Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шуудай үүрсэн “баатар”


Б.СОНОР


Баатрууд дандаа зураг нь алтан жаазанд заларч, нэр нь хүн бүрийн аманд улиг болтлоо хэлэгддэггүй аж. Баатар гэж бусдын төлөө өөрийгөө зориулсан нэгнээс гадна өөрийгөө ялан дийлсэн нэгнийг ч бас хэлдэг аж. Ийм баатар хогийн цэг дээр уут үүрээд явж байдгийг магадгүй зарим хүн төсөөлөхгүй л болов уу.
Жилийн дөрвөн улиралд нэг л янзаараа хир, хөлс ханхлуулан, халтар шуудай үүрч явдаг гээд дүрслэхээр “гудамжны архичин л байна” гэж хүн харах байх. Гэхдээ тэдний амьдралын талаар та жаахан ч гэсэн бодож үзсэн болов уу. Тэд гудамжинд таны тоолгүй хаясан хогийг хогийн цэг, пүнкэр дотроос хоёр улаан гараараа ялгаж нуруундаа ихэдсэн ачааг тээвэрлэн дахин боловсруулалтад бэлтгэж өгдөг хүмүүс. Тэднийг бид “арчаагүй, амьдралаа авч явах чадваргүй түүнээсээ болоод л ингэж яваа” гэж буруушааж ам уралдан ярихаас илүүтэй тус хүргэдэггүй. Гэвч бидний тоолгүй орхисон шуудайтай 20 мянган иргэний дунд ч амьдрал буцалж, тэдний дунд ч ертөнцийн гоо сайхан байдаг гэвэл та итгэхгүй байх л даа. Засгийн газраас тэднийг тоолохдоо ердөө 300 хүн гэж бүртгэжээ. Гэвч ганцхан дүүргийн түүхий эд хүлээж авдаг цэгүүдэд очдог иргэдийн тоо 3000 хол давж байгааг эх сурвалж хэлэх. Энгийн үйлчилгээний газар үйлчлүүлж чаддаггүй, дэлгүүрээс хэрэгтэй зүйлсээ ч худалдаж авах эрхгүй, олон нийтийн газраар явахаасаа ч айдаг эдгээр хүнээс та айдаг бол тэд ч биднээс айдаг. Тэд бидний чичихээс, муухай харахаас айж Сүхбаатарын талбайгаар ч явж чаддаггүй гэх. Хүний нүд эгцэлж харж ч чаддаггүй эдгээр “сүг” гар далайхад өөрийн эрхгүй бөхөлздөг.

Сүхбаатарын талбай дээр жагсаал цуглаан хийж өлсгөлөн зарлаагүй нийгмийн бүлэг гэж байхгүй болжээ. Эмч, багш, урлаг соёл, улс төр гээд  болохгүй бүтэхгүй асуудал гарвал байнга л жагсаж айлгаж сүрдүүлдэг. Тэгвэл өнөөх “шуудайтай сүг”-нүүд тэгсэн болов уу. Тэд танаас хоол, унааны мөнгө, өмсөх хувцас гуйсан уу гэвэл үгүй. Төр засагтаа ч ялархаагүй тэд шударга хүч хөдөлмөрөөрөө өөрсдийгөө болгосоор ирсэн. Тэр хэрээр төр нь ч тоохоо больчихсон, тэднийг сонгууль өгөх эрхтэй гэдгийг ч мартсан гэмээр. Нэг хотод амьдарч, нэг агаараар амьсгалж, нэг гудамжаар алхаж яваа шуудай үүрсэн тэдний талаар “Space” энтертайментийнхан баримтат кино бүтээжээ. “Баатар” нэртэй уг кинонд мэддэг мөртлөө мэддэггүй, ойр мөртлөө асар хол тэр л нийгмээс ялгарч өөрийгөө ялж чадсан Д.Хүрэлбаатар гэх бодит хүний тухай өгүүлдэг аж. Нийгмийн хамгийн доод шатнаас өндийж чадсан ялагч, өөрийн орон зайдаа “баатар” болсон түүхийг баримтат кино болгожээ.

Шуудайтай “баатар” болох Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбооны гишүүн Д.Хүрэлбаатарын бодит амьдралаас сэдэвлэсэн баримтат кинонд 40 гаруй уран бүтээлч ажилласан бөгөөд тун удахгүй үзэгчдэд хүрэх гэнэ.

Э.Энхсүх: Баримтат киноны хэвшсэн ойлголтыг эвдсэн

/“Space” интертайментын дизайны албаны дарга, “Баатар” баримтат кино багийн зургийн дарга/

-“Баатар” баримтат киноны тайз декорацийн ажлыг гүйцэтгэсэн гэсэн. Ер нь баримтат киноны тайз декораци бүтээхэд хэр хүнд байсан бэ?
-Миний хувьд өмнө нь кино тэр дундаа баримтат киноны тайз декораци хийж байгаагүй ээ. Энэ удаа анхны тохиолдол боллоо. Өмнө нь дандаа шоу, томоохон компаниудын брэндингийн арга хэмжээний тайз декорацийг хийж байлаа. Нэг талаараа шоу ертөнц тэр дундаа залуучуудад хандаж аль болох орчин үеийн шийдэлтэй тайз хийж байсан болоод ч тэр үү баримтат кино гэхээр нэг л бууж өгөхгүй байсан гэвэл хилсдэхгүй.
-Баримтат кино чинь бодит байдал дээр үйл явдал нь өрнөдөг учир заавал тайз засаад байх хэрэггүй юм шиг санагдаж байна л даа...
-Надад ажиглагдсан зүйл бол гадаадын ч тэр, дотоодын ч тэр баримтат кинонд тайз декораци оролцсон байхыг хараагүй. Гэхдээ “Баатар” баримтат киноны хувьд өөрөө их онцлогтой бүтээл л дээ. Бидний мэддэг хуучны баримтат киноны ойлголтыг эвдэх гэж, арай нэг шинэлэг зүйл хийсэн гэдгээрээ онцлогтой гэж бодож байгаа. Манай кинонд миний хийсэн тайз их үүрэг гүйцэтгэсэн.

Б.Лувсанлхүндэв: Киног анх үзээд л оркестор дугарах ёстой юм байна гэж бодсон

/“Space” интертайментын уран бүтээлч, “Баатар” баримтат киноны хөгжмийн зохиолч/

-“Баатар” баримтат кинонд зориулж бүхэл бүтэн оркесторын ая зохиосон гэж сонссон. Ер нь сүүлийн үед баримтат кино битгий хэл уран сайхны кинонд ч оркестороор ая бичих нь цөөн болов уу?
-Баримтат киноны видео эцсийн байдлаар над дээр ирж би дүрсээ үзээд оркестор дуугарах ёстой юм байна гэж бодсон. Анх ямар ч төсөөлөл байгаагүй. Өмнө нь дандаа орчин үеийн хэмнэлтэй хөгжим бичиж байсан болоод ч тэр үү баримтат кино гэхээр наалдаж өгөөгүй. Харин дүрсээ үзсэний дараа бол өөр мэдрэмж төрсөн. Кино өөрөө маш их сэтгэл хөдлөлтэй, хүмүүсийг догдлуулсан мөчүүд ихтэй байсан учраас кинондоо тааруулж л зохиосон гэх үү дээ.

-Киног амилуулдаг томоохон хүчин зүйл хөгжим. Үзэгчид хэрхэн хүлээж авах бол танд ямар нэгэн төсөөлөл байна уу?
-Хөгжмийг дангаар нь сонсоход өөр мэдрэмж төрнө. Харин нүдээрээ үзээд чихээрээ сонсоход бас нэг өөр мэдрэмж төрдөг. Эцсийн дүндээ кино нь үзэгчдэд хүрэх ёстой учраас үзэгчид дүн тавих болов уу. Мэдээж оркестороор ая зохиоход ажиллагаа ихтэй байсан. Хөгжим тус бүрийн аяыг нэг бүрчлэн бичихэд нэлээд цаг хугацаа, хөдөлмөр шаардсан.

Н.Гэгээнсүрэн: Нэг л сцений өнгө зөрвөл асуудал

/“Space” энтертайментийн уран бүтээлч, зураглаач, эвлүүлэгч/

-Баримтат киноны эвлүүлэг дээр суух, монтажийг хийхэд хэр хүндрэлтэй байсан бэ?
-Олон өдөр хонож киногоо эвлүүлнэ, өнгө тавина найруулагчийн өнцгийг гаргах гээд ажиллагаа ихтэй. Кино бүтэх хамгийн чухал алхам. Хэрвээ нэг л сцений өнгө зөрвөл асуудал шүү дээ. Тиймээс өөрийнхөө хувьд хамгийн сайнаараа хийхийг хичээсэн. Мэдээж бид нарт хэдэн зуун сая төгрөгийн камер байгаагүй. Компьютер ч мөн адил. Техникийн асуудал хүндрэлтэй байснаа нуухгүй. Адаглаад компьютер гацах, удах гэх мэт асуудлууд чамгүй тулгарсан. Заримдаа бүр компьютерын гар, хулганыг ч шидчихмээр үе тохиолдсон гэхдээ киногоо эргээд харахад хийгээд дуусчихсан гэдэг л чухал болов уу. Уран бүтээл гэдэг чинь хүүхэд л гэсэн үг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан