Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Одоо олон мөөг биш ганц том модны төлөө явбал ямар вэ, киночдоо


Б.СОНОР


Тэртээ буюу 1895 онд ах дүү Люмьер Парисын үзэгчдэд “Ла Сиотод галт тэрэг ирсэн нь” хэмээх анхны кино үзвэрээ толилуулснаар Кино урлагийн албан ёсны анхны шанг татсан гэж үздэг. Ах дүү Люмьер галт тэргээ уухичуулан давхисаар кино хэмээх “өртөөн”-д анх ирснээс  хойш 41 жилийн дараа буюу 1936 онд манай улсад Оросуудын дэмжлэгтэйгээр “Монгол хүү” киног бүтээсэн нь анхны монгол кино болон түүхэнд тэмдэглэгджээ. Ахан дүүсийн сайхан харилцааны үр шимээр орос ах нар Монгол кино үйлдвэрийг байгуулж, төрийн мэдэлд өгснөөр ЗХУ-д мэргэжилтнүүдээ бэлтгэж, эхний 20 жилд кино урлаг монголын хөрсөнд үрээ суулгав. Энэ үед төр засгийн санхүүжилт, төлөвлөгөө ёсоор жилдээ 2-3 кино хийгддэг байсаар 1960 онтой золгож, бүтээн байгуулалт, нэгдэлжих хөдөлгөөнийг сурталчилсан бүтээлүүд үйлдвэрлэгдэж жилдээ 5-8 киног хийдэг болов. Ийнхүү явсаар 1980 он гарч монголын кино урлаг ч шинэ шатанд хөгжиж эхэлсэн билээ. Хэдийгээр Уран сайхны зөвлөл хатуу шүүлтүүрээр оруулж, цензурддаг байсан ч үзэл суртлыг шүүмжилсэн, хайр сэтгэлийг дуулсан драмт кинонууд хийгдэх болов. Энэ үед Б.Балжинням, И.Нямгаваа, Г.Жигжидсүрэн, Ж.Сэлэнгэсүрэн зэрэг найруулагчид кино үйлдвэрт ажиллах болж “Гарын таван хуруу”, “Би чамд хайртай”, “Тань руу нүүж явна”, “Илүү сартай зун” зэрэг сэтгэлийн уянга, драмт кинонуудаа бүтээжээ. 1980 оны сүүлч 1990 оны эхээр “Мандхай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” зэрэг түүхэн томоохон кино төрөн гарахын зэрэгцээ “Бүлээн нурам”, “Хүн чулууны нулимс” зэрэг хурц шийдэл бүхий арт хаус өнгө аястай кинонууд ч хийгдэж байв. Харин 1990 оны дунд үед кино үйлдвэр хувьд өмчлөгдөж үйл ажиллагаа нь үндсэндээ зогссон гэж болно. Энэ үеэс эхлээд дотоодын кино урлаг дахь төрийн үүрэг, оролцоо онхи таслагдаж зэрлэг капитализмын хуулиар урагшилсныг цөм мэдэх биз ээ. Шилжилтийн үеийн их эргүүлэгт нийтээрээ үймэн бужигнаж байсан ороо бусгаа тэр үед ч кино үйлдвэрлэл амь бөхөөгүй бөгөөд кино үзэх үзэгчдийн хэрэгцээ ч буураагүй.
1990 оны сүүл 2000 оны эх гэхэд хүн чанар ялзран доройтож буйг үзүүлсэн “Хүн харх”, эсвээс ядуугийн гачлан зовлонг сууриа болгосон “уйлуулдаг” гэгдэх “Амьдрах итгэл” зэрэг хямд өртөгтэй, уран сайхны хийцээр тааруу видео кинонууд олноор төрөн гарч байв.

Шил даран үүдээ барьж, алдаг оног үйл ажиллагаа явуулах болсон кино театрын орыг байрны орц болгонд байх видео үзвэр, прокатны газрууд орлож байсан гэхэд болно.

Энэ хэцүү цаг үеийг бодвол монголын кино урлаг хөгжиж байна. 2003 онд орчин үеийн шаардлагад нийцсэн “Тэнгис” кино театр  нээгдэж, 2009 онд хуучны “Өргөө” кино театр мөн шинэчлэгдэн байгуулагджээ. Төдөлгүй “Өргөө 2”, “Соёмбо” зэрэг кино театрууд үүдээ нээж, сүүлийн үед харин орон сууцны томоохон хороолол, их дэлгүүрүүдийг дагасан “Хүннү”, “Гэгээнтэн” зэрэг кино театрууд шил даран нээгдэж байна. Өргөө шинэ салбараа “IМAX” кинотеатрт нээн өргөжүүлнэ гэж зарлаад байгаа. Юутай ч кино театрууд шинэ тутам байгуулагдана гэдэг дотоодын зах зээлд үйлдвэрлэгдэн гарч буй киног түгээх сүлжээ, тогтолцоо нь бүрэлдэж байгаа хэрэг. Борооны дараах мөөг шиг дуу дуугаа авалцан, нэгнээсээ өрсөж нээлтээ хийх кинонууд ч төрөн гарсаар.

Кино урлагийг газардуулахгүй гэсэн уран бүтээлчид чин хүсэлдээ захирагдан өртөг багатай, чанар муутай ч өгүүлэмж арвин бүтээлээр кино урлаг хязгаарлагдахаа больж. Тиймээс монголын кино урлагийн хөгжлийг дагаад бүхэл бүтэн зах зээл бий болсон байна. 2013 онд жилд 22 монгол кино нээлтээ хийж, кинотеатруудаас нийт 2.6 тэрбум төгрөгний орлого олжээ. Тухайн онд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино хамгийн их буюу 731 сая төгрөгний ашиг олсон аж. Ойролцоогоор уг киног 100 мянга орчим хүн үзсэн байна. Харин 2014 онд дотоодын 39 кино нээлтээ хийж нийт дөрвөн тэрбум гаруй төгрөгний орлого олжээ. Тухайн онд “Үргээлэг” кино  хамгийн их буюу 433,5 сая төгрөгийн ашигтай байсан бөгөөд энэ кино 60 мянга орчим хүнд хүрсэн байна.

Шинэ он гараад одоо 40 л хонож байна. Тэгвэл энэ хугацаанд кино театруудад “Сайн аав”, “Приусын босс”, “Амьдралоги”, “Хоёр амь”, “Харанхуй хад”, “Шилжилт” уран сайхны кино нээлтээ хийж үзэгчдэд хүрч байна. Мэдээж багагүй үзэгчтэй байж таараа. Үзэгчдийн тоо цөөрвөл тухайн киног тэр даруй үзвэрийн хуваариас буулгадаг. Киночид уран бүтээлээ эхлээд кино театруудад өгнө, дараа нь IPTV-нүүдэд өгч, үзэгчид түрээслэн үзнэ. Үүний дараа телевизийн сувгуудад худалддаг. Орчин үеийн техник хэрэгсэл, чанарт тохируулан нэг кино хийхэд ойролцоогоор 50-200 сая төгрөг шаарддаг байна. Киноны уран бүтээлчид дээрх шат дамжлагаар уран бүтээлээ худалдаж зардлаа олж авдаг. Сүүлийн жилүүдэд киночид хэд хэдээрээ нэгдэн уран бүтээл үйлдвэрлэж байгаа нь мэдээж ашиг олдог болоод л тэр биз. Саяхан нэг кино зохиолчоос яриа авахад тэрээр “Хуучин бол нэг кино зохиол биччихээд найруулагч найздаа өгөхөөр нөгөөх маань хөрөнгө мөнгө олох гээд л хүн бүрт уншуулаад гүйдэг байсан. Тэгж тэгж нэг ивээн тэтгэгч олохоор нөгөөх нь өөрийнхөө сонирхолд тааруулан кино зохиолыг танигдахын аргагүй болгочихдог эсвэл киноны дүрийг өөрөө сонгоно  гэж зүтгэдэг байлаа. Одоо кино урлагийг дэмждэг, ойлгодог хүмүүс бий болж, продюсерийн агентлагууд ч байгуулагдсан учраас сайн л зохиол байвал кино болж дэлгэцэнд гарах цаг хугацааны л асуудал болсон” хэмээн ярьж байсан. Үзэгчид ч нэг үеэ бодвол кинонуудыг арилжааны ашиг олох зорилготой хийгдсэн, жинхэнэ уран бүтээл зэргээр нь ангилж харж, ялгаж, сонгож үздэг болж. Тиймээс уран бүтээлчид кино урлагаар ашиг олох бус монголын гэх нэрийг дэлхийд гаргах бүтээл хийх хэрэгцээ шаардсан цаг үе ирээд буй аж.

Манай кино урлагаас дэлхийд танигдсан кино бүтээл огт байхгүй юу гэвэл бас үгүй. Д.Төрмөх, П.Бросенс нарын найруулсан 1998 оны “Нохойн орон” баримтат кино Венец болон Торонтогийн кино наадамд өрсөлдөж, Швейцарийн Visions du Réel хэмээх нэр хүндтэй баримтат кино наадмын дээд шагналыг хүртэж байсан. Д.Бямбасүрэнгийн 2003 онд хийсэн “Ингэн нулимс” баримтат кино Оскарын шагналд хүртэл нэр дэвшиж байв. 21 мянган долларын бага өртгөөр бүтсэн сайх кино олон улсын зах зээлээс 1.7 сая долларын ашиг олжээ. 2013 онд С.Бямбаагийн “Алсын удирдлага” кино Бусаны кино наадмын гол өрсөлдөөнт хэсэг “Шинэ давалгаа” төрөлд дээд шагналыг нь авсан. Олон улсад амжилттай гарч,  нэр хүндтэй кино наадмуудад сонгогдож, шагнал хүртсэн эдгээр бүтээлд нэг нийтлэг шинж ажиглагдана. Арилжааны зорилго агуулаагүй, урлагийн бүтээл. Тиймдээ ч гадны кино урлагийг дэмжих сангуудаас тодорхой мөнгөн тусламж авч бүтсэн аж. Мөн бүгд л гадны уран бүтээлч, продюсерүүдтэй ямар нэгэн байдлаар хамтарчээ. Харин агуулгын хувьд монгол үндэснийхээ ахуй, онцлог, нөхцөл байдлыг л уг чигээр нь дэлгэсэн байх юм. Тиймээс дунд нь байгаа болохоор бидний төдийлөн анзаарч тоодоггүй монгол ахуй, уламжлал, гагцхүү манай оронд л оршиж буй нийгмийн онцлог нөхцөл байдал маань гадны зах зээлд сонирхогдох магадлал өндөртэй аж. Мөн арилжааны зорилготой бус л бол ямар ч кинонд техникийн онцгой шаардлага тавьдаггүйг дурьдах нь зүй болов уу. Үүний нэг тод жишээ нь “Бүргэдчин охин” баримтат кино. Баян-Өлгий аймагт одоо хэдэн арван Айшолпан байгаа. Гэхдээ тэднийг түрүүлж харсан нь гадаадын нэгэн зурагчин. Тэр зургийг харсан нэг найруулагч туслахтайгаа техник хэрэгсэлээ чирч ирээд л хийчихсэн бүтээл нь одоо дэлхийн зах зээл дээр цойлж байна.

Арт киног их мөнгө, техникийн шаардлагаар зодож хийдэггүй нь тодорхой. Тиймээс ч монгол бүтээлүүд арилжааны зах зээл дээр төдийлөн нэвтэрч чаддаггүй юм гэхэд кино урлагийн хувиар дэлхийд нэрээ цоллуулах магадлал илүү ойр байна. Кино бол хил хязгааргүй урлаг, тиймээс олон улсад гарсан дотоодын чансаатай бүтээлүүд монгол орон, ахуй, соёлыг сурталчлах, таниулахад чухал үүрэгтэй хэрэгсэл болж болно. Монгол уран бүтээлчид ёстой өөрсдийн хүчин чармайлтаар гаднаас санхүүгийн болон бусад дэмжлэг авч, гадныхантай хамтарч байж дэлхийд гарсан цөөн уран бүтээл хийжээ. Гадныхны өгдөг энэ мэт дэмжлэгийг л төрөөс тодорхой шалгуураар уран бүтээлчиддээ олгодог баймаар. Тэгвэл тодорхой нөөц боломж бидэнд байна. Энэ чиглэлд сонсогдож буй ганц гэгээтэй мэдээ гэвэл Киноны тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулах ажлыг ид хийж буй явдал. Энэ хууль хэрхэн гарч, хэрэгжихээс нэлээд зүйл шалтгаалах болов уу. Арилжааны зах зээлийн хувьд дэлхий гэхээс илүү хөрш хоёр орны хүн ам ихтэй зах зээлд нэвтрэх нь илүү ойр байж магад.

Сүүлийн үед уран бүтээлчид мөн л гадаадын зах зээлд гарах, дэлхийд танигдах оролдлого хийж л байна. “Содура” уран сайхны кино Канн кино наадамд, “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киног “Оскар”-т явуулсан, “Элэг нэгтэн” уран сайхны кино Энэтхэгийн кино наадмаас шагнал хүртсэн, “Ээж” уран сайхны кино мөн л олон улсын кино наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн гээд багагүй амжилттай. Гэхдээ энэ амжилтаа ахиулах ёстой. Яг одоогоор манай улсад Кино зохиолч гэсэн мэргэжил, бэлтгэдэг сургалт огт байхгүй. Байхгүй зүйлээ мэдээж байгаа газраас нь нөхөж, чадварлаг уран бүтээлчдийг бэлтгэх нь хамгийн эхний алхам болох биз ээ. Харин дараа нь олон улсын кино багуудтай нутаг дээрээ хамтран ажиллах боломжийг бүрдүүлж, тэндээс татвараа авч ашиг олдог, мөн дотоодын уран бүтээлчдийг олон улсын багт оруулж ажилуулах замаар сургах шийдэл байж болох юм. Бидний бахархам үүх түүх, Монголын их эзэнт гүрний тухай өндөр өртөгтэй, дэлхийд түгсэн уран сайхны болоод цуврал кинонууд ойрын жилд чамгүй төрж байхад яагаад эх өлгий болох Монгол Улсад зургаа авахгүй, монгол жүжигчдийг тоглуулахгүй байна вэ гэж хэн хүнгүй халагладаг. “Марко Поло” цувралыг хийгч Netflix-ээс Монголд зураг авах боломжийг судалсан ч техникийн нөхцөл хангалтгүй гэх үндэслэлээр Казакстан улсад зургаа авч, тэдний зах зээлд 26 сая доллар төлсөн гэх баримт бий. Иймээс бид нутаг дээрээ зураг авах, хамтран ажиллах орчныг бүрдүүлж чадвал дэлхийн кино урлагт урсаж буй мөнгөний урсгалаас эх орон луугаа татах боломж байна. Үүнд шаардлагатай эрх зүйн орчин, томоохон кино үйлдвэр зэрэг дэд бүтцийг хувь хүн эсвэл аль нэг мөнгөтэй компани дангаараа шийдэх боломжгүй. Тиймээс төр оролцох зайлшгүй шаардлага байна. Орчин үеийн шаардлагад нийцсэн кино үйлдвэр босгож чадвал гадны уран бүтээлчидтэй хамтрахаас гадна дотоодын киноны чанар ч эрс нэмэгдэнэ. Олон талд тарсан жижиг студиуд өөрсдийн бололцоонд тааруулан кино үйлдвэрлэдэг байдал зүгширч, тодорхой стандарт бүхий үйлдвэрлэл явагдах боломж ч гарч магад. Ингээд ярихаар монголын киночид олон жижиг мөөг биш ганц том мод ургуулах ёстой болж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан