Хоёрхон хоногийн дараа монголын үндэсний их баяр наадам болно. Монголчууд улс үндэстнээрээ өргөн дэлгэр цэнгэж, үүх түүхээрээ бахархах өдөр юм. Энэ наадмаар “Цэмцгэр Монгол Наадам” хөтөлбөр 5 дахь жилдээ хэрэгжих юм байна. Наадамчин түмнийхээ цэвэр цэмцгэр орчинд ая тухтай, соёлтой боловсон баярлах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Энхийн төлөө үйлчлэхүй” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж байгаа аж. Аяны хүрээнд 500 гаруй сайн дурынхныг бүртгэж ард иргэдийг цэмцгэр сайхан наадахад уриалсан кампанит ажлуудыг зохион байгуулж, олон нийтэд мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулах гэнэ. Өмнөх дөрвөн жилд олны дэмжлэгийг авч хамрах хүрээ нь өргөжиж байгаа тус хөтөлбөрт иргэд сайн дурын ажилтнаар бүртгүүлэх, хандив өргөх болон бусад хэлбэрүүдээр хамтран ажиллах боломж нээлттэй болохыг зохион байгуулагч “Энхийн төлөө үйлчлэхүй”ТББ, “Нийслэлийн Захирагчын Ажлын Алба”-наас мэдэгдсэн юм. Тив дэлхийн томоохон наадмуудын үеэр энэ мэт сайн дурын аян, хөтөлбөр хэрэгжүүлсэнээр хог хаягдлын асуудлыг хялбар шийдэж чаддаг байна. Тэд ийнхүү ард олондоо хог хаяхгүй цэмцгэр сайхан наадахыг уриалж байна.