Н.БАТ
Дэлхийн хэмжээнд амьсгалын доод замын хурц халдварт өвчин буюу уушигны хатгалгааны улмаас нас барагсдын 95 хувь нь бага, дунд орлоготой улс орнуудад ногддог. Хатгалгаа гэх оноштойгоор нас барсан хүмүүсийн 81 хувь нь хоёр хүртэлх насны хүүхэд байдаг гэсэн баримт бий. 2016 онд уушигны хатгалгаа гэсэн оноштойгоор нас барсан хүүхдийн тоо нэмэгджээ. Баянзүрх дүүрэгт гэхэд энэ жил 18 хүүхэд уушигны хатгалгаа хүндэрсний улмаас нас барсан байна. Энэ тоо өнгөрсөн жил 3 байв. Гэтэл энэ жил зургаа дахин нэмэгдсэн гэдэг үнэхээр аймшигтай сонсогдож байгаа юм. Баянзүрх бол хамгийн олон хүн амтай дүүрэг. Нийт 360 мянган хүнийх нь дөрөвний нэг нь 0-5 насныхан. Өөрөөр хэлбэл, 90 мянга орчим бага насны хүүхэдтэй юм байна. Энэ 90 мянган хүүхдэд хамгийн чухал зүйл юу вэ. Амьсгалах агаар нь цэвэр орчин гэдэг нь тодорхой. Харамсалтай нь, өнөөдөр өрхийн эмч нар маань “Хүүхдээ агаарт гаргаарай гэж зөвлөхөөс урьтаж хаалга цонхоо сайн хаагаарай” гэж хэлэх нь холгүй байна. Уушигны хатгалгаа өвчин эцэг эх, эмч, эмнэлгийн үйл ажиллагаанаас үл хамааран нэмэгдэж байгаа нь олон хүний сэтгэлийг эмзэглүүлж буй юм.
Энэ талаар АШУИС-ийн багш Д.Малчинхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Ер нь, амьсгалын замын өвчлөлийн гол шалтгаан нь агаарын бохирдол болж байна гэдгийг хүн бүр мэддэг. Гэвч хэн ч маск зүүдэггүй. Та мэргэжлийн хүний хувьд амьсгалын зам өвчлөх шалтгааныг эхлээд тайлбарлаж өгөөч?
-Хүүхдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан нь амьсгалын замын цочмог халдвар. Энэ халдвар олон төрлийн вирусийн үүсгэгчээр дамжин өвчлөл болдог. Жишээ нь, томуу томуу төст өвчин гээд ярьдаг даа. Одоо вирусийн халдвар ид дэгдэлтийн үе. Энэ үед хүүхдийн амьсгалын зам хамгийн түрүүнд вируст халдварт өртдөг. Хүн амьсгалахгүй байна гэж үгүй учраас амьсгалахаар л халдвар орж байдаг. Тэгэхээр амьсгалын зам цэвэр байх эсэх нь агаарын бохирдолтой шууд холбоотой. Хүний амьсгалын эрхтэн тогтолцоо бол хамгаалах маш хүчирхэг механизмтай. Гэтэл агаарын бохирдол тэр хамгаалах хүчин зүйлийг нь бууруулдаг. Тэгэхээр халдвар гүнзгий нэвтэрч, илүү хор нөлөөтэй болдог.
-Юун түрүүнд иргэдийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх ёстой санагддаг. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Эрүүл мэндийн мэдээлэл бол мэдээллийн сувгуудаар их бага цацагддаг. Нийтийг хамарсан нь ялангуяа. Мэдээж зар сурталчилгаа байгаа ч хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх талаар бага байна. Хамгийн гол нь хүн бүр өөрийн гэсэн гэр оронд амьдарч байгаа учраас бичил орчны агаар ямар байх ёстой вэ гэдэг талаар мэдлэгтэй байх ёстой. Ямар хэмжээний чийглэгтэй, бохирдол нь ямар түвшинд байх вэ гээд. Боломжтой айл өрхүүд агааржуулагч тавих хэрэгтэй. Айл бүр авах боломжгүй нь тодорхой. Хоёрдугаарт, гэр орны дулаалгын асуудлаа сайн шийдэх ёстой. Ядаж түлээ нүүрс түлэх нь багасна. Утаа гаргадаггүй түлшний асуудал олон жил яригдаж байгаа ч ард түмэнд хэр хүрцтэй байгаа юм бол доо. Гэр орныхоо агаарын цэвэр байдлыг хамгаалах талаар хүн бүр мэдлэг мэдээлэлтэй болох ёстой. Өөрөө эрмэлзэлтэй байх нь чухал.
-Та амьсгалын зам цэвэр байх эсэх нь агаарын бохирдолтой шууд холбоотой гэлээ. Улаанбаатар хотод өнгөрсөн жилүүдийг бодвол агаарын бохирдлын хэмжээ нэмэгдээгүй гэж албаныхан хэлдэг. Гэтэл уушигны хатгаа өвчнөөр нас барсан хүүхдийн тоо нэмэгдсээр байна?
-Нэмэгдээгүй гэж тэр олон тэрбум төгрөгийг зарцуулсан хүмүүс нь л хэлж байгаа байх. Ард түмэн бол нэмэгдээд байгааг мэдэрч байгаа. Тиймээс төр засаг минь ээ, бүх эрхтэн тогтолцоогоо жигд ажиллуулаад агаарын бохирдлын эсрэг тэмцээч ээ.
-Уушигны хатгаа, томуу төст өвчнөөс гадна агаарын бохирдлын улмаас дөнгөж төрж буй нярайд илэрч буй ямар эмгэг байгааг та хэлж өгөөч?
-Ер нь бүх эрхтэн тогтолцооны үүсэл, хөгжилд нөлөөлдөг. Сүүлийн үед өсөлтгүй ураг ч нэмэгдэж байна. Бас бага жинтэй хүүхэд, дутуу төрөлт ихэслээ. Энэ нь ургийн хөгжилд ч агаарын найрлага нөлөөлж байна гэсэн үг.
-Гэтэл өрхийн эмч нараас хүүхдийн гэж мэргэшсэн нь цөөн.
-Өрхийн эмчийн үзлэгийн 60-70 хувь нь хүүхэд. Өрхийн эмч гэдэг Анагаахын их сургуульд хүүхдийн эмчилгээг үзэж төгссөн хүн болохоос хүүхдийн эмч биш. Тэгэхээр өрхийн эмч нарын хүүхдийн анагаахын мэдлэгийг системтэй сайжруулах тогтолцоог бий болгох ёстой. Гэтэл өнөөдөр тогтвортой ажилладаг өрхийн эмч ховор байна. Үүнийг ямар бодлогоор зохицуулах нь цэвэр Эрүүл мэндийн яамны асуудал. Гол нь амьдралд нийцсэн бодлого боловсруулж, зохицуулах ёстой.
-Агаарын бохирдол хатгалгаа нэмэгдсээр байгаа нь хүүхдийн болоод дотрын эмчийг нэмэгдүүлэхийг шаардах байх. Тэгэхээр бодлогоор дотрын эмчийн орон тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авах шаардлага бий гэж та үздэг үү?
-Хамгийн гол нь хүүхдийнхээ өсөлтөнд эрүүл мэндийн байгууллага эмч нар маань хүрэлцэхгүй байна. 2 сая хүнтэй байхад батлагдсан эрүүл мэндийн байгууллагын орон тоо норматив одоо ч хэвээрээ. Өнөөдөр ханиад томуу нэмэгдэхээр дүүргийн эмнэлэг коридортоо хүртэл өвчтөн авахаас өөр аргагүй болчихлоо. Үүнийг төр засаг мэдрэх цаг болсон шүү дээ.
-Хүүхдийн эмч болох хүсэлтэй элсэгч хэр олон байдаг юм бэ. Сүүлийн үед шүдний болон гоо сайхны эмч болох сонирхол л давамгайлаад байгаа юм шиг санагддаг?
-Ер нь нэмэгдэж байна. Хамгийн гол нь эмчээ бэлтгээд гаргахад ажлын байр алга. Хүүхдийн эмч болох хүсэлтэй хүүхдүүдээ бэлтгэлээ гэхэд ажилд авах газар ховор байгаа нь үнэн.