Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Төв аймгийн зүүн хэсгээр өнөөдөр цасан шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Цасан шуурганы үер, хараа хязгаарлагдах, зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж болзошгүйг онцгойлон сэрэмжлүүлсэн байна. Улаанбаатар хотод өнөөдрөөс цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр.
Шөнөдөө ирэх гурван өдөрт Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө хүйтэрч 11-13 градус хүйтэн байна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно.
Салхи 16-нд говь талын нутгаар, 17,18-нд ихэнх нутгаар, 19-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурах нь. 16, 17-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст хүйтний эрч суларна гэжээ.