Б.МЯГМАРЖАВ
Би дөрвөн улирлаас өвөлд хамгийн дуртай. Эргэн тойрон цагаан цасаар хучигдаж цаана л нэг сайхан санагддаг. Гэвч ээж болсноос хойш өвлийн хэдэн сарыг хүүхдээ ханиад хүргэчих вий гэсэн “айдастай” арай гэж давдаг болсон. Хэрвээ хүүхэд ханиад хүрээд эмнэлэгт хэвтвэл... Хэвтэх ч гэж дээ, хүүхдээ тэврээд зогсоогоороо эмнэлгийн коридорт шөнийг өнгөрөөх зовлонг туулсан болохоор тэр. Жил бүр арваннэгдүгээр сар гаруут ханиад томуугийн дэгдэлт нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байдалтайгаар олон жилийг бид үдлээ. Ингэж олон жилийг үдсэн болохоор ч тэр үү, эмнэлгийн ачааллыг байдаг л зүйл мэтээр хүлээн авах хүн ч олон. Харамсалтай нь, хүүхдээ тэврээд эмнэлэгт хэвтэж байгаа эцэг эхчүүд л энэ зовлонг биеэрээ мэдэрч байна.
Өдрийн 12:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн хүүхдийн эмнэлгээр орлоо. Хүлээн авах яаралтай тусламжийн үүдэнд эцэг эхчүүд дугаарлан зогсчээ. Энд ихэнхдээ нярай, хоёр хүртэлх насны хүүхдүүдээ тэвэрсэн хүмүүс дүүрэн. Эргэн тойронд биеийн халуун, ханиадандаа шаналан уйлах хүүхдүүдээ, эцэг эхчүүд, эмээ, ах эгч нар нь аргадсан дүр зураг харагдана. Өөрийгөө Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны оршин суугч С.Мөнхцэцэг хэмээн танилцуулсан бүсгүй “Манай охин зургаан сартай. Ханиад хүрээд өрхийн эмнэлэгт үзүүлж эм бичүүлж аваад гэрээр хоёр хоног эмчилсэн. Гэтэл хүндрээд сая үзүүлсэн чинь уушигны баруун тал нь хатгаатай хэвтэх хэрэгтэй гэсэн. Ор хүрэлцээгүй болохоор нэг орон дээр дөрвүүлээ хэвтэнэ гэж байна. Одоо хэвтэхгүй гэлтэй биш. Гэрээр эмчилж чадахгүй хойно хүүхдээ тэврээд орохоос яах вэ дээ. Охин бид хоёр аравдугаар сарын дундуур бас л хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Охин маань хоёр ахтай. Ах нар нь ингэж ханиад хүрдэггүй байсан. Энэ ханиад агаарын бохирдолтой холбоотой байх. Болж өгвөл ханиад хүргэхгүй юмсан гэж хичээдэг. Даанч санаснаар болохгүй юм даа” хэмээн ярьсан юм. Тус эмнэлэгт хорио тогтоож гадны нэг ч хүн нэвтрүүлэхгүй гэжээ. Дарга нараас нь яриа авах гэсэн боловч “Та нар юм л бол эмнэлгийг муулах гээд байх юм. Ийм нөхцөлд ажиллаж байгаа бидэнд ч хэцүү байна. Тэгээд ч одоо гадуур ажилтай яваа” гээд халгаасангүй. Эмнэлгийн чанарын менежер яриа өгөх боломжгүй гэв. Арга ч үгүй биз дээ, нэг өрөөнд арав гаруй хүн хэвтүүлж байгаадаа эмнэлгийн удирдлагууд ч эмзэглэж сууна.
Тус эмнэлгээс гараад Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгээр орлоо. Энд байдал дээрхтэй л адил бужигналдан хөл хөдөлгөөн ихтэй байв. Ор хүрэлцэхгүй байгаа талаар иргэд хоорондоо ярилцана. Хорио тогтоож гадны хүн нэвтрүүлэхгүй, хүүхдийн сахиурыг солиход ч эмчийн зөвшөөрөлийн бичиг хэрэгтэй. Тус эмнэлэг 74 орон дээр өвчтөн хүлээн авах ёстой ч аль хэдийнэ нэг орон дээр гурав дөрвөөр нь хэвтүүлж эмчилж байна.
Баянзүрх дүүргийн хүүхдийн эмнэлгийн хувьд ч байдал бусад эмнэлгүүдийн адил хүнд байгаа бөгөөд хүүхэд нэмж авах боломжгүй хэмээсэн. Төлбөртэй өрөөнүүдэд ч давхарлаж оруулж байгаа аж. Эмнэлгүүдийн хувьд дотроо зохион байгуулалт хийж нэмж ор тавиад ч ачааллаа дийлэхгүй байгаа. Нийслэлийн эмнэлгүүдэд нийт 1870 ор байдгийн 879 нь хүүхдийнх. Мөн одоогийн байдлаар нийт орны ачаалал 20 хувиар хэтэрсэн гэсэн судалгааг нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргажээ.
