Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

КFW төслөөс олгосон гал унтраах машинаар ой, хээрийн түймрийг богино хугацаанд унтрааж байна

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголтын зээлийн банкаар /КFW/ дамжуулан БОАЖЯ “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл 2015 оноос хэрэгжүүлж байгаа. Уг төслийн хүрээнд ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий Богдхан уул, Горхи-Тэрэлж, Дорнод Монгол, Зэд-Хантай Бүтээлийн нуруу, Нөмрөг, Онон-Балж, Отгонтэнгэр, Тужийн нарс, Тарвагатайн нуруу, Улаан Тайга, Хангайн нуруу, Хан Хэнтий, Хөвсгөл нуур, Хөгнө Тарна зэрэг тусгай хамгаалалттай газрын 14 захиргаанд гал түймрийн багаж хэрэгслээр иж бүрэн тоноглогдсон автомашин, багаж хэрэгслийг өнгөрсөн сард хүлээлгэн өгсөн. Энэхүү машинуудыг хэрэглэсний үр дүнд ой, хээрийн түймрийг байгаль хамгаалагчид маань богино хугацаанд унтрааж байгаа юм байна.

 Тухайлбал, Булган аймгийн Зэд-Хантай бүтээлийн нурууны Дархан Цаазат газрын орчны бүс Сэлэнгэ сумын Тариахтай багийн нутаг Хуурай хөндийн арын амуудад өнгөрсөн сард ой, хээрийн түймэр гарч, нийт 900 орчим га талбай шатсан байна. Түймрийг Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 12 ажилтан, гал унтраах 50 дугаар анги, орон нутгийн нийт 100 орчим иргэд хамтран богино хугацаанд цурманд оруулжээ. Уг ажиллагаанд оролцсон тусгай хамгаалалттай газрын ажилчид “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд олгосон ой, хээрийн түймэр унтраах зориулалттай УАЗ–390945-460 Фермер маркийн автомашин, багаж хэрэгслийн тусламжтайгаар түймрийг богино хугацаанд унтраажээ. Урьдчилсан дүгнэлтээр бүрэн унтраагүй тамхины ишнээс гал гарсныг тогтоосон байна.

Мөн энэ сарын 1-нд Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний аманд 60 га газарт хээрийн түймэр гарсныг шуурхай арга хэмжээ авч ажилласны үр дүнд ойн бүс рүү орохоос өмнө цурманд оруулж чадсан байна. Энэ мэтчилэн хуурайшилтаас шалтгаалсан ой, хээрийн түймрийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Саяхан буюу энэ сарын 20-ны өдөр Хорго-Тэрхийн Цагаан Нуурын Байгалийн цогцолборт газрын овоотын аманд байрлалтай “Хоргын өргөө” жуулчны баазад түймэр гарч Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид Тариат сумын ЗДТГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид, сумын цагдаагийн тасгийн албан хаагчид газар дээр нь очиж  нутгийн иргэдтэй хамтран газар авахуулалгүй унтраасан. Тухайн газар нутагт оршин сууж буй иргэд цахилгааны шугамаас  уг түймрийг гарсан гэж ярьж байгаа боловч түймэр гарсан  шалтгаан, эзэн холбогдогчийг тогтоохоор Тариат сумын цагдаагийн тасаг ажиллаж байна.

Мөн Хөвсгөлийн Байгалийн цогцолборт газрын Хивэнгийн эхэд мөн энэ сарын 14-17-нд гарсан түймрийг 17 хүний бүрэлдэхүүнтэй баг 3 хоног ажиллан голомтыг бүрэн унтраасан байна. Энэ бүх ажлуудыг "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд олгосон ой, хээрийн түймэр унтраах зориулалттай машинуудаар унтрааж байгааг байгаль хамгаалагчид маань онцолж байна. Иймд, хуурайшилт ихтэй үед иргэд, малчид анхаарал  болгоомжгүй үйлдлээс гал алдахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан