Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өсвөр насны хүү охинтой бол өнөөдрөөс эхлээд өдөр бүр цаг гарга


Н.БАТ


Монгол Улсын нийт хүн амын 35 хувь нь 0-18 насныхан байдаг. Тэдний тал хувь нь буюу 450 мянга нь өсвөр насныхан. Дэлхийн жишгээр 10-19 насныхныг энэ үед хамааруулдаг. Тэдний сэтгэцийн эрүүл мэндийн асуудал олон улсад хамгийн их анхаарал татсан тулгамдсан сэдэв болжээ.

Учир нь, дэлхий дээр амьдарч буй 15-29 насныхны нас баралтын хоёр дахь шалтгаан нь амиа хорлох гэдэг дүгнэлт гарсан байдаг. Манай орны хувьд 2013 онд хийсэн судалгаагаар асуумжинд оролцсон 13-17 насныхны 23 хувь нь сүүлийн 12 сард амиа хорлох тухай бодсон гэж хариулсан бол 9,6 хувь нь амиа хорлох  оролдлого хийсэн гэж. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох тухай бодож, 10 хүүхэд тутмын нэг нь оролдлого хийсэн болж таараад байгаа юм.

Гэтэл 10-19 насныхны дунд амиа хорлосон тохиолдол 1996-2000 онд 125 байсан бол 2011-2014 онд 53 болж буурсан байна. 1996-2005 онд амиа хорлох тохиолдол хамгийн олон байсан нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой байж болох талтай гэж судлаачид үзэж.

2003-2008 онд  амиа егүүтгэсэн болоод егүүтгэх  оролдлого хийсэн тохиолдлуудыг сум бүрээр гаргахад Булган, Хөвсгөл, Төв, Дорнод зэрэг хойд бүсийн аймгууд дээгүүрт байсан аж. Хүйсийн хувьд амиа егүүтгэсэн тохиолдолд эрэгтэйчүүд дийлэнх нь байсан бол оролдлого хийсэн гэдэгт охид давамгайлжээ. Олон улсын төвшинтэй жишихэд дээрх тоо баримт доогуурт бүүр дундаж ч биш дээгүүрт жагсахад хүргэх болсон гэнэ.

Сэтгэцийн эрүүл мэндийн төв гэхээр манайхан төрөлхийн мэдрэлийн гажигтай эсвэл ухаан солиотой хүн эмчлүүлдэг, өөрөөр хэлбэл тэднийг бараг хорьдог газар гэж харах нь бий. Тэгвэл сэтгэцийн эмгэгтэй, эмчид хандах шаардлагатай хүн бүр тус төвд хандах эрхтэй. 2010 онд нийт 29 хүүхэд хэвтэж эмчлүүлсэн бол 2014 онд 135, 2016 онд 195 болж нэмэгджээ. Жил бүр ийн хэвтэж эмчлүүлэх хүүхдийн тоо нэмэгдэж байгаагаас тус төв Хүүхэд өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үзүүлдэг тусгай тасгийг нээн, хоёр эмч, зургаан сувилагч, нэг нийгмийн ажилтан, нэг сэтгэлзүйчтэйгээр тогтмол ажиллуулж эхэлжээ. Өнөөдөр тус тасаг байнга өвчтөнтэй, сурагчдын амралтаар дүүрэн байдаг болсныг Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн дэд дарга хэлж байв.

Сэтгэл гутрал, сэтгэцийн эмгэгт өртөж, зайлшгүй эмчийн тусламж авах хүүхдийн тоо геометрийн прогрессоор ийн өсч байгааг эмч нар анхааруулдаг ч манай улсын хувьд саяхнаас энэ асуудалд анхаарал хандуулж буй бөгөөд нарийн  тодорхой судалгаа тоо баримт ч одоогоор байхгүй гэв. Хүмүүсийн хамгийн их анхаарал татдаг компьютер болон дэлгэцийн донтолттой гэсэн оношоор  2015 онд 41 хүүхэд хэвтэж эмчлүүлсэн байна.  

Сэтгэцийн эмгэг гэхээр зөвхөн өнөөдрийн компьютержсэн цаг үетэй шууд холбож ойлгох нь өрөөсгөл юм. Мэдрэлийн ядаргаа болон төрх үйлийн эмгэг гэх оноштой нь дийлэнх байгаа ч сэтгэл гутралаас үүдсэн эмгэгтэй хүүхэд ч нэмэгдэж.  Сэтгэцийн эмгэг гэдэг үйл хөдлөл, зан төлөвлөөр илэрдэг бөгөөд хүүхдэд сэтгэл түгшилт, гутрал, анхаарал дутмагшил гэх мэт 12 шинжээр илэрдэг байна.
Хамгийн аймшигтай нь өсвөр насныхан стресс, асуудлаас гарах арга замыг тэд архи, тамхи, согтууруулах болон мансууруулах төрлийн бодис хэрэглэх гэж үзэж байгаа нь  судалгаанаас харагджээ.

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 12,1 хувь нь ойр орчимд нь хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг хүнийг таньдаг, 3.1 хувь нь  өөрсдөө хэрэглэж үзсэн хэмээн хариулсан төдийгүй дунджаар 14 наснаасаа хэрэглэсэн гэдэг. Энэ нь тэдний даган дууриадаг сэтгэлзүйн онцлогтой холбоо­той гэж эмч нар үздэг байна.

Сурагчдын 52,6 хувь нь согтууруулах төрлийн ундааг дэлгүүр мухлагаас худалдаж авсан гэсэн бол 20 хувь нь олон нийтийн газарт буюу баар, диско клубт хэрэглэж үзсэн гэж хариулжээ. Мөн эцэг, эх асран хамгаалагчдынх нь 35,5 хувь нь согтууруулах ундаа хэрэглэдэг гэсэн байна. Үүнээс гадна 61 хувь нь  дам тамхидалтад өртдөг бол 22 хувь нь тамхи татаж үзсэн, 10 хувь татдаг гэжээ. 13-15 насны  охидын дунд тамхи татдаг сурагчдын эзлэх хувь  насанд хүрсэн эмэгтэйчүүдийнхээс хоёр дахин өндөр байгаа гэсэн мэдээ ч харагдлаа.
ДЭМБ-ын судалгаагаар өсвөр насныхны таван хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй, 9-17 насныхны 13 хувь нь  сэтгэл түгших, 10.3  хувь нь зан үйлийн эмгэгтэй, 6.2 хувь нь сэтгэл хөдлөлийн эмгэгтэй байдаг бол сургуулийн насны нийт хүүхдийн гурван хувь нь хүнд хэлбэрийн сэтгэл гутрал амиа хорлох  бодол, анхаарал дутмагшил, солирол, хэт хөдөлгөөнтөх зэрэг сэтгэцийн эмгэгтэй байдаг аж.

Хэний ч сэтгэлийг эмзэг­лүүлж анхаарал татмаар энэ тоо юуг өгүүлж байна вэ тэгвэл.
Аав, ээж болсон та хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцаж чаддаг уу гэдгээ яг одоо өөрөөсөө асуу. Хүүхдэд тань таны анхаарал халамж тавих ганц үг ч багадахгүй гэдгийг эмч нар хэлж байна.  Дийлэнх цагаа сургууль дээр өнгөрүүлдэг учраас танаас илүү хүүхэд тань найздаа өөрт тулгарч буй бэрхшээлийг хэлдэг гэнэ. Тиймээс та хүүхдийнхээ найзуудтай ч найз шиг харьц. Асуу, ярилц, яриа өд.  Өдрөөс өдөрт ааш муутай болж байна гэж хүүхдээ буруутгахаасаа өмнө өөрөөсөө та түүнд цаг зарцуулж чадаж байна уу, түүнд юу хэрэгтэй байгааг анзаарсан бил үү гээд өөрөөсөө асуугаад үзээрэй. Хэдийгээр танд балчирхан үр чинь байлаа ч нийгэмд, хамт олныхоо дунд өөрийн гэсэн байр суурьтай бие хүн болж төлөвших гээд “Би хэн бэ?” хэмээн өөрөөсөө асууж байгаа хүүхэддээ дэм бол.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүгээс энэ асуудлыг шийдвэрлэхэд хамгийн ихээр тулгамдаж буй зүйлсийг ийн тодорхойлсон байгаа юм.

1.Хүүхэд өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг дэмж­сэн орчин бүрдүүлэх талаар  бүх шатны боловс­ро­лын байгууллагад  дагаж мөр­дөх журам, заавар байдаггүй.

2.Бүх шатны сургуулийн эрүүл мэндийн хичээлийн сургалтын агуулга,  хөтөлбөрт сэтгэцийн эрүүл мэнд, амьдрах ур чадварын мэдлэг эзэмшүүлэх асуудлыг цогц байдлаар тусгаагүй

3.ЕБС-ийн эрүүл мэндийн хичээл заадаг багш нар сэтгэцийн эрүүл мэндийн талаарх ойлголт мэдлэг хангалттай биш.

4.Хүүхэд өсвөр үеийнхэнд зориулсан сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нийгэм хамт олны дунд бий болгох чиглэлээр тө­рийн болон төрийн бус байгуул­лагатай хамтыг ажиллагаа дутмаг.

5.Хүүхэд өсвөр үеийн сэтгэл зүйн тулгамдсан асууд­лыг зохистой шийдвэр­лэх чадвар­тай сэтгэлзүйч, нийгмийн ажилтан хангалттай бэлтгэгдээгүй гэжээ.
 2017 оны хичээлийн жилээс эрүүл мэндийн хичээлийг сургалтын хөтөлбөрт тусад нь суулгаж өгсөнд эмч нар талархалтай хандаж буй аж. Гол нь, үүнд хэрхэн сэтгэцийн эрүүл мэнд буруу зуршлын талаарх мэдээллийг хэрхэн тусгаж оруулж өгөх вэ гэдгээ нарийн тодорхойлох ёстой гэж үзсэн байна. Учир нь энэ бол зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш.


В.Баярмаа: Хүүхдийн зан төлөвт гэр бүлийн орчин хамгийн их нөлөөлдөг

Энэ талаар  Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд дарга В.Баярмаагаас зарим зүйлийг тодруулж ярилцсан юм.

-Дэлхий нийтэд өсвөр үеийнхний сэтгэлзүйн онцлог гэдэг томоохон шинжлэх ухаан болоод хөгжсөн. Гэтэл манайд энэ төрлийн судалгаа маш бага гэж та түрүүн хэлэх шиг боллоо?
-Өсвөр үе гэдэг хүний амьдралын нэг мөчлөг. Энэ нь хүүхэд наснаас насанд хүрэх үед шилждэг шилжилтийн тогтворгүй үе. Ер нь, өсвөр үеийн сэтгэл зүйн чиглэлээр  судалгаа шинжилгээ тусгайлан хийсэн, тоон мэдээ маш бага байдаг. Тиймээс өсвөр насныхны сэтгэл зүйг судлах нь цаашид бие хүн болон төлөвшсөн хойно нь нийгэмд гарах сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлж болох юм гэж харж байна. Үүний тулд өсвөр үеийнхэнтэй хэрхэн харилцах вэ, тэднийг архи, тамхи мансуурах бодис зэрэг сэтгэцэд нөлөөлөх эрсдлээс, эрт жирэмслэхээс яаж урьдчилан сэргийлж чадах вэ гэж энэ чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ярилцаж байна.

-Хүүхдийн сэтгэцэд нөлөөлдөг гол хүчин зүйл нь юу байна вэ?
-Хүүхдийн сэтгэцэд нөлөөлдөг олон хүчин зүйл байдаг. Үүнийг бие махбодийн , сэтгэлзүйн, нийгмийн хүчин зүйл гэж гурав хуваадаг. Шилжилтийн насанд буюу өсвөр үед нь бие махбодийн тухайд бэлгийн хоёрдахь шинж тэмдгүүд, мэдрэлийн өөрчлөлт гарч эхэлдэг. Сэтгэлзүйн хувьд том хүн болж төлөвшиж буй учраас янз бүрийн хариу урвал өгдөг. Бие даах гэж оролдоно, дуугаа хураана, энд тэнд очоод чимээгүй суучихна, уурлаж уцаарлана гэх мэтээр. Дээрээс нь улс орны нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдал хүүхдэд шууд нөлөөлдөг. Мэдээллийн эрин зуун гэдэг утгаараа нийгмийн сүлжээнд хүүхдүүд бие биеэ дарамтлах, шоглох зүй бусаар хэлэх зэргээр сэтгэлзүйн дайралт хийдэг. Өөрийгөө олох гэж хичээж байгаа хүүхдэд элдэв сөрөг мэдээлэл маш цочир тусдаг. Энэ нь хэвийн бус  байдал гаргах, элдэв хариу урвал үзүүлэх нь амиа хорлох, замын осолд өртөх, янз бүрийн бэлгийн замын халдварт өвчинд өртөх нөхцөлийг бүрдүүлээд байдаг.

-Эцэг эхийн зүгээс хүүхдээ “Чи бага байхдаа” гэж буруутгах байдал их ажиглагддаг. Гэтэл хүүхдийнхээ сэтгэл зүйг тэр бүр анзаарч анхаарал тавьдаг нь тун цөөн?
-Эцэг эх асар чухал үүрэгтэй байлгүй яахав. Хүүхдийн сэтгэцэд нөлөөлж байгаа гол хүчин зүйл бол анх бий болохоос нь эхлээд өсч, торниж байгаа гэр бүлийн орчин шууд нөлөөлөх хүчин зүйл болдог. Эх хүн хүүхдээ тээхдээ сэтгэл ханамжтай байна уу эсвэл хүсээгүй жирэмслэлт үү гэдгээс л хүүхдийн сэтгэл зүйн хөгжил эхэлнэ.  Хүүхдийн насны үечлэл болгон дээр бие махбодь сэтгэл зүйн өвөрмөц онцлогууд гардаг.
Тэгэхээр энэ үечлэл бүр дээр хүүхдийн хувьд өөрт нь тааламжтай орчин бүрдэхгүй байгаа тохиолдолд таагүй мэдрэмж  сэтгэлдээ хураадаг. Тэгж явсаар байгаад яг илрэх нас нь өсвөр үе болдог. Гэтэл эцэг эхчүүд бага байхдаа зүв зүгээр хүүхэд байсан том болоод болохоо байчихлаа гэж буруутгана. Харамсалтай нь хүүхдийнх нь уурладаг уцаарладаг, элдэв аяг гаргадаг зан нь бүүр багаас нь гэр бүлийн орчинд үүсчихсэн байдаг.

-Гэр бүлийн орчноос дутахгүй сургуулийн орчин бас нөлөөлж байгаа мэт санагддаг. Тэгэхээр сургууль бүрт наад зах нь нийгмийн ажилтан, сэтгэлзүйч орон тооны байх ёстой юм шигээ. Энэ талаар та ямар байр суурьтай байна?
-Сэтгэлзүйч, нийгмийн ажилтан тухайн байгууллагад ажиллах эсэх нь байгууллагын даргын үзэмжийн асуудал болчихоод байгаа юм. Тухайн хүнийг ажиллуулах нь цалин, төсөв мөнгөтэй  холбоотой. Бидний хувьд цогцоор нь, багаар үзүүлсэн тусламж үйлчилгээ сайн болно гэж чиглэл өгдөг ч хэнийг авч ажиллуулах нь сургуулийн үйл ажиллагаатай  холбоотой болчихоод байна. Хэрвээ нийгмийн ажилтан, сэтгэлзүйчээ сургууль орон тоо гаргаад ажиллуулах тохиолдолд тэр хүнийг сургах, сургалтын арга зүйгээр хангах, техник, тоног төхөөрөмжөөр туслах ажлыг манайх хийх боломжтой.

-Нийгмийн ажилтан сэтгэлзүйч хоёр чинь өөр мэргэжил. Тиймээс үүрэг, хариуцлага нь өөр. Гэтэл сургуулиудын хувьд энэ хоёр мэргэжлийн ажил үүргийг нэг хүнд тохох байдал ч бий?
-Эцэг эхчүүдэд хүүхдээ сонсох цаг олдохгүй байхад сэтгэл зүйч рүү дагуулж явна гэдэг худлаа. Сургууль, цэцэрлэг дээр хүүхэд ихэнх цагийг өнгөрөөж байгаа учраас энэ орчинд нь сэтгэлзүйч гэж хүн байх ёстой. Тэр сэтгэлзүйч нь анги бүрээс судалгаа авч, асуудалтай хүүхдээ тодруулж, түүнтэй хамт тулгаж байгаа бэрхшээл асуудлыг шийдэхийн тулд ажилладаг байх ёстой. Сэтгэлзүйч хүн гэдэг тухайн хүүхдийн дотоод асуудлыг хамтдаа шийдэх гарцыг хайдаг бол  нийгмийн ажилтан  гэдэг хүүхдийг нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаагаар дамжуулан хөгжүүлэх үүрэг хүлээдэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан