Н.БАТ
Оросын тэрбумтан Валерий Коганы ач охин 19 настай Ирина Коганы хуримыг Элтон Жон, Мэрайя Кэри, холливудын од Антонио Бандерас нар чимсэн гэнэ. “Домодедово” нисэх буудлын голлох хувьцаа эзэмшигч Валерий Коган өнгөрсөн амралтын өдрөөр Лондонд өөрийн ач охины хуримыг хийжээ. Бүсгүй еврей гаралтай англи залуу Дэниел Кэнвэйтэй гэрлэсэн бөгөөд тэд хамтдаа Лондонд суралцаж байхдаа танилцсан аж.
Тэдний хуриманд дээр дэлхийн оддоос гадна ОХУ-ын дээд зэрэглэлийн одод ч зочилсон гэнэ. Валерий Коган бол Оросын 200 тэргүүлэх бизнесмэний жагсаалтын 41-т 2,5 тэрбум ам.долларын хөрөнгөөр жагссан байдаг. Түүний хүү Александр Коган ч өөртөө таалагдсан зүйл хийхэд мөнгө харамладаггүй гэдгээрээ алдартай. Тэрээр хэдэн жилийн өмнө өөрийн цомгийг гаргахдаа нээлтийн сурвалжлагыг хийлгэхийн тулд Хулио Иглесиасыг Москвад авчирч байсан гэдэг. Коганы гэр бүлд Майами дахь “Indian Creek Island” дүүргийн хамгийн тансаг байшин байдаг бөгөөд ойролцоогоор 47 сая ам.долларын үнэтэй хэмээн хэвлэлүүд бичдэг байна. Мөн Израйльд хэд хэдэн үл хөдлөх хөрөнгөтэй ч гэдэг.
Тиймээс ач охиныхоо хуримыг Манант Альбионд хийж, хэдэн арваар нь оддыг хувийн онгоцоороо зөөх нь тийм ч хэцүү асуудал биш аж. Филипп Киркоров, Стас Михайлов, Александр Серов, Игорь Николаев, Лев Лещенко, дуурийн дива гэгддэг Анна Нетребко, Алла Вербер, Алла Крутая гэх зэрэг Оросын шоу бизнесийн дээд ангиллынхан энэ хуриманд дээр хэдэн арваараа ирсэн байна.
Хуримыг алдарт The Landmark London буудалд хийж, еврей зан заншлыг багагүй тусгасан байна. Сүйт бүсгүйн хувьд хамгийн сэтгэл догдлуулсан зүйл нь ноён Элтон Жоны нэг цагийн концерт байсан гэнэ. Барууны хэвлэлүүд Элтон Жон хувийн иймэрхүү үйл ажиллагаанд багадаа 1 сая еврогийн хөлстэй уригддаг гэнэ. Тэрээр залуу бүсгүйд зориулж 10 дуу дуулсан бөгөөд “Ирина амьдралынхаа хамгийн чухал өдөрт намайг урьсанд чамд баярлалаа. Танай гэр бүл өнөр өтгөн, үр хүүхдээд дүүрэн байх болтугай” хэмээн хэлсэн байна. Мөн Антонио Бандерас хундага өргөн “ Үргэлж гар гараасаа хөтөлж явж байгаарай” хэмээн ерөөжээ. Нийт 9 цаг үргэлжилсэн хуримын ёслолын үеэр Мэрайя Кэри мөн нэг цагийн концерт тэдэнд зориулж тоглосон юм. Мэрайя Кэри ч Элтон Жоноос дутахгүй үнэтэй гэдгийг хэвлэлүүд баталж буй.
Сүйт бүсгүйн хувьд тун энгийн хувцаслаж, энгийн байдлыг илүүд үзсэн бололтой. Гэхдээ хуримын ёслолын үеэр хундага өргөн ирсэн зочид “гашуун байна, гашуун байна” хэмээн нэгэн зэрэг хэлэхэд бүсгүй тунчиг гайхаж хүлээж авсан гэнэ. Тэрээр зочид юу хүсээд байгааг ойлгохгүй хэсэг тээнэгэлзсэн учраас Орос заншлаа мэддэггүй юм байна гэх шүүмжлэл олон нийтээс сонссон гэнэ.