Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Баярмаа: Залуу гэр бүлийг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжинэ

Манай улсын нийт хүн амын 35.5 хувийг 15-34 насны залуус эзэлж байна. Мөн хөдөлмөрийн насны хүн амын 55 хувь нь залуучууд. Хүн ам зүйн тооцооллоор манай улсын энэ үеийг залуучуудын цонх үе гээд буй юм. Тиймээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас нийгмийн энэ бүлэг рүү хандсан ямар бодлого баримталж байгаа тухай тус яамны Хүүхэд, залуучууд, гэр бүл, ахмад настны хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаатай ярилцлаа.

-Хэдийгээр Монголын хүн амын дийлэнх нь залуучууд гэдэг ч нийгмийн хамгааллын хувьд хамгийн их орхигддог хэсэг нь. Үнэндээ орон нутгийн залууст ажлын байр алга. Тэгвэл шинэ Засгийн газрын бодлогод энэ талаар хэрхэн тусч байна?

-Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг 2015 онд ХНХ-ын сайд Н.Номтойбаяр санаачилсан. Уг хуулийн төслийг 21 аймгаар хэлэлцүүлж, шинэчлэн найруулаад байна. Хуулийн төсөл ёсоор залуучуудыг таван чиглэлээр дэмжих юм. Нэгдүгээрт хувь хүний хөгжлийг нь дэмжье. Түүх соёлоо мэддэг эх оронч үзэл суулгая, орчин үеийн нийгэмд хөл нийлүүлэн амьдрах эдийн засгийн боловсролтой болгоё. Мөн  гэр бүлээ зөв төлөвлөдөг залуучуудыг дэмжиж ажиллана. Дээр нь залуучуудыг хөгжүүлэхэд төрөөс үзүүлэх төрийн байгууллагын бүтэц тогтолцоог анх удаа хуульчлаад байна.

-Тухайлбал?

-Засгийн газрын түвшинд Гэр бүл, залуучуудын хөгжлийн газар нэртэй хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулж эхэлсэн. Нийслэлийн Засаг даргын харьяанд Залуучуудын хөгжлийн газар шинээр байгуулж орон нутаг болон дүүрэгт гэр бүл залуучуудын газрыг шинээр байгууллаа. Ингээд анх удаа залуучуудын хөгжлийн чиглэлээр ажиллуулж буй байгууллагуудын бүтэц эрхзүйн асуудлыг хуулийн төсөлд тусгасан. Түүнчлэн залуучуудын хөгжлийн үндэсний салбар зөвлөл ажиллуулж, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог хангахаар хуульдаа заагаад байна.

-Залуучууд болон залуу гэр бүлд орон сууцны асуудал хүндхэн байдаг. Энэ тал дээр төрийн зүгээс ямар дэмжлэг, бодлого хэрэгжүүлэх вэ?

-Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн нэг зорилт дөрвөөс дээш хүүхэдтэй залуу гэр бүлийг орон сууцжуулах. Уг хуулийн төсөлд залуу гэр бүлийг орон сууцжуулах, түрээсийн орон сууцаар хангах, зээлд хэрхэн хамрагдах талаар залуучуудын асуудал эрхэлсэн төр захиргааны байгууллага болон барилга хот байгуулалтын яамтай хамтран тусгай хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ. Мөн нийгэмд залуу гэр бүлийн салалт их байна. Үүнээс үүдэн гэр бүл төлөвлөлт, эцэг эх байх үүрэг буюу гэр бүлийн боловсролын талаар авах арга хэмжээний талаар ч хуулийн төсөлд тусгасан юм.

-Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдах тухай яригдаж байхад настнууд ам сайтай хүлээж авсан. Гэтэл шинэ Засгийн газар дээрх хуулийн төслийг өөрчилж, Ач санах ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг санаачилсан. Хуулийн төслүүдийн ялгаа юун байна вэ?

-Шинэ Засгийн газрын Ахмад настны тухай хууль одоо УИХ-ын түвшинд хэлэлцэгдэж байна. Хүн ам, орон сууцны тооллогын 2010 оны мэдээгээр 60-аас дээш насны 151.2 мянган  ахмад байсан бол 2013 онд 170 мянга болсон байгаа юм. Үндэсний статистикийн хорооны гаргасан хэтийн төлөвөөр  15 жилийн дараагаас Монголын хүн ам насжих, 20 жилийн дараагаас насжилт эрчимжих төлөвтэй байгаа. Иймд ахмад настны тоо нэмэгдэхийн хэрээр тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах, ая тухтай амьдрах нөхцөлийг сайжруулах үүднээс дээрх хуулийг санаачилсан. Энд ахмад настны хөгжлийг дэмжихэд төрийн болон төрийн бус байгууллагуудын үүрэг хариуцлагыг баталж өгсөн онцлогтой хууль гэж үзэж байна. Хуулийн төслийн хүрээнд ахмад настны эрүүл мэндийг дэмжих, тэтгэврийн харилцааг боловсронгуй  болгох, орон сууцаар хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сувилал амралт гэсэн таван бодлого баримталсан.

-Нийгмийн хамгаалалд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал гээд олон бодлого багтаж байдаг. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?


-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг маргааш Засгийн газрын хуралдаанаар оруулахаар төлөвлөсөн. 2016 онд хүүхдийн эрхийн тухай, хүүхэд хамгааллын тухай хуулиуд батлагдсан. Энэ хуулиуд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байна. Үүнтэй холбогдуулан батлагдан гарч байгаа журмуудыг танилцуулж, орон нутгийн мэргэжилтнүүдэд аргазүйн дэмжлэг өгөхөөр ажиллаж байна. Уг хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд хүүхэд хамгааллын үйлчилгээг хэрэгжүүлэх арав гаруй журам батлуулж гаргах ёстой.

-Зарим нэг халамжийн ажилтны алдаатай үйлдлээс нэг үсгийн зөрүү гарч, бичиг цаасны олон ажил хийх шаардлага гардаг. Ер нь, халамжийн ажилтны хариуцлагыг нэмэгдүүлэх талаар хэрхэн ажилладаг вэ?

- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хүн амын талаар баримтлах бодлого 2016 оны зургадугаар сард батлагдсан. Засгийн газарт хүн амын бодлого чиглэлд тусгагдсан зорилт, эрхзүйн шинэчлэлийг танилцуулахаар 21 аймаг нийслэлийн есөн дүүргийн нийгмийн халамжийн бодлогын хэлтсийн дарга нар болон ажилтнуудыг чадавхижуулах ажлыг манай яамнаас зохион байгууллаа. Мөн хүн амын бодлогыг орон нутагт хүргэх хүн амын хөгжлийн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг ажилтнуудын чадавхийг нэмэгдүүлэх анхны сургалт болж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан