Бүгд Найрамдах Индонез улсад суугаа Элчин сайд Ш.Батцэцэг тус улсад Монголын соёлын төв байгуулжээ. Энэ тухай Shirchin Baatar фэйсбүүк хуудаснаа оруулсан байсныг бид онцлон хүргэж байна. Тэрээр “Энэхүү Монголын соёлын төвийг байгуулахад Элчин сайдын өөрийнх нь нэгэн үзүүрт сэтгэл, зүтгэл, хоёр орны олон хүний тус дэм орсон нь мэдээж билээ. Харамсалтай нь Индонез, Бразиль улсад суугаа Элчин сайдын яамаа татан буулгахаар Монгол Улсын Засгийн газар ярьж байна. Мэдээж төсөв хэмнэх гэсэн шийдэл байх. Энэ бол их буруу, харалган шийдэл болжээ гэж би бодож байна. Хэдэн Засгийн газар дамжин хүч гаргаж, цаг, мөнгө заран байж нэгэнт байгуулсан тэдгээр Элчин сайдын яамыг татан буулгахын оронд хэрхэн цааш нь авч явах талаар өөр шийдэл хайх хэрэгтэй байна.
Монгол Улсын харилцаа өргөн байх тусмаа л бидэнд олон бололцоо бий болно. Индонез болоод Бразиль бол хүчтэй улс орнууд. Соёлын бодлогоороо дамжуулан тэдний дэмжлэгийг авч хамтран ажиллаж, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулмаар байна. Үнэнийг хэлэхэд АНУ-тай 1989 онд дипломат харилцаа тогтоож, 27 жилийн дотор таван Элчин сайд улиран суусан боловч 30 гаруй мянган монголчууд амьдран суугаа энэ улсад яагаад өдий болтол ийм хэмжээний Монголын соёлын төв байгуулж чадаагүй байна бэ? Учир юунд вэ? гэвэл тэдэнд үнэндээ сэтгэл зүтгэл, ур чадвар дутжээ.
Хэрвээ сэтгэл зүтгэл байвал, шийдлийн арга ухаан олддогийг Ш.Батцэцэг Элчин сайд үлгэр жишээ харуулж чадав. Ийм боломж байдгийг нэгэнт нээсэн болохоор монголчууд олноор төвлөрсөн Вашингтон, Чикаго, Сан Франциско, Дэнвер зэрэг хотод Монголын соёлын төв байгуулах их үйлийг АНУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам манлайлан хийж болох юм байна хэмээн бодлоо. Сэтгэл байваас бүтэхгүй юм гэж алга даа.