“Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак Оюутолгойн зэсийн баяжмалын экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсооход хүргээд байгаа Монгол Улс БНХАУ хоорондын экспортын маргаан ойрын хугацаанд шийдэгдэх хүлээлттэй байгаа хэмээн ярьсан тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Тэрээр Хятад Монголын энэхүү маргаан олборлогчдын хувьд “донсолгоотой зам” төдий хэмээн хэлээд энэ маргаан удахгүй шийдэгдэж, тус компани зэсийн экспортоо удахгүй сэргээх боломжтой болно хэмээн найдаж буйг илэрхийлсэн байна. Жан Себастьян Жак “Бид ямар нэг асуудал гарч ирэх бүрт эрх баригчидтай хамтран ажиллаж асуудлыг дор бүр нь шийдэж байсан. Энэ удаад ч бид ямар ч эргэлзээгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэж чадна гэж бодож байна” гэжээ. Тиймээс энэ удаад ч удирдлагуудтай хийж байгаа хэлэлцээ богино хугацаанд үр дүнд хүрч, Оюутолгойн зэсийн баяжмалын экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсооход хүргээд байгаа маргаан ойрын хугацаанд шийдэгдэж экспортыг эргээд сэргээх боломжтой болно гэжээ.
Хятадын эрх баригчид нь нүүрс болон зэсийн баяжмалыг хамтад нь хилийн нэг шугамаар нэвтрүүлэх шинэ зохицуулалтыг өнгөрсөн долоо хоногоос эхлэн хэрэгжүүлэхээр болсноо зарласан юм. Үүнээс болоод тээвэрлэлтийн аюулгүй ажиллагаанд хүндрэл гарч, хилээр нэвтрэхэд удаан хугацаагаар хүлээдэг болсон байна. Тиймээс Монгол болон Хятадын хилийн удирдлагуудтай ярилцаж, үүссэн нөхцөл байдлыг тодорхой болгохоор Оюутолгой ажиллаж, зэсийн экспортоо тодорхойгүй хугацаагаар зогсоохоо мэдэгдсэн юм.