Ж.ГЭРЭЛЧУЛУУН
Хэдхэн жилийн өмнө “Авьяаслаг хятадууд” шоуны тайзнаа “Сүүмийх зэрэглээнд гэгээ анирлаад сүсэглэхийн эрхэнд ээж минь бодогдоно...” хэмээн дуулж, нулимс унагаж зогссон С.Уудам хүү эрийн цээнд хүрч, алс хол Канад улсад амьдарч, сурч байна. Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн эгэл малчин ардын гэрт төрж, бага балчир насандаа эцэг, эхээ алдсан хүү сурч боловсрохын зэрэгцээ дуучин болох их хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөж явна.
-Юуны өмнө уран бүтээлийн сонин сайхан хийгээд амьдарч буй газар орны тань тухай сонирвол?
-Одоогоор дуу хуур гэхээс илүүтэй хичээл сурлагадаа л хичээнгүйлэн шамдаж байна даа. Бие даасан, шинэ уран бүтээл хараахан гаргаагүй л байна. Канадын Ванкувер хотоос холгүй жижигхэн хотод сурч, амьдарч байгаа. Энэ жил арваннэгдүгээр анги.
-Дунд сургуулиа төгсөөд их, дээд сургуульд элсэх байх. Мэргэжлээ сонгосон уу. Манай уншигчдын хувьд өөрийг чинь дуучин болох болов уу гэсэн хүлээлттэй байгаа нь лавтай?
-Тийм ээ, ер нь урлагийн чиглэлээр сурах бодолтой байгаа. Тэр дундаа дуулаачаар сурна гэж боддог.
-Цаашдаа Канадад ажиллаж, амьдаръя гэсэн бодолтой байна уу, үгүй юу?
-Яг амьдрах тухайд бодож үзсэнгүй ээ. Одоохондоо суръя, мэргэжил боловсрол эзэмшье, хүний газар юм үзэж нүд тайлъя гэсэн бодолтой л явна. Барууны соёл, боловсрол гэж юу байдаг юм, манай нутагт байхгүй зүйл нь юу юм, түүнийг нь суръя, өөрийгөө хөгжүүлье л гэж хичээж байна даа. Яахав, яг дуулаачаар сурахаар болбол Канадад юм уу, Америкт мэргэжил эзэмшинэ гэсэн бодол бий. Магадгүй Канадын Торонтод ч сурах байх.
-Монголчууд өөрөөс тань шинэ дуу, уран бүтээлийн хүлээлттэй байдаг. Ер нь, ойрын ирээдүйд шинэ дуу хуур дээр ажиллах болов уу?
-Яг нарийн хэлж мэдэхгүй ч ойрын хугацаанд шинэ уран бүтээл гаргах бодол бий. Одоогоор хоёр дуун дээр ажиллаж байна. Нэгийнх нь ая, шүлгийг хийчихсэн, дуулаагүй л байна. Ер нь, сургуулиа төгсөх дөхчихсөн учир яг төдийд гэж баттай хэлж чадахгүй нь. Ямартай ч, уран бүтээл, дуу хуураасаа хөндийрөөгүй ээ. Сургууль соёл гээд нэг их шамдахгүй байгаагаас уран бүтээлээ хийж байгаа.
-Ямартай ч, урлагийн чиглэлээр тэр дундаа дуучин болохоор зорьж байгаа юм байна. Анх “Алсад суугаа ээж” дуугаараа олны танил болж байсныг чинь манай уншигчид мэднэ. Цаашид ямар төрөл жанраар явъя гэж бодож байна?
-Хүмүүс модерн гэж ярьдаг даа, орчин үеийн урсгал, чиглэлийг их сонирхож байгаа. Тэр дундаа поп, R&B урсгалаар дуу гаргах сонирхол бий. Яахав, нутагтаа бол ардын дуу, зохиолын дуугаараа олны танил болсны хувьд ор тас хаяхгүй. Гэхдээ залуу хүн болсон хойно цаг үеэ дагахыг бодож, орчин үеийн дуу хуур их сонирхож, суралцаж байна.
-Монголчууд бид Уудам гэхээр “Алсад суугаа ээж” дуугаар төсөөлөөд сурчихаж л дээ. Ер нь, барууны, дэлхий дахины дуучдаас хэнийг нь илүүтэй таашааж, сонсч байна?
-Яг энэ тэр гэж хэлэх аргагүй ээ. Дуу нь сонин содон, хөг аялгуу сайтай, өвөрмөц санаа шийдэлтэй бол ялгаагүй л сонсдог. Монгол хэлээрээ, монгол дуучдаа сонсохын хажуугаар англи хэлээр ч сонсох дуртай. Яахав, онцолбол Жастин Бибэр, Бруно Марсыг нэрлэж болно. Монголынхоо дуучдаас гэвэл дуучин Болд, Амархүү ахын дууг сонирхон сонсдог. Болд ахын хувьд Монгол поп буюу поп хөгжмийн урсгалыг Монгол хөрсөн дээр буулгаж чадсан. Тиймдээ ч дуу хуурыг нь сонсдог.
-Поп, R&B чиглэлээр дуулна гэхээр мэдээж англи хэлний мэдлэг сайн байхыг шаардана. Канадад сурах болсоор хэр удаж байна мөн хэлний мэдлэг чамгүй сайжирч байгаа байх?
-Канадад жил орчим л болж. Гэхдээ хэл сурах тухайд их ахицтай байгаа. Англи хэл маань өдөр ирэх тусам сайжирч байна.
-Энэ жил 17-той байх аа?
-Тийм.
-Багадаа дэлхийд нэрээ гаргасан дуучин болохыг хүсдэг гэж байсан. Хүүхэд багын мөрөөдөл чинь хэвээрээ юу, хүсэл мөрөөдлөө хуваалцаач?
-Юун түрүүнд дуучин болохыг хүсч, зорьж явна. Гэхдээ дэлхий дахинд нэртэй дуучин болно гэхээс илүүтэй олны хүндлэл хүлээсэн хүн байхыг хичээдэг. Дэлхийд нэртэй гэдэг магадгүй хүүхэд багын гэнэн мөрөөдөл байх. Одоо надад нэр алдар гэхээс зүгээр л урлаг, уран сайхны ертөнцөд өөрийн гэсэн орон зайтай нэгэн болохыг л бодож байна. Түүнээс гадна, зөвхөн өөрийгөө гээд байлгүй нутаг усаа хайрлаж хамгаалах талаар бага ч болов юм хийхсэн гэж санаж явна даа. Өв соёлоо хадгалж хамгаалахын зэрэгцээ нутаг усаа онгон дагшин байлгахсан, ядаж л хоггүй байгаасай гэж хүсдэг. Үүнийг нэг ёсондоо миний мөрөөдөл гэж болно.
-Монголд олон ч удаа ирлээ. Тэр болгонд хотод ирэх нь их байсан байх. Хөдөөгүүр явж байв уу?
-Хөдөөгүүр бараг л яваагүй дээ. Ирсээр Улаанбаатарт байж байгаад л буцдаг байлаа. Ер нь, хөдөө гэвэл Хөвсгөлд очиж үзэхийг их боддог. Өвөрмонголоос ялгаатай нь Монголын байгаль, хөдөө нутаг онгон зэрлэг хэвээрээ шүү дээ. Тиймдээ ч хөдөөгүүр явах бодол бий. Бодол байв ч хараахан завдахгүй юм.
-Хөдөө нутаг эзгүйдэх, нүүдэлчин ахуй, соёлоо авч явах малчин ардын залгамж халаа, залуу үе цөөрөөд байгаа тал бий. Энэ тухайд ямар бодолтой явдаг вэ?
-Яахав, энэ тухай сонсч байсан л даа. Хөдөөд малчин залуус ховордож байна, хүмүүс хот суурин газар ихээр төвлөрч байна гэдэг. Өвөрмонголчуудын хувьд адилхан л малаа маллаад аж төрж байгаа ч Монголоос ялгаатай нь малын бэлчээр, нутаг ус гээд бүх зүйл тодорхой зааг, хэм хэмжээтэй болчихсон. Гэтэл энд, Монголд өргөн уудам газар нутаг, хэдэн арван саяар хэмжигдэх мал сүрэг байна. Байгаль нь онгон дагшин гээд олон зүйл урьд ямар байсан тэр хэвээрээ л байна. Тиймдээ ч өвөрмонголчуудын дунд Монголдоо ирэхсэн гэх хүсэлтэй нь олон. Яахав, хөгжил дэвшлээ дагаад хүн зон суурин соёлд идээшин дасч байгаа ч үнэт өв соёл болсон нүүдлийн соёл, мал аж ахуйгаа хамгаалж, хадгалж үлдэхэд залуу халаа үе хэрэгтэй. Мэдээж хэн нэгнийг чи хөдөө оч, мал малла гээд заавардаад байж болохгүй. Тиймээс үүнийг бодлогоор зохицуулж байх ёстой болов уу гэж боддог. Хөдөөд хүний хэрэгцээ бүрэн дүүрэн байх аваас хэн ч түм түжигнэсэн хот газар шигдээд суухыг хүсэхгүй шүү дээ. Монголчууд маань зун, намрын дэлгэр цагтаа хөдөө гадаад их л аялж зугаалдаг. Ингээд бодохоор хөдөөгийн амьдрал бидний сэтгэлд илүү ойр хэвээрээ байна гэсэн үг. Гагцхүү тэнд очиж амьдрах нөхцөл бий болгох ёстой гэж санадаг.
-Америк, Хятад, Канад гээд юм юмны тэргүүнд явж буй улс гүрнүүдэд амьдарч, сурч буйн хувьд монголчууд бид 13 дугаар зууны үеийнх шигээ эргэн хүчирхэгжих боломж, цаг хугацаа байна гэж боддог уу?
-Энэ миний л бодол шүү. Магадгүй дахиад нэг Чингис хаан гарч ирвэл монголчууд эргэн хүчирхэгжихгүй гэх газаргүй. Дээр нь монгол хүмүүс эвтэй байвал олон зүйл дээр хүчээ тарамдуулахгүй юм уу гэж боддог.
-Уудам малтай юу?
-Бий бий. Манай малыг авгынхан маань хариулж байгаа. Амралтаараа үе үе очно шүү. Ер нь л боломж олдвол аль болох нутагтаа очихыг, хөдөө, мал хуйгаа эргэхийг боддог. Монгол хүн чинь байгаль, морь мал, монгол ахуйгаа их үгүйлдэг юм байна.
-Канад амьдарч, аж төрөхөд ямархуу газар юм?
-Сайхаан. Канад байгаль, цаг уурын хувьд Монголтой ижил төстэй зүйл олон. Мөн дэлхийн хөгжингүй улс орнуудын нэг шүү дээ. Миний амьдарч байгаа хот харьцангуй жижигхэн. Ванкувераас холгүй, жижигхэн хот бий. Манайхаар бол тосгон шиг гэж болно. Яг далайн эрэг дагуу байрладаг.
-Одоо тэнд хэнтэй байдаг вэ. Ер нь анх Канадад сурах тухай шийдвэр хэзээ гаргах болсон юм бол?
-“Чандмань эрдэнэ” дууг дуулдаг Бүрэнбаяр, Урнаа багш нар маань намайг өөрийн үр хүүхэд шиг өсгөж, хүмүүжүүлснийг хүмүүс мэдэх байх. Анх бид гэр бүлээрээ ярилцаж байгаад Канадад сурахаар болсон юм. Ирэхдээ ганцаараа ирсэн ч одоо олон сайхан найз нөхөд, танилтай болсон.
-Монголд сурах бодол байв уу?
-Байсаан. Наймдугаар ангиа төгсөөд Монголд сурах тухай бодож байсан юм. Мэдээж энд ирж сурсан бол олон том боломж байсан ч соёлын хувьд огт өөр улс оронд, тэр дундаа барууны соёлоос суралцъя гэж бодсоны үндсэн дээр Канадыг сонгосон.
-“Доз” энтертайнментийн бүтээл “Хөх толбот хүмүүс” кинонд дүр бүтээгээд амжсан. Түүнээс өөр кинонд тоглох санал ирж байв уу?
-Кинонд тоглох, дуу хуур хамтарч дуулах тухай санал нэг их ирж байгаагүй ээ. Гэхдээ миний хувьд монгол ахан дүүстэйгээ хамтарч уран бүтээл туурвихад хэзээд таатай байх болно. Магадгүй “Уудам аа, ийм тийм юманд оролцоод өгөөч” гэвэл боломжоороо л тус болно гэж боддог.
-Өвөрмонгол, Хятадад кинонд тоглож байсан удаа бий юу?
-Зургадугаар ангидаа нэг хятад кинонд гол дүр бүтээж байсан. Хоёр сар гаруй зураг авалтад оролцож байж дууссан кино. Гэхдээ тэр кино олонд тэгэж их түгээгүй ээ. Кино театруудаар гараад нэг их удалгүй буулгачихаж байсан юм.
-Ер нь дуулахаас гадна кино урлагт сонирхол байх шиг байна, тийм үү?
-Байгаа байгаа. Өөртөө бол жүжиглэх, жүжигчний ажил мэргэжилд дуртай. Янз бүрийн хүмүүстэй ажиллаж үзнэ, юм сурна. Түүнээс гадна өөрийгөө өөрчлөх, нээх нэг боломж юм л даа. Тиймдээ ч жүжиглэх тухайд сонирхол бий.
-Одоо бол хоолойны цараа, суурь тавигдаж байгаа байх. Багш нар нь юу гэж зааж зөвлөх юм?
-Хоолойгоо сайн гамна, зүгээр нэг дуучин бус сайн дуучин болох хэрэгтэй гэдэг. Сайн дуучин гэдэг хоолойны хүч, цараа сайтайдаа биш дуулсан дуугаа сэтгэлээсээ амьдруулж чаддаг байх хэрэгтэй гэдэг юм. Мөн миний сонирхоод буй поп, R&B чиглэлийн тухайд ч намайг их дэмждэг. Юу сонирхлыг чинь татаж байна түүнийгээ л дага гэдэг.
-Дуулахын зэрэгцээ элдэв хөгжимд их сонирхолтой гэж сонссон. Дууны шүлэг оролдож байна уу?
-Гитар, төгөлдөр хуур түүнээс гадна орчин үеийн хөгжмийн урсгалуудыг их сонирхоно. Гитараа ямартай ч бага сага тоглож сурч байна. Дууны шүлэгний хувьд сонирхол байдаг ч яг гараас гаргачихсан юм байхгүй ээ. Нэг юм бариад суувал нухаад суучихдаг, тэрнээсээ гарч чадахгүй болчихдог муу талтай. Санаандаа нийцүүлэх гээд хэт улайрчихдаг юм шиг байгаа юм. Ямартай ч, орчин үеийн хамтлаг дуучид дуу шүлэг, ая хөгжим гээд хамаг юмаа өөрсдөө хийчихдэг, нэг талаас олон талын авьяастай болж. Ая, шүлэг, хөгжим гээд нэг хүний гараас гарсан уран бүтээл хүнд илүү ойр тусдаг санагддаг. Тиймээс өөрөө бага сага юм оролдож л байна. Нэгэнт урлагийн хүн болъё гэж бодсон бол олон талын юм сурах хэрэгтэй шүү дээ.
-Хүний нутагт ганцаараа байгаа. Нутаг ус, гэр орноо хэр санаж байна?
-Саналгүй яахав. Яг нутаг буцахын өмнөх хэд хоног нойр хулжаад, нутаг усаа зүүдлээд ер тайван сууж чадахгүй. Хоног тоолон хүлээнэ дээ. Тэгэж тэгэж нутагтаа очмогц санаа амардаг даа.
-Урлагийн хүнд, өөрт нь их үнэ цэнэтэй, үнэхээр бодож, зорьж хийсэн уран бүтээл гэж байдаг. Уудам ч гэсэн нэг тиймэрхүү дуу хийчихвэл гэж дотроо санаж яваа байх?
-Тэгэлгүй яахав. Хүн бүрт нэрийн хуудас болсон нэг уран бүтээл байдаг. Жишээ нь, Уудам гэж хүнийг одоо ч олны дунд өргөж, авч яваа уран бүтээл бол Жавхлан ахын дуулсан Алсад суугаа ээж шүү дээ. Үнэхээр олонд хүрсэн сайхан уран бүтээл. Түүнээс Уудам мундаг сайндаа ч олонд танигдсан гэж боддоггүй. Үнэхээр сэтгэлээс гарсан юм гэдэг цаагуураа өөр байдаг даа. Миний хувьд үнэхээр сэтгэлээ шингээж өөрийн гэсэн дуу хийх бодол, төсөөлөл байдаг. Гэхдээ тэгэж их яарад байдаггүй ээ. Мэдээж хүн л болсон хойно ирээдүйг гэрэл гэгээтэй, сайн сайхнаар төсөөлнө. Дуучин болох, дуу дуулах тухайд би сайхан ирээдүй хүлээж байгаа гэж итгэдэг. Түүнийхээ төлөө ч хөдөлмөрлөж, сурч мэдэхийг зорьдог. Олны сэтгэлд хүрч, чихэнд хоногшсон олон сайхан дуу дуулчихаад тайлан тоглолтоо хийнэ дээ гэсэн мөрөөдөлтэй. Түүндээ ч хүрнэ.