Каталоны алдарт жазз төгөлдөр хуурч Игнаси Тэрразагийн “The Art of Piano” тоглолт ирэх сарын 9-нд ганцхан удаа ДБЭТ-т болох гэж байна. Дэлхийн алдарт төгөлдөр хуурч болох түүний тоглолт “ЖаззЛаб” хөгжмийн агентлагаас зохион байгуулж буй “ULAANBAATAR INTERNATIONAL JAZZ SERIES 2016/2017” цувралын гуравдахь тоглолт юм. Игнаси Тэрраза харааны бэрхшээлтэй ч өөрийн дотоод ертөнцийн гүн гүнзгий мэдрэмжийг төгөлдөр хуурын хөг эгшиг, свинг хэмнэлээр дамжуулан илэрхийлдэг билээ. Түүний тоглолтонд ХБНГУ-ын контрабас хөгжимчин Мартин Зэнкэр, Монголын авьяаслаг залуу бөмбөрчин Б.Хүслэн нар оролцох юм байна. “ULAANBAATAR INTERNATIONAL JAZZ SERIES 2016/2017” цувралаар монголын тайзнаа дэлхийд алдартай жазз уран бүтээлчид уран бүтээлээ хүргэж буй. Өмнө нь АНУ-ын залуу уран бүтээлч, жазз төгөлдөр хуурч, дуучин Чампиан Фултон болон алдарт жазз дуучин Кенни Вашингтон нар уригдан ирж өөрийн уран бүтээлээ танилцуулж байсан юм.