Сүүлийн өдрүүдэд номын хур арвин ихээр бууж байна. Монгол улсын гавьяат хуульч Ц.Шаравдоржийн туурвисан "ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАЛ-ЫН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙН ҮЕИЙН ЗОЛИОС Н.ЭНХБАЯР" номыг өнөөдөр өлгийдэн авлаа. Номын нээлтэд зохиогчоос гадна Н.Энхбаярын аав Намбар, төр нийгмийн ахмад зүтгэлтэн Дамдин, доктор С.Галсан болон нийгэм улс төрийн зүтгэлтнүүд оролцов.
Уг номын редактораар зохиолч Т.Баасансүрэн, техник редактораар Ц.Эрдэнэчулуун нар ажиллаж, Мөнхийн Үсэг хэвлэх үйлдвэрт хэвлэжээ. Нийт 578 хуудас уг номыг бичихийн тулд зохиогч 175 хоног нойр, хоолоо хугаслан ажилласан гэдгийг уг номын редактор Т.Баасансүрэн тодотголоо. Энэ ном бол хилс зохиомол хэргийн талаар сурвалжилсан баримт, нотолгоо гэж зохиогч Шаравдорж онцоллоо.
Уг номыг бичихийн тулд нийт 60 боть хавтаст хэрэгтэй танилцсан байна. Хэлмэгдүүлэлт үүсгэхийн тулд Монгол улсын үндсэн хуулиас өгсүүлээд олон хуулийг бүдүүлгээр зөрчсөн болохыг номондоо хууль зүйн үндэслэлтэйгээр бичсэн болохыг Т.Баасансүрэн хэлэв. Мөн энэ ном гарснаараа хуулийн сургуулийн багш, оюутнуудад төдийгүй, мэргэжлийн хуульчдад ч үнэ цэнтэй гарын авлага болно гэж номын ач холбогдолыг тодотголоо. Сайхан дүрээр гарч ирээд, 27 жилийн туршид гажиж гажуудсан "дүр эсгэсэн ардчилал", олигархуудын үнэн дүр төрхийг энэ ном илчилсэн. Энэ бол уран зохиол, уран сэтгэмж огт биш. Гагцхүү үнэн, хөдөлшгүй үнэнд тулгуурласан баримтат зохиол гэж уг номын нээлтийн ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Т.Баасанхүү онцлов. -Монголчууд 37 он, 60-аад оны сэхээтний төөрөгдөл хэмээх их, бага хэлмэгдүүлэлтийг туулсан. Ардчилал гэсэн сайхан нэртэй нийгмийг сонгосон ч хэлмэгдүүлэлт үргэлжилсээр байна. Зөвхөн Н.Энхбаяраар зогсохгүй, төрийн мянга мянган албан хаагчид хэлмэгдсэн хэвээр. Энэ номын тухайд прокурорын архив дахь хавтаст хэргийн материалтай танилцсан. Анхнаасаа л шүүх хурал, улсын яллагдагчийн давамгайлал, шүүгчийн байр байдал надад эргэлзээ төрүүлж байсан. Прокурорын архивт буй 60 хавтаст хэрэгтэй нэгбүрчилэн танилцсан. Даанч дээ гэмээр сэтгэгдэл төрснийг нуухгүй. Ямар ч гэсэн уншигчдадаа хүргэе гэж шийдсэн. Мэдээж ном гарахад баярлахаас гадна эсэргүүцэх хүн ч гарна. Үүнийг би ухамсарлаж буй. Ямар ч эсэргүүцэл тулгарсан би бэлэн байх ёстой. Яагаад гэвэл энэ ном бол энгийн нэг уран зохиолын ном биш. Үүний цаана их улс төр бий. Тиймээс миний хэлэх, бичих үг нэг бүр үнэн, хийх дүгнэлт хөдөлшгүй баримтанд тулгуурласан байх шаардлагатай. Алдаа гаргах аваас юу хүлээж буйг хуульч хүний хувьд мэднэ. Бодит баримт. Энэ бол миний ханьссан гол баатар. Найдвартай, мөн гуйвахгүй нөхөр юм. Байгаа зүйлийг байгаагаар нь уншигчдадаа хүргэсэн. Гоёл чимэггүй. Хэрхэн хүлээж авахыг уншигч авгай таална. Энэ номд ганцхан үнэн бий. Энэ бол Н.Энхбаяр, Д.Чулуунбаатар, Дуламсүрэн нар гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг нотолсон. Энэ бол зохиомол, хилс хэрэг. Энэ хэрэг эрт орой хэзээ нэгэн цагт цагаадна" гэж уг номын зохиогч Ц.Шаравдорж хэллээ. Тэрбээр номынхоо дээжийг Н.Энхбаярын аав Намбар, Дуламсүрэн, Чулуунбаатар нарт гардуулав.
