Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Мөнхдэлгэр: Томуугийн А хүрээний H3N2 вирус идэвхжиж байна

-Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд резидент эмч нарыг ажиллуулна-

Б.МЯГМАРЖАВ

Ханиад шуухниа дэгдэхийн хэрээр эмнэлгүүдийн ачаалал ч хэтрээд  байна. Нэгдсэн эмнэлгүүдийн зүгээс өрхийн эрүүл мэндийн төвөөрөө үйлчлүүлэхийг сануулж буй. Гэсэн ч өрхийн эрүүл мэндийн төвүүд нярай болон бага насны хүүхдүүдээс гадна жирэмсэн, ахмад настан гээд үйлчлүүлэгчиддээ дарагдсаар. Ер нь ид ачааллын үед өрхийн эрүүл мэндийн төвд ажиллах эмч, сувилагчийн орон тоог нэмэх боломж хэр байгаа талаар  НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэртэй ярилцлаа.

-Ханиад томууны дэгдэлтийн үед өрхийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрдэг. Ачаалллыг бууруулах талаар танай зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ. Ер нь, нэг өрхийн эмчид хэдэн үйлчлүүлэгч ногддог юм бэ?
-Сүүлийн үед нийслэлд томуугийн дэгдэлт нэмэгдэж байна. ХӨСҮТ-өөс 2016 оны арванхоёрдугаар сарын 5-11 хүртэл хийсэн тандалтын мэдээгээр томуугийн А хүрээний Н3N2 вирус илэрсэн. Бид өрхийн 23 эмнэлэг, нэгдсэн 7 эмнэлэгт тандалтын судалгаа явуулсан. Дээрх вирусийг газар авхуулахгүйн тулд бид иргэдэд гарын авлага тарааж өрхийн эмнэлгүүдэд мэдээлэл хүргүүлж байна. Нийслэлийн хэмжээнд өрхийн 142 эрүүл мэндийн төв ажилладаг. Энд хүн амын суурьшлаас хамаарч нэг өрхөд  таваас найман эмч ажиллаж байна.Цаашдаа томуугийн өвчлөл нэмэгдэх хандлага бий. Өрхийн эрүүл мэндийн төвийн стандарт гэж бий. Уг стандартаар нэг өрхийн эрүүл мэндийн төвийн эмчид гэр хорооллын 2000, орон сууцны 2000 иргэн ногдоно гэж үздэг. Гэвч өнөөдрийн байдлаар өрхийн эмнэлгүүд ачаалалтай ажиллаж байна.

-Танайхаас эмнэлгүүдийн ачаалал яг хэдэн хувиар нэмэгдээд байна гэсэн судалгаа гаргасан уу?
-Бид хүүхдийн орны тоог сар бүр гаргадаг. Энэ сарын 14-ний байдлаар 1871 ортой байна.
Гэтэл хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо 2380 хүрсэн. Үүнээс 1500 гаруй нь хүүхэд. Иймээс бид том хүний ороо хүүхдийн тасаг руу шилжүүлэх, дээр нь нөөц өрөөнүүд болох чийрэгжүүлэлт, тоглоомын өрөөндөө эвхдэг ор тавьж байна. Энэ ачааллын үед 575 ор нэмсэн гэсэн үг. Ингээд хүүхдийн тусламж үйлчилгээг 1503 орон дээр үзүүлж байна. Хамгийн их ачаалалтай нь Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт л гэхэд 165 ортой. Энэ сарын 14-ний байдлаар 224 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн. Ингэхээр 70.9 хувиар ачаалал нэмэгдсэн байна гэсэн үг. Ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаал гарсан. Уг тушаалаар шинээр 70 ор тавих даалгавар өгсөн. Үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийг хэвтэн эмчлүүлэх тасаг болгохоор засвар хийлээ.

-Орны хүрэлцээг ингэж зохион байгуулсан ч өрхийн эмнэлгийн ачаалал хэвээр байна. Өглөө очихоор үзүүлж амжихгүй бөөн дугаар болдог. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Эрүүл мэндийн хөгжлийн төв, Анагаах ухааны их сургуультай хамтраад резидент эмч нарыг өнгөрсөн лхагва гаригаас сургалтад хамруулж байна. Энд 692 резидент эмчийн нэр аваад одоогийн байдлаар 476 эмчийг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хуваариллаа. Резидент эмч нар хэрхэн ажиллах вэ, ямар үүрэг гүйцэтгэх вэ гэх зэргээр сургалтад хамруулсан. Мөн тус сургуулиас эмч нарт халдвар хамгаалллын тухай зургаан цагийн багц хичээл орсон. Эрүүл мэндийн сайдын тушаал өнөөдөр гарах байх. Сайдын тушаалын хавсралтаар эмч нарын нэрсийг оруулаад ирэх оны хоёрдугаар сар хүртэл ажиллуулна. Мөн шаардлагатай тохиолдолд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр төвлөрсөн байдлаар эмнэлгийн ор тавина.

