“100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч зээл олгоод эхэлсэн гэх боловч өнөөг хүртэл нэг ч зээлдэгч орон сууцандаа ороогүй байгаа гэсэн гомдол гарч байгаа. Тиймээс энэ талаар Төрийн банкны маркетинг хариуцсан ажилтан Г.Болорсүхтэй ярилцлаа.
-Гол ачааллыг үүрч буй танай банкыг иргэдийн өргөдлийг хурдан шийдэж өгөхгүй байна. Нэг хүн дор хаяж гурав, дөрвөн сар хүлээж байна гэх юм?
-Монголчууд яаруу адгуу зантай. Хөтөлбөрийг хэрэгжүүлээд өнөө маргаашгүй дуусчих юм шиг яарч сандран хам хум материалаа бүрдүүлж өгчихөөд, хурдан шийдэж өг хэмээн яаруулна. Хөтөлбөрийг 2016 он хүртэл хэрэгжүүлнэ шүү дээ. Орон сууц гэдэг тухайн хүний амьдралдаа хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт. Гэтэл яарч сандраад, дайраад л, нэгнийхээ урдуур ороод л ачаалал их үүсгэж байна. Үнэнийг хэлэхэд, банкнаас аль болох дарааллыг нь багасгах үүднээс дугаар олгосон. Ингэснээр банкны хэвийн үйл ажиллагаанд доголдол үүсгэхгүй, зээлийн хүсэлтүүдийг нь даруй шийдээд явж байгаа.
-Гэхдээ дугаар олгосон ч гэсэн хэтэрхий удаан шийдэж байгаа юм биш үү. Зээлийн хүсэлтээ өгсөн иргэд дэндүү удаан гэж шүүмжлээд байна шүү дээ?
-Үнэндээ амьдралдаа хийж буй хамгийн том хөрөнгө оруулалтдаа иргэд их хайнга хандаж байна. Хэвлэлээр хөтөлбөр зарлалаа гэдгийг сонсоод л хам хум материалаа бүрдүүлж өгчихөөд шаардлага хангахгүй байна, нэмэлт ийм материал шаардагдана гэхээр “Та нар өмнө нь хэлэхгүй яасан юм, удаан хүлээлгэчихээд” гээд уурлаж бухимдан асдаг. Дугаар тарааснаар банкны ажиллагсдад амар болсон. “За, Болорсүх та энэ сарын 18-нд ирээрэй” гээд л бол оо. Гэтэл зарим иргэн 18-нд ир гэж байхад 16-нд ирчихээд та нар ямар удаан юм гэж уурлана. Нэлээн хэл амтай л байна даа.
-Тэгэхээр иргэдийн зээлийн хүсэлт буцаж байгаа нь юунаас шалтгаалж байна вэ?
-Нэгдүгээрт, өрхийн орлого. Сарынхаа өрхийн орлогыг зөв тооцоолоогүйгээс материал нь буцаж байна. Хаана, ямар орон сууц авах боломж байна, миний өрхийн орлого хүрэх үү, авбал хэдийг нь зээлдээ өгөөд, хэдээр нь амьдрах вэ гээд нарийн тооцоогүйгээр л байртай болно гэж зүтгээд зээлийн хүсэлтээ өгсөн иргэн олон байна. Дээр нь, барьцаа хөрөнгө.
-Уг нь, хөтөлбөрийн гол зорилго бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах. Гэтэл орон сууцгүй болоод л банкинд хандсан хүнээс барьцаа нэхэх нь хэр оновчтой вэ?
-Энэ талаар нэлээн ярьсан л даа. Иргэдээс ч олон гомдол ирсэн. Банк өөрөө арилжааны байгууллага шүү дээ. Дээр нь, нэгэнт тухайн хүнд зээл олгох гэж байгаа бол эрсдэлээ тооцож, барьцаа хөрөнгө нэхэх ёстой. Яагаад гэвэл, тэр хүний авах гэж буй орон сууц нь ашиглалтад ороогүй учраас. Тиймээс манайх энэ талаар нэлээн ярьж, хэлэлцсэний эцэст ах дүү, ээж аавынхаа орон сууцыг барьцаанд түр тавьж болно гэж үзсэн. Барьцаанд тавиад зээлээ авсны дараа орон сууц нь ашиглалтад ороод, ордер нь гарвал ах дүүгийнх нь байрыг банкны барьцаанаас чөлөөлчихнө. Нөгөөтэйгүүр, уг барилгыг барьсан компани манайд батлан даалт гаргах боломжтой болно.
-Одоогоор Төрийн банкинд хэдэн иргэний өргөдөл ирээд байна. Хэдийг нь шийдэв?
-Нийтдээ ОССК-иас 1928 хүсэлт ирсэн. Түүнээс 305 харилцагчийн зээлийг шийдвэрлэсэн байна. Үүнд 12 тэрбум төгрөг төсөвлөсөн. Судалж байгаа 250 харилцагчийн 7,5 тэрбум төгрөгийн зээл байна. Гадуур яриад байгаа шиг зээл олгох ажил удаашралтай байна гэсэн зүйл байхгүй. Харин ч өмнөхөөсөө илүү хурдан шуурхай шийдвэрлэж байгаа. Энэ хөтөлбөрт өнөөдрийн байдлаар Капитал, Төрийн банк нийгмийн хариуцлагаа ухамсарлан оролцож байна. Үнэндээ арилжааны банкуудын хувьд ашиггүй бизнес байхгүй юу. Төрийн тодотголтой манай банк нийгмийн хариуцлагаа ухамсарлан хэрэгжүүлэх үүднээс хөтөлбөрийн зээл олголтыг хариуцан ажиллаж байгаа. Шаардлага гарвал зээлийн олголтын явцад гарч буй бэрхшээлийг шийдвэрлээд засаад явна.
-Өдөрт хэдэн өргөдлийг шийдэж байна. Нэг өргөдлийг шийдэхэд ямар хугацаа зарцуулж байна вэ?
-Ерөнхийдөө ажлын таван хоногт шийднэ гэж байгаа. Тэгж ч ажиллаж байна. Долоо хоногт зээлийн хороо гурван удаа хуралддаг байсан бол одоо өдөр бүр л хуралдаж байна. 50-60 зээлдэгчийн материалыг хурлаар оруулаад 11-15-ыг нь шийдээд, үлдсэн нь бичиг баримт дутуу гэсэн шалтгаанаар буцах тохиолдол гарч байгаа. Гол нь, зах дээр ажилладаг болон гадаадаас ах дүүс нь сар бүр мөнгө гуйвуулдаг иргэд байвал хар дэвтэр, банкны хуулгаа хавсаргах хэрэгтэй. Тэгвэл нэмэлт мөнгөн орлого гэж бүртгэгдэн зээл олгох шалгуурыг хангах юм.
-Хөгжлийн банкнаас санхүүжилтэд шаардлагатай мөнгийг даруй шилжүүлж байгаа юу. Саатсан гэж ярих юм?
-Тус банкнаас зургадугаар сарын дундуур 20 тэрбум төгрөг орж ирсэн. Өнөөгийн байдлаар 10 гаруй тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Анхандаа манай банк өөрийн эх үүсвэрээр зээл олгож, эрсдэл үүрсэн. Харин Хөгжлийн банкнаас санхүүжилт орж ирснээр одоогоор зээл олголт саатсан юм алга. Харин ч дээр хэлсэнчлэн шуурхай шийдвэрлээд явж байна. Иргэдийн хувьд ОССК-д зээлийн хүсэлтээ өгөхөөсөө өмнө өрхийн орлого, барьцаа хөрөнгөө шийдвэрлэвэл банк материалыг нь буцаахгүй шүү дээ. Банк өөрөө арилжааны байгууллага. Дээр нь, эрсдэл үүрч буй гэдгийг дахин хэлмээр байна.
-Энэ банкнаас орж ирэх дараагийн мөнгө танайд хэзээ шилжих бол. Санхүүжилт цагтаа орж ирвэл иргэдийг чирэгдүүлэхгүй байх л даа?
-Ярилцаж байгаа. Яг тэдэнд мөнгө оруулна гэсэн зүйлгүй. Гэрээгээр зохицуулагдана л даа. Ямар ч байсан бид харилцагчдынхаа зээлийг шийдвэрлэж байна. Эхнээсээ байрандаа орж байгаа. Зээлээ ч графикийнхаа дагуу төлж эхэлнэ дээ.