Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гай болсон гялаан цаас



-Монголчууд гялгар уутнаас татгалзах өдөртэй болно-

 Т.ЖАНЦАН

Хээр талд цас ханзархаар яргуй дэлгэрдэг. Тэгвэл хот суурин газарт булан тохой, хашааны хажуу, гуу жалгаар төрөл бүрийн гялгар уут өнгө алаглан цухуйна. Тэгээд салхи сэвэлзэх төдийд л агаарт дүүлэн нисч эргэлдэн тоглоно. Хот хоорондын зам дагуу өвс дэрсэнд өлгөгдсөн гялгар уут салхины зүг чигийг тодорхойлон хийсэх нь элбэг.

Монголчууд гялгар уутны хэрэглээг багасгах тухай олон жил ярьж байгаа ч төдийлэн ажил хэрэг болохгүй л байна. Ширхэг нь 100 төгрөгийнх хэмээн нэрлэгдсэн шар, цэнхэр, цагаан гээд төрөл бүрийн гялгар торонд хүнснээс өгсүүлээд бүх зүйлээ чихэж аваад барьж яваа хүн хаа сайгүй.  Дэлгүүр, цайны газрынхан ч худалдсан бүтээгдэхүүнээ том, жижиг гялгар уутанд ч хээв нэг хийгээд өгнө.  Худалдаа үйлчилгээний газруудын хананд гялгар уут багц багцаараа өлгөөтэй байх нь ердийн үзэгдэл. Тэгээд тэр уутнууд нь үүргээ гүйцэтгэсний дараа хаа сайгүй хаягдаж хөл дор хөглөрч байна. Уг нь цаасан, даавуун уут ашиглах уриалга гараад, хууль батлагдаад олон жил болсон ч гялгар уутны хэрэглээ улам ихэсч буй дүр зураг нэг иймэрхүү. Тухайлбал, Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай хууль УИХ-аар 2009 онд батлагдаж 2010 оноос хэрэгжиж эхэлсэн. Гэвч энэ хуулийн хэрэгжилт ямар байгаа нь бидний өнөөгийн хэрэглээнээс тодхон харагдана. Энэ хуульд 0.025 мм-тэй уутыг хэрэглэхийг хориглож байв. Уг хуулийн хэрэгжилт муу байсаар 2012 онтой золгож Хог хаягдлын тухай хуулиар тэр хориглосон заалт хүчингүй болсон түүхтэй. Харин энэ оны тавдугаар сард батлагдсан Хог хаягдлын тухай шинэ хуулиар нийлэг хальсан уутыг шууд хориглоогүй юм. Иймд хориглосон ч хорилоогүй ч байсан  бидний “10”-ын  гэж нэрлэж заншсан нимгэн уут үүргээ гүйцэтгэсээр байгаа билээ.

Гялгар уут, хувцанцар сав ашиглаж сандал, траншейны таг, хашааны шон, банз зэргийг хийдэг үйлдвэр хэд хэд байгуулагдсан ч  хэрэглээ, хаягдал нь их учраас бүгдийг нь боловсруулж чадахгүй  байгаа юм. Эдгээр үйлдвэрийн түүхий эдийн судалгаанаас харвал нэг өрх хамгийн багадаа сард таван кг гялгар уут, хуванцар хог хаядаг тооцоо бий. Тэгвэл Улаанбаатар хот 240 гаруй мянган өрхтэй гэхээр сард 1000 орчим тонн хаягдал гарна. Улсын хэмжээнд 700 мянган өрхтэй гэж тооцоход 35 мянган тонн гялгар уут, хувцанцар савны хаягдал гардаг байх нь. Энэ хаягдал бүгд хогийн цэгт төвлөрч устгагдах, дахин боловсруулалтад орно гэж байхгүй.

Зориулалтын бус гялгар уутанд хийсэн хүнс  формальдегид, бензол, тлоул зэрэг олон төрлийн органик уусгагчаар бохирддог гэдгийг Мэргэжилийн хяналтын байгууллагаас анхааруулсан байдаг. Ингэж бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүн гэдэсний савханцар, сальмонеллёз, стафилококк зэрэг нян дамжих хөрс суурь болж өгдөг аж. Тэгээд олон төрлийн өвчний эх үүсвэр болж байгааг эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн билээ.

Гялгар уут, хувцанар савны хэрэглээ Монголд төдийгүй дэлхий нийтэд тулгамдсан асуудал болоод буй. Ийм ч учраас дэлхийн улс орнууд “Гялгар уутнаас татгалзах өдөр”-ийг санаачлан хэрэгжүүлдэг болоод буй. Манайд ч ийм санаачилга гараад байна.  Тухайлбал, Канад сангийн санхүүжилтээр Дэлхийн Зөн Монгол, Флом олон улсын байгууллага “Технож бизнес инкубатор төв”-тэй хамтарч “Гялгар уутнаас татгалзах өдөр” санаачилга төслийг өнгөрсөн аравдугаар сарын 1-нээс ирэх оны хоёрдугаар сарын 28-ны өдөр хэрэгжүүлж байгаа юм. Ингээд Монгол Улс болон Улаанбаатар хотод гялгар уут хэрэглэхгүй байх өдөртэй болох аж. Мөн гялгар уут, хуванцар сав байгаль орчин, хүний биед ямар сөрөг үзүүлдэг талаар ойлгуулан таниулах, хэрэглээг бууруулах ажил эхлүүлээд байна. Уг төсөлд Дэлхийн Зөнгийн Баянхошуу, Хан-Уул, Дундговийн салбарын нийт гурван бүлгийн 30 иргэн, Флом Олон улсын байгууллагын сонсголын бэрхшээлтэй иргэдийн хоёр бүлгийн 20 иргэнийг хамруулж олон удаа хэрэглэх даавуун тор үйлдвэрлэх болжээ. Ингээд зориулалтын машин тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн байраар хангасан юм. Тэдний үйлдвэрлэсэн торыг томоохон сүлжээ дэлгүүрүүдэд борлуулах гэрээ хэлцэл хийж буй. 

Анх нээгдэхдээ шинжлэх ухаан технологийн гайхамшиг хэмээн нэрлэгдэж байсан гялгар уут эдүгээ байгаль орчин, хүн төрөлхтний хөнөөлт дайсан болж хувирлаа. Дэлхий нийтээр 1990-ээд оноос хойш гялгар уутны хэрэглээг багасгах санаачилга гаргаж эхэлсэн. Гэвч тэр хөнөөлт дайсан ялагдаагүй өнөөг хүртэл хэрэглээ нь тэлсээр. Тэгвэл хүн гялгар уутыг ердөө 12 минут ашиглаад хаядаг гэсэн судалгааг эрдэмтэд хийжээ. 

Ингээд монголчууд болон дэлхий нийтийн гялгар уутны хэрэглээ ямар байгааг сонирхоё. Монголчуудын жилд хэрэглэдэг гялгар уутыг дэлгээд тавьбал 7.5 сая ам.метр талбайг элбэг бүрхэх судалгаа гарчээ. Мөн Гаалийн мэдээллээс үзвэл Монгол Улс жилд 12.5 тонн нимгэн уут, 55.9 сая ширхэг гялгар уут оруулж ирдэг байна. Үүнээс гадна гадаад зорчсон иргэдийн бараа бүтээгдэхүүн хийж орж ирсэн гялгар уут нэмэгдэх нь тодорхой. Харамсалтай нь үүний тооцоог гаргах боломжгүй юм.

Дэлхийд жилд 1.3 тэрбум тонн хог хаягдал гардаг аж. Үүний 30 хувийг гялгар уут эзэлдэг. Гэтэл сүүлийн 30 гаруй жилд хүн төрөлхтний үйлдвэрлэж буй хог хаягдлын хэмжээ  10-34 хувиар нэмэгдсэн тооцоо бий. Өнөөдөр дэлхийн хэмжээнд нэг минутад нэг сая гялгар уут үүрэг гүйцэтгэхээр “албанд морддог” гэдэг. Ингээд жилд дөрвөн тэрбум тонн гялгар уут хог болон хаягдаж буй юм. Энэ нь эдүгээ экологийн тэнцвэрт байдал алдагдахад хүргэх болсон билээ. Жишээлбэл, хөрсөнд булагдсан галгар уут 100-500 жил “наслаж” байж ялзарна. Энэ хугацаанд түүнийг бүтээсэн химийн хорт бодис, хий ялгарч хөрс, ус, агаарыг бохирдуулж, амьтан ургамлыг үхэлд хүргэж байна. Мөн хүний өвчлөлийн нэг шалтгаан болдог. Хэрэв хүн хуванцар болон гялгар уутнаас татгалзвал 57 төрлийн хавдараар өвчлөхгүй  хэмээн эрдэмтэд тогтоожээ.

Хамгийн олон хүн амтай, том зах зээлтэй улс бол Хятад. Тус улсад өдөрт гурван тэрбум гялгар уут хэрэглэдэг. Энэ нь  жилдээ гурван сая гаруй тонн хог болж хаягддаг гэсэн тооцоо гараад байна. Иймд Хятадад 2008 оноос хэт нимгэн буюу 0.025 мм-ийн гялгар уутыг үйлдвэрлэх ба хэрэглэхийг хоригложээ. Хэрэв уг хоригийг  зөрчвөл  10000 юань буюу 1465 ам.доллараар торгодог. Үүний үр дүнд тус улсын гялгар уутны хэрэглээ таван жилийн хугацаанд 67 тэрбум тонноор буурсан судалгаа бий.  Хөгжил цэцэглэлтээр дэлхийд тэргүүлэгч нь буурал Европ тив. Энэ тивийн иргэд жилд 800 мянган тонн гялгар уут хэрэглэдэг. Иймд нэг иргэн нь  жилд 191 ширхэг гялгар уут хэрэглэдэг судалгаа бий. Гэтэл үүний дөнгөж зургаан хувийг нь дахин боловсруулдаг тооцоо гарчээ.  Энэ оны дөрөвдүгээр сард Европын холбоо гялгар уут ашиглахыг хязгаарлах болсон. Үүний үр дүнд  2019 он гэхэд гялгар уутны хэрэглээ хоёр дахин буурна гэж мэдэгдээд байна.  Өнгөрсөн онд Итали  нэг удаагийн гялгар уутны хэрэглээнд хориг тавьсан Европын анхдагч улс болов.  Ийнхүү гялгар уутны хэрэглээний талаар яриад байвал төсгөлгүй үргэлжлэх нь тодорхой. Хамгийн гол нь дэлхий нийтээр гялгар уутнаас татгалзах санаачилга гарсаар байна. Монголчууд ч гэсэн үүнд нэгдэж эхэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан