Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Алтан унжлагат” тахиа жил залууст ээлтэй байх нь


Б.ЦЭДЭВСҮРЭН

Шар зурхай, Төгсбуянтын зурхай дагадаг зурхайч нар Цагаан сарын товоо хоёр янзаар хэлж, маргадаг уламжлалтай. Өнөө жил ч ялгаагүй маргаан гарч, цөөнгүй иргэн Цагаан сарын баяраа тэмдэглэчихсэн. Гэхдээ Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс Төгсбуянтын зурхайгаар энэ сарын 28-нд шинийн нэгэн гэдгийг зарлаж, төрийн золгуут ч энэ товоор явдаг уламжлалаа дагаж байгаа билээ.

Төгсбуянтын зурхайгаар хаврын урь орсон өдөр зурхай зурж, тухайн жилийн өнгийг шинждэг. Тэгвэл таван өдрийн өмнө хаврын урь орж, зурхайчид ирэх жилийн өнгийг тодорхойлсон байна. Төгсбуянтын зурхайгаар нар, сарны байрлалыг шинжиж тооллоо зохиодог. Харин энэ хоёрыг хоёуланг нь тооцож тоолол хийхэд ажиллагаа шаарддаг аж. Сарны тооллоор тоолсон 12 сартай жил дунджаар 355 хоногтой. Харин нарны тоолол 365 хоногтой. Арав гаруй хоногийн зөрүүтэй гэсэн үг. Хэрвээ энэ жил Цагаан сар хоёрдугаар сарын сүүлчээр болох бол ирэх онд хоёрдугаар сарын эхээр, түүний дараа жил нэгдүгээр сарын хорьдоор болно. Тэгэхээр хоёр удаа хойшоо алхаж, нэг урагшилж бүжиглэж байгаа юм шиг. Тэгэхээр нар, сарны хосолсон ямар ч тооллын тодорхой өдөр бидний хэрэглээд байгаа нийтийн тооллын буюу нарны тооллын сар орчимд нааш цааш даялдаг гэсэн үг болж таарах нь. Тиймээс хаврын урь тогтсон хугацаанд бус харин зурлагаараа л тохиодог болох нь. Үүнийг “Жавзандамба хутагт” төвийн багш, Гавж Д.Нямсамбуу тайлбарлахдаа “Шар зурхай ёсоор гэхэд нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 20-нд хооронд Цагаан сар буюу хаврын тэргүүн сарын шинийн нэгэн тохиодог. Энэ нь нар, сарны тооллыг тохируулж буй л хэрэг. Тэрнээс биш ирээдүйд 2026 оны хавар ч юм уу умардын циклон түлхүү түрээд, Монгол орчмын цаг агаар олон жилийн дунджаас илүү хүйтэн болохыг тооцож мэдээд Цагаан сараа хойшоо хийж буй хэрэг биш. Шар зурхайг Чингисийн зурхай гээд байгаа хүн зурагтаар цаг агаарыг урьдчилж яг таг тооцох аргыг мэднэ гэсэн шүү юм яриад байсан. Энэ үг нь өөрөө “би луйварчин” гэж байгаагаас онц ялгаагүй үг л дээ. Дэлхийн тойрсон олон арван хиймэл дагуулаас авсан хэдэн сая мэдээллийг хамгийн супер компьютерүүд тооцоод ч Катрина хар салхины прогнозыг зургаан цагаас илүү хийж чадахгүй байсан юм шүү дээ. Нэгдүгээр сарын 20-нд илүү хүйтэн байсан. Хоёрдугаар сарын 20-нд цаг агаар нэлээд уярсан байна. Бидний амьдран суугаа бүст дэлхий нартай харьцах тусгал, өдөр уртасч, богиносохоос хамаарч хэсэг хугацаанд дулаан, хэсэг хугацаанд хүйтэн байдаг. Дулаан байх хугацааг нь зун гээд хүйтнээс дулаанд шилжих завсар үеийг нь хавар гэж нэрлэсэн байна. Товчдоо байгальд өөрт нь яаг одоо хавар эхэллээ гэж үзэх товгор, хяналтын зүү үгүй бөгөөд хаврын эхэн сар гэж бид л дундажлаж, зохиож, нэрэлдэг гэсэн үг. Нийтийн тооллоор бол бүр гуравдугаар сараас хавар эхэлнэ. Хаврын урь бол Төгсбуянт зурхайгаар тав хоногийн өмнө орсон” хэмээн тайлбарлаж, хаврын урь орсныг баталсан юм.

