Б.МЯГМАРЖАВ
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хандсан төрийн бодлого төдийлэн сайн биш гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Наад зах нь жирийн сургуульд явахад гадуурхагдах, багшлах боловсон хүчин, сургалтын орчин бүрдээгүй зэрэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурч боловсроход хүндрэлтэй байдаг. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх эмнэлгийн туслам үйлчилгээ асуудал дагуулсаар байна. Уг нь, хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг эрт оношилж чадвал эрүүл болгосон туршлага бий. Гэтэл манай улсад тэр бүр үүнийг хийх боломж, орчин нөхцөл хязгаарлагдмал. Бариа засал хийх, эмчээс зөвлөгөө авах цогц орчин байхгүйтэй холбоотой. ДЭМБ-ын судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах асуудал дэлхийн улс оронд харилцан адилгүй төвшинд байдаг аж. Хөгжил буурай орнуудад тэдний эрх илүүтэй зөрчигддөг гэж байлаа. Тэгвэл төрийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хандсан ямар арга хэмжээ авч байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Т.Батдуламаас тодруулахад “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хуулийг НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн конвенцын үзэл баримтлалд тулгуурлан боловсруулж 2016 оны хоёрдугаар сард УИХ-аар батлуулсан. Хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучууд хувь хүний хөгжлийн тухай асуудлыг багтаасан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд хамгийн түрүүнд эрт илрүүлгийг хийх шаардлага тулгардаг. Иймээс 0-16 настай хүүхдийн эрт илрүүлгийг хийж тогтоох комиссыг байгуулаад байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тодорхойлохдоо эмнэлгийн дүнгэлтэд үндэслэн гаргана. Эрт илрүүлэг хийгээд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зүй зохистой хүргэхээр ажиллаж байна” хэмээн ярьсан юм.
Нөгөө талаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч хүмүүжихэд төрөөс үзүүлж байгаа тусламж үйлчилгээнээс гадна эцэг эх гэр бүл нь хамгийн том үүрэг гүйцэтгэх ёстой. Тиймээс эцэг эх, гэр бүлийн үүрэг хариуцлагыг хуульчилж өгчээ. Тухайлбал, зарим эцэг эх манай хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй юм чинь юу сурхав дээ, яаж хөгжих вэ гэж хайнга ханддаг. Иймээс бага насанд нь тухайн хүүхдийн авах ёстой эрүүл мэндийн тусламж үйлчилгээ боловсрол гээд бүх талаас нь заавал анхаарах үүрэгтэй хэмээн зааж өгсөн гэнэ.
Т.Батдулам: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүмүүжих боломжоор хангана
Дээрх асуудалтай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Т.Батдуламаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн хамгааллын талаар хууль журам гардаг ч хэрэгждэггүй. Хуулийг хэрэгжүүлэхэд хэрхэн анхаарч байгаа вэ?
-Шинээр батлагдсан хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг Хүүхдийн эрхийн болон Хүүхэд хамгааллын тухай хуульд давхар усгаж өгснөөрөө давуу болсон. Хүүхэд хөгжлийн үндэсний хөтөлбөр боловсруулж байна. Энэ хөтөлбөрт ор мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар тусгасан. Өнөөдөр манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв байдаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд байгуулахаар болсон. 2016 оны есдүгээр сард барилгын ажлыг эхлүүлсэн.
-Хэзээ ашиглалтад орох вэ. Орон нутагт иймэрхүү хөгжлийн төвийг байгуулах боломж бий юу?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байна. 2.5 жилийн дараа ашиглалтад орно. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр орон нутагт бүсчилсэн байдлаар зургаан газар хөгжлийн төвийг байгуулна. Энэ төвүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эрт илрүүлэх, цаашид сурч боловсрох боломжийг бүрдүүлэх юм.
-Одоо үйл ажиллагаа явуулж байгаа тусгай хэрэгцээт, сургууль, цэцэрлэгт багшлах боловсон хүчин дутмаг. Наад зах нь, хэл засалч багш олдохгүй байгаа. Ер нь, энэ чиглэлийн багш боловсон хүчнийг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ. Мөн дээрх хөгжлийн төвүүдэд багшлах боловсон хүчнийг хэрхэн бэлтгэх юм бэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хэлбэрийн хүүхдүүдэд тусгай хэрэгцээт боловсрол, үйлчилгээ шаардлагатай байдаг. Харин хөнгөн болон бусад хэлбэрийн хүүхдүүдийг тухайн харьяа аймаг, дүүргийн харьяаллын сургууль, цэцэрлэгт сургаж хөгжүүлэх зарчмыг баримталж байгаа. Манайд тусгай сургууль зургаа, хоёр цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Энэ сургууль, цэцэрлэг нь БСШУСЯ-ны харьяанд бодлого чиглэл, төсөв хөрөнгийг хуваарилдаг. Багш боловсон хүчний хувьд 20-30 жилийн өмнө ОХУ-д бэлтгэгдсэн хэсэг багш бий. Сүүлийн үед хэл засалч, хөдөлгөөн засалч, сэтгэлзүйч нарыг улсын төсвийн хөрөнгөөр бусад улс оронд бэлтгэж байгаа. Мөн МУБИС-д тусгай хэрэгцээт боловсролын багшийн анги нээж боловсон хүчнээ бэлтгэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн багш боловсон хүчнийг БНХАУ-ын төслийн хүрээнд бэлтгэх юм.