Өнгөрсөн долоо хоногт нийт 97 мянган иргэн эмнэлэгт хандсаны дийлэнх нь томуу, томуу төст өвчин хүндэрсэн гэнэ. Ялангуяа дөрөв хүртэлх насныхан эмнэлэгт их ирж байгаа бөгөөд 30 хувь нь нэг хүртэлх насны нярай аж. Амьсгалын замаар өвчлөгсдийн 60 хувь нь хатгаа болж хүндэрчээ. Иймээс дээрх ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргийн эмнэлгийн насанд хүрэгчдийн орыг хүүхдийнх рүү шилжүүлэх ажлыг эхний ээлжид хийхээр төлөвлөжээ. Мөн хувийн хэвшлийн эмнэлгүүдийг татан оролцуулах, тухайлбал, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийг хүүхдийн эмнэлэг болгох, Сонгинохайрхан дүүргийн I амбулаторийн нэгдүгээр давхрыг чөлөөлж, 70 ор байршуулах юм байна. Мөнгөтэй бэлтэй нэгний хувьд дүүргүүдийн эмнэлгийн үйл ажиллагааг төдийлэн ойшоодоггүй. Харин жирийн иргэдийн хувьд дүүргийн эмнэлгээ л зорьж эрүүл мэндийн үйлчилгээ авч өдий хүрсэн.
Эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан статистикаар арванхоёрдугаар сараас эхэлж буй томуу, томуу төст өвчний дэгдэлт ирэх оны хоёрдугаар сарын хоёрдугаар долоо хоног хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Иймээс гэртээ чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, утаа хиншүү гаргахгүй байх, гарын ариун цэврийг чандлан сахиж, хүүхдийнхээ дархлааг сайжруулах талаар эцэг эхчүүдэд сануулж байгаа юм. Эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаа энэ үед аль болох гадуур хүүхдээ дагуулж гаралгүй ханиад томуу, томуу төст өвчнөөс холуур байлгаснаар эрүүл мэндийг нь хамгаалаад зогсохгүй хямралтай байгаа энэ үед өрхийн эдийн засгаа ч хэмнэх юм.
Б.Ариунхишиг: Насанд хүрэгчид нян тээгчид байдаг
0-5 насны хүүхдийг ханиад томуугаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ЭХЭМҮТ-ийн хүүхдийн уушигны эмч Б.Ариунхишигээс зарим зүйлийг тодрууллаа.
-Гэрийн нөхцөлд бид хүүхдээ ханиад хүргэхгүй байхын тулд ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?
-Гэрийн нөхцөлд чийгтэй цэвэрлэгээ сайн хийж, агаар сэлгэж байх шаардлагатай. Гадаа гарах боломжгүй тохиолдолд хүүхдээ гадаа гаргах гэж байгаа мэт хувцаслаад өрөөнүүдээ нэвт салхилуулж болно. Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийхэд заавал ариутгалын бодис байх шаардлагагүй. Аль болох тоос бужигнуулахгүй өдөрт багадаа хоёр удаа тоос шороогоо арчиж шалаа угаах хэрэгтэй. Мөн харшлын гаралтай ханиад их байгаа болохоор тасалгааны ургамлаа сайн арчлаарай. Эмийг заавал эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.
-Өвдсөн хүүхдэд эмнээс илүү хоол, шингэн зүйл чухал гэдэг шүү дээ?
-Тийм ээ. Өвдсөн хүүхэд хоолондоо тааруу болдог. Тиймээс зайлшгүй идэх хэмжээгээр нь хоол өгөх хэрэгтэй. Өдөрт гурван аяга хоол иддэг байсан бол гурван аяга хоолоо өгнө. Гэхдээ өвдөөгүй үеийнх шигээ нэг дор гурван аяга хоолоо идэхгүй. Уйлагнаж зовиурладаг болохоор нэг аяга хоолоо хоёр, гурав хувааж өгөх хэрэгтэй. Ингэхдээ өдөрт хэр хэмжээний хоол иддэг байсан хэмжээнд нь хүргэж өгөх шаардлагатай.
-Ямар хоол өгөх нь зүйтэй вэ?
-Илчлэг сайтай хооллох ёстой. Жишээ нь, бантанг зөвхөн гурил, мах гэлгүй төрөл бүрийн ногоо, өндгөөр баяжуулж болно. Ямар нэгэн байдлаар баяжуулах шаардлагатай. Мөн уух шингэнийг тодорхой хэмжээгээр нэмэх хэрэгтэй. Хэвийн үед өдөрт гурав дөрвөн аяга шингэн зүйл уудаг байсан бол өвдсөн үед ч бага багаар нэмж өгөөрэй. Хүүхдээ өвдсөн үед нь ээж нь заавал хажууд нь харж халамжлах шаардлагатай.
-Ханиад томуу гэдэг вирусын гаралтай халдварт өвчин. Манайхан зарим нь тоодоггүй. Наад зах нь ханиадтай хүн маск зүүх, аяга тавгаа тусгаарлах зэрэг арга хэмжээ авдаггүй?
-Эцэг эхчүүд, ах эгч нь гадуур явж байгаад орж ирлээ л бол шууд гараа угааж занших хэрэгтэй. Мөн хүүхдийг уруул, хацар дээр нь үнсдэг. Ханиад тусаагүй ч шүд амаа угаасны дараа үнс. Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдийнхээ хажууд тамхи татдаггүй ч тамхи татаж орж ирээд хүүхдээ үнсэх юм уу ойр байдаг.
Энэ бүх зуршлаас салж байж бид хүүхдээ ханиад томуугаас хол байлгана. Насанд хүрсэн хүмүүс нян тээгч байдаг. Өөрсдийн дархлаа сайн болохоор өвдөхгүй ч хүүхдэдээ авчраад халдаачихдаг учраас ариун цэврийн наад захын дэглэмийг сахиж байх ёстой.