Б.ШИРНЭН
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр бусдын гарт амь үрэгдсэн. Тэрээр тухайн өдөр 21:40 минутын үед гэртээ харьсан гэдэг. Гэвч, тухайн мөчөөс хагас цагийн өмнө гэмт этгээдүүд гэрт нь орж, С.Зоригийн хамтран амьдрагч Д.Булганы ам, гарыг бөхөлж ариун цэврийн өрөөнд нь оруулсан гэдэг. Энэ үеэр гэртээ орж ирсэн С.Зоригийг гэмт этгээдүүд 18 удаа хутгалан хөнөөсөн хэрэг гарсан юм. Улс төрийн нэрт зүтгэлтэн бусдад хороогдсон хэргийг мөрдөж эхэлсээр 18 жил өнгөрч, 20 хүнийг сэжигтэн, яллагдагчаар татсан байдаг. Тэдний дунд С.Зоригийн хамтран амьдрагч Д.Булган 1999 оноос хойш хоёр ч удаа цагдан хоригдож байсан удаатай. Мөн талийгаачтай мөр зэрэгцэн ажиллаж байсан улстөрчид энэ хэргийн сэжигтэн байх үндэслэлтэй хэмээн шалгагдаж байлаа.
Харин өнгөрсөн сард хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, шүүхэд шилжүүлсэн юм. Жил гаруйн өмнө сэжигтнээр татагдсан гурван иргэнийг хэрэгт холбогдуулан шалгаж, прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд тэднийг захиалгаар, үгсэн тохиролцож С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэж буруутгаж байна. Дуулиант энэ хэргийг Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид шүүхээр болсон.
2016 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 11.28 цагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд С.Зоригийг хөнөөсөн хэргийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг эхэллээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгчээр Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нар, тэдний өмгөөлөгч, хохирогчоор С.Зоригийн дүү С.Оюун ирэх байсан түүний өмгөөлөгч, улсын яллагч нар ирсэн байлаа.
Шүүх хуралдааны эхэнд Ерөнхий шүүгч М.Алдар шүүгдэгч нарт ямар хэрэгт, ямар зүйл ангиар буруутгагдаж байгааг нь уншиж танилцуулснаар шүүх хуралдаан хаалттай горимд шилжлээ. Хэргийн оролцогч нараас өөр хэнийг ч шүүх танхимд оруулсангүй.
Шүүх хуралдаан эхлэхэд, шүүгдэгч, шүүгдэгчдийн өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгчөөс хавтаст хэрэгтэй танилцах боломжоор хангаж, шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлт гаргасан байна. Мөн гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргав.
Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хангаж шийдвэрлэснээр 2016 оны арванхоёрдугаар сарын 21-ний 10:00 цаг хүртэл шүүх хурлыг хойшлууллаа.
С.Зоригийн хэргийн мөрдөн байцаалтын явцад Төрийн нууцад хамаарах баримт материал хавтаст хэрэгт авагдсан гэх шинжээчийн дүгнэлт гарсан тул хэргийг “маш нууц” ангилалд хамааруулж байна. “Маш нууц” гэх ангилал нь хоёрдугаар зэрэглэлийн нууц буюу онц чухал маш нууц зэрэглэлээс нэг зэргээр бага юм. Ийм төрлийн нууцыг 40 жил нууцлахаар заасан байдаг. Тиймээс хэргийг шүүх хурал бүхэлдээ хаалттай болж, хохирогч болон шүүгдэгчийн ар гэрийнхнийг шүүх ажиллагаад оруулахгүй байгаа юм. Тэд зөвхөн шүүх хуралдааны эхлэл, төгсөлд орж шүүхийн шийдвэр сонсох боломжтой байна.
Энэ удаагийн шүүх хуралд Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нарын ар гэрийнхэн ирсэн бөгөөд “яллагдагч нарыг гүтгэсэн...”, “прокурорын талд шүүхийн шийдвэр гарах юм бол цаашид тэмцэнэ...” зэргээр санаа бодлоо илэрхийлэв. Яллагдагч нарыг Эрүүгийн хуулийн 91-т зааснаар Хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж прокурорын байгууллага буруутгаж байгаа бөгөөд 91-ийн найман заалтаар зүйлчилж байгаа нь хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Тэднийг:
91.2.1-т зааснаар шунахайн сэдэлтээр
91.2.4 захиалгаар
91.2.6 өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор
91.2.10 хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн
91.2.11 бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл
91.2.12 онц харгис хэрцгий аргаар
91.2.13 нийтэд аюултай аргаар
91.2.15 хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гэсэн зүйл, ангиар буруутгаж байна.
Мөн 91.2.4 дэх заалтаар буруутгаж байгаа ч шүүх хуралд “захиалагчаар” яллагдаж байгаа хүн ирээгүй бөгөөд “захиалагч”-ийн талаар хуулийн ямар ч байгууллага мэдээлэл өгөөгүй байна.
Хэдийгээр “маш нууц” гэгдэж байгаа ч мэдээллийн хомс байдал нь “С.Зоригийн хэргийн захиалагч нь нас барсан уу” гэх асуултыг дагуулж, олон нийтийн сүлжээгээр энэ төрлийн хэлэлцүүлэг үүсгээд байгаа юм.
“Цаазын” ялтай Ц.АМГАЛАНБААТАРын ар гэрийг төлөөлж Ц.Гансүрэн гэх эгч нь ирэв. Тэрээр Ц.АМГАЛАНБААТАРЫГАА бусдыг гүтгэсэн гэж үзэж байна
Хэрэгт холбогдсон Ц.Амгаланбаатар нь 35 настай, Орхон аймгийн харьяат. Урьд хэрэгт холбогдож, шүүхээс цаазын ял авч байсан бөгөөд үүнийг нь 25 жилийн ял болгон бууруулсан байдаг. Ц.Амгаланбаатар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутагт 2004 оны есдүгээр дүгээр сарын 20-ны шөнө Б.Ж гэгчтэй бүлэглэн, шунахайн болон танхайн сэдэлтээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ онц харгис, хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж иргэн Ө-гийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн байж. Мөн Ц.Амгаланбаатар худал мэдүүлэг өгсний улмаас иргэн Э гэгчийг дээрх онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан цагдан хорьж, хүнд хор уршиг учруулсан байна. Түүнчлэн Орхон аймгийн Жаргалант сумын нутагт 2007 оны гуравдугаар сарын 16-ны өдөр танхайн сэдэлтээр хохирогч О-г зодож, түүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэж байжээ.
Тиймээс Орхон аймаг дахь сум дундын шүүх 2010 оны зургадугаар сарын 16-ны өдөр дээрх хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд Ц.Амгаланбаатарт цаазаар авах ял, харин Б.Ж-д 18 жил хорих ял тус тус оногдуулсан байна. Орхон аймгийн шүүх 2010 оны есдүгээр сарын 21-ний өдөр уг хэргийг давж заалдах шатны журмаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг 2010 оны арванхоёрдугаар сард хянан хэлэлцээд түүнд оногдуулсан цаазаар авах ялыг 25 жил болгон өөрчилж байжээ.
Тэрээр шоронд байхдаа Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нарын гар утас руу “С.Зоригийг алсан биз дээ..” зэргээр мессэж илгээсний улмаас тэднийг Тагнуулаас баривчилсан гэх мэдээллийг Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нарын ар гэрийнхэн хэлдэг юм.
Харин өчигдөр болсон шүүх хуралдаанд оролцохоор Ц.Амгаланбаатарын эгч Ц.Гансүрэн ирсэн юм. Тэрээр өчигдөр өглөө Орхон аймгаас ирсэн бөгөөд “Ц.Амгаланбаатар, Ц.Гансүрэн бид хоёр хоёул өргөмөл” гэлээ.
-Таны дүү Ц.Амгаланбаатар болон Т.Чимгээ нар хоорондоо ямар холбоотой юм бэ. Та тэдний холбогдсон хэргийн талаар ямар бодолтой байдаг вэ?
-Ц.Амгаланбаатар бол миний өргөмөл дүү. 1998 онд энэ хэрэг гарах үед 16 настай Улаанбаатар ч орж үзээгүй хүүхэд байсан. Харин 2007 онд Орхон аймагт хүн амины хэрэгт холбогдоод 25 жилийн ял сонссон юм. Сүүлд буюу 2015 оны наймдугаар сарын 31-нд энэ хэрэгт Ц.Амгаланбаатараас гадна миний төрсөн дүүгийн эхнэр Чимгээ болон Содномдаржаа нар холбогдож, баривчлагдсан. Би тэднийг энэ хэргийг хийгээгүй гэдэгт итгэлтэй байгаа. Хилс хэрэг гэж бодож байна.
-Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нарын ар гэрийнхэн таны дүүгийн талаар хэлэхдээ “тэднийг гүтгэчихлээ...” гэдэг. Та дүүгээ хүн гүтгэх хүн гэж бодож байна уу?
-Тийм. Ц.Амгаланбаатар л энэ хүмүүсийг гүтгэсэн. Түүнээс энэ хоёр хүн тийм хэрэг хийхгүй. Ц.Амгаланбаатар бол миний өргөмөл дүү. Харин Т.Чимгээ миний төрсөн дүүгийн эхнэр. Б.Содномдаржаа бол манай хөрш айлын хүүхэд байгаа юм. Ц.Амгаланбаатарыг шоронд орчихоод яагаад ийм зүйл хийснийг нь мэдэхгүй байна.
Д.Содномдаржаагийн ээж Л.Жавжмаа хэргийг хаалттай шүүж байгаад гомдолтой байгаагаа хэлсэн бөгөөд Содномдаржааг хавтаст хэрэгтэй танилцаагүй гэв
-Шүүх хурал хаалттай болж байна. Юу болж байгаа бол гэж түгшиж байгаа байх?
-Шүүх хуралд оролцохоор 10 гаруй хүн ирсэн ч шүүх хуралд хэнийг ч оруулахгүй байна. Хэнийг ч оруулахгүйгээр миний хүүг хилс хэргээр шүүж байгаад үнэхээр гомдолтой байгаа. Хэргийг энэ чигээр нь шийдчихгүй байлгүй дээ л гэж бодож сууна.
-Хүүтэйгээ сүүлд хэзээ уулзсан бэ. Танд ямар нэг зүйл хэлсэн үү?
-Эхний 3-4 сар уулзуулаагүй. Харин сүүлийн үед сардаа нэг ч юм уу, уулзаж байгаа. Хүүтэйгээ уулзахад хэцүү байдаг. Миний хүү “Тэд намайг гүтгэж байна...” л гэдэг. Уулзахдаа, 15 минут орчим л уулздаг болохоор олигтой зүйл ч ярьж амждаггүй юм. Хамгийн сүүлд хүүтэйгээ уулзахад их турсан харагдсан. Сэтгэл санааны дарамтад орсон байгаа.
Т.Чимгээ болон хүүгээ Ц.Амгаланбаатарын гүтгэлгээр хилс хэрэг үүрч, ял авах вий л гэж айж байна. Миний хүү “...Ийм хэрэг хийгээгүй юм чинь хэрэг хүлээхгүй. Хавтаст хэрэгтэй танилцахгүй...” гэдгээ хэлсэн байна лээ. Гэхдээ хүчээр ял өгчих вий, гэж айж байна. Миний яваагүй, хандаагүй газар гэж байхгүй ээ. Хамгийн гол нь хилс хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөсэй л гэж хүсч байгаа. Хэрвээ нийгэмд дуулиан тарьж байгаад энэ чигээр нь шийдчихвэл бид цаашид тэмцэнэ.
Т.Чимгээгийн ар гэрээс нөхөр нь ирж, эхнэрийнх нь бие муудаж байгааг ярилаа
Т.Чимгээгийн нөхрийг С.Бямбасүрэн гэдэг бөгөөд өчигдөр нийслэлд иржээ. Тэрээр “Манай эхнэр хоригдоод жил дөрвөн сар болж байна. Тухайн үед хүүхэд маань нэг нас дөрвөн сартай байсан. Түүнийг хоригдож байх хугацаанд олон зүйл боллоо. Бид охиноо хүртэл алдсан. Хүчээр ял үүрүүлчих вий дээ гэж хамгийн их айж, санаа зовж байна. Эхнэр маань хоригдох хугацаандаа бие нь муудаж, сэтгэл санаагаар маш их унасан. Хүнийг ингэтэл нь гүтгэж, хэлмэгдүүлж болохгүй шүү дээ. Шүүх хуралд оролцуулахгүй байгаад гомдож, бас айж байна” гэлээ.
Харин түүний ах Т.Хүрэлбат “Хянагчийн дарамт их байдаг гэсэн. Мөн том охин нь ээжийгээ үзүүлж харуулах гэж лам, бөө гээд Сэлэнгэ явж байхдаа өнгөрсөн зургадугаар сард автомашины ослоор өнгөрсөн. Шоронд байж байхад нь хүүхэд чинь өнгөрчихлөө гэж дуулгаагүй. Дуулгаж болохгүй, сэтгэл санаагаар унана гэж бодсон. Гэтэл тагнуулын байгууллагынхан нь өөрсдөө очиж хэлсэн байна. Ухаан санааг нь үймрүүлж байгаад л хэрэг үүрүүлэх гээд байна. Мөн Амгаланбаатар Чимгээтэй уулзаж “Шорон хэсээд явах сайхан байна уу, энэ хэргийг хийсэн биз дээ” гээд явсан байна” гэж ярьсан юм.