Б.БИЛГҮҮН
Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, улс төрийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны аллагын хэргийг шүүн таслах ажиллагаа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болохоор товлогдсон.
Гэхдээ шүүх хурлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүхийн танхимд хэсэгчлэн хаалттай хэлэлцэхээр болсон юм. Энэ хэрэгт холбогдуулан 20 орчим хүнийг сэжигтнээр татан шалгасны дотор нэр бүхий улстөрчид хүртэл багтсан бөгөөд зармыг нь цагдан хорих арга хэмжээ авч байсан юм. Гэхдээ хэрэг гарснаас хойш 18 жилийн дараа болж байгаа энэ хэргийн шүүх хуралд яллагдагчаар гурван хүнийг прокуророос буруутгаж байна. Өнөөдрийн шүүх хуралд:
•Хохирогч, гэрч, шинжээч, нэхэмжлэгчээр:
1. С.Зориг агсны төрсөн дүү С.Оюун
2. М.Амаржаргал
3. Б.Хишгээ
• Шүүгдэгчээр:
1. Ц.Амгаланбаатар нарын гурван хүн оролцох юм.
• Тэднийг прокуророос Эрүүгийн хуулийн
91.2.1-т зааснаар шунахайн сэдэлтээр
91.2.4 захиалгаар
91.2.6 өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор
91.2.10 хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн
91.2.11 бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл
91.2.12 онц харгис хэрцгий аргаар
91.2.13 нийтэд аюултай аргаар
91.2.15 хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гэсэн зүйл, ангиар буруутгаж байна. Энэ тохиолдолд 15-25 жилийн ял оноох, зарим тохолдолд цаазын ял өгөхөөр хуульд заажээ.
Ц.Өлзийжаргал: З.Зоригийн гэх хэрэг маш нууцад хамаарч байгаа
Энэ хэргийг өнөөдөр шүүхээр дэнслэх гэж буйтай холбогдуулан Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Өлзийжаргалаас зарим зүйлийг тодруулав.
-С.Зоригийн хэргийн хэлэлцэх гэж буйд нийгэм анхаарал хандуулж байгаа ч нууцын зэрэглэлд багтааж байна. Ямар хэргүүдийг “төрийн нууцад хамааралтай” гэсэн ангилалд оруулдаг юм бэ?
-Нууц хэрэг гэж байхгүй. Харин тухайн хэрэгт авагдсан баримт материал нь Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд заасан “нууц” зэрэглэлд хамаарах баримт гэж шинжээч дүгнэлт гаргасан бол хэрэг “нууц”-ын зэрэглэлд орно. “Төрийн нууц” гэж Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд заасан төрийн нууцад хамааруулсан, улсын гадаад бодлого, эдийн засаг, шинжлэх ухаан, техник-технологи, батлан хамгаалах, тагнуул, сөрөх тагнуул, гүйцэтгэх ажилтай холбоотой бөгөөд задруулбал үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц мэдээллийг томъёолол, дүрс зураг, дохио тэмдэг, техник-технологийн шийдэл болон үйл ажиллагааны хэлбэрээр өөртөө агуулж байгаа мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг хэлдэг.
-Тэгвэл шүүх хуралдааныг хаалттай явуулна гэх ойлголтын талаар тодруулаач.
-Хэргийн ихэнх нотлох баримт буюу үйл явдал төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой бол шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай, хэрэв зарим нотлох баримт тэдний нууцтай холбоотой бол зөвхөн тэдгээр нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагааг хаалттай явуулдаг. Гэхдээ үүнийг шүүх шийдвэрлэдэг.
-Баримтууд дунд төрийн нууцад хамаарах баримтууд байгаа болохоор хаалттай явуулах гэж байна гэж ойлгож болох уу?
-”С.Зориг бусдад хөнөөгдсөн” хэргийн хувьд “Төрийн нууцад хамаарах баримт, материал хэрэгт авагдсан” гэх шинжээчийн дүгнэлт гарсан учир “маш нууц”-д хамаарч байгаа юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д “Төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах болон насанд хүрээгүй этгээдэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхээс бусад шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна” гэж заасан байдаг. Энэ заалтын дагуу шүүхээс дээрх хэргийг хаалттай хэлэлцэх болсон болов уу. Ер нь шүүх хуралдааныг хаалттай эсвэл нээлттэй явуулах асуудлыг шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэдэг.
Яллагдагч дунд захиалагч бий юу
Прокурорын байгууллага Ц.Амгаланбаатар нарын гурван хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байгааг шүүх хуралдааны товоос харж болохоор байна. Гэвч, Ц.Амгаланбаатараас гадна хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хоёр хүний ар гэрийнхэн мэдээлэл хийснээр нэрс тодорхой болсон.
Тэдний мэдээлэлд үндэслэвэл, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нарын гурван хүнийг яллахаар буруутгаж байгаа юм. Тэднийг тариачин, тогооч зэргээр мэдээлж байгаа бөгөөд аль нэг нь төрийн албанд ажиллаж байгаагүй энгийн иргэд гэх мэдээллийг ар гэрийнхэн нь өгсөн юм. Гэтэл С.Зоригийн хэргийг улс төрийн аллага гэж үздэг мөртлөө яагаад улстөрч хэрэгт холбогдохгүй байгаа вэ, гэх асуулт сүүлийн үед гарах боллоо. Мөн тэднийг яллаж буй зүйл анги дотор “захиалгаар” гэх зүйлчлэл багтсан ч захиалсан хүн нь хаачив гэх асуулт ч ээрч эхлэв. Учир нь, яллагдагчаар татагдсан гурван хүний дунд “захиалга” өгөх хэмжээний ашиг сохирхолтой этгээд байгаа гэдэгт нийгэм итгэхгүй байгаа юм.
Яллагдагч нар хэн бэ
Хэрэгт холбогдсон Ц.Амгаланбаатар нь 35 настай, Орхон аймгийн харьяат. Өмнө нь хэрэгт холбогдож, шүүхээс цаазын ял авч байсан бөгөөд цаазын ялыг нь 25 жилийн ял болгон бууруулсан байдаг. Тэрээр С.Зориг хөнөөгдөх үед буюу 1998 онд 20 нас ч хүрээгүй байсан байгаа юм. Шоронд байхдаа Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нарын гар утас руу “С.Зоригийг алсан биз дээ” зэргээр мессэж илгээж, дараа нь тэднийг Тагнуулаас баривчилсан байдаг. Энэ үндэслэлээр Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нарыг С.Зоригийн хэрэгт буруутгах үндэслэлгүй гэж ар гэрийнхэн нь мэдээлсэн.
Харин Д.Содномдаржаа нь 42 настай, Орхон аймгийн харьяат. Түүнийг С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр Орхон аймаг дахь гэрээс нь Тагнуулын Ерөнхий газрын ажилчид баривчилсан.
Харин Т.Чимгээ нь 40 гаруй настай, Орхон аймгийн харьяат. Түүнийг С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан 2015 оны наймдугаар сард ажилдаа явж байхад нь автобусны буудал дээрээс Тагнуулын Ерөнхий газрын ажилчид баривчилсан. Тэрээр тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрт тогооч хийж байжээ.
Ц.Амгаланбаатар нь Чимгээгийн нөхрийн талын хоёр хөгшний өргөж авсан хүүхэд бол Д.Содномдаржаатай багадаа хамар хашааны айл байсан холбоотой.