XVII жарны “Алтан унжлагат” хэмээх улаагчин тахиа жил улс, нийгэм, хүн зонд хэр нөлөөтэй хийгээд хүмүүний үйл хэрэг зурхайн ухаанд хэрхэн буусан талаар зурхайчид зурхайн ухаанаар тунгаасан байна. Зурхайчдын төлөөлөл болгож Зурхайн ухааны доктор Л.Тэрбиштэй хамт Төгсбуянт зурхайн ухааныг өвлүүлэн үлээх олон ажлыг хийсэн Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам, гэвш, зурхайч Ж.Гончигсүрэнгээс асууж тодрууллаа. Тэрээр “Хаврын урь орсон тэр өдрийн махбодийг тооцоолон бодож “Салан дагцал” буюу “Үхэр” зургаар гаргаад уламжлалт зурхайн ёсоор тоолон гаргадаг. Энэ жил үхрийн өнгө нь цагаан. Шороон үхрийн зурлагыг дүрсэлбэл, үхэр нь толгой, ходоод, цулбуур нь улаан, эвэр, чих, сүүл, туурай, шийр, бие, ногт нь цагаан, омруу нь ногоон, амаа хамхиж, сүүлээ баруун тийш шарваж явна. Үхэр хариулаач нь цагаан царайтай, үсээ чихнийхээ араар хийсгэсэн, улаан дээлтэй, хөх бүстэй, ногоон гутлынхаа барууныг өмсч, зүүн гутлаа зүүн бүсэндээ хавчуулсан, малгайгаа буулгаж өмссөн, унгасаар томсон, цагаан бургасан иштэй шилбүүр барьсан, хүч чадал багатай, идэр залуу, үхрийнхээ өмнө, яаравчлан гүйж явна. Энэ зураглалаас жилийн байцыг үзвэл залууст сайн, энгийн ардад дунд, өвгөд хөгшид буюу өндөр суудалтанд хатуу. Нийт олны үйлс бүхэн дэвжих боловч үр ач үл дэлгэрнэ. Зарим газарт халдварт өвчин гарна. Жилийн эхээр салхи маш их. Хаврын гурван сар ба дөрвөн улирлын эхэн сард хуурай гантай. Жилийн дунд ба ялангуяа жилийн адгаар мөндөр, хур тунадас, хяруу цас ихтэй. Эртдээ өвс ургамал, ногоо сайн гарна. Аянга цахилгаан, салхи жавар элбэг байна. Ер нь монголчууд бид эрдэм боловсролоо хичээх учиртай. Өөрөө өөрийгөө хүн болгох, хүн байхын учир шалтгааныг өөрөө олж авах хэрэгтэй. Бид цөөхүүлээ учир хагаралдахгүй бол сайн. Юмтай байя гэвэл байгаа юмаа хямгадах нь чухал” хэмээн ярилаа.

Мөн тэрээр хаврын урь орой орж байгаа талаар “Гурван жилд илүү сар тооцогдоно. Үүнийг өвөл, зун, эхэн, дунд сард гаргах уу гэдэг тооцооны аргад үндэслэнэ. Энэ жилийн хувьд өвлийн дунд сарыг хоёр хийсэн. Ерөнхий байц байдлыг харахад бидний ажил худлаа биш гэдгийг байгаль дэлхий баталж байна. Өнөөдөр хөр цас ховхроогүй байна. Цагаан сар дөхөхөд цас хөлрөөд, уулын толгой борлоод, хаврын урь ороод эхэлдэг шүү дээ” хэмээн тайлбарласан юм.
Төгсбуянтын зурхайгаар бол зурхайн таван махбодийн онолоор шинжиж жилийн заслаа хийлгэх учиртай байдаг аж. Ингэхдээ жил орох, жил угтах, мэнгэ голлох, суудал өнцөгдөх зэргийг харгалзан үздэг байна. Үүн дээр нэмээд харш жилийн засал гэж бий. Тахиа жилтэй үхэр, хонь, луу, нохой жилтнүүд харш аж. Эдгээр жилд төрсөн хүмүүс өнөө жил жилийн заслаа хийлгэхийн зэрэгцээ харш жилийн засал хийлгэх нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан