Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа рок, поп дуучдаас шинэ жилийн сэдэвтэй хамгийн олон дуутай нь. Тиймдээ ч өнгөрсөн жил “Шинэ жилийн бэлэг” нэртэй цомог гаргаж байсан юм. “Шинэ жилийн шөнө сайхан”, “Шинэ жил манайд ирлээ”, “Цагаан шөнө” зэрэг дуугаа багтсаан цомгийн баяраа “Монет” ресторанд “Мөнгөн шөнө” нэртэйгээр зохион байгуулж байв. Амьд хөгжмийн хамтлагтай хамтран хийдэг тоглолт нь өнгөрсөн жил хоёр дахиа болж, шинэ цомгийн баяртай нь давхцаж байсан билээ. Тэгвэл энэ жил гурав дахь тоглолтоороо фэнүүддээ бэлэг барихаар болжээ. Тоглолт энэ сарын 18-нд “Монет” ресторанд болох юм байна. Өндөр зэрэглэлийн хүрээнд зохиогдох тоглолт нь хүний тоо хязгаартай байх гэнэ. Өнгөрсөн жил гавьяат маань “Миний тоглолтод ирэх хүмүүс өөрийнхөө хамгийн гоё, тансаг хувцсаа өмсч ирэхийг уриалмаар байна. Учир нь, энэ бол та бидний шинэ жилийн баяр байх болно” хэмээж байсан удаатай. Тэгэхээр энэ жил ч гэсэн гоё ганган хувцсаа өмсч очихоо мартуузай.