулах тэмцээн хийнэ. Азийн аваргад оролцсон, Улсын аваргад түрүүлсэн тамирчид автоматаар нэгд тавигдана. Бусдад нь рейтинг тогтоож байгаад хамгийн өндөр рейтингтэй таван тамирчин нь хоорондоо тойргоор барилдаж, гарч ирсэн нэг бөх нь Улсын аварга болсон, Азийн аваргад оролцсон тамирчинтай барилдана. Улсын аварга болсон тамирчин ААШТ-д яваагүй бол тухайн жингийн бүгх тамирчдын рейтингийг тогтоож хэн нэгээр бичигдсэн нь хүлээх журмаар сонгон шалгаруулж тэмцээн зохион байгуулна. Ингэхдээ хэн түрүүлж хоёр ялсан нь ДАШТ-д явах юм. Тэгээд ДАШТ-д эхний болон хоёр номерын тамирчныхаа нэрийг өгчихнө. Бусад гурав, дөрвөн номеруудыг бэлтгэлд хамруулна. Ингэж л тоглоомынхоо дүрмийг тодорхой болгоно гэсэн журам баталсан. Ингэснээр жилийн дөрвөн улиралд манай шигшээ багийн тамирчид бэлтгэл сургуулилттай байна гэсэн тооцоог хийсэн.
-“Монголиа опен” тэмцээнд “Алдар” нийгэмлэгийн, тэр дундаа улсын шигшээ багт багтсан тамирчид дэвжээн дээр гарахдаа “Аваргуудын академи”-ийн тамирчин гэж зарлуулаад байсан. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Үндэсний шигшээ багийн тамирчин бол үндэсний шигшээ баг, үндсэн байгууллагаараа нэрлэгдээд явах ёстой, тийм журамтай байдаг. Энэ журмаараа ч явдаг. Гэхдээ бид шигшээ багийн тамирчин учраас клубийнхээ нэрийг хэлж болохгүй гэж хэлдэггүй.
-Азийн АШТ-д оролцуулахаар тооцоолсон тамирчид цугларалтад гараагүйгээс үүдэн хоёр, гуравдугаар номеруудыг оролцуулахаар болсон. Гэвч туршлага багатай тамирчдыг явуулахаар боллоо гэсэн шүүмжлэл бөх сонирхогчдын дунд байх шиг байна?
-Энэ нь бас зөв мэдээлэл өгөхгүй байгаатай холбоотой. Бид үндэсний шигшээ багийн журам, бодлогоо л дагана, танилцуулна. Манай тамирчид гуравдугаар сарын 20-ноос эхэлж нэгдсэн бэлтгэл сургуулилтад гарсан. Энэ талаараа дасгалжуулагч багш, тамирчдад ч дуулгасан. Зар тараасан. Уг нь, шигшээ багт багтсан тамирчид шигшээ багийн дасгалжуулагч нараасаа, холбоон дээр ирээд цугларалтад хаана хамрагдах уу, яах, ийх вэ гээд мэдээлэл авах ёстой. Хэсэг тамирчид маань цугларалтад гараагүй. Тиймээс бэлтгэлд хамрагдаагүй тамирчдыг Азийн АШТ-д оролцуулахгүй гэж шийдвэрлэсэн. Үүнийг манай үндэсний шигшээ багийн таван багш ярилцаад шийдсэн. Миний хувьд багийнхандаа үнэхээр сэтгэл ханамжтай байгаа. Гэхдээ цугларалтад гараагүй тамирчдад дараагийн боломж бий. Хамгийн гол нь дуудсан цагт ирж бэлтгэлд хамрагдах ёстой. Хамрагдахгүй бол бид дахиад дараагийн тэмцээнд явуулахгүй. Тэрнээс биш цугларалтад хамрагдсан тамирчдаас нэр хассан зүйл огт байхгүй.
-Ярилцлагынхаа төгсгөлд танаас нэг зүйл асуумаар санагдлаа. Б.Баттулгын шавь нар багшаасаа зугатаадаг гэж нэг хэвлэлээс уншиж байсан юм байна?
-Намайг 2000 онд Биеийн тамирын дээд сургуулийн багшаар очиход Наранбаатар манай хоёрдугаар курсийн оюутан байсан. Миний дааж авсан анги гэсэн үг л дээ. Бид хоёр анх ингэж л учирсан. Тэр үед би Наранбаатарт “Чи тогтвортой сайн хичээллэвэл дэлхийгээс медаль авах хүүхэд байна” гэж хэлж байсан юм. Тэгэхэд өөртөө ямар ч итгэлгүйгээр “багшаа тийм боломжтой юу” гэж асууж байсан. Тэгэхээр нь чи миний удирдлага дор бэлтгэлээ хийвэл бүрэн бололцоотой гэж хэлж билээ. Наранбаатарын тухайн үед надад өгч байсан анкет, хүсэл мөрөөдлөө бичсэн бичвэр нь одоо ч надад бий. 2000 оноос эхэлж хоёр жил Наранбаатарыг бэлдэж Дан коловын нэрэмжит олон улсын тэмцээний аварга болгож байлаа. Харин 2003 оноос дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхэлсэн. 2005 онд насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас хүрэл медаль авсан. 2007 онд нь мөнгөн медаль авсан байдаг юм. Тэгээд 2007 оноос хойш шигшээ багт хүлээлгэж өгөөд бэлтгэл сургуулилтад нь оролцоогүй. Гэхдээ Наранбаатар надтай хамт бэлтгэл хийдэг байхдаа насанд хүрэгчдийн улсын аваргад жиндээ түрүүлж үзээгүй. Гадагшаа тэмцээнд явсан үзүүлэлтээрээ дэлхийн аваргад 2003 оноос хойш 2009 он хүртэл тасралтгүй оролцсон байдаг юм. Тэгэхээр хүн өмнө нь ямар байснаа сайн боддог байх хэрэгтэй. Үүнийг би өмнө нь ярьж байгаагүй учраас хүмүүс тэр бүр мэддэггүй.
-Б.Наранбаатар гавьяатын амжилтын зам мөр таны уйгагүй хөдөлмөрийн нэг үр дүн гэж ойлголоо. Гэхдээ өөрийн тань гарын шавь байж яагаад танд дургүй байдаг юм бол?
-2004 оны Афины олимпоос хойш надад олимпоос чөлөөтийн тамирчдаа медаль авахуулчих юмсан гэсэн бодол илүү төрж эхэлсэн юм. Тэгээд 2007 онд болсон дэлхийн аваргын тэмцээний дараа Наранбаатарт “Монголд очоод миний жин бол Монгол Улсынх. Хэн сайн байгаа нь олимпод явна” гэдэг хэвлэлийн хурал хийчих гэж зөвлөсөн юм. Тэгтэл үүнийг Наранбаатар их эмзэг хүлээж авсан. Би эрхийг нь авсан, намайг дийлэх хүн байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи толгойгоо амраах хэрэгтэй, Монголын жин гээд хэлчих юм бол залуучууд бэлтгэл хийж эхэлнэ. Тэр хэрээр чиний ур чадвар өснө гэсэн юм. Энэ цагаас хойш намайг олимпод явуулахгүй байж мэдэх юм байна гэсэн бодол түүнд төрсөн байх. Үүнээс үүдэлтэйгээр буруу ойлголттой явдаг байж магадгүй. Тэгээд л зай барьж эхэлсэн болов уу.
Дараа нь 2012 онд 55 кг-ын жинд хамгийн сүүлд Б.Наранбаатар олимпын эрх авсан. Тэр үед Наранбаатар 32 настай байсан юм. Тэгэхээр нь хүн орох, гарах хаалгаа мэддэг байх ёстой. Б.Номин, Э.Бэхбаяр гэж хоёр сайхан залуу гарч ирж байна. Аль нэгийг нь олимпод явуулчих гэж зөвлөсөн. Ер нь манай өндөр зэрэглэлийн тамирчид аль цагт амжилтаа гаргах вэ, хэдийд зодог тайлах вэ, хэзээ нь залуучуудаа дэмжих вэ гэдгээ сайн бодох ёстой. Энэ бодлуудаа би өөрийн тамирчдад шууд л хэлдэг. Үүнээс минь болж зарим шавь нар маань буруугаар ойлгодог байж магадгүй л юм. Ямар ч л байсан шавь нарыгаа миний эсрэг зогсоод намайг муулж байна гэж бодохгүй байгаа.
Гэхдээ сүүлд 2012 онд Наранбаатарыг дарга болсных нь дараа очиж уулзсан. Тэгээд багшийнх нь хийж чадах ажил бол дасгалжуулагч. Дарга нь байна даа, чи юу гэж бодож байна вэ гэж асуусан чинь “Та бөхөөс хол байсан нь дээр” гэж хэлж байсан юм. Тиймээс би 2012-2016 оны шигшээ багийн дасгалжуулагч нарын сонгон шалгаруулалтад оролцоогүй. Энэ хугацаанд өөрийн үүсгэн байгуулсан “Арслан” клубээ бэлтгэлийн заалтай болгох ажил амжуулсан даа. Хэрвээ би зөвхөн өөрийгөө бодсон бол Наранбаатарыг чи ёстой мундаг шүү гэж хэлээд л олимп дагаад явах байсан. Миний эцэг, эхээс авсан хүмүүжил бол хэлсэн ярьсандаа байхыг хичээдэг.
-Тэгвэл та яагаад Бямбаренчингийн Баяраа /Балкан Баяраа/ багшид шавь нараа өгсөн байдаг юм бэ?
-Миний хувьд тамирчдаа насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлүүлээд л шигшээ багийн багш нарт итгэж хүлээлгэж өгсөн. Гэхдээ шигшээ багийн багш нар тамирчдыг хувьчилж авч, гэрээ байгуулах ёс байдаггүй юм. Ямар ч л гэсэн би гавьяаг нь байгуулсан ч гавьяат биш багш. Баяраа багшийн хувьд Наранбаатарыг дэлхийн аварга болгоно гэж 2009 онд хэлж байсан. Тухайн үед бид гурав уулзаад эцэст нь би тэр хоёртоо амжилт хүсээд явж байсныг тэд мартаагүй байх. Харамсалтай нь, 2007 оноос хойш Б.Наранбаатар ДАШТ-ээс дахин медаль аваагүй. Ийм л зүйл болсон байдаг юм.