-Нэг өрхийн эмчид хэдэн 2000 хүн ногддог гэх стандарт хэдэн онд батлагдсан юм бэ?
-2013 онд батлагдсан стандарт. Энэ стандартаар өрхийн эрүүл мэндийн төвд 8-10 мянган хүн ам ногдохоор байгаа. Илүү гарсан тохиолдолд шинээр зохион байуулдаг. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв дээр ачаалал нэмэгдэхэд 2014 онд өрхийн 32 эрүүл мэндийн төвтэй болгон зохион байгуулсан. Тиймээс томуу, томуу төст өвчин дэгдэж байгаатай холбогдуулаад резидент эмч нар гэрээр нь үзлэг хийлгэнэ. Үүнээс гадна эцэг эхийн зүгээс гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ сайн хийх, гарын ариун цэврийн чанд сахих талаар мэдээлэл, зөвлөгөө өгч байна.

-Нэгдсэн эмнэлгүүдийн хувьд ямар бүтэц зохион байгуулалтаар ажиллаж байна вэ?
-Нэгдсэн эмнэлгийн амбулаторид өдөрт дөрөв хүртэлх насны 160-170 хүүхдийг үзүүлэхээр ирдэг байна. Эдгээрийн 80 гаруй хувийг ялган гэрээр эмчилж болно гэж үзсэн хүүхдэд эмчилгээ бичиж өгөөд явуулдаг.  Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд дотор ихэвчлэн багтраа хэлбэрийн мөн хоолойн үрэвсэлтэй хүүхдүүдийг эмчийн байнгын хяналтанд байлгахын тулд коридорт ч болтугай авч эмчилж байна.

-Иргэд тэр бүр өрхийн эмнэлэгт хандах дургүй байдаг. Ер нь, өрхийн эмч нарыг хэрхэн мэргэшүүлдэг юм бэ. Өрхийн эмнэлэгт хандагсдын дийлэнх нь нялх хүүхэдтэй эцэг эх байдаг шүү дээ?
-Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг байнга мэргэшүүлэх сургалтад хамруулдаг. Одоо амьсгалын замын хүнд хэлбэрийн өвчин дэгдсэнтэй холбогдуулаад хүүхдийн өвчний цогц менежмент тэр дундаа амьсгалын замын өвчлөлийн үед хэрхэн яаж ажиллах талаар сургалт явуулсан. Мөн дүүргийн эрүүл мэндийн төвүүд өрхийн эмч нараа мэргэшүүлэх ажлыг зохион байгуулдаг. Тэд ХӨЦМ буюу хүүхдийн өвчний цогц менежементээр үнэлж эмчилгээ оношлогоог хийдэг. Энд томуугийн вирустэй хүүхдийг хэрхэн эмчлэх вэ, тураалтай хүүхдийг ямар хоол тэжээлээр хэрхэн хангаж, эмчийн зүгээс ямар дэмжлэг үзүүлэх вэ гэх мэтийг заасан байдаг. ХӨЦМ-ийг хэрэгжүүлэх явцад нь тандалт хийгээд ажлын байранд нь зөвлөгөө өгч байна. Ерөнхийдөө өрхийн эмч нар ХӨЦМ-ийг сайн хангаж ажилладаг гэж дүгнэдэг. 

-А хүрээний томуугийн вирусийн онцлог нь юу байна вэ. Дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд хүчилтөрөгчийн аппарат хэр хүрэлцээтэй байгаа вэ?
-Хүүхэд хөхрөөд амьсгал нь олшроод ирж байгаа тохиолдолд бид яаралтай арга хэмжээ авдаг. Нөгөө талаар хүүхдийн анатоми физиологийн онцлог нь уушигны багтаамж хэвтээ  чигтэй. Иймд ханиад шуухниа амархан хүрдэг. Өнгөрсөн жил улаанбурханы өвчлөл их байсан. Улаанбурханаар өвчилсний дараа биеийн дархлаа сулардаг. Тэгэхээр энэ өвчинг туссан хүүхдүүдийн дархлаа сул байгаа нь тодорхой. Гэхдээ арваннэгдүгээр сард орон даяар дархлаажуулалтын аян зохион байгуулж, А амин дэмийг уулгасан болохоор дархлаа нь харьцангуй сайжирсан гэж үзэж байгаа. Гэхдээ томуугийн дэгдэлт их, эмч нар маань ачаалалтай ажиллаж байгаа хүүхдийн эндэгдэл гаргахгүйн төлөө л зүтгээд байна.
Энэхүү   A(H3N2) вирус нь  манай улсад 2008 оноос хойш бүртгэгдэж байгаагүй гэж мэргэжилтнүүд хэлж байна. Хүнуамын ихэнх нь уг вирусийн эсрэг дархлаагүй буюу дархлаа сул байгаа тул энэ вирүсээр үүсгэгдсэн томуугийн дэгдэлт гарвал олон хүн өвчлөх магадлалтай. Иймд иргэд ханиад томуугаар өвчлөхөөс урьдчилан сэргий­лэх, дархлаажуулах арга хэмжээг сайтар авах нь чухал гэдгийг анхаарч, аль болох өөрийгөө болон үр хүүхдээ дархлаажуулах хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
UEMT-iin achaal***** ih bolson shineer oron suuts barigdsan gazruudad hvn am ni ih nemegden bga bh ali 2013 onihiiroo l ybaad bhiin
Хамгийн их уншсан