МАХН-ын дэд дарга, шадар сайд асан Оюунбаатар- Би энэ хэлмэгдлийн түүхийг сайн мэднэ. Номыг сая гардан авсан учир уншиж амжаагүй явна. Гэхдээ энэ ном бол шинэ цагийн хэлмэгдлийн шинэхэн түүх юм. 21-р зууны хар ном ч гэж нэрлэж болно гэж үгэндээ тэмдэглэлээ. Тэрбээр Солонгос Улсыг зорьсон МАХН-ын дарга Н.Энхбаяртай утсаар холбогдож түүний сэтгэгдлээс нь номын нээлтэд оролцсон хүмүүст хүргэсэн юм. Энхбаяр нэг л зүйлийг онцлов. Ард түмний дэмжлэг албан тушаалаас илүү хүчтэй гэдэг үгийг хэлсэн үгийнхээ төгсгөлд иш татав. Энэ ном бол хэлмэгдлийн харангын дохио юм. Ойрын ирээдүйд цагаан ном гарах болно гэж итгэж байна гэж Оюунбаатар үгээ төгсгөлөө. -Энэ ном ард иргэдэд сэрэмжлүүлэг өгнө эргэлзэхгүй байна. Энэ номын ач холбогдол нь энэ юм. Дахин хэлмэгдэл гарахгүй байхын нэгэн ёсны баталгаа болно гэдэгт итгэж байна.
Номын зохиогч Ц.Шаравдорж бол зарчимч нэгэн. Шударга, хэлье гэснээ хэлчихдэг. Хүний эрх чөлөө хумигдаж буй цаг үед энэ номыг туурвилаа. Яг цагаа олсон ном. Хууль, шүүх, прокурорынхон улс төрчдийн захиалга, дохио зангаагаар ажилласан үйл явцыг нягтлан үзээд тэсвэр тэвчээр нь барагдахдаа энэ номыг барьж авсан байх. Сэтгэлийн дуудлагаар бичсэн ном гэдэгтэй санал нэгдэнэ. Хууль хүчний байгууллага хуулиа умартаж, нэг хүний эрх мэдэлд шилжих, гар хөл болох нь хичнээн аюултайг энэ номд дүрслэн гаргасан. Би өөрөө хоригдсон хүний хувьд энэ үгийг хэлж байна. Хэлмэгдүүлэлтийг хийдэг арга технологи байна. Энэ бол хиймэл, зохиомол дуулиан үүсгэж, шуугиан тарих юм байна. Аль болох нийгэмд айдас хүйдэс бий болгох. Толгойтой бүхнийг хар гэрт нь толгой хоргодуулах. Айдасаараа дөрөөлөн нйигмийг залж байна. Айдас хаана байна, тэнд эрх чөлөөний тухай яриад ч хэрэггүй. Хэвлэлийн эрх чөлөө бол Монголд хумигдсан. Намайг дуудаж, юм асууя л гэсэн. Тэгээд л хорьдог юм билээ. Уран бүтээлч хүнд цагаас илүү үнэтэй зүйл байдаггүй. Алтан цагаар тоглосон. Амь, амьдрал, ах дүүсээр бүгдээр нь тоглодог юм билээ. Тиймээс Монголд эр зоригтныг олноор төрүүлэх шаардлагатай. Сэрэмжлүүлэг хэрэгтэй. Ийм л зүйл бодогдож байна гэж Н.Энхбаярын хамт хилс хэлмэгдэж ял эдэлсэн Чулуунбаатар бодлоосоо хуваалцлаа.
Номын нээлтийн төгсгөлд сэтгүүлч Жамьян үг хэлэхдээ,- Шаравдорж бол Монголын толгой хуульч. Миний төөрсөн дүү. Баримтжуулж лут хийдэг хүн. Хүнийг яаж ч шүүмжилж болно. Гэхдээ сонгуулийн өмнө хэрэгт татаад, сонгуулийн дараа уучиллаа гэдэг бохир улс төрийг зогсоох цаг болсон. Энэ бол бас нэгэн хэлмэгдүүлэлт. Үүнийг хийж гаршсан хоёр хүн байна, Монголд. Энэ бол ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхийлөгч болох гэж буй М.Энхболд. Тэд УИХ-ын баталсан хуулийг хүчингүй болгож байна. Тиймээс ард олноороо нийлж, Н.Энхбаярыг ерөнхийлөгчид нэр дэвшүүлье гэж Жамьян гавьяат үгээ өндөрлөлөө. Нээлтийн төгсгөлд ирсэн зочдодоо номынхоо дээжээс өргөн барив.
Эх сурвалж : CONTROL.MN