Улсын Филармонийн гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатар “Миний захидал” шинэ цомгоо өлгийдөн авчээ. Тэрээр “Уран бүтээл минь миний энэ цаг үед бичиж үлдээсэн захидал. Тиймээс анхны бие даасан жазз цомгоо ийнхүү нэрлэлээ” хэмээн хэлсэн.
Тэрээр уг цомогтоо Австри, Герман, Солонгос, Монгол, Оросын жазз хөгжмийн алдартай хөгжимчидтэй хамтран ажилласан байна. “Миний захидал” цомогт “Харанга” хамтлагийн гитарчин Ц.Чулуунбатын ая, яруу найрагч Ү.Хүрэлбаатар үгийг нь бичсэн “Захидал” дуу, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуайн ая, яруу найрагч Б.Явуухулангийн үг “Би чамд хайртай”, М.Норсонжавын “Ийм нэгэн сэтгэл”, Л.Мөрдоржийн “Дөрвөн цагийн тал”, “Оргилуун залуу нас” зэрэг уран бүтээлүүд багтсан байна. Монголын сор болсон эдгээр дуунуудыг жазз хэлбэрт оруулан гадаадын чадварлаг уран бүтээлчид хэрхэн мэдэрч тоглосныг тус цомгоос сонсч болох нь.
Мөн дуучин Н.Наранбаатар цаашид эмэгтэй дуучидтай хамтраал уран бүтээлүүдээрээ цомог гаргах төлөвлөгөөтэй байгаа талаараа дуулгасан. “Монгол Улсын гавьяат жүжигчин поп хатагтай Сарантуяа, Ариунаа, Наран зэрэг Монголынхоо шилдэг эмэгтэй дуучидтай хамтран дуулна. Одоогийн байдлаар Ука, Агиймаа, Баярцэцэг, Хулантай хамтран уран бүтээл хийсэн. Бас Маралжингоотой хамтрахаар ярилцсан байна. Мөн эмэгтэй дуучидтайгаа хамтарч дуулсан дуунуудаараа дуэт цомог гаргах зорилго надад бий. Энэ зорилгынхоо дагуу ихэнх эмэгтэй дуучидтайгаа ярьж, зөвлөлдөөд тохирсон” хэмээн тэрээр ярьсан юм.