Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Дэлгэрэх: Зорилтот бүлгийн өрхөд боловсруулсан түлш тараана


Б.МЯГМАРЖАВ


Нийслэлийн агаарын бохирдол жилээс жилд өсөн нэмэгдсээр бидний хүүхдүүдийн эрүүл мэндэд заналхийлсээр нэлээн хэдэн жилийг үдлээ. Иймээс хотын удирдлагууд энэ жилээс агаарын бохирдлыг бууруулахад дорвитойхон алхам хийхээр болсон байна. Энэ талаар нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэхтэй ярилцлаа.

-Нийслэлийн Агаарын чанарын албыг өөрчилж, Агаарын бохирдлыг буу­руулах газар болгосон. Шинээр эмхлэн байгуулагд­сан газар ямар зохион байгуулалттай хэрхэн ажиллаж байна вэ?
-Нийслэлийн Агаарын чанарын алба 2009 онд байгуулагдсан. Уг газрын үйл ажиллагааг өргөжүүлж, 2016 онд шинээр эмхлэн Агаарын бохирдлыг бууруулах газар болгон бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг өөрчилсөн. Өмнө нь 26 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан бол одоо 20 хүнтэй болсон. Мөн төвийн зургаан дүүрэгт гэрээт ажилтан авах хүсэлтээ өгсөн. Бидний хувьд ирэх онд хийхээр төлөвлөж байгаа олон ажил бий. Хамгийн наад зах нь Засгийн газраас Агаарын бохирдлыг бууруулахаар баталсан дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр буюу суурь баримт бичиг энэ онд дууссан. Иймээс шинээр бодлогын баримт бичиг батлах шаардлага гарсан. Ин­гээд агаарын бохирдлыг бууруу­лах мастер төлөвлөгөө батал­сан. Энд бүх үйл ажиллагааг зангидах болон тооцоо судалгааны ажлаа эхлээд байна.

-Агаарын бохирдлыг бууруулна гэхээр л жил бүр сайжруулсан зуух, түлш тараана гэдэг. Энэ жилийн хувьд ямар зуухыг хэдэн төгрөгийн хөнгөлөлттэй үнээр ямар журмаар олгох вэ. Хөнгөлөлтөд хамруулах зуух агаарын бохирдлыг бууруулж байгааг хэрхэн судалсан бэ?
-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хоёр долоо хоногийн өмнө хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргасан. Үүний нэг нь энэ жил улсын хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлд таван тэрбум төгрөг тусгасан. Үүний 3.5 тэрбум төгрөгийг гэр хорооллын шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд төсөвлөсөн. Харин нийслэлийн зүгээс сайжруулсан зуух болон түлш хөтөлбөрийг нэгэнт хэрэгжүүлсэн болохоор энэ ажлынхаа үр дүнг харъя гэж зорьсон. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд 175 мянган сайжруулсан зуух тараасан тоо бий. Тиймээс үлдсэн айл өрхүүдийг зуухаар хангана.
Энэ жил Тулга зуухыг хөнгөлөлтөд хамруулахаар болсон. Санхүүгийн асуудлыг шийдвэл төсөл байдлаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Түүнээс биш энэ мөнгөөр тэр зуухыг аваад ингэж тараана гэсэн шийдвэр алга. Манай орны нөхцөлд хэрэглэх боломжтой гэдгийг хэд хэдэн судалгаанаас тогтоосон. Одоо бол санхүүжилтийн асуудлыг шийдэх шаардлагатай байгаа. Үүнийг бид донор байгууллагуудын зүгээс шийдэх үү эсвэл нийслэлийн тусгай төсөл хөтөлбөр гэж хэрэгжүүлэх үү гэдэг нь шийдэгдээгүй. Нөгөө талаар агаарын бохирдлыг бууруулахаар бусад олон төрлийн арга хэмжээ авахаар төлөвлөөд байна. Жишээ нь, өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдсан. Нийслэлийн утаатай бүсийн 200 гаруй сургууль, цэцэрлэг өрхийн эрүүл мэндийн төвийн дотоод агаарын орчинг сайжруулах төслийн баг байгуулаад байгаа.

-Сайжруулсан түлш хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэлээ. Энэ жил ямар түл­шийг хэрхэн борлуулах вэ. Өнгөрсөн хугацаанд боловс­руулсан түлшний үйлдвэр байгуулна хэмээн улс болон нийслэлийн төсвөөс багагүй мөнгө зарцуулаад манай орны нөхцөлд таарахгүй технологи оруулж ирсэн гээд түлшээ ч үйлдвэрлэж чадаагүй гашуун туршлага бий шүү дээ?
-Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруу­ла­­хаар олон донор байгуул­лагатай хамтарч ажилласан. Үүний нэг нь сайжруулсан түлш бэлтгэх чиглэлд  “Жайка” олон улсын байгууллагатай хамтарч ажиллаж ирсэн. Энэ хөтөлбөр үр дүнгээ өгсөн гэж үзэж байна. Хэд хэдэн төсөл хэрэгжсэний нэг нь Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж бий. Сайжруулсан түлш дахин боловсруулагдсан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болж явдаг. Энд тонн сайжруулсан түлшээ 130 мянган төгрөгөөр тооцож авч байсан. Аж ахуйн нэгжүүдээс 200 мянган төгрөгөөр тооцон авахдаа тонн тутамд нь 70 мянган төгрөгийн татаас олгож ирсэн. Өнгөрсөн жил нийслэлийн төсвөөс 350 сая төгрөгийг сайжруулсан түлшний нөхөн олговорт олгосон. 50 мянган төгрөг нь үйлдвэрлэлийн зардалд, 20 мянган төгрөг нь менежмент хийх зардал гэж татаас олгож байв. Энд татаасны мөнгө нь хожуу шийдэгддэг болон өөр олон шалтгаанаас болоод ажил удааширсан. Тиймээс энэ жил төсөвлөгдсөн мөнгөөр шууд худалдан авалт хийж, айл өрхүүдэд тараах юм.

-Айл өрхдөө ямар шаард­лага тавьж, хэрхэн тараах вэ?
-Нийслэлийн агаарын чана­рыг сайжруулах бүсэд хамаарах зорилтот бүлгийн буюу хаймер, төрөл бүрийн дугуй шатааж байгаа амьжиргааны түвшин доогуур өрхүүдэд хороодоор нь дамжуулж олгоно. “Утаагүй хот 2030” хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдлыг жил бүр 30 хувиар бууруулна гэсэн зорилт тавьсан. Үүний үр дүн гарах байх гэж найдаж байгаа. Бидний хувьд төсөвлөгдсөн бага хэмжээний мөнгөө нэг­дүгээрт, зорилтот бүлгийн иргэдэд тусалъя хоёрдугаарт, агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулъя, ингэх­дээ хог, дугуй шатаахад утаа­­наас гарч буй хүнд элемен­түү­дийг багасгая гэсэн зо­­­­­рил­­го­­тойгоор ажиллаж байна.

-Эдийн засаг хямралтай гээд аж ахуйн нэгжүүд үүдээ бариад байна. Одоо түлш үйлдвэрлэх боломжтой компани хэр байна вэ?
-Би саяхан сайжруулсан түлш хийдэг аж ахуйн нэгжүү­дээр явж үйл ажиллагаатай нь танилцсан. Эдийн засгийн хямралтай өнөөгийн нөхцөл байдалд олон аж ахуйн нэгж хаалгаа барьсан байсан. Харин хоёр компани түлш үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулахад бэлэн эргэлтийн хөрөнгөтэй гэдгээ илэрхийлсэн.

-Шатааж байгаа учир түлш болгон л утаа гаргадаг. Утаагүй түлш гэж байхгүй гэдэг. Энэ онд нийлүүлэхээр төлөвлөж байгаа сайжруулсан түлшинд ямар стандарт тавьж байгаа вэ?
-Манай газраас түлшний стандартыг шинэчлэн тогтоохоор ажиллаж байна. Тэгэхээр тодорхой хэмжээгээр агаарын бохирдлыг бууруулах чадвартай түлшийг манайх мэргэжлийн байгууллагын хувиар тогтооно. Стандартаар тогтоосон түлшийг л худалдан авна. Ирэх жилээс сайжруулсан түлш хөтөлбөрийг өргөн далайцтайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Одоогоор судалгааны ажлууд хийгдэж буй.

-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулж байгаа хүчин зүйлүүдийн нэг яах аргагүй дизель хөдөлгүүртэй автобус. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ. Өмнө нь хийн түлшинд шилжүүлэх нь оновчтой арга гэж  байсан?
-Нийслэлийн зүгээс нийтийн тээврийн автобус­нуудыг хийн түлшинд шилжүүлнэ гэсэн үндсэн бодлого баримталж байгаа. Цаашид хот дизель хөдөлгүүртэй нийтийн тээврийн хэрэгслээс татгалзана. Энэ онд “Жайка” олон улсын байгууллагатай хамтраад 40 автобусанд хорт утааг шүүх төхөөрөмж суурилуулна. Эдийн засаг хүнд байгаа үед бид аль болох донор байгууллагуудыг энэ ажилд татан оролцуулахыг хичээж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан